Цоо шинэ амьдрал уу, эсвэл...
Өдөр бүр дэлхийн сая сая хүүхнүүд Холливудын сайхан бүсгүйчүүдийн толигор сайхан зүс царай, гоолиг биеийг биширч, тэдэнтэй ижил болохыг хүсдэг. Бусдын харааг өөр дээрээ унагаахаар хөөрхөн болохын тулд тэд чамлахааргүй мөнгө, бас эрүүл мэндээ золиосолдог. Эмнэлгийн зүгээс мэс засал хийх шаардлагагүй боловч хувь хүн өөрөө хүсч, ихэнх тохиолдолд нүүр царай, бие галбираа улам гоё болгох зорилгоор хийлгэж байгаа мэс үаслыг гоо сайхны мэс засал гэж нэрлэдэг байна. Манайд ч бас давхраа хийлгэж, хамраа өндөрсгөхөөс эхлээд уруул, хөхөндөө силикон шахуулах, хавиргаа тайруулах гээд хийж болох бүхий л өөрчлөлтүүдийг хийлгэж байна. Гоо сайхны мэс ажилбарын хамгийн энгийн гэж хэлж болох хөмсөг, контур, уруулаа шивүүлэх нь энгийн зүйл болж хувирсан. Хийлгэснээсээ илүү хийлгээгүй хүн сондон харагдахаар болтлоо олширчээ.
Гоо сайхны мэс заслыг эрт дээр үеэс Египет, Грекд хийж ирсэн бөгөөд харин XX зуунд пластик мэс засал оргилдоо хүрсэн гэж хэлж болно. Силиконон хөх, бамбагар уруул, нарийссан бэлхүүс, хиймэл шүд, уртсгасан хөл гээд л энэ жагсаалт үргэлжилнэ. Алдарт од Майкл Жексон энэ бүхний хамгийн том, хангалттай жишээ болж чадна. Хаа газар урлаг соёлынхон буюу шоу бизнесийн оддын хамгийн сайн найз нь гоо сайхны мэс засал байдаг. Пластик мэс заслыг моод болгосон хүн нь алдарт Мэрилэн Монро гэдэг. Тэрбээр нүүрнийхээ арьсыг татуулж хамрынхаа хэлбэрийг ч засуулжээ. Харин сүүлчийн мэс засал нь амжилтгүй болсон тул алдарт секс бэлэг тэмдэг маань хагас жил гаруй бамбайж хавдсан нүүрээ нууж явсан бөгөөд мэс засал хоолойд нь нөлөөлсөн учир дуулж чадахгүй байсан тухай тэр үед багагүй шуугиан дэгдэж байсан гэдэг. Зарим мэс засал гайхалтай үр дүн авчирдаг бол түүнээс ч багагүй тохиолдолд насан туршдаа зэрэмдэг царайтай болох тохиолдол ч гардаг. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдгийн үлгэрээр сайхан болох гээд түүнээс ч илүү эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Дуучин Г.Эрдэнэтунгалаг “Зүүдэлсэнгүй явлаа” тоглолтынхоо өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа давхраа хийлгээд, нэг нүд нь хараагүй болж, чамлахааргүй зардал мөнгөөр эмчилгээ хийлгэсэн тухайгаа ярьж байсан. Эхээс төрсөн биеийг гоо сайхны мэс заслаар өөрчилж болно, эрдэм суран чимэж болно гэсэн үг ч байдаг.
Өөртөө ямар нэгэн өөрчлөлт хийхээсээ өмнө сайтар бодож, дараа нь сэтгэл хангалуун амьдраасай гэж хэлмээр санагдсан. Голдуу эмэгтэйчүүд гоо сайхны мэс засал хийлгэдэг гэж ойлгож болохгүй. Сүүлийн үед эрчүүд ч энэ зүгт хошуурч байгаа аж. Кино ертөнцийн нэртэй одод ч үлгэр дууриал үзүүлж байна. Эрэлхэг, дайчин царайтай гэхдээ цаг хугацааны хатуу хуулиар үрчлээнд дарагдаж байгаа Сильвестер Сталлоне, Арнольд Шварцнеггер нар нэг бус удаа гоо сайхны мэс засалд орсон гэдэг. Мэдээж хамгийн их гоо сайхны мэс засал хийлгэдэг ард түмэн америкчууд. Жил бүр тэд долоон тэрбум ам.долларыг энэ зорилгоор үрдэг. Тэдний ихэнх нь 30 гарсны дараагаар нүд орчмын үрчлээсээ татуулдаг бол, 50 гараад нүүр царайгаа бүхэлд нь янзлуулахыг хүсдэг байна. Өнөө цагт залуу сэтгэлгээ, насны эрхээр явагдах хөгшрөлт хоёр зөрчилдөх болсон. Гоо сайхны мэс засал хийлгэх нь зөв, буруу гэх гэсэнгүй. Гэхдээ “Ямар ч эрсдэлгvй хагалгаа байдаггүй" гэж 2400 эмчийг эгнээндээ нэгтгэсэн Америкийн Нүүрний мэс заслын нийгэмлэгийн тэргүүн, доктор Фоэд Нахайгийн хэлсэн үгийг санаж байхад илүүдэхгүй болов уу? Тэрээр "Би өвчтөнүүддээ нэг зүйлийг байнга сануулдаг. Гоо сайхан гэдэг үгийг мартаад мэс ажилбар гэсэн үгийг сана. Мэс ажилбар бол маш чухал зүйл. Бид машин худалдаж авах гээгүй шүү дээ. Энд бидний бие махбодийн талаар ярьж байна" гэжээ. Өнгөрсөн онд АНУ-д 1.8 сая хүн ямар нэгэн байдлаар гоо сайхны мэс засал хийлгэсэн гэсэн тооцоо бий. 2001-2006 онд мэс ажилбарын улмаас 22 хүн амь насаа алдсан байна.
Гоо сайхны мэс заслын төрлүүд
· Илүүдэл өөх соруулах мэс ажилбар: 0,5 см зүсэлт хийн, тариурын зүү хэлбэрийн тусгай металл хоолойг оруулан өндөр даралтын вакум насосны тусламжтайгаар илүүдэл өөхийг соруулдаг. Давуу тал нь тухайн хэсэгт өөх дахин төлждөггүй бөгөөд хэмжээ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөр их байж болдоггүй. Энэхүү мэс ажилбарыг бүтэн нойрсуулалтад хагас цагаас хоёр цагийн хугацаанд хийдэг.
· Зовхины мэс засал: Нүд хүний сэтгэлийн толь гэж ярьдаг даа. Зовхины эд эс бөх бат, уян зөөлөн байдаг бөгөөд нас ахих тусам энэ байдлаа аажмаар алддаг. Мөн зовхинд шингэн зүйл хуримтлагдаж, хаван суун бөлцийдөг. Лазерийн аргаар зовхинд татлага хийж илүүдэл арьсыг авч болно. Эмнэлгийн нөхцөлд хэсэгчилэн мэдээ алдуулж хийнэ. Цус алдаж, хавдах явдал гарч болох талтай.
· Пластик мэс засал: Грек хэлний хэлбэржүүлэх, дүрсжүүлэх гэсэн үгнээс пластейн гэсэн үг гаралтай ба орчин үеийн эмнэлгийн хэлэнд үйл ажиллагаа, үзэмж, гоо сайхны үүднээс аливаа эрхтний хэлбэр байдлыг өөрчлөхөөр хийж байгаа мэс ажилбарыг ийн нэрлэдэг. Европын холбооны бүхий л улсуудад хүчтэй хөгжиж байна. Үүнээс Чехэд хамгийн хямдаар, гологдохооргүй чанартай пластик мэс засал хийлгэх боломжтой ажээ.
· Уруулын мэс засал: Уруулын хэмжээг томосгох, хэлбэрийг засахад чиглэгдсэн мэс ажилбар юм. Хүний уруул гоёмсог байх нь инээмсэглэлийг сайхан болгож царайг гоо үзэсгэлэнтэй залуу, эрч хүчтэй харагдуулдаг. Орчин үеийн нөхөн сэргээх мэс заслын технологиуд нь уруулын хэлбэрийг засах, хэмжээг томосгох, харагдах байдлыг өөрчилдөг болсон.
· Давхраа хийх: Ихэнх тохиолдолд нүдээ тод, том, цоглог болгохын тулд зовхинд бага зэргийн зүслэг хийн даврхаа оёдог. Нүдний хараанд муугаар нөлөөлөх эсэх нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалах бөгөөд ихэнх тохиолдолд хараа хэвийн байдаг аж. Хэнд ямар давхраа хийх вэ гэдгийг тухайн хүний зовхины хэлбэр, ухархайн бvтэц, хоёр нүдний хоорондох зай, сормуус, хөмсөг хоёрын хоорондох зай, нvдний алим том уу, жижиг үү гэхчлэн олон үзүүлэлтийг харгалзаж шийддэг. Эдгээрийг компьютерт оруулж, хийх давхрааны хэлбэрийг тодорхойлох ч мэс засал хийх эмчийн туршлага, мэдрэмжид найдах нь зөв. Мэс ажилбарын үр дүнгийн ихээхэн хувийг мэс засалчийн ур чадвар, мэдлэг, туршлага эзлэх боловч тухайн үйлчлүүлэгчийн биеийн ерөнхий байдал, онцлог зэргээс хамаарч эдгэрэлт удаашрах, сорви удаж бvдгэрэх гэх мэт өөрчлөлт орж болдог байна.
Гоо сайхны мэс заслыг дараах тохиолдолд хийдэггүй
1. Хэрэв та чихрийн шижин өвчинтэй бол ийм мэс заслын тухай бодоод ч хэрэггүй. Хэрвээ ийм эмгэгтэйгээ мэдэхгүй, тэгээд хагалгаа хийлгэхээр зориглосон бол эхлээд шинжилгээ өгөөрэй.
2. Шизофрени зэрэг сэтгэцийн эмгэгтэй бол гоо сайхны мэс засал хийхээс татгалздаг.
3. Арьсны ямар нэг өвчинтэй бол гоо заслын мэс ажилбар хийдэггүй.