Эв найртай айлд гай ирдэггүй...
Та бидний дунд алхаж яваа хүмүүс дотроо ямархан бодол тээн амьдардаг бол? Өөр өөрийн төсөөллөөр амьдралаа бий болгон, түүнийхээ төлөө тэмцэж яваа. “Хонгорзул” дуугаараа олны танил болсон дуучин Н.Энхбаттай хэсэг зуур хөөрөлдлөө. Түүнийхээр хүн байхын утга учир юу юм бол?
- Эр хүн байхын утга учрын талаар яриагаа эхэлье.
- Эр хүн өрхийн тэргүүн ноён нуруу нь. Тийм ч учраас би гэр бүл зохиож өнөр өтгөн нэгэн айлыг бий болгосон. Эх орондоо айл нэмж, түмэн олондоо бүл нэмж яваа жирийн л нэгэн. Сайн эцэг, сайн хүн байх юмсан гэж бодож явдаг. Нийгмээ дагаад хүний зан авир, ёс жудаг өөрчлөгдөөд, хүн чанар гээч зүйл улам бүр багасаад байх шиг санагддаг. Амьдралын их ачааг бүсгүйчүүд үүрч явна уу даа гэж боддог юм. Бүсгүйчүүдийн нэг гартаа тортой юм барьчихаад, хүүхэд тэврээд алхаж яваа дүр зураг өдөр болгон таардаг шүү дээ. Нэг хүүхдээ тэврээд, нөгөөг нь хөтөлчихсөн, уруу доройхон алхаж яваа бүсгүйчүүд олон л таарах юм. Ямар нэгэн зүйлд сэтгэл санаа нь зовсон байдалтай, зам гарч явахдаа машин дөхөж байгааг ч анхаарахгүй яваа тэднийгээ хараад сэтгэл хамгийн их өвддөг.
- Энэ эмзэглэлээ уран бүтээлдээ шингээгээд олон хүмүүст хүргэх боломж дуучдад байдаг байх. Гэхдээ нутаг нуга, аав, ээжийг л дуулаад амьдралыг орхигдуулж байна гэсэн шүүмжлэл байдаг. Та хүлээн зөвшөөрөх үү?
- Дуу дотроо гүн ухааны асар том зүйлийг агуулж байдаг. Дэлхийд хосгүй уртын дуу зохиосон дууч ард түмэн. Уртын дууны үргэлжлэл болж ардын дууг зохиосон. Нийтийн дууг харин ардын дууны үргэлжлэл гэж би ойлгодог. Тийм ч учраас уртын, ардын, нийтийн дууг нэг л багц зүйл гэж ойлгож байна. Дуунд хүний амьдралын хар цагаан өнгө хамтдаа хосолж багтдаг. Тэр дууг ойлгож мэдэрч, ухаарч дуулна гэдэг дуучин хүнээс асар их зүйлийг шаардана. Алсын бодолтой, холч ухаанаар дуугаа дуулвал хол явна. Бүүвэйн дууг сонсож хүн болдог. Ардын дууг шүлэг шиг уншиж амьдардаг нь монголчуудын соёл, зан заншлын гайхамшиг. Миний хувьд зүгээр нэг дуулаад байх биш, дууныхаа өмнө ухаарал, урам хайрлах дөрвөн мөртийг уншаад дуугаа дуулвал хүмүүст илүү сайн хүрнэ гэж боддог. Уртын дууг уудам саруул гүн ухааны нэвтэрхий толь, уяхан хүнлэгээр бол эх хүний сүүн сэтгэл гэж хэлсэн байдаг. Үг нь зэмлэж, ая нь аргадсан ардын дуугаа бид Алтайн цэнхэр уулс суудлаа засч чагнадаг, алмайрч унасан манан үүл ургаж өндийдөг гэж магтдаг. Нүүдэлчин монголчуудын амьдрал ээж, аав, нутаг ус, таван хошуу мал дээр тогтож ирсэн. Эцэг эхээ хайрладаг хүйн холбоо монголд л байна гэж боддог шүү дээ. Ээж аавыгаа хайрлаж байж л бусад хүмүүсийг хайрлаж сурна. Мөн амьд байгальтайгаа хүйн холбоотой хэмээн шүтэж дээдэлдэг. Сайхан дуу дуулахад лус баярладаг ч гэж ярьдаг. Хүндэлж хайрладаг бүхнээ дуулахад юу нь буруу байхав.
- Уран бүтээлч хүмүүс амьдралаас сайныг нь илүү хардаг юм шиг санагддаг. Гэхдээ хүлээн зөвшөөрмөөргүй арай ч дээ гэж хэлмээл зүйл байдаг л байх...
- Нийгмийн хөгжлийг дагаад хүний мөс чанар муудаад байна уу даа гэсэн бодол төрдөг л юм. Миний бодлоор эр нь эмэгчин, эм нь шивэгчин болчихсон үе юм. Зэрэгцэж суусан найзыгаа зөрүү хараад л муулдаг. Тангараггүй, хүн чанар, ёс жудаггүй л амьдарч байх шиг. Эв найрамдалтай, тангарагтай айлд гай ирдэггүй гэж ярьдаг. Хүмүүс бие биенээ хүндлээсэй. Манай монголчууд авъяастай мэдрэмжтэй, овжин хүмүүс. Жаахан буурь суурьтай, хянуур нямбай, эв нэгдэлтэй, нөхөрсөг байх юм бол дэлхийн ямар ч орноос дутахааргүй амьдарч чадна. Зовлон үзсэн хүн ухаантай байдаг. Тийм учраас дэндүү их залхуу, зовж үзээгүй, хялбар аргаар амьдрахыг хичээдэг хүн олширчихсон учраас хөгжиж чадахгүй байх шиг санагддаг. Өөрийн гэх юмгүй мэт харь орныг даган дуурайдаг, монгол ёс жудгаа алдсан. Яагаад гэхээр уртын дуу эгшиглэж байгаа газар монгол хүн тогтдоггүй. Бараг чихээ дараад зугатаадаг. Гэтэл дэлхийн сонгодог, суут хүмүүс уртын дуу, монголын амьдралын хэв маягийг сонирхоод байна вэ гэдгийг ч бодох л ёстой.
- Таныхаар үр хүүхэддээ үлдээх хамгийн том баялаг юу вэ?
- Эх оронч сэтгэлгээ, эрүүл саруул оюун ухаан, үндэсний өв соёлоо хайрлах хүмүүжлийг л үр хүүхэддээ төлөвшүүлэхсэн гэж бодож явдаг. Мөнгө төгрөг өвлүүлж үлдээх гэдэг харьцангуй ойлголт. Харин түүнийг өөрөө бий болгох, олсон зөөснөө хүнтэй хуваалцаж чаддаг тийм хүн болговол дээр.
- Зохиолын дуучид, рок попынхон хоёр талцаад муудалцаад л байсан. Одоо байдал намжсан уу?
- Манайд хоёр талцаагүй газар байгаа юм уу? Их хурлаасаа эхлээд албан байгууллага нь хоёр талцаад буруу хараад суучихдаг болчихсон. Нам дагаад ч юм уу... Рок попынхон нь зохиолын дуучдаа муулаад л... Рок дуулах, зохиолын дуу дуулах цаг хугацаа орчин нөхцөл өөр өөр шүү дээ. Тухайн газар юу нь зохихоор нь байна, түүнийгээ дуулаад явбал боллоо. Ард түмэн массаараа юу сонсохыг хүсч байна, тэрийгээ л сонсог. Бид муудалцах шаардлага байхгүй. Нүүдэлчин монголчуудын амьдралд мал аж ахуй нь байгаад хүмүүс нь амьдарч л байвал нийтийн буюу зохиолын дууг хэн ч үгүйсгэж чадахгүй.
- Дуучин болвол олны танил болно, мөнгө төгрөг сайн олж чадна гэж боддог залуус цөөнгүй байгаа. Нэг дуу бичүүлээд, клип хийлгээд л “од” болчихдог юм шиг...
- Бид хэтэрхий их хувийн амбицтай, нэр төрийн төлөө явдаг болжээ. Үнэн сэтгэлээсээ ажил хийгээд амьдралаа залгуулъя гэж бодохоосоо илүүтэй яаж “од” болох вэ, амархан мөнгө олох вэ гэж боддог болж. Амар аргаар мөнгө олохын тулд хүн чанараа гээж, хуурамч амьдардаг. Хариуцсан ажилдаа эзэн болж байж амжилтанд хүрдэг. Юу ч хийж байлаа гэсэн эцэст нь тултал үнэн сэтгэлээсээ хийдэг байгаасай. Урлаг бол нэг их мөнгө олоод яваад байдаг ажил биш. Өөрийнх нь зарлага их. Өөрсдийнхөө төлөө мөнгө зарж байхгүй бол ард түмэн мартдаг. Тэгээд ч манайхан их уйдамхай шүү дээ. Урлагаар мөнгө олно гэж бодож байгаа бол эндүүрэл. Ямар ч зүйлд авъяас, хөдөлмөр байж л дэвжинэ.
- Хэний дууг сонсдог вэ?
- Уртын дуу, морин хуурын аялгуу сонсоод холын замд хурдлах сайхан. Аливааг эргэцүүлэх боломж олгож, уярааж, ухаажуулах шиг л санагддаг.
- Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
- Миний хоёр дахь бие даасан цомог “Өрөөлийг хайрлаж яваарай” нэртэйгээр гарсан. Худалдаанд гараад удаагүй байна. Цагаан сараас өмнө МҮОНТ-ийн “Соёл эрдэнэ” студиэр “Өрөөлийг хайрлаж яваарай” нэртэй зохиомжит концерт хийлгэж байна. Жил бүр манай уран бүтээлийн нэгдлээс Говь-Алтай аймгийн сар шинийн баяр золголтыг зохион байгуулдаг. Энэ жил тус аймгаас төрөн гарсан 11 дуучны уран бүтээлийн тоглолтыг хамтатган хийхээр бэлтгэж байна.
М.Гэрэлтуяа