Гутал муут гурвын ард...
Гутал - сэтгэл санааны толь
Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өдрийг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин сэтгэл санаа өөдрөг, хүнтэй уулзаж, ажил бүтээж, наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гардаг ч байж магадгүй. Бид харин үүнийгээ тэр бүр анзаараад байдаггүй бөгөөд сэтгэл зүйчид гутал сэтгэл санааны толь хэмээн үздэг байна.
Ш Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ л өндөр өсгийтэй гуталтай бүсгүйг огт анхаарахгүй байна гэж байдаггүй.
Ш Гялалзсан хар гутал өмсчихөөд явж байгаа залуусын өөртөө итгэлтэй төрхийг хэн бүхэн л олоод харчихсан байдаг.
Ш Хоншоор нь хэтэрхий урт гуталтай хүмүүс газрын шороо өшигчин цаанаа л нэг бүтэлгүй мэт харагдаж өдрийн турш гуталдаа түүртэж яваа харагддаг.
Гутал арчлах энгийн аргууд
Та ямар ч гуталтай байлаа гэсэн аятайхан арчилж цэвэрлээд өмсчихвөл сайхан л харагдана. Хичнээн шинэ загварын дэгжин гуталтай байлаа гэсэн шороо тоос дарчихсан байвал ямар сайхан байхав. Ингээд их хотын гудамжаар өөртэй итгэлтэй өөдрөг алхахад тань дэм болж, гутлаа хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.
Илгэн гутал - Зарим хүн илгэн гутлыг арчлахад төвөгтэй, тоос шороог нь зүгээр л арчихаас өөр боломжгүй гэж ойлгодог. Үүнээс үүдээд илгэн гутлыг худалдан авах сонирхолгүй байдаг. Илгэн гутлыг цэвэрлэхдээ эхлээд өнгөц тогтсон тоос шороог нь хуурай эсвэл маш бага чийгтэй алчуураар арчина. Дараа нь гүн тогтсон толбо, тос, бохирдлыг зориулалтын баллуураар цэвэрлээд илгэний өнгийг сэргээх, ус чийгнээс хамгаалах шүршигчийг 20 см-ийн зайнаас шүрших хэрэгтэй ажээ. Харин гөлгөр буюу үс багатай илгийг цэвэрлэхдээ мөн адил цэвэрлэж эхлэх бөгөөд өнгө сэргээх шүршигчийн оронд порлонтой өнгөлөгчөөр цэвэрлэж, дараа нь резинэн сойзоор үрвэл өнгө нь сэргэдэг. Хэрэв гутал чинь тийм ч аймаар бохирдчихоогүй бол резинэн сойз, бие угаадаг резин, эсвэл ердийн баллуураар цэвэрлэж болно. Мөн цагаан талхаар үрвэл илгэн гутланд тогтсон толбо амархан арилна. Илгэн гутлыг шингэн зүйлээс хол байлгах хэрэгтэй. Цай, кофе асгачихвал илгэ халцардаг бөгөөд цэвэрлэх ямар ч аргагүй болдог. Тиймээс цас, бороотой үед ийм гутал өмсөх нь тааруухан сонголт юм.
Арьсан гутал - Гутлын арьсыг гоёлын болон зөөлөн арьс, өнгөлсөн, өнгөлөөгүй, сайжруулсан гэх мэтээр ангилдаг. Гутлаа цэвэрлэхийн өмнө түүний арьсыг зөв тодорхойлох хэрэгтэй. Гутлынхаа тоос шороог нь зөөлөн хуурай алчуураар цэвэрлэж, өнгө алдах, ус чийг болон нар салхинд хэврэгшихээс хамгаалах үйлчилгээтэй тос түрхэнэ. Ингээд тосыг арьсанд шингэсний дараа буюу гутлаа тосолсноос 5-10 минутын дараа үсэрхэг сойз, эсвэл хуурай даавуугаар арчиж өнгөлөөрэй. Гутлыг өдөрт нэг л удаа ингэж цэвэрлэхэд хангалттай. Тоос шороо болбол зөөлөн алчуур эсвэл өнгөлөгч порлоноор арчихад хангалттай. Гутлыг зөв арчилснаар эдэлгээг нь уртасгаж болдог.
Цагаан өнгийн гутал - Цайвар гуталд тохирох тос олоход тийм ч амар байдаггүй. Тиймээс ч тосолсны дараа өнгө нь хувирах явдал олонтоо гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд гутлаа сонгины шүүсээр арчих эсвэл өндөгний цагааныг сүүтэй хольсон шингэнээр арчиж болох юм.
Лакан гутал - Лакан гутал онцгой арчилгаа шаарддаг. Мэдээж түүнийг будах юмуу тосолж болохгүй. Өнгийг нь муухай болгож бүдгэрүүлэхгүйн тулд сард нэг удаа өндөгний цагаан ба тосон туулганы хольцоор зүлгэх хэрэгтэй. Эсвэл 50 гр сүү 5 гр ургамлын тос холиод түрхэж ч болно.
ь Намар, өвлийн улиралд гутлаа өдөр бүр тосолж байвал гутлын шир зөөлөн болохоос гадна гутал нэвт нордоггүй.
ь Хараас бусад өнгийн гуталд наалдсан толбыг хэрчсэн сонгино, нимбэгний шүүсээр, мөн савангийн уусмал шингээсэн хөвөнгөөр арчиж арилгана.
ь Лакан гуталд вазелин, глицерин, өндөгний цагаан зэргийг хааяа нимгэн түрхэж байвал лак нь хагарахгүй.
ь Хяхтнаж дуугардаг гутлын уланд хэдэн дусал ургамлын тос түрхээрэй.
ь Бариу гутлыг чийгтэй халуун даавуунд ороож, хэдэн минут болгоод ургамлын тос түрхэж нэг хоног байлгана.
Энэ хаврын гангараа илгэн, тод өнгийн гутал
Хэрвээ та өсгийтэй гутал сонирхдог бол шагайгаараа татсан түрийтэй, дугуй хоншоортой гутлыг санал болгож байна. Өнгөний хувьд хурц тод өнгөтэй байвал энэ хавар та тун ч “моодны” бүсгүй харагдах нь. Харин өсгийгүй гутал авах гэж байгаа бол өвдөгнөөс дээш түрийтэй байвал илүү сонгодог харагдана. Гутал цүнхийг хооронд нь ижилсүүлдэг цаг аль хэдийн өнгөрчээ. Цүнхээ аль болох гадуур хувцастайгаа зохицуулахыг зөвлөж байна. Мөн энэ хавар илгэн гутал дахин моодонд орж байна. Урт түрийтэй, уртавтар хоншоортой, цацаг чимэг болсон энэ гутлыг авахдаа сайн чанартайг нь сонгож аваарай. Учир нь хуурамч илгэн гуталнууд нь хог татан, амархан халтартах тал байдаг.
Гутлаар тань сожъё
Энэ бяцхан сонжоог 1894 онд эмч Гарре гэгч хүн “Байгал ба хүн” сэтгүүлд нийтэлж байжээ. Гутлын тань улны элэгдэл таныг хэн бэ гэдгийг илэрхийлдэг байна. та өөрийн өмсдөг гутлуудаа гаргаад ул болон өсгий нь хэр зэрэг элэгдсэнийг харьцуулан хараад үзээрэй.
Гутлын өсгий, ул хоёр тэгш хэмжээтэйгээр элэгдсэн бол та тогтуун зан ааштай, хүний итгэл дааж чаддаг хүн байна. хэрвээ та эмэгтэй бол хамгийн сайн ээж байж чадах бөгөөд эр хүний мөрөөдлийн бүсгүй. Эрч хүчтэй, бусдыг байлдан дагуулж чаддаг, гайхалтай хүн юм. Хүний дээд гээд хэлчихэд нэг их буруудахгүй.
Гутлын ул, өсгий гадна талаасаа элэгдсэн бол та бүхнийг манлайлагч төдийгүй сэтгэлийн асар их хаттай. Өөрийн гэсэн зорилго, хүсэл эрмэлзлэлтэй, түүнийхээ төлөө тууштай тэмцэж чаддаг. Та шинийг санаачлахдаа хэнийг ч дагуулахгүй.
Таны гутал дотроосоо элэгдсэн бол та төрөлхийн сул дорой нэгэн бөгөөд энэ дутагдлаа засахыг огт хүсдэггүй. Хүний үгэнд амархан автдаг, бие дааж шийдвэр гаргахдаа муу, хүний захиргаанд байх дуртай нэгэн.
Хэрвээ гутлын тань ул дундуураа элэгдсэн бол битгий гомдоорой, та яг л хоёр үзүүртэй зүү шиг хүн юм. Ямар ч хүнийг гаргуунд нь гаргаж, өөрийн төлөө бүхнийг хийдэг. Та юу ч хийж болзошгүй хүн учраас хүмүүс танаас аль болох хол байхыг хичээдэг.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
жигүүртэй ангийн тэмцэл зараллаа.
яаая гэрлээ чи хөөрхийг аймаар хэлжээ. Өвчтэй энэ тэрээр нь далимдуулаад
Хүссэнээрээ л бол хүний таслал тавиагүйг мэдсээр байж хүн шоолоод та нар нээрээ хүн чанаргүй гарууддаа.
За дараа тэр чанартай хүний гутал ямар байдгийг хараараа.
Чанартай хүнд зориулсан чанартай гутал нийлээд ХҮСЛИЙНЖИГҮҮР шд. хэхэ