Төрсөн өдрөө гэж...
Өнөөдөр би 23 нас хүрч байна. Гэхдээ жаахан үеийнх шигээ хөөрч, хөл алдан баярлахгүй нь гайхмаар... Аав ээж минь духан дээр үнэрлэхгүй, анд найзууд ширээ тойрон бужигнахгүй уйтгартай ч юм шиг нэг нас нэмлээ. Тэглээ гээд хэнийг буруутгах ч билээ. Айлын эхнэр болж, үрийн зулай үнарлэн, аавынхаа дэргэд сэрээгүй хамгийн анхны төрсөн өдөр... . Ёстой л нөгөө Дашбалбар агсны хэлсэнчлэн:
Өнгө алаг энэ хорвоод
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг харж, тэнгэрийг үзэх
Өндөр их тавилан хайрласан ээж аавдаа баярла гэдэг үг л үнэн юм даа.
Анд найзууд амьдралын мөр хөөж санасны зоргоор уулзаж чадахгүй ч утас цохин баярын үгс урсгана. Миний муу сайн найзууд. Ялгаж салгасандаа бус намайг гэсэн сэтгэлийг өрөвдөөд ингэж хэллээ, бас бичлээ. Хаа холын газраас нэгнээ гэсэн сэтгэл андых байдаг. Тиймдээ ч тэдэнгүйгээр миний амьдрал хоосон.
Намрын усан бороо яндан дагаад урсахад
Найзынхаа дэргэд дулаацах гэж гэрээсээ би гардаг
Нанчид, бүлээн цай хаанаас ч олддог хорвоод
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг
Ц.Хулан
Төрсөн өдрийн баяр та наргүйгээр эхэллээ
Төдхөн уулзнаа гэж сэтгэлээ найз нь аргадлаа
Аз жаргалын эрэлд намайг орхиод гарсан ч
Анд найзууд бүгдээрээ наг л өдөр золгоноо