Бяцхан хүүгийн мөрөөдөл ойр байгаасай
Бяцхан хүүгийн мөрөөдөл... Аав, ээжтэйгээ морин дээр сундлан авахуулсан гэрэл зураг, доор нь дараа жил заавал ганцаараа морь унаж сурна гэсэн бичээс...
Өнөөх хүү тэргэнцэр дээр суун, ямар нэгэн зүйлрүү гөлийсөөр суух аж. Ангийнх нь хүүхдүүд ихэвчлэн тэргэнцэр дээр суух бөгөөд ганц нэг нь өвчиндөө шаналан өрөвдөлтэйгөөр уйлна.
Энэ бол тархины саажилттай хүүхдийн цэцэрлэг, сувиллын аравдугаар цогцолборын сархан бүлэг. Уг цогцолбор “Солонгохон”, “Цасхан”, “нархан”, “Сархан”, “Одхон” гэсэн бүлгүүдтэй бөгөөд тархины саажилттай хүүхдүүдийг өвчнийх нь явц, хүнд хөнгөнийх нь хэлбэрээс нь хамааруулан бүлэг тус бүрт хуваарилжээ. Цасхан бүлгийн багшийн ширээн дээр хөвөн, спирт гэхчилэн бичил эмийн сан харагдана. Түүгээр ч үл барам энд суралцагчдын дийлэнхийнх нь хувьд гутал, хувцас, халбага, сэрээ гээд наад захын хэрэгцээ нь ч тусгай зориулалтынх байдаг аж. Улсын хэмжээнд ийм төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг ганцхан байдаг бөгөөд энэ жил 120 хүүхэд хүлээн авч асарч байна. Жил ирэх бүр агаарын бохирдол, архидалт, төрөхийн хүндрэл зэргээс шалтгаалан тархины саажилттай хүүхдийн тоо өсч байгаатай уялдан хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтэй эцэг эхчүүд олширч байгаа юм. Гэвч одоогоор дахин ийм цэцэрлэг байгуулах нь байтугай одоо ажиллаж байгаа аравдугаар цогцолборт ч төр засгаас үзүүлэх тусламж дэмжлэг бараг байхгүй гэж хэлж болохоор байна. Учир нь улсын төсөвөөс өгдөг мөнгө нь багш ажилчдын цалин, дулаан цахилгааны зардал, хүүхдийн хоолны тал мөнгөнд явчихдаг гэж тус цэцэрлэгийн эмч Ц. Батжаргал ярьж байлаа. Нэг үгээр хэлбэл энэ цогцолбор гадаад дотоодын хүмүүнлэгийн байгууллагуудын буянаар л эмчилгээний тоног төхөөрөмжтэй арай ядан гол зогоож байгаа юм байна. Тэргэнцэр, ханын самбар, хоёр гурван хатсан цэцэг гээд тэдгээр хүүхдүүдийн нүдэнд хамгийн ойр зүйл нь энэ. Хүүхэд гэхээр сэтгэлд буудаг алаг бөмбөг, хөөрхөн барби, машин, тэдний хүслийг оргиуулж нүдийг нь баясгах юу ч алга. Энэ талаар “Сархан” бүлгийн багш С. Оюунцэцэгээс асуухад
-Бид чинь тоглоом наадгай гэхээсээ илүүтэй багаж тоног төхөөрөмжиндөө анхаарпаг. Жирийн хүүхдүүдээс хөгжил нь арай дутуу болохоор ганц алхуулахсан, өөрөөр нь хоолыг нь идүүлээп сургачих юмсан л гэж хичээх юм даа хэмээн нүдэндээ нулимстай хоолой нь зангиран хариулж байлаа. Гэсэн ч “Цэцэрлэг, сувиллын аравдугаар” цогцолбор гэсэн жижигхэн цагаан байшинруу, монголын ирээдүйн нэгэн хэсэг болсон энэ хүүхдүүдрүү анхаарч байгаа газар, эцэг эхчүүдийн зовлонг ойлгодог хүн тун ховор тухай зарим ээж аавууд саналаа хэлж байсан юм. Уг цогцолборын дэргэд “Тархины саажилттай хүүхдийн эрх ашгийг хамгаалах” төрийн бус байгууллага ажилладаг аж. Жирийн хүүхдүүд суралцдаг сургууль цэцэрлэгт хүүхдээ явуулъя гэж хүсдэг ч тэднийг тэр бүр алгаа тосон хүлээн авдаггүй, ялгаварлан гадуурхах, бзр жигших явдал ч гардаг байна. Тийм учраас эдгээр хүүхдийг сурч боловсрох таатай орчноор хангах, цаашлаад нийгмийн дунд оруулж төлөвшүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд нийгэмд тэднийг хүлээн авах эерэг энергийг бий болгох, үе тэнгийн хүүхдүүдийн дунд тэднийг зөвөөр ойлгуулах шаардлага ч урган гарч байгаа юм.
Гэсэн ч хэн нэгэн эмчийн хэтрүүлж тарьсан ганц тун, хэнэггүй ээж аавын гаж буруу зуршил, эх баригч эмчийн хариуцлагагүй нэг үйлдлээс болж нийгмээс тусгаарлагдан, өөрөө өөрийөө илэрхийлж чадахгүй суугаа энэ бяцхан хүүхдүүдийг сайхан сэтгэл, хүнлэг чанарын үүднээс харах, халамж үзүүлэх, ийм төрлийн цэцэлдэг сургуулийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх цаг нэгэнт болсон.