УДИРДЛАГА
Яруу найрагч Бархасын Дорж
УДИРДЛАГА
Алив удирдлага өгөөч зурагтаа асаая
Аниргүй нам гүмд дуртай ч харанхуйд дургүй гэрлээ асаая
Хүчит удирдлагаар цайгаа чанаад
Хөлөө ачин сууж, номоо уншъя
Дохиж нарны гэрлийг ихэсгэж багасгаад
Дохиж оддын тоог нэмээд
Дохиж салхи исгэчүүлж эсвэл намдааж
Дохиж бороо оруулж, бас солонго хатгая
Цаг хугацааг удирдлагаар эргүүлье
Санжаасүрэнгийн Зоригийг
Согтоож унагаад тэр шөнө
Гэрт нь үл хариулъя
Далласт Ерөнхийлөгч Кеннедийг сумнаас бултуулж
Дараа нь бас Бобийг ч аваръя
Гитлерийн ээжийг ааваас нь төөрүүлж
Гэмгүй далан сая хүний амийг хэлтрүүлье
Хорьдугаар зууны тахлын нянг “лаборатор”-т түгжиж
Хоовон толгойт Ленинг цөллөгт нь үлдээе
Хирошим, Нагасикийг цөмийн бөмбөгөөр биш
Баярын салютаар буудая
Галт уул дэлбэрэх, газар хөдлөх
Гариг ертөнцийг солир мөргөх аюулгүй болгоё
Өвчин зовлон, гуниг гутрал
Өлсөх, өтлөх, үхэх тавилангаас хэлтрүүлье
Тэгээд ...эргээд хартал нэг л биш байна
Тэмцэл, шаналалгүй бол амьдрал биш юм байна
Давсгүй хоол үлбэгэр байдаг шиг
Дандаа чихэртэй амьдрал амтгүй байдаг юм байна
Шаналахаа мэдэрсээр байж дурладаг юм байна
Шартахаа мэдсээр байж уудаг юм байна
Турсгаа зовоож оргилд гарч жаргадаг юм байна
Туулсан, бүтээснээрээ хүн бардамнадаг юм байна
Ялалт ялагдлын аль алийг туулж байж
Яасан их юм үзэв дээ гэж насны эцэст боддог юм байна
Ямар ч зовлонгүй амьдралыг удирдлагаар бий болговол
Ядаж амиа хорлох эрхийг хэн нэгэнд үлдээх ёстой юм байна.