Ядуу оронд баян байлаа ч жаргадаггүй
- Орон нутгийн болон бүсчилсэн хөгжлийн тухай бид чамлахааргүй л ярьдаг. Харин яг тухайн аймаг дээрээ ямар байна вэ?
- Дархан-Уул аймаг төвийн бүсийн тулгуур төвийн нэг нь болж байгаа юм. Тэгэхээр үйлдвэрлэл, үйлчилгээний бааз суурь төвлөрнө гэсэн үг л дээ. Болж бүтэхгүй юм нэлээд харагдаж байгаа нь үнэн. Бүсийн хөгжил гэж яриад гадна дотноос хүмүүс авчираад сургалт, судалгаа ч өчнөөн хийсэн. Германд бүсчилсэн хөгжлийг маш сайн төлөвлөж, хөгжүүлж чадсан байдаг юм билээ. Хараад байхад нэг суурин нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнийгээ бусад газрууддаа түгээдэг. Монголд яагаад тэгж болдоггүй юм бэ гэхээр дэд бүтэц муу, адил төстэй үйлдвэрлэлүүд нь бүх газар нь байдаг, мэдээллийн систем муу гээд гурван үндсэн шалтгаан гарч ирдэг. Нэг юм үйлдвэрлэлээ гэхэд тэр нь ченжийн гараар ороод хэрэглэгчдэд өндөр үнэтэй очдог. Тэгээд ч аль нь сайн бэ гэдгийг ялгаж мэдэхэд туслах мэдээлэл хүмүүст дутмаг. Германд бүсчилсэн хөгжил яагаад XVII-XIX зуунд хүчээ авч хөгжөөгүй вэ гэхээр мэдээллийн технологийн хөгжил өнөөдрийнх шиг хэмжээнд хүрч чадаагүй байсан болоод л тэр гэж зарим мэргэжилтнүүд хэлдэг.
- Зөвхөн тогтолцоонд буруугаа өгөөд суулгүй орон нутгийн удирдлага, иргэдээс хамаарах зүйлээ шийдвэрлээд явах боломж хэр байна?
- Манай аймаг үйлдвэрлэлийн парк байгуулахаар барихаар конторын барилга байшингаа аваад, газрынх нь асуудлыг шийдвэрлээд, иргэдээс төслийг нь бэлдчихсэн байхад хууль нь одоо болтол батлагдаагүй. Тэгээд хуулиа хүлээгээд л сууж байна. Үйлдвэр байгууллаа гэхэд дэд бүтцийн асуудал бүрхэг. Хөгжинө гэж байгаа л бол дэд бүтцээ хамгийн эхлээд хөгжүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт байгууллагууд өөрсдийнхөө төлөө барилгуудаа бариад үйлдвэрлэлээ хөгжүүлээд явуулах бүрэн боломжтой. Манай аймгийн Орхон сум төмс, хүнсний ногооны тариалалтаараа улсдаа тэргүүлдэг. Гэтэл тэнд цэвэр усны асуудлыг нь шийдвэрлэж чадаагүй. Цэвэр усны систем ийм байгаагаас болоод тариаланчид гачигдлын тойрогт орчихдог. Хавар тариалалт эхлэх үед зургаан сарын хугацаатай зээл аваад, намар хурааж авангуутаа өрөө төлж, үлдсэнээрээ хүүхдийн сургалтын төлбөр гэх зэргээр ахуй амьдралдаа хэрэглээд, дараа хавар хүртэл зүгээр суудаг. Хавар нь дахиад л зээл... Цогцоор нь хөгжүүлэхийн тулд дориухан зоорь, өвлийн турш үйлдвэрлэл явуулах жижиг дунд үйлдвэр хэрэгтэй. Үйлдвэрлэлээ барья гэхээр цэвэр усны асуудал босч ирдэг. Нэг жижигхэн юм барина, мэргэжлийн хяналтынхан ирээд л хаагаад хаячихна. Тийм болохоор дэд бүтцийн асуудлыг л хурдан шийдвэрлэмээр байна.
- Төрийн албан хаагчдын хүнд суртал, ажилдаа эзэн болж чаддаггүй байдал иргэдэд хүндрэл учруулдаг. Түүнээс гадна сүүлийн үед системийн гажуудал гэсэн үг чих дэлсээд байгаа...
- Цаашдаа хөгжинө гэж ярьж байгаа ч системийн гажуудлаас болж олон асуудал гарцаа олохгүй будилж байна. Эрчим хүчний систем нэг цогц зүйл. Тэгэхэд Шарын голын уурхай буюу нүүрсий эх сурвалжийг нь хувьчилчихаад, дулааны станцыг нь төрийн өмчид үлдээж, цахилгаан дамжуулах сүлжээ нь хувьд оччихсон. Цахилгаан түгээх нь биеэ дааж хөгжөөд шинэ техник оруулж ирье гэхээр төрөөс үнийг нь заагаад өгчихсөн байдгаас санхүүгийн бололцоо нь хүрдэггүй. Тэгээд улсаас мөнгө авах гэхээр хувийн үйлдвэрт төрөөс мөнгө оруулах боломж байхгүй. Бодит байдал нэг иймэрхүү. Мөн бизнес эдийн засгийн орчин чөлөөт зах зээлд орчихсон, төрийн бодлого явуулж байгаа систем маань хуучин уламжлалт аргаараа бичиг цаастайгаа зууралдаад л байдаг. Бизнесийн орчин төрийн албанаас хурдтай байхыг шаарддаг. Харин хариу нь маш удаан. Нэг хүн хүсэлт гаргалаа гэхэд долоо хоног болно, эсвэл яам тамгын газар руу явуулаад хэдэн сараар хариу нь ирэхгүй. Тэр хооронд бизнесийн алдагдал хүлээхээс эхлээд хэцүү зүйл олон.
- Үүнийг шийдвэрлэх гарцыг төрийн албанд ажиллаж байгаа залуу хүнийхээ хувьд хэрхэн харж байгаа вэ?
- Төрийн мэдээллийн нэгдсэн сантай л болох хэрэгтэй. Баг, сум, дүүрэг, аймаг хотын мэдээллийн сантай болж, хоорондоо мэдээллээ дамжуулдаг болох нь хамгийн эхний оновчтой шийдэл. Үүнийг хийх гэхээр бас нэг хүндрэлтэй зүйл гарч ирдэг л дээ. Мэдээллийн технологи хөгжиж байгаа залуу салбар. Ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн сайн нь гадагшаа гардаг, хийх гэсэн нэгнийг нь ойлгодог, хүлээж авдаг, санхүүжүүлдэг хүн ховор. Аймгуудаас ямар нэгэн мэдээлэл авъя гэхэд төрийн нууцаас бусад зүйл хэний ч өмнө ил байх ёстой. Гэтэл одоо тийм байж чадахгүй байгаа. Манай Дархан-Уул аймгийн хэмжээнд “e-darkhan” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь бүхий л үйлдвэрлэл хөгжсөн үйлдвэрлэлийн хот байя. Энэ хот дээр системийн загварыг бий болгож, Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх ажлыг эхлээд Дарханд туршиж, тэр практикийг бусад аймаг, хот руу дамжуулдаг байхаар төлөвлөж байгаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд үүнийг зориглоод хийвэл амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Айл өрхөөс авах ус, дулаан, цахилгааны төлбөрийн олон тэрбум төгрөгний өр байна л даа. Хэн төлөөгүй байгааг нь аваад үзэхээр хамгийн боломжийн амьдралтай хүмүүс юм уу бүүр эмзэг давхаргынхан байдаг. Энэ өрнөөс нь чөлөөлье гэхээр завхрал үүсээд танил талтай хүмүүс үүнд хамрагдах гэдэг. Наад захын гажуудал л энэ шүү дээ. Иргэд газрын албаныхан, нийгмийн даатгалынхан хүнд сурталтай муу гээд л хавтгайд нь муулдаг. Гэтэл тэнд олон хүн байгаа, хэн бэ гэдгийг л тодруулж хариуцлага тооцох хэрэгтэй.
- Бидний амьдрал дөрвөн жилээр л төсөөлөгдөөд байгаа ч юм шиг. Орой дээрээ ямар тугтай нам төр барихаас ажил төрөл нь хамаардаг. Арай олон жилээр ирээдүйгээ харж ажиллахад юу дутагдаад байна вэ?
- Сүүлийн жилүүдэд яг ийм л байдлаар ажиллаа. Зарим төрийн албан хаагчид намын нэрээр орж ирчихээд ажлаа огт мэддэггүй. Намдаа сэтгэлтэй, зүрхтэй ажиллаад байдаг. Энэ сарын 1-ээс эхлээд төрийн албан хаагчийг намын харъяалалгүй болгож байна. Үүнийг хүмүүс нааштайгаар хүлээж авлаа. Сэтгэл зүрхэнд нь тэр нам нь байдаг л юм байгаа биз. Гэхдээ залуучуудын хувьд олон жилийн турш ийм байж болохгүй гэдгийг яс махаараа ойлгочихсон учраас ямартаа ч ахиц гарна байх. Ядуу орны баян хүн жаргадаггүй гэсэн үг бий. Та мөнгөтэй, албан тушаалтай байх нь огт хамаагүй, олон нийт ядуу, уруу дорой байгаа цагт сэтгэл хангалуун байх утгагүй. Би ч гэсэн намын гишүүн. Гэхдээ миний таньдаг, хамтран ажилладаг олон хүмүүс өөр өөр намынх. Одоо намаас түтгэлзүүлээд эхлэхээр би тэдэнтэй бүр илүү нээлттэй ажиллах боломж нээгдэж байна гэсэн үг. Сэтгэл зүрхэнд сайхан амьдрал бий болж гэмээнэ танд сайхан амьдрал заяана шүү дээ.
- Орон нутгийн бие даасан хөгжил, өөрөө өөрийгөө болгоод явах боломж байна уу? Олсон жаахан мөнгөө улсын төсөв гэсэн том авдар руу чихээд, дараа нь түүнээсээ дусал дуслаар гуйж аваад л...
- Орон нутагт л үйл ажиллагаа нь явагдаж байгаа бол татвараас олсон мөнгө нь ч орон нутагт үлдэж, захиран зарцуулах эрх нь нээлттэй байх учиртай. Худаг ус гаргалаа, барилга барилаа гэхэд яам тендэр зарлаад, хөрөнгө гаргадаг. Түүнийг нь заримдаа орон нутгийн удирдлагууд ч мэдээгүй байдаг. Нэг л мэдэхэд ирж хүлээж ав гэдэг. Бид очоод хүлээж авахгүй гэдэг. Яагаад гэхээр анхнаасаа хэрхэн хийгдэж байгааг нь хараагүй учраас. Мөнгө төгрөгийг нь шийдчихээд байхад гээд яам мундагддаг. Манай мэргэжлийн хяналтынхныг хүлээж ав гэдэг гэтэл тэр хүмүүс нь барилга барих цагаас нь мэдээгүй л байж байдаг жишээтэй. Шарын голд баригдаж байгаа онцгой байдлын барилгыг манайхаас улаан шугам ч тавигдаагүй байхад эхэлчихсэн явж байх жишээтэй. Барилгаа бариад эхэлчихсэн байхад нь бид очсон, тэгэхэд “Ийм юм зөндөө байдаг юм аа” гээд зогсож байх юм. Үнэхээр л орон нутгийн хөгжлийг нь дэмжих гээд байгаа бол орон нутагт боломжийг нь олгочихоод яам нь хийсэн нь үү, үр дүн нь хаа байна гээд нэхээд сууж байх ёстой болов уу.
- Хөгжих боломжийг эндээс л харж байна гэсэн давуу тал, энэ л байхгүй бол явчих гээд байна даа гэж бодож явдаг зүйлээ хуваалцвал...
- Иргэдийн хувьд хүмүүс хийе гэсэн сэтгэлгээ давамгайлж байгаа нь хамгийн том давуу тал. Юм хийгээд явсан хүн хождогийг хүмүүс мэддэг болсон. Харин ядуу хүмүүст л мөнгө цацаад тусламж үзүүлээд байдгаас юм хийе гэсэн, хөлсөө дуслуулаад зүтгэж байгаа хүмүүсийг нь тоодоггүй. Тэдэнд үнэндээ банкны өндөр хүүтэй зээлээс өөр юм олддоггүй. Өдөр шөнөгүй суугаад ажилаа ахиулчих гээд үзээд байдаг. Бас ганц нэг хүнд цалин өгөөд зүтгэж байгаа тэр зүтгэлийг хэн ч үнэлдэггүй, амьдрал нь ч урагшилдаггүй. Үүнээс гадна мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай. Байгаа хэд нь өөр өөрийнхөө байгаа байгаа местэн дээрээ л эргэлддэг. Энэ хүмүүстээ ядуу иргэдийг ажилуулаад амжиргааг нь аваад явж байгааг тохиолдолд нь дэмжих л хэрэгтэй байна.
- Хүн хөгжиж байж л амжилтад хүрнэ. Хувь хүний хөгжлийг хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр ямар бодолтой явдаг вэ?
- Хүн өөрийнхөө амьдарч байгаа орчноороо амьдралаа дүгнэдэг гэж боддог. Өглөө гэрээсээ гарахад л хог новш нь орцоороо хөглөрөөд, СӨХ нь юу ч хийдэггүй байвал хүн өөрийн мэдэлгүй бухимдаад “Арай ч дээ, ингэж ч амьдрах гэж...” гээд л эхэлнэ. Тийм болохоороо л хогоо хаана ч хамаагүй хаядаг. Цэмцийсэн газар хүн орж ирэхээрээ хогоо хаях сав хайгаад гүйдэг шүү дээ. Заваан байвал зүгээр л хаана ч хамаагүй шидчихнэ. Тийм орчин нөхцөл, төлөвшилд байгаа хүн сэтгэл хангалуун амьдарч, хөгжиж чадах уу? Байгаа орчин нь сайжраад эхэлбэл хүн өөрөө ч өөрчлөгдөж эхэлдэг. Сайхан хотод амьдарч байгаа хүний дотор хүсэл эрмэлзлэл дүүрэн байдаг. Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг танилдаа цалин мөнгө бага байгаа бол ажлаасаа гараад өөр зүйл хийвэл дээр биш үү гэж хэлэхэд тэр “Яах юм бэ? Би монголд байгаа цорын ганц төмөрлөгийн үйлдвэрийн инженер нь би шүү дээ” гээд л бахархаж байж билээ. Яг үүнтэй адил тийм бахархах сэтгэлийг л хүмүүст суулгаж өгвөл хувь хүн хөгжинө.
- Залуу хүнийхээ хувьд юунд хамгийн ихээр итгэж, найдаж явдаг вэ?
- Манайх ам бүл долуулаа байж байгаад аав, ээж, эгч маань хорвоогийн мөнх бусыг үзсэн. Одоо бид дөрвүүлээ. Бүх л хүмүүс ургийн овгоо сонгож байхад бид аавынхаа нэрний эхний гурван үсгийг ургийн овог болгосон. Бидний удам, угсаа гарал биднээс эхэлнэ. Тийм учраас бид нэр цэвэр байж овогийн нэр хүндийг сайн сайхан авч явах, өөрсдийнхөө хэмжээгээр эх орныхоо хөгжилд нэмэр болох учиртай гэж хоорондоо ярьдаг юм. Жаргалтай амьдарна гэдэг мөнгөнөөс ямар ч хамааралгүй. Өглөө ажилдаа яаран гүйгээд, үдэш нь гэр лүүгээ яаран алхах ч жаргал. Бид удахгүй ээжийнхээ нэртэй сан байгуулахаар зэхэж байна. Сонгууль, улс төрийн шоутай давхцуулаад яахав гээд түр хойш тавьсан байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Сангаараа дамжуулаад юм хийе гэж байгаа хүмүүст туслахсан гэж хүсч байгаа. Өөрийнхөө цалингаас илүүчлэе гэхээр хүрдэггүй болохоор ах дүүгээрээ нийлж байгаад нэг хүнд ч гэсэн тус болно гэж бодож явна.
М.Гэрэлтуяа