Начин цол авна гэдэг тийм ч амархан боорцог биш
800 гаруй зангианы арвин цуглуулгатай залуу байна гэж сонсоод уулзахаар очлоо. Өрөөнд нь оруутаа л зорилгоо мартаж орхисон.Ард түмнийхээ зүрх сэтгэлд гэнэн, цайлган, хүүхдэрхүү, олонтойгоо явсан аварга хэмээн хүндлэгддэг Хадаа аваргын хүү Х.Даваажав сонин содон хобби цуглуулга ихтэй нэгэн аж. Гэсэн ч энэ бүгдийг хойш тавьж сонгуулийн дуулианд дарагдсан наадмын тухай, бөхчүүдийн талаар ярилцъя гэж шийдлээ.
Тэрээр “Аварга Хадбаатар” санг байгуулж начны найраа, бөхчүүдийн ёс жудаг гээд олон зүйлд санааширч, түүнийгээ шийдвэрлэх гэж зорьж яваа. Мөн Үндэсний бөхөөр барилддаг хүүхэд залуусыг дэмжих, орон нутагт сайн барилдаж байгаа залуу бөхчүүдийг улсад барилдуулах, дэлхийн аварга, олимпийн аварга төрүүлнэ гэсэн олон сайхан зорилготойгоор ажиллаж байна.
- Та монгол бөхийн хөгжил хэр төвшинд яваа гэж боддог вэ?
- Монгол бөхийг хөгжүүлэх гол арга бол ёс жудагаа хадгалж үлдэх явдал. Бие биенээ хүндлэх, эрэмбэ дараа гээд эрт дээр цагаас уламжлагдаад ирсэн асар том соёл бидэнд бий. Энэ уламжлал, өв соёлоо орхигдуулаад байгаа юм болов уу гэж боддог. Амьдралыг хамгийн энгийн жишээ хэлье л дээ. Энэ миний авгай ш дээ гэж хэлэх энэ миний хань, гэр бүлийн маань хүн гэж хэлэх хоёрын хооронд алд дэлэм зөрүү байгаа. Миний туйлын ганц зорилго бол шудрага өрсөлдөөнийг бий болгох юм. Хүмүүс яагаад сумог хамгийн их үздэг юм бэ? Маш шудрага, хоёр аварга нэг нутгийнх гээд нэгэндээ бууж өгдөггүй. Үндэсний бөхийг шудрага болгохын тулд нэтрүүлэг хийх гэж байсан.
- Ямар нэвтрүүлэг вэ? бөхчүүдийн рейлити шоу болох гэнэ гэсэн яриа гадуур яригдаад байсан...
- “Аварга Хадбаатар сан” энэ оны дөроөвдүгээр сард байгуулагдсан. Нээлтийн үйл ажиллагаа болгож үндэсний том түүх соёл, бахархал болсон бөхийн барилдааныг шудрага зөв болгох зорилготой “Аваргын гараа” нэвтрүүлэг хийхээр зэхээд байсан юм. Харамсалтай нь сонгуультай давхацаад ивээн тэтгэх байгууллага олдсонгүй. Энэ нэвтрүүлэг нь цолонд ойрхон байгаа залуу бөхчүүдийг хэрхэн бэлтгэл хийж, ямар хөлс хүчээр цолонд хүрдэг юм бэ гэдгийг бодитоор харуулах боломж байсан. Ингэснээрээ бид хүүхэд залуусын анхаарлыг үндэсний бөх рүү чиглүүлж, компъютер тоглоом, зугаа цэнгэлээс илүү үндэсний спортын гайхамшигтай сайхан талуудыг үзүүлж чадна гэсэн итгэлтэй байлаа.
- Ёс жудаг гэсэн ойлголтын хүрээнд начны найраа ч багтдаг. Цолны найрааны тухайд ямар бодолтой байна?
- Наадамд начин авна гэдэг тийм ч амархан боорцог биш л дээ. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэсэн үг байдаг ш дээ. Бэлтгэл сайн хийсэн, хөлс их гаргасан хүн цолонд хүрдэг юмаа. Түүнээс биш зүгээр нэг мөнгөтэй хүн ирээд начин болчих бол утгагүй. Харцага, гарьд гээд шинэ цолнуудыг зарим хүн ойшоодоггүй. Би бол байх ёстой л гэж боддог. Аваргын хүүхэд ааваараа тав даваад начин болох ч юмуу. Таньдаг мэддэг хүмүүс бие биенээ дэмжих тийм зүйл бол яахав дээ. Харин хэд гурван төгрөг өгөөд бяраараа биш бэлээрээ цол авдаг хүмүүс байгаа. Найрааг таслан зогсоох юм бол манай үндэсний бөх хөгжинө. Өнөөгийн Монголын аль ч салбарт авилгал байгаа болохоор урагшилж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Нутгархах байдал их гарч нэг нутгийх нь нөгөөтэйгөө харшилдаг болсон. Төрийн толгойд ч нутгийн үзэл гараад ирэхээр ард түмнээ хүндлэх ёстой хүмүүс түүнийгээ уландаа хийгээд байна гэж ойлгодог. Яагаад аав маань алдартай, хүний хайрыг татсан хүн байсан бэ гэвэл аав маань их олонтой хүн, гэмгүй, цагаан, цайлган, хэнтэй ч хүн ёсоор харьцаж чаддаг хүн байсан. Ийм бөх мянгад ганц төрдөг юмаа.
- Үндэсний бөхийг мэргэжлийн спорт уу, үгүй юу гэдэг дээр хүмүүс их маргалддаг...
- Бөх хүнийг манайхан жаахан мангардуу, онгироо, бүдүүн, ховдог гэж ойлгоод байдаг. Их хөдөлмөрлөж байж бөх гэж дуудуулах эрхтэй болдог. Ёс жаягаа баримтлаж, эрэмбэ дараагаа мэддэг хүн л бөх болно гэж би боддог. Мэргэжлийн бөх гэж хэлэх юм бол Мөнхбат аварга, Сүхбат аваргыг хэлнэ. Энэ хүмүүс бол мэргэжлийн түвшинд хүрчихсэн хүмүүс. Тэдний зорилго нь бөх, үндэсний спортыг хөгжүүлэх чин хүсэл. Аварга гэдэг цол сайхан ш дээ. Хакухо аваргыг их хүндэлж явдаг. Сумод аварга цол авсан хүн маш олон үүрэг, хариуцлага хүлээдэг. Манай аваргууд яагаад тэгж болдоггүй юм бэ? Сүхбат аварга шударга бус өрсөлдөөнөөс болж зодог тайлсан ч тэр хүнд барилдах хүсэл байгаа шүү дээ.
- Наадмын маргааш ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Энэ жилийн наадмыг хэрхэн төсөөлж байна?
- Наадмын маргааш дараа жилийн наадам даанч хол байна даа гэсэн харуусал төрдөг. Яагаад ч юм бүхий л зүйлс шарлаад эхэлдэг. Одоо хаачих вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Хэдэн жилийн хүч хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг сайхан. Зарим хүн наадмаар хонь гаргаад иднэ, за тэгээд яахав дээ гэсэн бодолтой байдаг. Энэ жилийн наадам ямар сайхан болов оо гэж хүмүүс шагшихаар тийм л байгаасай гэж хүсч байна.
- Таны бахархал юу вэ?
- Би олон жил гадаадад циркийн жүжигчнээр ажилласан. Гадны улсад Монголын нүүр царай болж явсан тэр үедээ Монгол хүн гэдгээрээ бахархаж байсан. Би Батлан хамгаалах их сургуульд багшилдаг. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгээд ирсэн минь бахархал. Аварга Хадбаатар сангийн үйл ажиллагааг явуулж байгаа маань хамгийн том бахархал. Эхнэр аваад хүүхэдтэй болох юм бол миний амьдралын бас л нэг бахархал болно доо.
- “Аварга Хадбаатар” сангийн ойрын төлөвлөгөө, зорилго?
- Хамгийн эхний зорилго бол аавыгаа мөнхжүүлнэ. Төв аймгийн Угтаал сумд байгаа музейг нь шинэчлэн засварлаж, хөшөө дурсгалыг нь босгоно.“Халхын сайхан Хадаа аварга” дуунд клип хийхээр төлөвлөөд явж байна. Хадаа аваргын хүү сайн барилдаагүй ч сан байгуулаад явж байнаа гэхэд хүмүүс намайг асар их дэмжиж тусалсан. Миний аавын туулж өнгөрүүлсэн амьдрал тэр чигээрээ түүх, кино. Сайн ч муу ч явсан, очсон газар бүртээ нэр хүндтэй байсан. Үйл хэргийг нь үрэглжлүүлээд ард түмнэндээ үйлчлэхийн төлөө явж байна даа.
- Хамгийн түрүүнд юуг өөрчлөхсөн гэж хүсдэг вэ?
- Хамгийн чухал зүйл бол хүнийг хүндлэх юм. Чи өөрөө өөрийнхөө төлөө тэмцэхгүй бол хэн ч чиний өмнөөс юм хийхгүй. Эхлээд биеэ зас, дараа нь хүнийг хүндэл. Чамайг цохиод авсан ч тэвчээртэй ханд. Бид хүн хүнээ хүндэлж, хайрлаж байвал эх орны хөгжил урагшилна гэж боддог. Залуус маань хэтэрхий их бэлэнчилээд сурчихсан байгаа. Үүнийг л өөрчлөх юмсан гэж боддог. Ээж, аавууд нь хүүхдийнхээ өмнүүр ороод бүх зүйлийг нь зохицуулаад гүйгээд байдаг. Миний бодлоор хүүгээ, охиноо 16 нас хүрэхээр нь тодорхой хэмжээний мөнгө өгөөд биеэ даагаад амьдар гэж явуулдаггүй нь алдаа болдог. Ажилд орох гэсэн ч, ажлаа хийж чадахгүй байсан ч аав ээжээрээ түрий барьдаг. Хэрвээ хүүхдээ 18 нас хүрэхээр нь өөрийн гэсэн хөрөнгө таслаж өгөөд амьдралаа аваад яваа гээд хэлэх юм бол тэр хүүхэд өөрийн зорилготой, амьдралын идэвхитэй болно гэж боддог. Ямар ч мөнгөгүй байж албатай юм шиг хүнээс мөнгө зээлээд, гуйгаад байдаг бэлэнчлэх хоосон сэтгэлгээнд би дургүй. Миний ажил бүтэхгүй байнаа гээд суухын оронд өөрөө гүйгээд хүнтэй уулзаж, шинэ санаа гаргах хэрэгтэй. Би ийм юм хийх гэсэн юм гэхэд дэмжих хүн гарч ирдэг л байхгүй юу. Өнөөдөр найзуудтайгаа архи ууна, маргааш ууна, нөгөөдөр ууна. Өөрийнхөө ажлыг маргааш гэж хойшлуулдаг болохоор л зарим залуус гундуухан амьдраад байдаг. Хүн чамайг ивээнэ гэж хэзээ ч битгий итгэ. Өөрөө л бүтээж чадна гэж бодох ёстой. Өнөө маргаашийн хоол унд бол жижиг асуудал. Хамгийн түрүүн өөрөө өөрийгөө цэгцэлж, дийлэх ёстой. Хоёр бөх барилдлаа гэж бодоход би ч давахгүй байхдаа гэсэн нь өөрийгөө ялж чадахгүй унана. Би чадна гэсэн бодол, өөрийгөө дийлдэг байж гэмээнэ юм сурна, амжилтад хүрнэ. Өнөөдөр гоё санаа олдог. Маргааш нь мартчихдаг. Тийм болохоор бүх зүйлээ бичиж үлдээж байх хэрэгтэй гэж боддог. Үеийнхээ залууст ч хэлмээр санагддаг.
- Ярилцсанд баярлалаа
М.Гэрэлтуяа