иргэний бүлтгэл мэдээллийн төв үйлчилдэг бус чирэгдүүлдэг газар
Монгол Улсад “данстай” иргэн бүрийн үйлчлүүлдэг газар нь яах аргагүй иргэний бүртгэл мэдээллийн алба. Шинэхэн мэндэлсэн үрийнхээ төрсний гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхээ авахаар өдөртөө цөөнгүй хүн тус газрын харъяа албадаар үйлчлүүлдэг. Харин тус газрын хүнд суртлын талаар иргэдийн гомдол тасардаггүй.
Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү лавлагаа авахаар очлоо. Сүүлийн нэг жилийн хугацаанд хоёронтоо очиж байгаа маань энэ. Гайтай хулгайчаас болж иргэний үнэмлэхээ алдаад очиж байсан бол саяхан гэрлэлтээ батлуулахаар лавлагаа авах гэж байгаа найзынхаа хамт тэднийхийг зорьлоо. Удаан дугаарлах зуураа хажуудах хүмүүстэйгээ ганц нэг үг сольж амжив.
“Лавлагаа авах гэж лав л гурав хонолоо. Гэтэл бүтсэн юм алга. Хамаг ажил хойшлоод...” хэмээн нэгэн бүсгүй нэлээд ууртай өгүүлэв. Хажууд нь зогсох залуу залхсан шинжтэй байх агаад гэрлэлтээ бүртгүүлэх гэтэл эндээс лавлагаа авчир гэснээ учирлаж байлаа. Уртаас урт дугаарласан иргэд удаан хүлээсэндээ бараг л зодолдох нь холгүй байсан. Хэн нэгнийгээ элдвээр хэлэх, доромжлох хэрэлдэх асуудал энд юу ч биш байлаа. Лавлагаа авахаар ирэгсдэд зориулж уг нь гурван хүн үйлчлэх ёстой юм билээ. Харамсалтай нь нэг л хүн тэнд ажиллаж суугаа харагдсан. Бусад цонхны цаана хүн алга. Шинээр гэр бүл бологсдод олгох 500 мянган төгрөг “байхгүй” болохоос нь өмнө авчих санаатай яаравчилж явна гэсэн хүн ч таарч байлаа. Шинээр иргэний үнэмлэх авах, хаяж гээгээд дахин авахад, сунгалт хийлгэхэд, овог нэр солиулах гээд лавлагаа авалгүйгээр бүтдэг бичиг баримт гэж нэгээхэн үгүй бололтой. Эндээс хүнд суртлыг хангалттай "үнэрлэж" болохоор байлаа. Тус төвийнхөн иргэдийг чирэгдүүлдэг, хүнд сурталтай, авлига авдаг гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай бичсэн ч байдал нөгөө л бахь байдгаараа. Би ч гэсэн энэ тухай бичээд нэмэргүй байх даа. Ерөнхий сайд С.Баярын алдарт “Төгөлдөршил” ажил болсон бол хүмүүс өнөөдөр ийн бачимдан дугаарлах байсан болов уу. 2007 оны 12-р сард таван төгөлдөршлийн чимээ сонсогдож, 2008 оны сонгууль болоход иргэний бүртгэлтэй холбоотой асуудал “ок” болно хэмээн найдаж байсансан. Харамсалтай нь өнөөдөр байдал дээрдсэн юмгүй байна. Иргэд эндээс үйлчилгээ аваад инээгээд гарах биш эргэж хургасан заваан замбараагүй ажлаас нь болоод уурлаж, уцаарлаад гардаг нь илт.
ИБМУТ-ийн нэгэн ажилтан “Иргэд тун хариуцлагагүй, бичиг баримтандаа хайхрамжгүй ханддаг. Хэрвээ тэд энэ улсын иргэн гэдгээ батлах алгын чинээ “цаас”-ыг хүн шиг хадгалдаг байсан бол энд үүссэн дараалал хэд дахин цөөрөх байсан” гэж хэлж байв. Энэ ч бас үнэний хувьтай. Гэсэн ч энэ байшинд сууж, иргэдэд үйлчлэх үүрэг хүлээсэн л бол хийх ёстой ажлаа гомдол тоочилгүйгээр хийх л ёстой гэсэн бодол ч төрж байв. Тус байгууллага энэ оны хоёрдугаар сарын нэгнээс 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг цахим сүлжээнд холбогдож, лавлагааг “нүд ирмэх” зуур гаргаж өгөх бололцоотой болно гэж ажилтан нь хэлж байлаа. Уг нь аль 2004 онд л иргэний бүртгэл мэдээллийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, компьютерт оруулах талаар төсөл баталжээ. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил болохоор улсын хэмжээнд ярих нь зүйн хэрэг. Гэсэн ч ам ажил хоёр алд дэлэм зөрдөг хайнга байдал энд ч давтагдсаар... Төсөвлөсөн хөрөнгө нь хаагуур, хэний гараар ороод алга болсныг хэн ч мэдэхгүй. Өнөө хэр байдал дээрдсэнгүй. Шуудангаар зөөж, цаас эргүүлдэг хоцрогдсон тогтолцоо амь бөхтэй зууралдсаар байгааг ойлгоход ч бэрх. Одоо байж байгаа царай нь энэ хэрнээ дахин “ухаантай” иргэний үнэмлэх бий болох талаар яриа олны дунд дэгдсээр байгаа. Улаан паспортаа иргэний үнэмлэхээр сольж чадаагүй хүн мэр сэр байгаа шүү дээ, өнөөдөр ч.
Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн залуу “Гурав дахь өдөртөө энд дугаарлаж байна. Иргэний үнэмлэх, түрийвч гээд хамаг байдгаа хулгайчид суйлуулчихаад эндхийн хаалгыг сахидаг шинэ албатай болсноо сонирхууллаа. Түүнийг дахин авах гэтэл төрсний гэрчилгээ шаардсан гэнэ. Төрсний гэрчилгээгээ үзүүлтэл, заавал лавлагаа авчир гэсэн тушаалыг Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэл мэдээлийнхэн өгчээ. Түүний хажуудах залуу энэ жил 25 нас хүрсэн учраас иргэний үнэмлэхнийхээ хугацааг сунгуулахаар энд ирж. Тэгээд мөн л төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ очтол Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэл мэдээллийнхэн заавал төрсний гэрчилгээний лавлагаа авчрахыг даалгасан аж. Төрсний гэрчилгээ байна гэсээр байхад шүү дээ. Бас болоогүй ээ, иргэний үнэмлэх дээр нь оршин суугаа газрынх нь хаяг байсаар байхад оршин суугаа газрын тодорхойлт авчир гэсэн тушаал өгсөн байх юм. Энэ мэтчилэн дахин дахин чирэгдэл үүсгэж, дахин дахин бичиг баримт нэхэх нь Иргэний бүртгэл мэдээллийн төвд ажиллагсдын хувьд түгээмэл зан болж. Магадгүй нэг хүнээс 1000-2500 төгрөгийн төлбөр авдаг болохоор энэ нь бизнесийн нэг арга ч байж болох юм. Нэг хүнээс ийм хэмжээний мөнгө авч байгаа болохоор хүн хөл тасардаггүй тус байгууллага овоо хэдэн “цаас” олчихдог нь тодорхой. Лавлагаа авчир гэж иргэдийг чирэгдүүлдэг нь нөгөө талаараа мөнгө олох шилдэг хэрэглүүр болжээ. Хүнд эвтэйхэн тайлбарлаж ойлгуулахаасаа илүү загнаж зандраад байх юм гэсэн гомдлыг ч хэлэх хүн захаас аван таарсан. Ойлгохгүй байгаа зүйлээ дахин лавлахаар загнаад байх юм. Эднийх үйлчилдэг бус чирэгдүүлдэг байгууллага юм даа” гэсэн иргэдийн үгийг ч энд дайя. Дашрамд хэлэхэд та бичиг баримттай холбоотой асуудлаар Иргэний бүртгэл мэдээллийн төв орох гэж байгаа бол мягмар гаригт бүү тийшээ зүглээрэй. Учир нь тэд дотоод ажлаа зөвлөлддөг гэсэн. Эндээс гарч яваад зүс таних бүсгүйтэй таарч нэлээд ярилцлаа. Түүнд эндхийн ажлын талаар гомдоллоод байх зүйл байхгүй гэнэ. Яагаад гэхээр эгч нь энд ажилладаг болохоор танил тал, найз нөхдийнхөө асуудлыг нэг их чирэгдэлгүйгээр шийдвэрлэж чаддаг хэмээн инээмсэглэх аж. Танилтай бол талын чинээ. Ямар үнэн үг вэ?
М.Гэрэлтуяа
Иргэний үнэмлэх шинээр авахдаа:
Монгол Улсын иргэн та 16 нас хүрмэгц 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргана. Иргэний үнэмлэх олгох ХААТР-21 маягтыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэл, мэдээллийн албаны ажилтнаас авч асуултын дагуу нөхөж гарын үсэг зурж өгнө.
Ямар материал бүрдүүлэх вэ?
· Төрсний гэрчилгээ
· Эцэг,эх-ийн иргэний үнэмлэх
· Урьд нь иргэний үнэмлэх авч байсан эсэх тухай лавлагаа /Нийслэлд иргэний баримтын төв архивын,аймагт иргэний баримтын төв архивын,аймагт иргэний баримтын архивын лавлагаа/
· Баг,хорооны Засаг даргын тодорхойлолт
· 40Х60 мм хэмжээтэй баруун доод буландаа регистрийн дугаартай, 3 хувь ижил зураг
· Иргэний үнэмлэхийн үнэ,тэмдэгтийн хураамж төлсөн банкны тасалбар
Иргэний үнэмлэх дахин авахад ямар материал бүрдүүлэх вэ? Хэрвээ та иргэн үнэмлэхээ алдаж, үрэгдүүлбэл ямар хариуцлага хүлээх вэ?
Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27-р зүйлд заасны даагуу Монгол улсын иргэний үнэмлэх болон гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох, эзэмших,хадгалах журам”зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 40000, албан тушаалтныг 60000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулна.
· Та оршин суугаа сум,дүүргийн Иргэний бүртгэл,мэдээллийн албанаас “Иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет”-ийг авч асуултын дагуу хариулж бөглөнө.
· Иргэний үнэмлэх дахин авах болсон шалтгаанаа дурьдсан өргөдөл
· Баг, хорооны Засаг даргын тодорхойлт
· 30х40 мм хэмжээтэй,зурагнаас татаагүй
· Зургийн тулгалт хийлгэх /Нийслэлд нийслэлийн Иргэний бүртгэл,мэдээллийн албанд,аймагт Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн албанд/
· Алдаж,үрэгдүүлсэн иргэний үнэмлэхээ хүчингүй болгосон тэмдэглэлийг иргэний бүртгэл,мэдээллийн албаны иргэний үнэмлэх хариуцсан ажилтнаар хийлгэнэ
· Төрсний гэрчилгээ
· 40х60 мм хэмжээтэй баруун доод буландаа регистрийн дугаартай 3 хувь ижил зураг
-Иргэний үнэмлэхийн үнэ,тэмдэгтийн хураамж банкинд тушаасан баримт зэрэг материалыг бүрдүүлэн сум,дүүргийн Иргэний бүртгэл,мэдээллийн албаны ажилтанд хүсэлт гаргана.
Иргэний үнэмлэхийг 25, 45 нас хүрсэн иргэнд шинээр сольж олгоход:
· Солих гэж буй иргэний үнэмлэх
· Төрсний гэрчилгээ
· 40х60 мм хэмжээтэй зүүн доод буландаа регистрийн дугаартай, 3 хувь ижил зураг
· Иргэний үнэмлэхийн үнэ,тэмдэгтийн хураамж банкинд тушаасан баримт .
Ямар тохиолдолд иргэний үнэмлэхийг заавал солих вэ? Овог, эцгийн нэр, нэрээ солиулсан, нас тогтоолгосон ба төрсөн буюу үрчлэн авсан эцэг, эхийн нэрээр овоглосон иргэд иргэний үнэмлэхийг заавал солиулж авна. Бүрдүүлэх материал:
· Засаг даргын захирамж эсвэл шүүхийн шийдвэр/хуулбар/
· Овог, эцгийн нэр, нэр сольсон гэрчилгээ
· Солих гэж буй иргэний үнэмлэх
· Төрсний гэрчилгээ
· 40х60 мм хэмжээтэй зүүн доод буландаа регистрын дугаартай, 3 хувь ижил зураг
· Иргэний үнэмлэхийн үнэ,тэмдэгтийн хураамж банкинд тушаасан баримт зэрэг материалыг бүрдүүлэн сум,дүүргийн ажилтанд иргэний үнэмлэхээ солих хүсэлтээ гаргана.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
дүрэм журамаар нь ажлаа хөөцөлдөх аргагүйг ойлгоод танил руугаа утасдсан. тэнд миний танил томоохон мэст дээр байдаг юм. таван минутын дараа л туслах нь гүйж ирээд л миний өмнөөс хэд хэдэн нөхөр дээр очоод л тамга даруулаад гялс мялс...
үйлчилгээний болон шүүх цагдаа, эмнэлгийнхнээс тус бүр 20-н хүнийг хоморголоод устгавал нийгэм арай дээрдэж чадах болов уу.
золиос гэх юмуу даа.
цөхөрсөн хүний л үг шүү.
Гэхдээ сүүлд эднийхээр үйлчлүүлэхэд заалаа томсгоод олон хүнд зэрэг үйлчлэх боломж бас ч гэж нэмэгдсэн байгаа нь таалагдсан шүү.