Би хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй нь...
“Та надад биш мөнгөнд хайртай” гэж охин уурсан хашгирч, намайг ийм байдалд орсонд тэгж ярьвал та буруутай гэж хэлсэн тухай танил эмэгтэй ярьж суулаа. 16 настай охин нь жирэмсэн болж, хэнд ч хэлэлгүй зулбуулах эм уучихаж. Хоёр хоног ухаангүй хэвтсэнийхээ дараа ээждээ хэлсэн үг нь энэ. Хүнтэй адилхан мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэхдээ аав бид хоёр нь үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол хуруу хумсаа хуйхлан зүтгэж байхад хэмээх түүний үг ч нэгийг хэлэх шиг. Би ч гэсэн жаахан охинтой. Өглөө сэрж ядан нойрмоглох түүнийгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд, орой бараг унтсан хойно нь харьна. Амралтын өдрүүдээр гэр зуурын ажилд түүртээд түүнтэйгээ ойр зуурын дотно яриа өрнүүлж чаддаггүй. Нэг л мэдэхэд миний охин ч нас биед хүрнэ. Арван жилийн сургуульд байхад аав, ээж “Даалгавараа хийсэн үү? Хичээл ном гайгүй юу? Битгий гадуур тэнээд байгаарай” гэсэн жижүүрийн цөөхөн үгээр надтай ярилцдаг байжээ. Одоо би ч хүүхэдтэйгээ эв зүйгээр ярьчихаж чадахгүй л байна. Том хүн том хүнтэйгээ л ярьдаг. Харин жижигхэн хүүхэд томчуудтай ярьж болдоггүй гэсэн ойлголттой өдий хүрснийх биз. Охинтойгоо их ойрхон байж, ний нуугүй ярьж байхгүй бол нэг л өдөр энэ ээж шиг байдалд орно доо гэсэн айдас өөрийн эрхгүй төрөөд...
Таны хийх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол хүүхэдтэйгээ ярилцах явдал гэж АНУ-ын нэрт эрдэмтэн, гэр бүл судлаач, доктор Шарлот Грэйсон Мэтис хэлжээ.
Хүүхдүүд яг л хэдэн арван жилийн өмнөх бидний амьдралыг туулна шүү дээ. 14-15 нас хүрээд ирэхээр үерхэл нөхөрлөл, хайр дурлал, бэлгийн харилцаа гээд эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн асуудлууд ундарч хэнд хандахаа мэдэхгүй байдалд ордог. Тэр үед дотны найз нөхөдтэйгөө орцонд сууж яриад өөрсдийнхөө зөв гэж бодсон шийдвэрээ гаргадаг. Ингээд л алдаж онох эрсдэл хаа хаанаа гарч ирдэг.
Нэг явдал санаанаас ер гардаггүй юм. Аравдугаар ангид байхад ангийн охин нэлээд орой болсон хойно ирж, гэртээ хонуулаач гэж билээ. Тэр охины нэр нь Тамираа. Аав, ээж хоёр нь зөвхөн онц сур, ангидаа хамгийн сайн нь бай, бид чамайг юугаар ч дутаагаагүй, математикийн олимпиадад ор, юун дизайнер болох вэ гээд оройжин үглэдэг байж л дээ. Өдрийн тэмдэглэлийг нь уншина, тэгээд л үерхдэг хөвгүүнийх нь тухай элдвээр ярина, чиний насанд хайр гэж юу байсан юм бэ... гээд л... Удалгүй төгсөлтийн шалгалт болж тэр маань санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцахаар болж, түүнээс хойш өдий хүртэл уулзалдаагүй юм. Саяхны нэг орой Тамираатай санаандгүй таарлаа. Нэлээд ярьж суусны дараа тэр “Хүүхэддээ өөрийнхөө бодлыг битгий тулгаарай. Над шиг болно шүү. Өнөөдөр би дургүй ажлаа хүчээр шахам хийж, зорилго гээд байх юмгүй л амьдарч байна. Нөхөр ч үгүй, хүүхэд ч үгүй. Яах гэж хүнтэй үерхэж нөхөрлөхгүй, онц сурах, манлайлагч байхын төлөө ээж аавынхаа үгээр явснаа ойлгохгүй юм. Одоо байж байгааг минь хар даа. Заримдаа эцэг эхдээ гомдох юм. Тэглээ гээд яалтай ч билээ...” гээд нэг амьсгаагаар ярьлаа. Миний хүсэл сонирхлыг гэр бүлийнхэн маань харгалзан үзэж, ойлгосон бол би лав ингэж амьдрахгүй байсан гэж боддог гэснээр бидний яриа өндөрлөлөө.
Биднийг арван жидийн сургуульд байхад хөдөлмөр, биеийн тамир, дуу хөгжмийг туслах хичээл гээд хайхардаггүй байлаа. Авъяас чадвартай байгаад нэмэргүй. Эцэг, эх нь л анхаарахгүй бол хөгжүүлэх талаар ярих ч хэрэггүй байв. Ядаж байхад аав ээж нь хүсэл мөрөөдлийнх нь талаар сонсохыг ч хүсдэггүй бол албан хүчээр нэг их сургуулийн бараа харж, замаасаа сугарчихгүйхэн шиг төгсч аваад ажлын бараа харна. Ажилдаа дургүй бол үр дүн гарна гэдэгт би л хувьдаа итгэж чадахгүй. Ажил мэргэжлээ сонгоход нь ээж аавууд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг. Гэхдээ өөрсдийнхөө хүссэнээр хэт зүтгэх нь хэрэггүй гэдгийг Тамираагийн яриа баталж байх шиг.
Э.Энхмөнх: Өөрийгөө голох л юм
Би геологийн инженер мэргэжилтэй. Хоёр хүүхэдтэй. Том нь энэ жил сургуульд орсон. Харин бага нь ой гарантай. Айл гэрийг авч яваа эр хүн болохоор мөнгө олж, үр хүүхдээ тэжээх үүрэгтэй. Би олон өдрөөр, заримдаа хэдэн сараар томилолтоор гэрээсээ хол явдаг. Сүүлийн үед гэр бүлдээ илүү их цаг зарцуулахсан гэж боддог болсон. Энэ ажлаасаа гараад өөр ажил хийлээ ч одоо байгаагаасаа их цагийг гэр бүлийнхэндээ зарцуулж чадахгүй л байх. Миний цалин бусадтай харьцуулбал боломжийн. Гэхдээ л хангалттай гэж хэлж чадахгүй. Хүүгийнхээ хөлд орох гээд тэнтэр, тунтар алхаж байгааг нь, хэлд ороод ээжж гэж анх дуудахыг нь сонсож чадаагүй ээ. Заримдаа хүүхдүүддээ эцгийн хайрыг өгч чадахгүй байна уу даа гэж өөрийгөө голох л юм. Гэхдээ амьдрахын тулд мөнгө яалт ч үгүй хэрэгтэй л байна шүү дээ.
Амьдрал авч яваа эр хүнээс ар гэрийн амьдрал шалтгаалдаг. Хээгүй, гүндүүгүй, “тулга тойрсон” авгай нарын асуудалд орооцолддоггүй, хааяахан том дуугарчихаад бусад үед телевизийн удирдлага бариад буйдан дээр сууж байдаг хүнийг аав гэдэг ч юм шиг. Шөнийн бор хоногтоо гэртээ ирж, авсан цалингаа ээжид хураалгаад, дахиад л ажлын төлөө алга болдог хүн ч гэж хэлж болох юм шиг. Дуу, шүлэг дээр ч тэр аав гэхээр тамхи татаж, харцаараа зэмлэсэн, үг дуу цөөтэй тийм л хүнийг дүрсэлдэг шүү дээ. Ингээд бодоод байсан чинь бид хүүхэдтэйгээ ярилцах, түүнийг ойлгох, хүндлэх, тохиолдоод байгаа асуудлуудад гарц хайж байгаагүй, зүгээр мөнгөөр дамжуулан хүүхдүүдээ хайрладаг гэхэд хилсдэхгүй нь. Бидний хайрын илэрхийлэл нь амттай хоол, гоё хувцас, тохилог орон байр... Гэр бүл% үр хүүхдүүдийнхээ төлөө ажил хийж байна. Гэхдээ энэ яахав. Амьдралын шаардлага. Харин зарим эцэг эхчүүд хэдэн цагаар ч хамаагүй телевиз үзээд суучихдаг хэрнээ хүүхэддээ тэр бүр цаг гаргадаггүй. Ээж, аавуудын хувьд ч хүүхэдтэйгээ найз шиг нь байж, чин сэтгэлээсээ ярина гэдэг бэрх асуудал. Тэд өөрийн эцэг эхээсээ суралцаагүй учраас хүүхэдтэйгээ хэрхэн харьцахаа мэддэггүй. Хүүхэд хар зөнгөөрөө хүн болох ёстой, бараг бурхны зурсан заяа төөргөөр явна биз гэх нь холгүй зүйл ярьдаг хүмүүс ч зөндөө.
Б.Алтанцэцэг: Охинтойгоо ойлголцож
чадахгүй болохоор тавгүй байдаг
Би оюутан байхдаа анхныхаа хүүхдийг гаргаж, аав ээжээрээ харуулсан. Дөрвөн нас хүртэл нь эмээ өвөөтэй нь байлгаад гэртээ авчирсан ч нэг л идээшиж өгөхгүй байхаар нь буцаагаад ээж аав руугаа явуулчихлаа. Дөнгөж ажилд ороод байсан болохоор хөл гараа олох гээд түүртэж байсан үе. Одоо охин минь 12 настай. Эмээ өвөө хоёр нь нас барснаас хойш надтай дуугарахгүй, өрөөндөө хаалгаа түгжээд суучихдаг болсон. Боломж бололцоо тааруу байсан ч жаахан байхад нь хүчээр ч болсон дэргэдээ авчирдаг байж гэж бодох боллоо. Ажил төрөлдөө нэр хүндтэй, байр сууриа олчихсон ч гэсэн охинтойгоо ойлголцож чадахгүй болохоор нэг л тавгүй байдаг. Ангидаа найзтай болов уу, ингэж яваад муу хүмүүст уруу татагдчих вий, эсвэл ингэж байсаар мэдрэл нь муудчихвал гээд элдвийн муу зүйл бодогдоод тайван байж чадахгүый л явна.
Хүүхэдтэйгээ хийн хэвлийд байхаас нь эхэлж ярь гэж эмч, сэтгэл судлаач нар зөвлөдөг. Харин манайд хэвлийд байхад нь бүү хэл гараад ирчихсэн байхад нь хүн биш хүүхэд гээд үл тоомсорлодог. Хааяа нэг ам нээхээрээ алдаа дутагдлыг нь тоочиж, анхааруулга, сануулга, зэмлэсэн үг хэлдэг. Урам өгөх үг хэлж чаддаг билүү? Их л сайндаа “Миний хүү мундаг шүү. Өнц авчихаж” гэхээс хэтрэхгүй. Эсвэл хүүхдээ яриад эхлэнгүүт нь үгүйсгээд, өөрийнхөөрөө дөргүй юм шиг зүтгэчихдэг.
Намар хичээл эхлэх үеэр охинтойгоо дэлгүүр хэслээ. Ягаан өнгөтэй, том том цэцэгтэй цамцыг харангуутаа л охин маань авъя гэж гуйсан. Би ч хэсэг эргүүлж, тойруулж үзээд онцгүй юм биш үү, тэгээд ч муухай “бөөстдөг” материалтай юм гэсээр хаалга зүглэв. Араас урамгүйхэн алхах охиноо хараад “За за авч л орхиё. Чанар муутай, гэдгийг нь өөрөө мэдээд харамсана биз. Дараа сонголт хийхдээ миний үгийг сонсох байх” гэж бодлоо. Гадаад өнгө үзэмж гэдэг өсвөр насны хүүхдийн хувьд чухал байдаг. Би ч бас тольны өмнө эргэлдэж гоёж гоодож байхдаа ээжийн авч өгсөн эрээн даашинз, ногоон гутал хоёрт хичнээн сэтгэл дундуур байдаг байлаа даа. Хүүхэдтэйгээ яаж ойлголцох вэ гэдэгт бага багаар суралцаж л байна. Гэхдээ л нөгөөх уламжлалт аав, ээж бүхнийг мэддэг гэсэн зарчмаас салж чадахгүй л явна.
Бид хүүхдээ биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш дээ гэж ярьдаг. Нүдэн дээр маань өсч томрон байгаа тэднийхээ дотроо юу хадгалж байгааг анзаарах ч сөхөөгүй явсаар... “Дотно яриа” булангаараа энэ сэдвийг хөндөж байна. Та ч бас бидэнтэй санал бодлоо солилцож, захиа бичээрэй.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Үнэндээ хүүхэд бол хүүхэд хэдий ч тэд бас тусдаа ХҮН байдаг.
bayarlalaa. Humuusiin bodol sanaag sonsohod sonirholtoi um