Амжилтын үндэс - Албан тасалгаа
Ажлын байрыг хоёр дахь гэр гэдэг. Хүн хоногт сэрүүн байх цагийнхаа дийлэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Тийм болохоор ажлын байрны тав тух, нөхцөл гэдэг хүний эрүүл саруул явах, сэтгэл санаа өөдрөг байхад нөлөөтэй. Ажиллаж байгаа орчиндоо сэтгэл хангалуун байх нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг. Тийм ч учраас албан байгууллагууд ажилчдынхаа тав тухыг бүрдүүлж, үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун байлгах үүднээс дотоод засал чимэглэлдээ ихэд анхаарах болсон.
Оффисын төрлүүд
Виртуэл багууд: Гишүүд нь өөр байшин аль эсвэл бүр өөр хот, улс, тивийн өөрийн ажлын байрнаас эсвэл өөр оффисоос ажиллана.
Төслийн ажлын газар: Дотоод зохион байгуулалтыг нь хурдан хугацаанд өөрчилж болох ажлын хэсгийн ч, ганцаарчилсан өрөөнүүдийн ч хэлбэрээр ашиглаж болох оффисыг "төслийн ажлын газар" гэдэг байна. Мэдээж факс, хувилах болон харилцаа холбооны боломжоор сайн хангагдсан байх ёстой. Тааз тулсан эсвэл хагас өндөр хөдөлгөөнт ханаар өрөөг тусгаарлах, хялбар задалж угсрах эсвэл дугуйт тавилгуудтай байдаг.
Дундын ширээтэй оффис: Ээлжээр ажиллагсад болон ажилтнууд нь ирүүт очуут өөр, өөр цагт ажилладаг бол дундын ширээтэй оффис зохимжтой бөгөөд ажилтнууд нь хөдөлгөөнт шүүгээнүүдтэй байна. Энэ нь талбай хэмнэх сайн талтай, харин тухайн ажилтнуудын хувьд ажлын байрны ажиллах нөхцлийг зохицуулах шаардлагатай.
Алсын зайнаас ажиллах: Үйлдвэрээсээ түр болон байнга хол байж харилцаа холбооны техник ашиглан хийдэг бүх төрлийн ажил үүнд хамаарна. Ажилтан нь гэрээсээ ажиллах эсвэл хөдөлгөөнтэй явж хийх зэрэг олон хэлбэр байдаг.
Дагуул оффис „Remote Office“: нь жижиг төвлөрсөн бус зохион байгуулалттай бөгөөд төв оффисынхоо дэд бүтэц, багтаамж, ажил үүрэгт туслах чанартай оролцдог. Дагуул оффис нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд зориулж бүс нутгаар тусгайлан байгуулсан, тухайн орон нутгийн онцлогоос хамаарсан оффис барилгууд, онцгой обьектуудын дэргэд, худалдааны болон сургалтын төв зэрэг тусгай зориулалттай байж болно.
Талбайн хуваарьгүй оффис Ажиллагсад тусгайлан заасан тодорхой ажлын байр байхгүй. Ихэнх ажлын байр нь мэргэжлийн онцлогоороо эсвэл ажиллах хугацаагаараа зохицуулагдан бүх ажилтнууд ашиглаж болохоор байдаг. Оффисын талбай үнэд орж байгаагаас өнөө цагт их хэрэглэгдэх болсон.
Бизнес центр нь бүрэн тоноглогдсон оффис бөгөөд нэг зэрэг хэдэн ч компаний ажилтнууд түрээслэн ажиллаж болдог.
Бизнес клуб нь талбайн хуваарьгүй оффисын нэг хэлбэр нь юм. Нэг ажилтанд ногдох талбайн зардал хэмнэгдэнэ. Өрөөний ашиглалт, хоорондын харилцаа, бүтээлч чадавхийг дээшлүүлдэг. Дэд бүтцээ (хувилагч, хэвлэгч, шуудангийн хайрцаг г.м) хамтарч ашигладаг.
Өнгө бол харагдаж байгаа мэдрэмж юм
Эргономи нь ажиллах нөхцлийг хүнд тааруулдаг шинжлэх ухаан. Өнгө сэтгэл зүйд ихээхэн нөлөөтэй бөгөөд уураг тархин дахь гоо зүйн сонирхол, мэдээлэл боловсруулалтын физик процесс гэж ойлгож болно.
Өнгө нь харилцан адилгүй долгионы урттай. Үүнээс улаан, шар, улбар шар нь дулаан, өнгүүд. Эдгээр нь ажиглагч руу ойртож харагддаг, өөрөөр хэлбэл нягтрал, дулааныг илэрхийлнэ. Хөх төрлийн өнгөнүүд богино долгионтой, ажиглагчаас алсарч харагддаг, хүйтэн өнгө. Эдгээр энергийг хүний бие хүлээн авдаг. Хүн ердийн нөхцөлд өрөөний температурыг 6°C хүртэл зөрүүтэйгээр мэдэрдэг байна. Тиймээс тухайн албан байгууллага өөрийн ажлын байрны хана, тааз шал зэргийг үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлийг татах, эсвэл дулаан мэдрэмж төрүүлэхээр өнгөөр тохижуулах нь зүйд нийцнэ. Өрөөний аль ч хэсэг гадна бүтцийн адил чухал. Интерьер дизайнеруудын зөвлөж байгаагаар шал нь бараандуу байх нь хэрэглэгчдэд найдвартай гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг байна. Цайвар өнгийн хана өрөөг томсгож харагдуулдаг бол бараан нь жижиг мэт харагдуулдаг байна. Тааз болж өгвөл хананаас цайвар байх нь тохиромжтой.
Байшингийн ерөнхий төрхөөс гадна оффисын хэсгүүдийг тэнд ажиллаж буй хүмүүсийн сонирхолд нийцүүлэн өөр өөр өнгөтэй байлгах нь зүйтэй байдаг. Олон янзын өнгөний хослол нь оффисын барилгыг улам сонирхолтой болгож өгдөг.
Тав тух- Ажлын амжилт
Дулаан: Оффисын өрөөнүүдийн темпратур 21°C- 22°C байх нь тохиромжтой бөгөөд дор хаяж 20°C байх ёстой. Гадаа хүйтэн бол 26°C хүртэл байж болно. Гэхдээ өрөөний температур удаан хугацаагаар өндөр байвал энэ нь ядрааж, анхаарал төвлөрлийг сааруулдаг.
Агаарын чийгшил: Ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах үүднээс тасалгаануудыг тохиромжтой агаартай байлгах нь чухал. 20°C температуртай өрөөнд 40-65% -ийн агаарын чийгшилтэй байлгана, 50%-аас дээш агаарын чийгшилтэй байхад цахилгаан цэнэгжилт саарах буюу байхгүй болно. Өвөл халаалттай байдгаас агаарын чийгшил 30% хүртэл буурдаг учир арьс, амьсгалын зам хуурайшиж, нүд хорсох нь бий. Иймээс өрөөг тогтмол агааржуулж байх хэрэгтэй.
Агаарын урсгал: Дундаж температуртай тасалгаанд агаарын урсгал 0,1 m/s - 0,15 m/s –ээс илүүгүй байх хэрэгтэй. Өндөр температуртай үед агаарын урсгалын хурдыг ихэсгэх шаардлагатай гэхдээ 0,2 m/s-ээс илүүг бол удаан байлгаж болохгүй.
Цацраг: Цахилгаан хэрэгслүүдээс гарсан цацраг нь ядаргаанд оруулж, анхаарал төвлөрөх чадварыг сааруулдаг. Тиймээс цацраг багатай тоног төхөөрөмж авахын зэрэгцээ тусгаарлагч хана, туслах хэрэгслүүдийг тусгайлан сайн агааржуулсан өрөөнд байлгах зэргээр зохион байгуулж болно.
Гэрэлтүүлэг: Алдаагүй бөгөөд ядаргаагүйгээр харахад гэрлийн хүч ихээхэн нөлөөтэй. Бүх өрөөг нэгэн зэрэг хүчтэй гэрэлтүүлэхэд ихээхэн эрчим хүч хэрэгтэйгээс гадна тийм ч таатай бус байдаг. Тиймээс дараах гурван төрлийн гэрэлтүүлгийг мэргэжилтнүүд санал болгож байна.
- Өрөөнд тохируулсан гэрэлтүүлэг: Ажлын байрны байршлаас үл хамааран бүх талбай ижил гэрэлтүүлэх
- Ажилтай уялдуулж гэрэлтүүлэх: Ажлын хэсгийг (ажлын ширээ, хурлын ширээ, тусгай тавиурууд) өөрөөр хэлбэл тухайн ажилтны хөдлөх орчныг гэрэлтүүлэх
- Хэсэгчлэн гэрэлтүүлэх: Унших явцыг хөнгөвчлөх үүднээс ажлын ширээний 600 x 600 мм-ээс багагүй хэсгийг хүчтэй гэрэлтүүлэх
Ажлын сандалд тавигдах шаардлагууд
Хойшоо налахад арын түшлэг хойшоо налдаг. үүнтэй зэрэгцээд суудлын тавцан ч бага зэрэг налж байхаас гадна биеийн хөдөлгөөнд таарсан байх хэрэгтэй. Сандлын нурууны налуур нь "эсрэг даралт" үүсгэхийн зэрэгцээ хүч оролгүйгээр арагшаа налдаг байх хэрэгтэй. Бүх биеийг зөв түшихийн тулд сандлын арын налуур нь мөрний өндрөөс намгүй байх ёстойгоос гадна ууцны харалдаах төвгөр хэсэг нь нуруу чилж өвдөхөөс сэргийлдэг.
Суух өндрийг өөртөө тохируулан өөрчилдөг байх хэрэгтэй. Сандлын өндөр намыг зөв тохируулснаар хөлөнд цус хурахас сэргийлнэ. Энэ нь тайван суух үндэс болно. Мөн суух үед суудал бага зэрэг доош сунаж байвал энэ нь нуруунд илүү даралт үүсгэхгүй сайн талтай.
Ажлын ширээнд тавигдах шаардлагууд
Ажлын ширээний талбай аль болох тусмаа сайн бөгөөд 160 x 80 cm буюу 1,28 m2–аас багагүй байхыг стандарт гэж үздэг. Шүүгээ болон бусад хэсгийн өндөр ширээтэй адил бол үүнд оруулж тооцож болно. Ажлын ширээний урт нь дундуураа хуваагдаагүй, 120 cm –аас багагүй байна. Орчин цагийн оффист компьютер байхгүй байна гэж үү? Компьютерийн дэлгэц нүд хоёрын хооронд 50 см-аас багагүй зайтай байхаар тооцоход л ажлын ширээний өргөн 80 см байх хэрэгтэй.
Суудлын өндрөөс ажлын байрны өндөр хамаарна. Гуя, шилбэний хооронд буюу өвдөг 90°-ын өнцөгөөр байрлах хэрэгтэй. Хамгийн тохиромжтой ширээ бол зогсоо болон суугаа ажиллахаар тааруулж болдог ширээ. Энэ боломжгүй бол хааяа зогсоогоороо ажиллах боломжийг гаргах ёстой. Ширээн дээрх эд зүйлс ажлын талбайтай хэтэрхий их өнгөний ялгаатай байвал нүд амархан ядардаг. Мөн хэт гялгар ширээний тавцан дисплэйг гялбуулдаг гэдгийг анхаараарай. Ажлын ширээ босоо болон хөндлөн кабелийн оролтуудтай байх ёстой бөгөөд кабелиуд татагдахгүй чөлөөтэй байх ёстой. Кабель утаснууд хэд хэдэн тавилга дамжиж байгаа бол тэднийг хооронд нь сайн бэхлээрэй.