Би хаан шиг байж чадахгүй байна
Би “хаан” гэж мянга хашгираад ч хаана ч тусыг эс олно. Дэлгүүрт ороход худалдагч нь утсаар яриад, хумсаа будаад хүн байна ч гэж тоохгүй байх тохиолдол гардаг. Үүнийг чинь үзье дээ гэвэл их үнэтэй ш дээ, авахгүй байж баахан хардаг юм гэж тээршаах нь ч энүүхэнд. Таны өмнө уранхай хувцастай, бүр харах царайны мөнгөгүй гэмээр хүн зогсож байлаа ч худалдагч л юм бол үйлчлэх ёстой. Үүнийг би хэлээгүй үйлчилгээний ажилтны ёс зүйн журамд тэгж заасан байдаг юм билээ. Зарим нэг дэлгүүр хоршоо, хоолны газар, баар ресторан, цаашлаад төрийн албаныхан өөрсдийгөө хүнд үйлчилж байна гэдгээ мартаад, шүдээ зууж, хөмсгөө зангидан, хөдөлж ядаад л... “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн байгууллага”, “Хэрэглэгчийн найдвартай түнш” гэсэн цэнхэр дарцгаар хоймроо гоёогүй байгууллага ч алга. Захын нэг ТҮЦ ч хоёр сая төгрөг төлчихвөл энэ “даавууг” авчихдаг тухай хүмүүс жиг жуг ярилцах л юм билээ. Хэрэглэгчид мөнгө төлчихөөд хариуд нь уур уцаар худалдаж авах ёсгүй гэсэн үг байдаг. Харин бид ингэж чадаж байна уу?
Найз маань гэртээ “Micom” компаниар интернет тавиулсан гэнэ. Хэд хоногийн дараа утасных нь шугам шажигнаад, ярьж болохгүй байхаар нь тус компани руу дуудлага өгсөн аж. Харин дуудлага хүлээж авсан оператор нь утсаар хэсэг заавар өгснөө, за за ерөөсөө модемоо ирж солиул гэсэн байна. Хагас өдрийн ажлаа алдаад модемоо солиулж. Гэвч байдал дээрдсэнгүй. Өөрийн биеэр очиж гомдол мэдүүлсэнд тийшээ ч яв, тэрэнтэй ч уулз, мэддэг хүн нь алга гээд дахиад бүтэн өдрийн ажлаа алджээ. Ингээд ч нэмэр алга. Одоо ч байдал хэвээрээ. Манайхан хэн нэгэнд үйлчилгээ үзүүлж байгаагаа гавъяа гэж хэтрүүлэн бодоод байдаг юм шиг. Хэрвээ нэг хэрэглэгчийг сэтгэл дундуур гаргавал тэр хүн өөрөө үйлчлүүлэгч байхаа болиод зогсохгүй, таньдаг мэддэг бүхэндээ танай байгууллагын тухай сөрөг “ухуулгыг” хангалттай хийж чадна. Зах зээл тэр чигээрээ өрсөлдөөн гэж хэлдэг ч одоогоор манайд үйлчилгээгээрээ торойгоод, товойгоод гараад ирсэн газар байхгүй гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй л болов уу.
Үйлчилгээний соёл, хэм хэмжээ ямар байгааг сонирхохоор хэд хэдэн газраар орлоо. “Баянзүрх” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хүмүүс савласан гурил жиндээ хүрдэггүй, төмс ногоо худалдаж авахаар жингээ харуулалгүй савлаад л шидчихдэг, жинхэнэ монгол төмс гээд авахаар худлаа байдаг гэхчилэн гомдоллож байсан бол “Миний дэлгүүр”-ийн салбараар үйлчлүүлэгсэд “Гайгүй, боломжийн” гэсэн үнэлгээг өгч байв. Харин гэрийнхээ ойролцоох найман нэрийн дэлгүүрээр шагайхад настай эмэгтэй, худалдагч бүсгүйтэй муудалцаж байхтай таарав. Өглөөнийхөө цайнд хэрэглэхээр авсан боорцог нь яг л чулуу шиг хатуу байсан учир солиулахаар ирээд ийн хэрэлдэж муудалцаж байгаа тухайгаа эмээ ярилаа. Харин худалдагч манайхаас авсныг нь санахгүй байна, авахдаа сайн үзэхэд яадаг юм бэ гээд л... Маргаан сүүлдээ улам бүр ширүүсч “Нохой, гахай, сэгсгэр...” гээд хамаг байдгаараа бие биенээ доромжилж байх юм.
Харин үйлчилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг тогтоосон стандарт байдаг эсэхийг Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг зүглэсэн ч дорвитой зүйл хэлээд өгөх хүн олдсонгүй. Харин интернетээс олсон мэдээллээр бол худалдагч барааныхаа үнийг өсгөж хэлэх, дутуу хэмжиж өгөх нь ёс бус зүйл бөгөөд тухайн үйлчлүүлэгч өмссөн зүүсэн, гаднах үзэмжээсээ үл хамааран төлбөрийн чадвартай захиалагч мөн хэмээжээ. Мөн хэрэглэгч бүр үйлчилгээний байгууллага өөрийг нь таатай хүлээн авч буйг мэдрэх ёстой, найрсаг, эелдэг инээмсэглэлийг ажил хэрэгч байдалтай хослуулах нь нөхөрсөг харилцааг тогтоож үйлчилгээг хөнгөвчилнө гэжээ. Цөөхөн газраар орж гарын таван хуруунд багтахаар хүнтэй уулзахад л дээрх ёс зүйн журам цаасан дээр л “хэвтэж” байдаг үл бүтэх нөхөр болох нь батлагдаж байх шиг. Цааш нь хүнтэй хайхрамжгүй, үл ойшоосон байдлаар харьцахаас илүү бусдын сэтгэхүйг гэмтээж, сэтгэлийг нь зовоон ширүүн догшин болгох зүйл үгүй учир үйлчилгээний ажилтан өөрийгөө удирдаж сурах ёстой. Бүдүүлэг хүмүүст аль болохуйц тэвчээртэй, хүлээцтэй хандахыг чухалчилна гэхчилэн үргэлжилэх ажээ. Яг энэ бичсэнээр байдаг бол мөн ч сайхан даа. Аль ч салбарт бизнес эрхэлж л байгаа бол “Хэрэв та инээмсэглэж чадахгүй аваас наймаа хийх хэрэггүй” гэсэн алтан зарчмыг санаж л явах учиртай. Хүмүүсийн хэрэглээ, хэрэглээний соёл сайжрахын хэрээр үйлчилгээний байгууллагуудын бараа, үйлчилгээ чанаржих нь зүйн хэрэг. Үйлчлүүлэгч та ч бас би хаан гээд гэдийгээд байх бус хүнтэй зүй зохисоор нь харьцаад, сэтгэлдээ хүрсэн үйлчилгээгээ авч чадахгүй бол гомдол мэдүүлээрэй. Үйлчлэгч, хэрэглэгч хоёулаа хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж, соёлтой байж гэмээнэ өнөөдөр толгойны өвчин болоод байгаа үйлчилгээний соёл жам ёсныхоо гольдролд орох болов уу.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:



Ер нь тэгээд бид их хачаан. Одоо тэр Бэбикү чикен гээд нэг хоолны газар байнаа тэнд дандаа л монгол охид ажилладаг шд тэгсэн хирнээ л ороход тонголзоол гарахад тонгозоол...солонгосуудад орлого оруулах гээд сэтгэлээсээ ажиллаад байгаамуу хаашааен. монгол эзэнд бол тэгж ажиллахгүй шд.

Манайхан ер нь зөөлхөн хүмүүс юм шиг байгаа нь. Өөрсдийнхөө эрхийн төлөө барагтаа л явахгүй шүү. Яадагийн муухай аашлаад байгаа нөхдүүд зад загнаад, заримтай нь хэрэлдээд болохгүй нэгнийг нь даргад нь хэлэх гэх мэтийг хийгээд байвал гайгүй болж магадгүй шүү.
Харин Ситинет -ийн үйлчилгээ сайн л юм билээ. Дуудлага өгөхөөр даруй ирдэг юм билээ ээ дээ. Микомыг муу гэж сонссон.






