ИХ үҮСРЭЛТИЙН ӨМНӨХ ТЭСРЭЛТ ҮҮ? /ӨНГӨРСӨН ОНЫГ ЭРГЭН САНАЯ/
Долдугаар сарын нэгний өдрийн үйл явдлыг эрх баригчид яагаад хүнд ойлгогдохоор ярьж тайлбарлахгүй байгаа юм болоо? Эмээ, өвөө хоёр энэ насандаа ч үзээгүй муухай явдал гээд, ээж аав хоёр болдог юм болдгоороо боллоо гэлцээд, ах болохоор цагдаа нарыг буруутгаад, харин би юу ч ойлгохгүй үлдэх шив. Уул нь бүх телевизээр жагсаал цуглааны тухай мэдээ шил шилээ даран урсаж байсан ч ажил ойрхон болохоор хачин жигтэй үйл явдлыг өөрийн нүдээр хармаар санагдаад МАХН-ын байрны тийшээ байн байн гүйж очсон. Жаахан байхад байрны банди нар нөгөө байрныхантай чулуугаар байлддагтай адилхан ч юм шиг “шог” санагдаж байсан л даа. Ах маань чулуун байлдаанд ялагдаж, тархи толгойгоо хагалуулж, нүүр нүд нь хөх эрээн болчихоод орж ирэхээрээ “За тэр муу нөгөө байрныхныг ганцаараа явж байхад нь барьж аваад хашраагаад хаяна даа” гээд л шазуураа зуудаг шиг цагдаа нар жагсагчидтай хийсэн чулуун байлдаанд ялагдсандаа шар нь гозойгоод “Та нарыг нэг болгоод өгнө дөө” гэж бодсон биз.
Талбай дээрээс гэртээ хариад зурагтаа асаасан чинь бүх л сувгаар жагсагчид, цагдаагийн хоорондох мөргөлдөөн гарч байсан. Хар мянган цагдаа өдрөөс хойш яаж ийгээд зохицуулчих боломж байсан юм шиг надад санагддаг. Дээрээс нь байрандаа бүгээд байсан эрхмүүд гараад ирсэн бол хүний амь нас үрэгдээ ч үү, үгүй ч үү? Бүх л телевизийн сувгаар орой болгон гардаг нөгөө дарга нар хаашаа алга болчихов оо, гарч ирээд эсвэл телевизээр ч гэсэн нүүр царайгаа харуулаад болж байгаа үйл явдалтай холбоотой үг хэлж яагаад болдоггүй юм бэ? Ер нь энэ улс орон чинь эзэнтэй юм уу, үгүй юм уу гэсэн бодол надад төрж байлаа. Би ухаан орж, наана цааныг мэдэх болсноосоо хойш цагдаа энгийн хүмүүсийн хооронд ийм юм болж байгааг хараа ч үгүй. Америкийн боевик киног эс тооцвол шүү дээ.
Онцгой байдал зарлаж телевизийн эфир хаахаас өмнөхөн “Ийгл”-ээр хүн буудуулж нас барсан тухай хальт сонсоод л түүнээс хойш нэг сувгаар дөрөв хоног тархиа нэвт шувт угаалгасан. Хэн нэгнийг байшин шатааж, дээрэм хийж байхад нь цагдаагийнхан газар дээр нь буудчихсан юм байх даа гэсэн шүү ухааны юм бодоод байсан чинь үгүй байв. Хамгийн харамсалтай нь үйл явдал болсон халуун цэг дээр хэн ч үхээгүй, харин хаа байсан хол нэгдүгээр эмнэлгийн тэнд хүнийг бүр араас нь хөөж байгаад буудсан явдал. Ёстой нөгөө байрны жаалуудыг чихдээд авна даа гэж ах уурладаг шиг цагдаа нар буудах зөвшөөрөл авангуутаа сэжигтэй санагдсан хэнийг ч хамаагүй буудаж эгнээндээ хамт явсан нөхдүүдийнхээ өшөөг авч дээ гэж бодогдсон. Би битгий хэл аав ээжийн маань үеийнхэн ч ийм гэнэтийн юм үзээгүй. Цагдаа, цэргийнхэн ч бидэнтэй адилхан л байж таарна. Нэг л улс, нэг л хотод, нэг л нийгэмд амьдарч байгаагаас хойш. Хамт ажиллаж байсан хүмүүс нь гэмтлийн эмнэлэгт очиж, халуун нар, шидсэн чулуу, дээрээс өгсөн тушаал гурвын дунд өдөржин доромжлуулсан цагдаа нарын бухимдал нь дийлж хүн рүү буу шагайхад хүрсэн шүү дээ. Хэрвээ харанхуй шөнөөр цагдаагийн шагайсан бууны тэнэсэн суманд өөрийнх нь танил тал, хамаатан садан өртсөн бол маргааш нь тэр яах байсан бол? Энэ чинь дайн биш шүү дээ. Эцсийн эцэст хүний амь нас хохирч байгаа нь л харамсалтай. Орой 22-23 цагийн үед цагдаа нар гэнэтхэн илбэдүүлсэн юм шиг алга болчихсон байсан.
Долоон сарын 2, 3, 4... Ганцхан сувгаар мэдээлэл авч, “арьсаа хамгаалах” гэсэн арчаагүй “ихсийн”, бас цагдаа нарын үгийг сонссон. Зурагтаар хараад байсан чинь цагдаагийн хэвлэл мэдээллийн албаны нэг нөхөр нүүр нь ч хувирахгүй, нүд нь гялтганаад, нэг их итгэлтэй царай гаргаж байгаад нэг амьсгаагаар болсон явдлыг зөвхөн нэг талаас нь яриад л... Үг нь ч яасан бэлэн зэлэн байж байдаг юм. Гэхдээ эрэгтэй хүний тийм нүдийг хараад, ярьж байгаа юмыг нь сонсоод үнэхээр дургүй хүрч, ёстой болдог бол очоод цохиод авмаар санагдаж байсан. Тэрнээс хойш тэр цагдаагийн царайг зурагтаар харахаар уур хүрээд шууд л унтраагаад хаячихдаг болсон. Юмыг ингэж нэг өнцгөөс нь харуулж, хэн нэгний эрх ашигт нийцүүлэн тайлбарлах ямар аймаар юм бэ гэсэн бодол төрж байсан. Надтай санал нийлэх хүн ч цөөнгүй байгаа болов уу. Энэ хэд хоногийн турш цагдаа нар бүхнийг хамгаалалтандаа авч, 700, 800 хүнийг хоморголон баривчилж, зодож, дарамталж ёолохоор нь “Цагдаа нар тэгээд өвддөггүй юм уу, яасан их цагдаа руу чулуу шиддэг юм бэ?” гэж байсан тухай ТҮЦ орж тамхи авахаар яваад баривчлагдсан нэгэн танил маань ярьж байлаа. Хэлж байсан үг, хийж байсан үйлдэл цагдаа нарт хувь хүнийх нь чанар давамгайлж, хор шар, өс хонзонгоор баривчилгаа хийж, хүмүүсийг буудсан нь илтгээд байгаа юм биш үү. Яс юман дээрээ тэр өдөр хувьсгалт намын байрны цонх хагарч байхад алга ташин баярлаж байсан хүмүүсийн дунд хувьсгалт намын их хуралд гарч чадаагүй гэдгээ мэдсэн нөхдүүд ч байсан шүү. Сонгуульд өч төчнөөн мөнгө зарлагадчихаад, гарч чадалгүй баргар царайлсан, амаараа шороо үмхэнэ гээч нь болчихсон хүмүүст энхрий хайрт нам тэдэнд сонин биш шүү дээ. УИХ-д орохгүй бол өөр хийж чадах ажилгүй, 10 гаруй жил парламентад суусан эрхмүүд жирийн иргэн болж чадахгүй, бүр тийм амьдралыг огт төсөөлж чадахгүй байгаа нь ерөөсөө л манай хууль тогтоох байгууллага юу болж хувирсныг харуулж байгаа хэрэг. Телевизийн сувгууд эл өдрийн үйл явдлын мэдээг шуурхай дамжуулж байсан. Хийх ажилгүй, хүний өвөр түрий харж явдаг урт гартнууд олон хүн цугларч, эх адаггүй болсон “ийм сайхан” боломжийг алдана гэж үү? Эхэндээ эрх баригчдад хандаж цугларсан хүмүүс зорилгоо биелүүлэхийн тулд цагдаа нартай тулгарч, сүүлдээ цагдаа иргэд хоёр тал болж чулуугаар байлдсан шүү дээ.
Өглөө гэрээсээ гарч яваад жинхэнэ танкийг “амьдаар нь” анх удаа харлаа. Танк хүлчихээд гэрэл нь асахаар нүд нь гялалзаад амьд байна гэж ярьж байсан аль 1930-аад оныхонтой адил онцгой байдал гэдэг чинь ямар аймаар юм бэ гэсээр ажил дээрээ бушуухан орж ирж билээ. Муу эр дайнд хөөрнө гэсэн үг онцгой байдал зарласны дараа жинхэнэ утгаараа цагдаагийнхан дээр харагдаж, ниргэсэн хойно нь ингэж хашгирах хэрэг байна уу даа гэсэн бодол төрж байв.
Байшин шатаж байхад гал командын машин ирэхэд жагсагчдын зарим нь чулуу нүүлгэж байсан. Тэр нь надад ер таалагдаагүй. Дэндүү ухамсаргүй, арай ч дээ гэж бодогдсоныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Бүр дэлхийн дайн майны үед улаан загалмай, түргэн тусламжийнхныг чөлөөтэй нэвтрүүлдэг байхад иймэрхүү байж болохгүй л дээ.
Долдугаар сарын 3-нд хотын төвөөр явж байгаад зүс таних цагдаа залуутай Соёлын төв өргөөний хойхно тааралдлаа. “Цагдаа нар олуулаа байсан хэрнээ яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байсаар ийм байдалд хүргэчихвээ? Аль өдрөөс хойш ямар нэгэн арга хэмжээ авчихаж болохгүй байсан юм уу? Зүгээр л шилэн бамбайныхаа цаана нуугдаад чулууны бай шиг л харагдсан” гэтэл өөдөөс “Бүх цагдаа нарыг нийслэлийн цагдаагийн газарт цуглуулж хоёр цаг шахам байлгасан. Тэр үед цөс нь хөөрсөн жагсагчид хяналтаас гарч, олз хайсан хүмүүс тэр хавийн газруудыг тоночихсон. Би ч бүр айгаад багананы ард ороод нуугдчихсан” гэснээр бидний богинохон яриа дууслаа.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Нөгөө яриад байдаг монгол хүний эртний ёс жудаг нь хаачсийн болоо... Хэзээ энэ бүгд уначихсийн болоо...