Залуу насандаа хүний нутагт хэн ч биш амьдрах гунигтай
Сурч боловсрохоор, ажил амьдралын мөр хөөн мянга мянган залуус гадагшаа “урсаж” байгаа. Боломж бололцоо гарвал хэзээ ч гэсэн гадагшаа явахаар төлөвлөж байгаа нь ч түүнээс дутахааргүй олон. Ирланд улсад дөрвөн жил амьдраад ирсэн Д.Цогбадрахыг “Гадаадад байгаа монголчууд” булангийнхаа зочноор урьлаа. Тэрээр одоо Үндэсний түүхийн музейд боловсролын ажилтнаар ажиллаж байгаа юм.
- Ирландад байгаа монголчуудын амьдрал хэр байна? Та хэр хугацаагаар тэнд амьдарсан бэ?
- 2003-2007 оны хооронд Ирландад амьдарсан. Хэлний курст суралцаад, хажуугаар нь хар бор ажил хийгээд л... Тэнд амьдарч байгаа бүх л хүн тиймэрхүү маягаар амьдарч байгаа шүү дээ. Сурах гэж оччихоод, олон цаг ажиллахын тулд сургуулиа хаяж, “харлах” тохиолдол ч байдаг юм билээ. Гэхдээ байгууллагуудаар байн байн шалгалт явдагаас эргээд энэ нь бөөн дарамт болдог. Ирландад байгаа монголчуудын хувьд харлах асуудал харьцангуй бага байдаг ч өөр шугамаар, эсвэл энд тэндээс дамжиж орж ирсэн хүмүүс цөөнгүй бий. Ирландын нийслэл Дублинд 1000 гаруй монгол хүн амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Ирланд дахь монголчуудын холбоог байгуулж, баяр ёслолоо хамтран тэмдэглэдэг уламжлал тогтсон. Жижигхэн хүүхдүүдээ даага болгож уралдуулаад, бөх барилдах зэргээр наадмаа тэмдэглээд, янз бүрийн урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулдаг.
- Ирландад ажил хийх боломж хэр байдаг вэ? Монголчууд хаа явсан газраа болох болохгүй зүйлд орооцолддог, хэл ам таталдаг тухай их ярьдаг даа.
- Хувь хүний боловсролын төвшингээс хамаарах зүйл. Ихэнх нь сурахынхаа хажуугаар ажил хийж тав арван төгрөг олоод, эх орон, ээж аав руугаа явуулаад, амьдралаа аятайхан аваад явж байгаа. Өдөр хоногийг тэгс ингэс хийж өнгөрөөж байгаа хүн ч мэр сэр бий. Монголын ямар нэг албан байгууллага, төрийн албанд ажилласнаас хамаагүй илүү мөнгийг тэнд олдог. Гаднаас валют оруулж ирж байгаа гэдэг утгаараа гадаадад ажиллаж байгаа монголчууд эх орныхоо хөгжилд зохих хэмжээний хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Гадагшаа гарах гэж байгаа бол юуны түрүүнд англи хэлээ сайжруулах ёстой. Очоод болно доо гэж бодоод л бид явчихдаг. Очоод орчиндоо сурах нь сурна. Гэхдээ хэлний мэдлэгтэй байвал очоод хөлөө олоход амархан.
- Иргэншлээ солиулах, тэндээ суурьших хүсэл олон хүнд байдаг байх. Ер нь тийм бололцоо гардаг уу?
- Цаг агаарын хувьд их чийглэг. Жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг. Өвөл, зунгүй бороо орно. Сайн шүхэр, цув хоёртой байхад гоёод байх ч шаардлага байхгүй. Тэнд бүр суурьших хүсэлтэй, үр хүүхдээ төрүүлээд, иргэншлээ солиулаад амьдарч байгаа хүмүүс ч байна. Найман сая орчим хүн амтай. Дөрөв орчим нь гадны жуулчин, цагаач, оюутан буюу байнга орж гарч байдаг хүмүүс байдаг. Үлдсэн хэсэг нь нутгийн иргэд. Хүн ам цөөхөн учраас 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн гадаадын иргэний хүүхдийг Ирландын иргэншил олгоно гэсэн хуулийн заалт байсан юм билээ. Одоо тийм боломж байхгүй болсон. Хүүхэд гаргаад, тухайн орныхоо нийгмийн халамжаас хүртээд, сургууль цэцэрлэгт хамруулж байгаа монголчууд байгаа. Хүн хүний зорилго өөр учраас зарим нь буцаж ирнэ, зарим нь тэндээ үлдэнэ. Хэдийгээр их мөнгө олдог ч гэсэн залуу насандаа хүний нутагт хэн ч биш амьдраад явах надад жаахан гунигтай санагддаг. Өөрөө сурсан мэдсэн, юу хийж чадахаа таньдаг мэддэг хүрээлэл дундаа харуулж амьдарвал дээр юм болов уу гэж боддог юм.
- Гадагшаа явахаасаа өмнө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсныхаа хувьд тэнд очоод энэ чиглэлээр сонирхож байсан уу?
- Яг энэ чиглэлээр анхаарал тавьж судалж байсангүй. Ер нь хараад байхад манайхыг бодвол харьцангуй цөөхөн өдөр тутмын сонинтой. Голчлон хэрэг зөрчил, гэмт хэрэг байдаг юм билээ. Хэдийгээр би өмнө нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан ч багш мэргэжилтэй хүн л дээ. Тийм болохоороо тэндхийн боловсролын тогтолцооны талаар сонирхож судалсан. Монголдоо эргэж ирээд “Өнөөдрийн монгол” сонинд “Өрөөл боловсролын золиос, өрөөсгөл сэтгэлгээний эмгэнэл” гэсэн нийтлэл хэвлүүлсэн. Суралцагчийн зүүн тархийг л хөгжүүлэхэд чиглэсэн бодлого баримтлаад байгаа нь манай боловсролын тогтолцооны нэг гажуудал. Дан ганц зүүн тархийг хөгжүүлээд байх юм бол хүн хүн биш машин болж хувирдаг гэдгийг тэд анзаарсан учраас боловсролын тогтолцоондоо шинэчлэлт хийж чадсан гэж би харсан.
- Өнөөдөр бидэнд бүрэн бололцоо нь байгаа ч хэрэгжүүлэхгүй хийхгүй байгаа зүйлүүдийг нэрлэвэл...
- Аль ч оронд ялгаагүй музей, номын сан нь боловсролын тогтолцооны нэг хэсэг нь болдог. Монголд эднийг зүгээр л юм хадгалаад л байж байдаг газар гэж ойлгодог. Хүүхдүүд номын санд шатар тоглох нь тоглоод, номоо уншдаг. Музейд зургаа зурах нь зураад, судалгаа хийгээд л байж байдаг. Энэ нь хүүхэд хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог. Мөн манай эцэг эхчүүд нэг сургууль бараадуулаад, багшийн гарт өгчихөөр л хүүхдийнх нь боловсрол хангагдчих юм шиг ойлгодог.
- Олон жилийн суурин иргэншилтэй хүмүүсийн дунд орохоор ялгарах зүйл олон гардаг уу?
- Монголчууд тухайн нөхцөл байдалдаа амархан зохицдог. Түрээсийн байранд 3-4-өөрөө амьдардаг. Өмсөж зүүх, идэж уухаар дутагддаггүй болоод л байдаг. Нүүдэлчин монголчууд суурин иргэншилтэй газар очоод хүндрэлтэй байдалд орж байгааг олж хараагүй. Англи хэлний зохих мэдлэгтэй л бол яаж ийгээд амьдраад л байна. Ирландуудыг гаднаас нь харахад хүйтэн хөндийдүү юм шиг хэрнээ танилцаад, тулаад харьцахаар зан араншин нь их монголжуу. Дайчин, омголон, нөхөрлөж байгаа хүндээ их санаа тавьдаг. Идэж байгаа хоол нь ч мах ихтэй. Пүрэв гариг бүр цалин нь буудаг. Амралтын өдрүүдээр уушийн газрууд нь дүүрэн хүнтэй байдаг. Гэхдээ хатуу архи бараг уудаггүй, 100 гр архи уучихвал тасраад унана шүү. Шар айраг их уудаг. Амралт чөлөөт цагаа зөв өнгөрөөж сурсан хүмүүс.
- Дөрвөн жил гадаадад амьдарчихаад эргэж ирэхэд ямар санагдсан бэ?
- Би эх орондоо ирье л гэж ирсэн болохоор хэцүү, муухай санагдах зүйл байгаагүй. Утаатай ч гэсэн Улаанбаатар минь сайхан л байсан. Гэхдээ Ирланд шиг болоход манайд мөн ч их зай байна гэж бодоход гуниг, харамсал төрдөг. Бид хот байгуулж сураагүй. Дублин нарийнхан гудамжтай, эртний намхан барилгуудтай газар. Их нам дор газар байрладаг учраас өндөр барилга ч барих боломжгүй. Гэхдээ сүүлийн үед тэр хот их өөр болсон. Хэдэн жилийн өмнө Дублин манай Улаанбаатартай ижил хогтой л хот байсан гэдэг. Одоо бол тийм юм байхгүй. Улаанбаатарт юу ч өөрчлөгдөөгүй байхад тэнд өөрчлөлт асар хурдацтай явж байна. Манайхаар бол хот тохижуулах газрын хүмүүс нь автомат машинаар хогоо цэвэрлээд авчихна. Харин манайхан амьдарч байгаа газартайгаа хаяа залгуулаад гуу жалганд хогоо хаячихдаг. Энэ нь нөгөөх л нүүдэлчнийх нь араншинтай холбоотой болов уу. Нарийхан замтай, хөдөлгөөнд оролцож байгаа машиных нь тоо хамаагүй их хэрнээ хэзээ ч бөглөрөл үүсдэггүй.
М.Гэрэлтуяа
Хонзо: Магадгүй л юм. Гэхдээ АНУ-д нэлээд удаан хугацаагаар амьдарч байгаад ирсэн нэг хүн надад "Харь газар олон жил ажиллаж, амьдарч амьдралын хэв жаягт нь дассан олон монголчуудын эх нутагтаа ирж, бэтгэрч санасан сэтгэлээ дэвтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хүслийг нь “Очоод би энд байдаг шигээ амьдарч чадахгүй шүү дээ” гэх болгоомжлол эргэлзээнд оруулж, мухардуулдаг" гэж хэлжийсийн.
Зочинд: Нээрээ л тэгдэг юм шиг байгаан.
Доникад: Тийм тийм хоёр гараа хоёр хөлтэйгөө өргөөд санал нийлжийнэ.
http://gerel.blogmn.net/16582/ .