Ажил хэрэгч хүний амжилтын түлхүүр-Нэрийн хуудас
Дундад зууны үед язгууртан хатагтай нар өөрийн нэрийг бичсэн жижигхэн цаасыг бусдад илгээж, танилцан мэндчилдэг байсан бөгөөд энэ хэрэглээ нь дэлхий нийтээр өргөн тархаж ажил хэрэгч хэн бүхний өөрийгөө танилцуулах, бусад хүнтэй танилцах соёлын нэгээхэн хэсэг болон тогтжээ. Өнөөдөр хүмүүс бие биетэйгээ танилцах хамгийн түгээмэл хэлбэр нь нэрийн хуудас солилцох явдал болжээ. Түүнийг хүмүүс өөр хоорондоо танилцах, баяр хүргэх, талархал илэрхийлэх, эмгэнэл илэрхийлэх зэргээр хэрэглэдэг бөгөөд нэрийн хуудсыг хэд хэдэн янзаар тухайлбал, албан ажлын, хувийн буюу гэр бүлийн хэрэгцээний гэж төрөлжүүлэн хэрэглэх болжээ. Нэрийн хуудсыг уулзсан танилцсан бүхэнд өгдөггүй. Цаашид ажил хэргийн холбоо тогтоохыг хүсч байгаа хүндээ энэ бодлынхоо илэрхийлэл болгон өгдөг. Нэрийн хуудсаа ямар маягаар хийлгэх нь тухайн хүний сонирхол, таашаалтай холбоотойн дээр байгууллагын маркетикийн бодлогыг илэрхийлдэг. Ажил хэрэгч хүн нэрийн хуудас нарийн ширхэгтэй, сайн чанарын цаасан дээр хар өнгөөр тод, гаргацтай дармал үсгээр товойлгон хэвлүүлсэн байх нь тохиромжтой. Түүнчлэн нэрийн хуудсыг заавал хоёр хэл дээр бичнэ. Энэ нь эх хэл, ажил байдлын онцлогоос шалтгаалан аль нэг гадаад хэл буюу англи хэл, эсвэл очих улсын хэл дээр бичиж болно. Дашрамд дурдахад нэрийн хуудсан дээрх чухал мэдээллийг голд нь болон баруун дээд буланд бичвэл үргэлж ил тод байж хүний нүдэнд шууд тусдаг байна.