Нүсэр том акссесуарууд энэ зуны хамгийн дэгжин гоёл
Өнгийн цэцэгс алагласан зун цаг ирж, охид бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, цог жавхаагаа илэрхийлэх гоёлоо зэхэж байна. Энэ зуны охид бүсгүйчүүдийн гоёл ямар байх бол? Охид эмэгтэйчүүдийн гоёлд алмас эрдэнэ, алт мөнгөнөөс авахуулаад энгийн шил, хуванцар, торго дурдангаас эхлээд эрээн даавуу ч багтдаг. Сүүлийн үед охид, хүүхнүүд гоёлыг сонгохдоо үнэтэйг нь бус өөртөө болон хувцасанд нь зохицсон өнгө хэлбэр нь шинэлэг, сонирхолтойг нь сонгодог болсон. Гэхдээ жинхэнэ загварын мэргэжилтнүүд таньд энэ зуны гоёлуудыг санал болгож байна.
Акссесуар - Загвар зохион бүтээгчид болон имижмейкрүүдийн үзэж байгаагаар энэ зун нүсэр том, акссесуарууд хамгийн дэгжин гоёлд тооцогдох нь ээ. Өргөн бүдүүн бугуйвч, урт том ээмэг, өргөн тоногтой бүс таны хамгийн зөв сонголт болох нь. Эдгээр гоёлууд нь таны хамгийн энгийн даашинз, нимгэн цамцыг ч этгээд, дэгжин харагдуулж чадна гэдэгт итгэлтэй байгаарай. Гэхдээ нүүрнийхээ орчимд гурваас дээш акссесуар /үүнд нүдний шил хамаарна/ хэрэглэх хэрэггүй. Хэт олон акссесуар нэг дор байх нь таныг гоё харагдуулах бус шинэ жилийн гацуурыг санагдуулам инээдтэй болгоно гэдгийг анхаараарай.
Даашинз – Охид бүсгүйчүүдийн зуны гоёлын хамгийн чухал нь даашинз. Энэ зуны гоёлд хурц, тод өнгө зонхилно. Шар, нил ягаан, элсэн шар өнгө моодноос гарахгүй ч олны анхаарлыг татахуйц байж чадахгүй. Харин тод хурц өнгөнүүдээс бүрдсэн эрээн өнгө илүү эрэлттэй байх нь. Этгээд дэгжин хувцсаар гоёхыг хүсдэг охид, бүсгүйчүүд янз бүрийн хээтэй эрээн өнгийн даашинз зэхвэл чамин харагдана гэдэгт итгээрэй. Гэхдээ эрээн гэхээр хоёроос, гурван өнгөний хослол гэж ойлгож болохгүй. Таны зуны гоёлд аль болох олон өнгө холилдон орсон, цэцэг навч, хээ хуар гээд чимэглэл ихтэй байх хэрэгтэй гэж дизайнерууд зөвлөж байна. Бие нэвт гэрэлтсэн, нимгэн материал таныг өөртөө итгэлтэй, өөдрөг болгоно. Өнгөрсөн зун бүсгүйчүүд сарафан маягийн мөрөвчтэй, шулуун загварыг эрхэмлэж байсан бол энэ жил богино ханцуйтай, хагас онгорхой цээжтэй даашинзны хормой чамгүй урт байх болно. Хуниас нугалаа байхгүй хэрнээ үл ялиг дэрэвгэр хормойтой бол бүүр ч сайхан харагдуулна. Бүсгүйчүүд гутал, цүнх, хэтэвч, малгайныхаа өнгийн аль болох хослуулж хэрэглэхийг илүүд үздэг. Тэгвэл одоо хувцас, гоёл тань бүгд өөр өөр өнгөтэй байх тусмаа этгээд чамин харагдуулах нь. Үүгээр ч зогсохгүй ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг чимэглэлийн зүйлүүдээ ч гэсэн эсрэг тэсрэг өнгөтэйгөөр сонгорой.
Гутал - Загварын ертөнцөд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтийг дагаад бүсгүйчүүдийн гоёл ч өвөрмөц болж байгаа. Үүний илрэл нь энэ зун нарийхан өсгийтэй гутал бус намхан, шулуун ултай шаахай ноёрхох юм байна. өнгөний хувьд боронзон шаргал, мөнгөлөг цайвар, лакан хар өнгөнүүд гоёмсог, дэгжин харагдах гэнэ. Хэдийгээр намхан ултай боловч зуны шаахай элдэв чимэглэл, нэмэлт тоног, оруулгатай байх нь ээ. Өсгийтэй гутал өмсөөд дэгжирхэхийг хүсвэл 1960, 1970-аад онд моод болж байсан платформ загварын гутал сонгохыг зөвлөж байна. Хагас зузаан ултай, конус хэлбэртэй дэгжин гутал таныг эрхэмсэг харагдуулж чадна гэдэгт итгээрэй.
Өмд – Зуны гоёлд өргөн өмд халаагаа өгсөнгүй. Өгзөг барьсан богино суудалтай, өргөн шуумагтай, нимгэн материал бүхий хурц тод өнгийн өмдийг чухалчилахыг загварынхан санал болгож байна. Трапецан өмд загварын ертөнцөд эргэн ирсэн гэсэн үг. Гэхдээ шуумагны урт хөлийн тань өсгийг дөнгөж шүргэж байхад л хангалттай. Хар бараан, шар, улбар ягаан, ногоон өнгийн бүстэй хослуулбал та бусдаас дэгжин харагдах боломжтой шүү.
Малгай – Бөмбөгөр оройтой мөртлөө эмжээр нь унжсан дэрэвгэр саравчтай малгай охидын гоёлд зүй ёсоор багтана. Гэвч энэ загварын малгайгаар бүх насныхан гоёно хэмээн ойлговол өрөөсгөл болно. Хүүхнүүдийн хувьд өргөн тууз, том цэцэг бүхий өргөн хүрээтэй бүрх малгай өмсөх нь илүү тохиромжтой. Өргөн хүрээтэй малгайг гоёлын даашинз, нимгэн цамц, трапецан өмд гээд ямар ч хувцсан дээр өмссөн зохидог нь түүний давуу тал. Сийрсэн болон сүлжмэл материалтай байвал эрүүл мэндэд тустай гэдгийг анхаараарай.
Нүдний шил – Зуны гоёлыг нүдний шилгүйгээр төсөөлөхийн аргагүй. нүдийг нарны хурц гэрлээс хамгаалах, нөгөө талаар таны стиль имижийг илэрхийлэх хамгийн чухал зүйл. Ямар шил сонгохоо мэдэхгүй байгаа бол цагаан хүрээтэй тас хар шил сонгохыг санал болгож байна. ийм загварын нүдний шил энэ зуны моод. Аль болох том шилтэй, өргөн хүрээтэй байх тусмаа этгээд дэгжин харагдах бөгөөд энэ зуны загварыг тодорхойлох үүргээ гүйцэтгэж чадах нь.