Өнөөдрийн талхны төлөө ирээдүйгээ барьцаалж болохгүй
Урсгал дагасан нэг нь албан тушаалын бялуунаас ахиухныг авдаг нь өнөөгийн манай нийгэмд жирийн л үзэгдэл болчихсон. Нэр цэвэр, үзэл бодолдоо тууштай үлдсэн цөөн хэдэн улс төрчдийн нэг нь МСДН-ын дарга А.Ганбаатар. Түүнтэй улс төр, эдийн засгийн зарим асуудлуудын талаар ярилцлаа.
- МСДН яагаад АН-аас “тасарчихсан” юм бэ?
- 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. АН-ын явуулж байгаа үйл ажиллагаа, бодлого чиглэлийг санаанд нийцэхгүй байсан болохоор бид хамтарч МСДН-аа сэргээн байгуулсан. Угаасаа нам гэдэг бол хамтын байгууллага. Хамтын байгууллагаас надад тамгыг нь барих эрх олгосон. Социал демократ үзэл санааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. 1970-аад оны дунд үеэс дэлхий даяар либерал үзэл хүчээ авсан ч эцэст нь ийм хямрал бий боллоо. Эдийн засаг гээчийг дур зоргоор нь хаяад, төр зөвхөн аюулгүй байдал, гадаад бодлого гэсэн жаахан хүрээнд хязгаарлагдаад нийгмийн асуудлыг дур зоргоор нь хаяж болдоггүй юм байна гэдгийг хүний хөгжлийн энэ явц харуулж байна.
- Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн талаарх таны бодол?
- Ямар ч философигүй энэ хоёр нам зүгээр л эрх мэдлийн төлөөх хүмүүсийн цуглуулга. Засгийн эрхийн төлөөх цусгүй дайн явуулдаг “хоёр том” бүлэг. Тэдэнд тодорхой үзэл санаа байсан бол өнөөдөр байдал арай өөр харагдах байсан. Нийгмийн хөгжлийн бодлогын хувьд өөр өөр байсан бол нэгдээд нэг Засгийн газар байгуулахгүй л байсан. Үүнээс нь тэдний ямар ч үзэл санаагүй гэдэг нь харагдаж байна. Тэдний ойлголтоор бол парламентад суудалтай том нам байх л даа. Хүмүүсийн саналыг худалдаад, хуураад авчихдаг. Тиймдээ ч монголд нүүрлээд байгаа том хямрал нь үзэл санааны хямрал, хоосрол. 2000 оноос хойш улс төр, мөнгөний хоёр том бүлэг засгийн эрхийг ээлжлэн бариад яваад байгаа нь ойлгомжтой болсон. Гэхдээ энэ хоёр тусдаа ч биш, нам дамнасан бүлгүүд ч цаана нь байна аа. Энэ бүлгүүд засгийн эрхийг барьсаар байна. Цаашид хичнээн хугацаанд барихыг үгүйсгэх арга алга. МСДН болон бусад намын хувьд том амбиц байсан гэж би хувьдаа үздэггүй. Ямар ч энэ явуургүй улс төр дуусгавар болох цаг нь ирсэн, үүнийг ард түмэн дэмжих байх гэсэн найдвар байгаа. Яагаад гэвэл эцсийн дүндээ сонгууль тогтмол явагдаж, иргэд саналаа өгч байна. Иргэд хэнийг гаргаж ирэхийг шийдэх ёстой. Энэ сонголт шударга байна гэдэг итгэл найдвар л биднийг хөтлөөд байгаа хэрэг. Мөн чанартаа сонгуулийн дүнг хулгайлж, луйвардаж болдог юм байна. Сонгогчдын санал хүсэлтээр биш сонгуулийн дүн гаргадаг хүмүүс асуудлыг шийддэг жишиг тогтчихсон. Иргэд нууцаар саналаа өгөөд явдаг, үнэн чанартаа тухайн хүний өгсөн саналыг хааш нь эргүүлэхийг сонгуулийн тойргийн болон хэсгийн хороон дээр шийддэг гэдгийг өнгөрсөн сонгууль харуулчихлаа. Шударга сонголт явагддаг, иргэдийн хүсэлд нийцсэн бодлого ялдаг цаг ирнэ гэсэн найдлага л энэ “жижиг” намуудыг байлгаад байгаа юм.
- Өнгөрсөн жилүүдэд нам, иргэний хөдөлгөөнүүд гудамжинд жагсаж цуглаад байсан. Одоо бүүр нам жим болчихсон.
- Борооны өмнө нэг хэсэг нам жим болдог шүү дээ. Тэгж тэгж нижигнэтэл дуу цахилгаантай бороо ордог шиг тийм байдалд л байна. Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа олон залуучуудыг шоронд хийчихлээ. Нийгэм бүхэлдээ айдастай байгаа нь үнэн. Хүмүүс бухимдаж байна. Өнөөдөр амьдрал улам бүр муудаж байна. Хямарлын үр дагавар жирийн, амьдралаа дөнгөн данган авч яваа хүмүүст хамгийн хүндээр тусч байгаа. Хүмүүсийн энэ бухимдал хэзээ, ямар хэлбэрээр гарч ирэх вэ? Өнөөдөр эрх барьж байгаа хүмүүсийн хувьд ч тэр, бодлого тодорхойлох гэж зүтгээд байгаа бидний хувьд ч тэр бодох ёстой асуудал.
- Сүүлийн хэдэн жил газрын доорх баялгийн тухай ярьсаар л. Хүн бүхний анхаарлын төвд байгаа энэ асуудлын ирээдүйг та хэрхэн харж байна?
- Энэ гэрээ хэлэлцээрийг батлуулахгүй гэж байгаа хүмүүсийн үндэслэлүүд үнэхээр сонсохоос өөр аргагүй, зөв байна аа. 30 жил гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Тэрний дараа 16 хувиа худалдаж авах эрх үүснэ ч гэх шиг. Яагаад заавал 30 жил гэж... Ер нь бол тэнд учир дутагдалтай зүйлүүд олон байх шиг байна. Нөгөө талд нь бушуухан батлачихвал мөнгө урсаж ирээд биднийг жаргаачихна гэсэн юм яриад байдаг. Жаргаахаар юм харагдахгүй л байна лээ. Өнөөдрийн талхны төлөө ирээдүйгээ барьцаалж болохгүй. Ирээдүйн хүүхдүүдийн идэх хоол, хэрэглэх зүйлийг өнөөдөр барьцаанд тавьж болохгүй. Газрын доор баялагаараа барьцаалаад хөгжсөн улс байдаггүй.
- “Эдийн засгийн хямарлаас болж...” гэдэг үг залхааж байна. Улс төрчид хямралыг ашиглаад алдаагаа түүн рүү чихээд байх шиг...
- Улс төрч гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгээс эхэлье л дээ. Улс төрчид бол жүжигчид. Бодит үнэнийг ярихаасаа илүү хүмүүст юу таалагдаж байгааг ярьдаг. Ардчилсан сонгуулийн сул тал нь үүнд байдаг. Популист, бүтэхгүй зүйл амалсан хүмүүс нь сонгогдчих магадлал өндөртэй. Бодитой, боломжгүй зүйлийг байгаагаар нь хэлчихдэг хүмүүс хэзээ ч сонгогдохгүй. Өнгөрсөн сонгуулиудыг хараад байхад ч тийм л байлаа. Бидний боломж, бололцоог авч үзвэл 200 мянган төгрөгнөөс дээш цалин, хүүхдийн мөнгө өгөх боломжгүй, манай эдийн засаг дийлэхгүй гэж хэлсэн хүн хэзээ ч сонгогдохгүй. Тэгэхээр боломжгүй юмыг амлаад гараад ирсэн популистууд хүнд юу таалагдаж байна түүнийг л ярьна. “Дэлхийн эдийн засгийн хямралаас болж...” гээд ярих нь тэдний үүрэг болчихоод байна. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямрал, монголын эдийн засгийн хямрал хоёр юугаараа ялгаатай, монголд нөлөөлөхгүй байх боломж байсан уу, үгүй юу гэдэг тухай ярихгүй байх нь тэдний хувьд бас л үүрэг нь. “Үг студи үзүүлж байна” нэвтрүүлэгээрээ энэ тухай асуудлаар эрх баригч хоёр намын эдийн засгийн бодлого тодорхойлдог хүмүүстэй нь ярилцах гэж оролдсон. Тэд “Надад бодит байдлыг хэлэх эрх байхгүй. Би бодитойгоор хэлчихмээр байна. Ийм муу юм болно гэдгийг мэдэж байгаа ч хэлж болохгүй. Яагаад гэвэл өөрөөр ярих үүрэг хүлээсэн” гэж хэлж байсан. Намаасаа нэр дэвшиж сонгогдсон учраас “Сайн байна. Сайхан болно” гэж хэлэх ёстой болдог. Харин мэргэжлийнхээ үүднээс авч үзэх юм бол ирээдүй бүрхэг байна гэж хэлэхийг хүсдэг ч эрх барих хүчний улс төрчид өөрийнхөө мэдэж байгааг ярих эрхгүй болчихдог. Юу ярих ёстой вэ гэхээр “Дэлхийн эдийн засгийн хямарлаас болж Монгол ингэлээ” гэж ярихаас өөр арга байхгүй.
- Эдийн засгийн хямарлаас ямар нэгэн ашигтай талыг харж байна уу?
- Сүүлийн жилүүдэд зэсийн үнэ их өндөр байсан. Түүнээсээ болж төсвийн орлого асар өндөр байсан. Нэг тийм мөнгөтэй үе байлаа. Мөнгөө буруу зарсан, ирээдүйд ашиг болох юманд мөнгөө оруулаагүй байсны гай. Эргээд харсан чинь мөнгө байхгүй, цаашаа хөдлөх гэтэл мотор нь зогсчихсон. 1996 онд би УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга байлаа. Тэр үед улсын төсөв 300-хан сая доллар байсан. 300 сая долларын төсөвтэй болж байсан. Одоо тэрнээс зургаа дахин их төсөвтэй байхад л болохгүй байна. Тэрнээс хойш төрийн зардал ямар их хэмжээгээр өссөнийг энэ тоон харьцуулалт харуулж байгаа хэрэг. 300 сая доллараар төсвөөс зарцуулагддаг бүх зүйлийг зохицуулаад болоод л байсан. Төсвийн албан хаагчдын тоо хэдэн арван мянгаар, зардал нь ч, цалин мөнгө нь ч нэмэгдсэн байна. Эргээд бид хөрсөн дээрээ буух ёстой. Болж байсан газартаа очоод, тэндээсээ зөв зохистой, зөв алхмуудыг хийх хэрэгтэй. Юу хийх вэ, юуг хэрэглэх вэ гэдгээ тооцоод шаардлагатай зүйлд нь хэрэгцээгээ төлөвлөдөг, хэрэгцээгүй бол хасдаг. Үүн дээр зөв үйл ажиллагаа явуулах цаг хүссэн ч эс хүссэн ч өнөөдөр ирж байна. Зөв хэрэглээ, зөв бодлогын эхлэл тавигдана. Энэ бол эдийн засгийн хямарлын сайн тал.
- Эргээд хөрсөн дээрээ буухгүй, гадаадаас тусламж аваад энэ хэвээрээ явна гээд гүрийгээд байгаа шүү дээ.
- Гуйлга гуйгаад юм олдохгүй дээ. Хүмүүст хоосон найдлага бүү төрүүл. Өнөөдөр л жинхэнэ хөрсөн дээрээ бууж, зөв чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, гольдролдоо орох цаг ирчихээд байна. Хоосон найдлага төрүүлж, хүлээлт бий болгочихсон байна, өнөөдөр. Ерөнхий сайд нь Европын орнууд руу, өөр нэг нь Хятад руу, Катар руу мөнгө гуйхаар явчихлаа. Ингээд сая саяар нь доллар олоод ирэх юм шиг хоосон найдлага төрүүлээд, хүмүүс байсан хуримтлалаа идээд л хүлээгээд л суугаад байна. Хуримтлалтай байсан хүмүүсийн хуримтлал дуусна, хоосон байсан хэсэг нь бүүр модоо барина. Ийм аюул байгаа шүү дээ. Хоосон амлалгүй цаашид яах вэ гэдэг тал дээр эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай ярилцах хэрэгтэй.
- Хамтарсан Засгийн газар С.Баярын толгойлж байсан өмнөх Засгийн газраас үйл ажиллагааны хувьд дээрдэж чадсан уу?
- АН-д албан тушаалд дуртай бүлэг бий. Тэд юуг ч хорлож мэднэ. Би С.Баярын үүднээс харъя л даа. Кабинетаа бүрдүүлээд явах гэтэл нөгөө хорлонтой бүлэг юуг ч хөдөлгөхгүй. Харин тэр бүлэгтэй хамтарвал зарим нэг зүйл урагшлах ч юм уу тийм байдал харагдсан байх. Тухайн үед эвсэхээс өөр аргагүй байсан болов уу л гэж бодож байна. Нөгөө талаас долдугаар сарын нэгэн ч нөлөөлсөн. Хүний амь нас үрэгдлээ, эд материалын хохирол үзлээ, олон залуу шоронд суулаа. Энэ үйл явдал маш нэхэл хатуутай. Одоохондоо нам гүм байгаа юм шиг хэрнээ цаанаа их хор уршигтай. Энэ үйл явдлын дараа миний түрүүний яриад байсан АН-ын хорлонтой бүлгийн томоохон төлөөлөгч гадаадын томоохон хандивлагчтай хийсэн уулзалт дээр “Монголд одоо сөрөг хүчин байхгүй болсон” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хоёр талын сонирхол нийлсэн байгаа биз. Дуугарах хүчин байхгүй болчихлоо гэж үзэж байх шиг байна. Түүнээс биш ямар нэгэн бодлого чиглэл нийцсэн юм яавч биш. С.Баяр “Нэгэн зууны дөрөв дэхь сонголт. Их үсрэлтийн өмнө зогсож байна” гэж хэлж байхдаа одоогийн энэ тогтолцоогоо ойлгоогүй байсан байх гэж бодож байна. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхнээс хоорондоо барьцалдсан сүлбэлдсэн, холбогдсон сүлжээ бий болчихоод байна шүү дээ.
- Таныг хараад байхад дандаа л цөөнхийн талд орох юм. Энэ чинь таны сул тал уу, давуу тал уу?
- Надад давуу тал байхгүй ээ. Дандаа л сул талтай. Бодоод байхад би 1990 оноос хойш дандаа урсгал сөрөх гэж оролдсон байгаа юм. Урсгал дагаж яваагүй. Би өөрийгөө ялагдсан гэж үздэггүй. Урсгалыг дагаад явсан бол өдийд юу ч болчихсон байх юм билээ. Өнөөг болтол би ямар нэгэн сайдын албан тушаалд очоогүй, үүнийгээ би ялалт гэж үзэх үү, ялагдал гэж үзэх үү гэдэг асуудалд яаж хандахаас хамаарна. Натураараа эсвэл дандаа цөөнхийн талд. Бүгдээрээ нэг тийшээ ханарахаар нь үгүй ээ гээд нөгөө тийшээ зүтгэдэг зөрүүд ч юм уу тийм л байсан. Тэгэхээр сул тал нь давамгайлчихсан хүн.
М.Гэрэлтуяа