Юм юмнаас
Хүний боломжийн хязгаар хаана хүрээд зогсох вэ?
100 метрийн гүйлтэд 10.6 секундийн амжилт үзүүлж байсан эрчүүд энэ зууны эхээр 9.69 секунд гүйж амжилтаа ахиулжээ. Хамгийн сүүлийн жишээ бол Бээжинд болсон зуны ХХIX олимпод Ямайкийн гүйгч Усейн Болт ийм амжилтыг үзүүлж спорт сонирхогчдыг гайхшируулсан. 2030 онд 100 метрийн гүйлтэд тамирчид 9.45 секунд гүйх бөгөөд амжилтын буухиа ч үргэлжилсээр байна гэж эрдэмтэд үзжээ. 150 жилийн дараа энэ амжилтын буухиа 8 секундэд тун дөхөж очих бололтой. Судлаачдын математик загварчлалаар 100-150 жилийн дараа 100 метрийн гүйлтийн дээд амжилтыг эрчүүд биш эмэгтэйчүүд эзэмшдэг болох юм байна. Өөрөөр хэлбэл, 2156 онд эмэгтэйчүүд түүхэндээ анх удаа эрчүүдийг энэ төрөлд гүйцэж түрүүлэх бөгөөд тэдний амжилт 8.079 секундээр хэмжигднэ. Харин эрчүүд 8.098 секундэд 100 метрийг туулах гэнэ. Энэ нь зөгнөл мэт санагдаж байвч урьдчилсан таамаглал биелэхэд бүхэл бүтэн зуун шаардлагатай.
47 жил унтаагүй хүн
Нойрны ачаар хүн хүч сэлбэж, сэргэж байдаг. Гэтэл хүн төрөлхтөний түүхэнд олон жил унтаагүй хэрнээ эрүүл саруул ажлаа хийгээд явдаг, мөн он удаан жил унтаад сэрээгүй мөртлөө амьд байсан сонин хачин тохиолдол нэг бус удаа гарчээ. Югославын Благай тосгоны Микулич гэгч эр 27 жил огг унтаагүй аж. Тэрбээр 1942 онд долоон настай байхдаа гэрийнхээ гадна тоглож байхад нь түүний ойролцоо бөмбөг дэлбэрчээ. Жаал хүү тэр шөнөдөө унтаж чадаагүй бөгөөд түүнээс хойш бүтэн 27 жил улиран өнгөрсөн ч Микулич ганц ч хором дуг хийсэнгүй. Ингэж нойроо алдсан нь эрүүл мэндэд нь огтхон ч нөлөөлөөгүйгээр барахгүй ямар ч хэцүү тоог төвөггүй боддог, хэр баргийн юмыг мартдаггүй байсан гэдэг. Бүх хүн амарч байхад ганцаар нойргүй хэвтэх нь хэцүү байдаг болохоор зуны шөнө сэрүүн агаарт салхилж цагаа өнгөрүүлдэг байж. Тэр цэргийн албанд морджээ. Хамгийн сайн байлдагч гэгдэх болов. Нойрсдоггүй гэдгээ дарга нараасаа нуугаагүй тэрбээр шөнийн манаанд гарахдаа маш дуртай. Цэргээс халагдаад 10-аад жил болсон хэрнээ ангид байсан бүх байлдагчдын бууны дугааруудыг огт мартсангүй. Тэр ч бүү хэл зургаан оронтой тоонуудыг хэдхэн секундын дотор үржүүлж чаддаг байв. Ер нь түүний ой тогтоолт үнэхээр сайн байсан гэдэг. Түүнээс гадна 47 жил ганц ч удаа эвшээгээгүй, хоромхон зуур ч зүүрмэглээгүй, тэр ч байтугай нойрсуулах тариа хийхэд ч унтаагүй бас нэг сонин хүн Шведэд 78 нас хүрсэн гэдэг. Тэрбээр ханиад хүрч, хүндээр өвчилснөөсөө болж ийнхүү нойргүй болсон ажээ.
Цэл залуугаараа 22 жил нойрсжээ
Хамгийн олон жил нойрссон хүний дээд амжилтыг Аугуста Лангард гэдэг эмэгтэй тогтоожээ. Тэрбээр 22 жил унтаад сэрсэн байна. Тэр бүсгүй охиноо төрүүлээд зургаан цаг хагасын дараа унтжээ. Нүд нь хараатай, зүгээр амарч байгаа мэт хэвтдэг болж. Хүн гараа өгвөл хариуд нь гараа сунгана, хоол өгөхөд амаа ангайна. Харин тариа хийхэд огт мэдэрдэггүй. Хоног жил өнгөрсөөр, нөхрийнх нь үс нь бууралтаж, төрүүлсэн охин нь том болоод эхээ асардаг боллоо. Үе чацуутнууд нь цагийн жамаар өтөлсөөр л. Гэтэл Аугуста цэл залуугаараа нойрсоно. Ингээд 22 жилийн дараа буюу 1941 оны 11 дүгээр сарын 23-нд сэржээ. Тэрбээр сэрэхдээ "Орой болчихож, хүүхэд маань өлссөн байх хөхүүлье. Нааш нь өгөөч" гэж хэлжээ. Хажууд нь буурал толгойтой өвгөн, огт үзээгүй залуу бүсгүй сууж байсан нь түүний охин, нөхөр хоёр нь байв. Гэтэл Аугуста эмнэлгээс гараад сараар бус өдөр хоногоор хөгширсөөр ганцхан жилийн дотор үе чацуутнуудаа гүйцэх нь тэр. Сэрснээсээ хойш тэр таван жил амьдарчээ. Удаан хугацаагаар нойрсох буюу нойрсохгүй болдог учир шалтгааныг одоогоор анагаах ухаан гүйцэд тайлбарлаагүй байна. Энэхүү үзэгдлийг ямар нэг өвчин эсвэл гадны нөлөөгөөр тархины системийн ажиллагаа өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үздэг байна.
Хөгжим зүрх судсыг эрүүлжүүлнэ
Инээд хөөр зүрх судсанд аминдэмээс ч дутахгүй нөлөөлдгийг судалгаагаар харуулсан Мэрилэндийн эрдэмтэд ямар ч хамаагүй хөгжим сонсох нь зүрх судасны үйл ажиллагаанд тустайг нотолжээ. Тэдгээр эрдэмтэд эерэг сэтгэл хөдлөл, инээд хөөр судсанд сайнаар нөлөөлдгийг нотолж байсан бөгөөд үүнтэй адил хөгжмөөс улбаатай сэтгэл хөдлөл зүрх судсанд ч мөн ижил үйлчилгээтэй нь баталжээ. “Янз бүрийн хүмүүс янз бүрийн хөгжмийг өөр өөрөөр хүлээн авдаг. Тиймээс бид туршилтад оролцогсдыг эрхэмлэдэг хөгжмөө сонгохыг зөвлөсөн. Оролцогсдын дийлэнх нь кантри стилийн хөгжим сонирхож байсан” хэмээн судалгааны багийн ахлагч Майкл Миллер өгүүлжээ. 10 хүн оролцсон туршилт дөрвөн үе шаттай явагджээ. Эхний үед баяр хөөр төрүүлсэн хөгжим сонсгосон бол удаахь шатанд түгшүүртэй мэдрэмж бүхий хөгжмийг тэд сонсчээ. Гуравдугаар үед уйтгартай хөгжим сонсгож, дөрөв дэх үед хошин видео ролик үзүүлэн цусан хангамж, цусны эргэлтэд хэрхэн нөлөөлөхийг ажигласан байна. Мөн эрдэмтэд судасны дотоод гадаргуу дахь эсийн давхаргад сэтгэл хөдлөлийг хэрхэн хүлээж авахыг судалсан байна. Эсийн давхарга нь зүрх судасны өвчин үүсэхэд олон талаараа нөлөөлдөг цус өтгөрөх, бүлэгнэх болон цусан хангамжид чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Туршилтын үр дүнд хөгжилтэй хөгжим сонссон хүмүүсийн судас 26 хувь, түгшүүртэй хөгжим сонссон хүмүүсийнх зургаан хувь, хошин видео ролик үзэгсдийнх 19 хувь, уйтгартай хөгжим сонсогсдынх 11 хувиар тус бүр өргөссөн байжээ.
Долоо хоногт гурваас дээш удаа кофе хэрэглэдэг бол жирэмслэхгүй
Голландад үргүйдлийн улмаас эмчилгээ хийлгэж байсан 9000 гаруй эмэгтэйг хамруулан судалгаа хийжээ. Энэ судалгааны үр дүнд кофе ихээр хэрэглэх нь үргүйдэлд хүргэдэг байж болзошгүй гэсэн дүгнэлт хийжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар кофег долоо хоног гурваас дээш удаа хэрэглэдэг бол эмэгтэй хүний жирэмслэх магадлал эрс буурдаг. Кофе уудаг эмэгтэй өдөрт нэг ширхэг тамхи татдаг, илүүдэл жинтэй бол жирэмслэх найдвар тун бага үлддэг ажээ. Согтууруулах төрлийн ундаа болон, кофе хэрэглэдэг, илүүдэл жинтэй, мөн үргүйдлийн эсрэг эмчилгээнд гурван удаа хамрагдаж байсан 35 настай эмэгтэйд жирэмслэх боломж тавхан хувьтай байдаг гэж судлаачид үзжээ. Харин элдэв гаж зуршилгүй энэ насны эмэгтэй хүүхэд олох магадлал 15 хувь хүртэл өсдөг байна.
Урт наслах эсэхээ шинжих 14 хүчин зүйл
Урт удаан наслахыг хүн бүр л хүсдэг. Гэхдээ урт наслах эсэхийг хэн ч урьдчилан мэдэх аргагүй. Хэдий тийм ч эрдэмтэд хүний ямар нэг хэмжээгээр урт наслахын баталгаа болж чадах 14 хүчин зүйлийг судалж тогтоожээ. Энэхүү дүгнэлтийг эрдэмтэд гуч гаруй жил үргэлжилсэн судалгаан дээрээ үндэслэн гаргасан байна. Уг судалгаанд гурван мянга гаруй хүн хамрагдсан аж.
Урт наслах 14 шинж:
· Ээж тань таныг 25 хүртэлх насандаа төрүүлсэн бол танд зуу хүртэл наслах боломж өндөр байдаг аж.
· Бас цай уух дуртай бол
· Зугаалах дуртай, Түүнээс сэтгэлийн их таашаал авдаг бол
· Хийжүүлсэн ундаа уудаггүй бол
· Урт, булчинлаг хөлтэй бол
· Час улаан өнгөтэй жимс, жимсгэнийг илүүтэй сонгон иддэг бол
· Илүүдэл жингүй бол
· Гамбургер, хавчуургатай талх байнга иддэггүй бол
· Дээд боловсролтой бол
· Та найз нөхөдтэйгээ байх дуртай бол
· Байгальд татагддаг, байгальд дуртай бол
· Амьдралын зөв зуршил, хэв маягтай бол
· Гэрийн үйлчлэгчгүй бол
· Та өөртөө болон өөрийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун явдаг бол урт наслах магадлал харьцангуй өндөр байдаг гэжээ.
Улаан лооль үрчлээтэй “тэмцэнэ”
Улаан лооль арьсны хөгшрөлтийг зогсоож чаддаг болохыг Их британийн эрдэмтэд нотолжээ. Туршилтад хамрагдсан 20 хүний аравт нь гурван сарын турш өдөр бүр 55 гр улаан лоолийн сүмс, 10 гр оливийн тос өгсөн байна. Харин үлдсэн аравт нь зөвхөн оливийн тос өгдөг байж. Туршилтын дүнд улаан лооль тогтмол хэрэглэж байсан хүмүүсийн арьсанд проколлаген гэх бодис 33 хувийн илүүтэй үүссэн байжээ. Энэхүү проколлаген хэмээх бодис нь нарны хэт ягаан туяа, түлэгдлээс хамгаалдаг чухал бодис юм.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
eniig jaahan todruulaad ogoorei.
taalagdlaa. tnx.
гэхдээ надад өөрийгөө зөвтгөх нэг шалтаг байгаа шүү.
нойр аймар хүржээлээ.