Кино хийх консерв хийхээс амархан болжээ
Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэсэн үгийг сонсоогүй хүн байхгүй бизээ. Түүхийг жинхэнэ утгаар нь хүмүүст харуулах боломж бол баримтат кино. Тусгаар тогтнол, эрх чөлөө хэмээн цээжээ дэлдэх хүн олширсон ч нүдэнд харагдахуйц зүйл хийсэн нь цөөхөн. “Хүмүүс” буландаа кино судлаач, баримтат киноны найруулагч Т.Чимидийг урьж ярилцлаа.
- Баримтат кино хийхэд судалгаа хийхээс эхлээд олон хүндрэл учирдаг байх. Та ер нь хэдэн кино хийсэн бэ?
- Би гуч гаруй баримтат кино хийсэн хүн. Эдгээр киноны гол чиглэл, агуулга нь монголчуудын түүх, соёлын уламжлалыг хадгалж үлдээх. Харин сүүлийн арваад жилд монголын тусгаар тогтнолын сэдвээр голчлон уран бүтээлээ туурвиж байна. Ингэхээс ч өөр арга алга. Манай улсын тусгаар тогтнолын асуудал ярихаас өөр аргагүй хэмжээнд хүрчихсэн. Бид тусгаар тогтносон улс гээд л баярлаж, бахдаад мундаг юм яриад л байдаг. Эцсийн эцэст энэ улсын тусгаар тогтнолыг ямар үнэ цэнээр олж авсан юм бэ, зүгээр л баярлаад бахархаад байх хангалттай юу, үгүй юу гэдгийг өнөө үеийнхэнд ярих шаардлагатай. Харин ойлгуулахын тулд түүхэн баримтыг сөхөж тавих асуудал чухал учраас уран бүтээлчийнхээ хувьд үүн дээрээ анхаарлаа хандуулж байгаа. Гэхдээ одоо би хаана ч харъяалалгүй тэтгэвэртээ гарчихсан өвгөн. Тэгээд ямар ч намын гишүүн биш. Тэд өчнөөн сайхан зүйл амлаж гарч ирчихээд байж байгаа нь энэ. Монгол хүн, монгол үндэстэн байсан цагт хүн бүхэн тусгаар тогтнолын тухай бодож яваасай.
- Улс тунхагласны баяр, тусгаар тогтнолын өдөр гээд л эх оронч байхыг уриалсан баярын тоо нэмэгдээд л байгаа.
- Тусгаар тогтнолынхоо баярын өдрөөр энэ үйлд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн наймдугаар Богд Жавзандамбын тухай киног ямар ч телевиз гаргахгүй л байна шүү дээ. Харь Төвдийн хүн ар халхын төдийгүй Буриад, Өвөрмонгол сурвалжит гарал, дэвшилтэт үзэлтэй ноёдыг нэгтгэн зангидаж тусгаар тогтнолыг бидэнд олж өгсөн. Монголынхоо тусгаар тогтнолын төлөө санаа зовох, хүмүүст тийм үзэл суулгахын төлөө хэн ч юу ч хийхгүй байгаа нь үнэн. Хорьдугаар зууны монголын аж байдлын талаар архив, номын санд байгаа бичгэн болон дүрсэн баримтуудыг ашиглаад бодитойгоор хүмүүст харуулах кино хийдэг. Бид эх орныхоо түүхийг энд тэндээс нь сэглээд байгаагаас бус тодорхой, цогц байдлаар харж хандаж, ард түмэнд харуулах асуудал байхгүй. Саяхан их монгол улсын 800 жилийн ойг тэмдэглээд л бөөн юм болсон. Харин одоо хүүхэд залуучууд тэр талаар юу мэдэж үлдсэн бэ? Бодох л ёстой. Хэн ч намайг ийм кино хий гээд мөнгө төгрөг өгч байсангүй. Иргэн хүнийхээ хувьд өөрийнхөө итгэл үнэмшлээрээ хийж явна.
- Телевизүүд харьцангуй олон болсон ч баримтат болон түүхэн кино тэр бүр гараад байдаггүй. Хүмүүст хүргэх тал дээр л учир байна аа даа?
- Өөрийнхөө хийсэн киног МҮОНТ-ээр гаргуулъя гэхэд мөнгө нэхэж байгаа юм. Хүн бэлэн материал өгье гэж байхад шүү. Тэгээд ч тэр чинь олон нийтийн статустай болчихсон, иргэн хүний дуу хоолойг гаргах л ёстой газар баймаар. Өөрсдийнх нь уран бүтээлчдийн хийж байгаа түүхэн, баримтат кинонууд нь судалгаа багатай, хөнгөн хуумгай байгаа нь харагддаг. Гарч байгаа дүрсийг нь харахаар 1950-иад оны байдал харагдаж байхад хорьдугаар зууны эхэн үеийн Улаанбаатар гэж тайлбарлах жишээтэй. Түүхийг түүхийрүүлж байгаа л хэрэг. Түүхэн зүйл хийх гэж л байгаа бол хэдэн оны хэдэн сард ямар үйл явдал болов, тэнд хэн хэн оролцсон гэдгийг баталгаажуулах хэрэгтэй. Би кино судлаач мэргэжилтэй. Кинонд 1963 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Мөн монголын архивт хаана нь ямар зураг, кино, дүрс байгааг гарын хуруу шигээ мэддэг. 1949 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч, хаана ямар үйл болсныг, түүнд хэн ямар үүрэгтэй оролцож байсныг сайн мэддэг гээд надад олон давуу тал бий. Түүхчидтэй хамтарч бичгэн баримтууд дээр судалгаа хийдэг. Кино зохиолоо ч өөрөө бичдэг. Яагаад гэхээр миний бүтээл учраас. Тэгээд ч буруу зөрүү зүйл гаргахгүйн төлөө өөрөө л судалгаагаа хийдэг. Баримтат кино бол хөдлөшгүй түүхэн баримт.
- Гаргах телевиз байхгүй, үзэх хүнгүй болчихоор баримтат кино хийх хэрэг байна уу?
- Кино үйлдвэр гэж байхад жилдээ 76 бүлэг, 40-өөд, Монгол телевиз 40 бүлэг 20 гаруй нэр төрлийн баримтат кино хийдэг байсан. Тэр үед одоогийнх шиг олон телевиз байгаагүй болохоор нийгэмд дүрсэн баримтаар улс орны амьдралд болж байгаа үйл явдлыг харуулах зайлшгүй шаардлагатай байснаас гадна бүх аймаг сумдад кино үзүүлэх цэг ажилладаг байлаа. Одоо кино үйлдвэрт жилдээ улсын төсвөөс 70 гаруй сая төгрөг өгдөг гэсэн. Гэхдээ кино үйлдвэрийн хийсэн кино гэж сүүлийн үед сонсоогүй л явна. Тэр мөнгө хаашаа орж байдаг юм бүү мэд. Монголын телевизүүдийг үзэхэд нэг бол солонгос сериал, эсвэл америкийн алаан хядаантай кино гаргадаг. Хүн авууштай, танин мэдэхүйн зүйл ховор. Гэтэл өнөөдрийн залуучууд, нийгэмд бодит амьдралыг харуулж, танин мэдүүлэх, ухааруулах бодлого байдаггүй. Нэвтрүүлэг хийх програм л байгаагаас биш МҮОНТ-д хүмүүсийн тархи толгойд юу хийх вэ гэдэг бодлого байхгүй.
- Баримтат кино үнэгүйдэж байхад уран сайхны кино хийвэл мөнгө олох боломж их байх шиг. Та юу гэж боддог вэ?
- 1980-аад оны үед монголчууд бид өөрсдөө хийж бүтээсэн, бахархах юмгүй мэт Европын орон, ЗХУ-г шүтдэг байлаа. Өөрсдийнхөө түүх соёлын үнэт өв, оюун ухаанаар бахархах сэтгэхүйг хүмүүст суулгах хэрэгтэй байсан. Тэр үеэс л зураач марзан Шарав, Өндөр гэгээн Занабазарын тухай кино хийж эхэлсэн. Харин ардчилал гарснаас хойш дээрээс хавчиж байсан хараа хяналт байхгүй болж шашин, монголын соёлын өв түүхийн талаар харуулах хандлага хаа сайгүй гараад ирсэн. Тийм болохоор хувь уран бүтээлчийнхээ үүднээс тодорхой зорилго тавих хэрэгтэй болж өнөөдөр монгол улсын тусгаар тогтнолын тухай ярих нийгмийн захиалга аандаа бий болсон. Халх голын байлдаан, 1945 онд зүүн хойд Хятадыг чөлөөлсөн тухай гээд цэрэг эх оронч сэдэвтэй кинонуудыг 1990-ээд оноос хийлээ. Ойрмогхон Эрдэнэ жонон ван Ширнэндамдин гэдэг монголын тусгаар тогтнолын төлөө Богд хаантай хамтран ажиллаж явсан, Чингис хааны шууд угсааны сурвалжит ноёны тухай “Эрдэнэ жонон ван” киног хийсэн. Хуучин нийгмийн үед монголын сурвалжит ноёдыг өөрийн бодолгүй, сохор төвдийн үгэнд орсон тэнэг “амьтад” гэсэн ойлголт нийгэмд байсан. Тэгэхэд монголын сурвалжит ноён гэж ямархуу байр байдалтай, бодол санаатай, юуны төлөө зүтгэж байсан бэ гэдгийг харуулахын тулд энэ киногоо хийсэн юм. Эцсийн эцэст тэр хүн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө явж байгаад оросуудад алуулсан юм шүү дээ.
- Ойрын төлөвлөгөө юу байна? Санхүүжилтээ хаанаас олдог вэ?
- Дундад зууны үеийн үйл явдалтай холбоотой цуврал кино хийх санаатай байгаа. Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтраад судалгаа, баримт материалаа цуглуулж байна. Энэ жил Халх голын дайны 70 жилийн ой тохиож байгаа учраас томоохон хэмжээний кино бүтээнэ. Харин санхүүгийн тал дээр нэлээд бэрхшээл үүсдэг юм. Элдэв шоу хийхээр мөнгө олддог хэрнээ иймэрхүү кино хийхэд мөнгө төгрөгний асуудал их гарч ирдэг. Тэгэхдээ яаж ийж байгаад л хийнэ дээ. Монголын тусгаар тогтнол гэдэг асуудалд анхаарлаа хандуулдаг, ярьдаг биш хийдэг хүн гарч ирнэ гэж бодож байгаа.
- Кино судлаач хүнийхээ хувьд одоо гарч байгаа уран сайхны кинонуудын талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
- Кино хийх консерв хийхээс амархан болжээ. Үнэндээ агуулга, дүр, үйл явдлын сонирхолтой байдал нь байх ёстой хэмжээнд хүрэхгүй байгаа.
М.Гэрэлтуяа