Өөрийнхөө сонирхдог зүйлийг цуглуулж, хайрлаж, хадгалж байгаасай
Одоогийн хүүхэд хүнээ байж, компъютер тоглохоос өөр юм мэдэхгүй гэх үгс томчуудын амнаас их унадаг. Харин арван хоёрхон насандаа өөрийн гэсэн цуглуулгатай болж, өмнөө олон олон зорилго тавьсан нэгэн хүүтэй уулзлаа. Б.Өлзийхутаг энэ сард өөрийн бие даасан “Миний төрсөн жил- Дэлхийн шууданд” нэртэй марк, дугтуйн үзэсгэлэнгээ гаргасан юм. Тэрээр одоо хятад хэлний Үйцай сургуулийн долдугаар ангид суралцдаг юм.
- Яагаад марк цуглуулах болсон бэ?
- Би өөрөө хулгана жилд төрсөн. Тэгээд төрсөн жилийнхээ зурагтай маркыг 2005 оноос эхлэн цуглуулж, 2008 онд Монголын Филателийн холбоонд гишүүнээр элссэн. Энэ хулгана жилдээ багтаагаад марк, дугтуйныхаа үзэсгэлэнг гаргавал зүгээр юм уу гэсэн санааг аав гаргаж, өөрийнхөө цуглуулгыг хүмүүст үзүүлж байгаадаа баяртай байна. Аавд бүр багаасаа цуглуулсан маркны арвин цуглуулга нь бий. Аавын нөлөө их байсан. Бид эгч дүү дөрвүүлээ. Тэдэн дундаасаа би л марк цуглуулдаг. Ер нь дэлхийн бүх орон өөрийн гэсэн марктай. Түүгээр нь дамжуулж улс орнуудын зан заншил, түүхэн үйл явдлуудыг нь танин мэдэж болно. Марк нэг талаасаа шуудангийн хэрэгсэл ч, нөгөө талаасаа үнэт цаас юм.
- Зөвхөн хулганы зурагтай л марк цуглуулдаг уу? Цуглуулгад чинь хэд орчим марк байгаа вэ?
- Цаашдаа хулганы зурагтай марк улам ихийг цуглуулна. Бас Чингис хааны зурагтай марк цуглуулж эхлээд байгаа. Өөрийнхөө цуглуулгуудаар олон улсын үзэсгэлэнд оролцохыг хүсч байна. Надад дэлхийн хорь гаруй орны 130 төрлийн марк байгаа. Дорнын уламжлалтай Хятад, Солонгос, Япон, Африк зэрэг улсуудын марк дизайн, чимэглэл хийцийн хувьд их гоё байдаг. 1972, 1984, 1996, 2008 оны хулгана жилийн марк цуглуулсан. Монголд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаснаар олон улсын үзэсгэлэнд оролцох боломж нээгддэг. Цуглуулганы маань хамгийн анхны марк бол 1972 оны монголын 12 жилтэй марк.
- Гадны улсуудын маркыг яаж олж авдаг вэ?
- Интернэтээр худалдаж авна. Бас аав, ээж маань гадаадад амьдардаг болохоор над руу явуулдаг. Марк сонирхон, цуглуулдаг хүмүүс ням гариг бүрийн өглөө есөн цагт Нэгдүгээр сургууль дээр цуглардаг. Тэр үеэр марк солилцох, худалдах, цуглуулгаа баяжуулах боломж олддог. Олон орны марк цуглуулдаг хүүхдүүдтэй интернэтээр харьцдаг. Ер нь миний үеийнхэн марк цулуулах нь ховор. Бүтэн сайн өдрийн цуглаанд ганц, хоёрхон хүүхэд л ирдэг. Миний хувьд хамгийн нандин, үнэтэй марк маань гэвэл энэ хулгана жилд зориулж “Монгол шуудан” компаниас гаргасан маркны загвар байгаа.
- Марк худалдаж авахад үнэтэй байдаг уу?
- Тухайн маркны хэзээ, хаана үйлдвэрлэсэн, алдаатай эсэх, засвартай үгүйгээс хамаараад үнэ нь өөр байдаг. Марк худалдаанд гарсан өдөр нь дугтуйн дээр нааж, тамгалсныг анхны өдрийн дугтуй гэж нэрлэдэг. Үүгээрээ үнэ, цэнэ нь өсдөг. Маркыг зүгээр ч нэг цуглуулаад байдаггүй л дээ. Шүдтэй, шүдгүй, алдаатай, алдаагүй, засвартай, анхны өдрийн дугтуй, тамгатайгаа байвал илүү үнэ цэнэтэй гэдэг ч юм уу. Цаанаасаа үйлдвэрийн алдаатай марк маш үнэтэй байдаг.
- Марк цуглуулсанаараа чи юу олж авсан бэ?
- Марк цуглуулагч нямбай байх ёстой. Тэгэхгүй бол нэг шүд нь гэмтээд, нугаларч, урагдлаа гэхэд ямар ч үнэ цэнэгүй болчихдог. Миний бодлоор марк цуглуулснаараа юманд нягт, нямбай хандаж сурдаг.
- Чиний хамгийн хайртай марк чинь...
- Хамгийн үнэтэй нь 2008 оны хулгана жилийн маркны загвар, хамгийн хайртай марк гэвэл миний төрсөн жил 1997 оны монголын хулгана жилийн марк.
- Том болоод ямар хүн болно гэж боддог вэ?
- Одоогоор мэргэжлээ сонгоогүй л байна. Би цэргийн хүн болох дуртай. Би үеийнхнийгээ өөрийнхөө сонирхдог ямар нэгэн зүйлийг цуглуулж, хайрлаж, хадгалж байгаасай гэж боддог.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
марк бол хүний уран бүтээлийг хэвлэлийн уран бүтээл болгосны илэрхийлэл гэж боддог би.