Тэр бум хүнтэй хятадын тамирчныг, морин дэл дээр өссөн монгол хүү ялж байлаа
- Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар гэсэн 3000 километрийн дугуйт аялалынхаа тухай эргээд дурсвэл...
- 1954 оны дөрөвдүгээр сарын 15-ны 16 цагт Улаанбаатараас гараад анхныхаа шөнө Буурлын даваанд очиж хонож байлаа. Майханд хоноглоод өглөө нь сэрсэн чинь дээрээс нэг их хүнд юм дарчихсан, хөдөлж чадахгүй байсан юм. Тэгсэн чинь цас ороод майхныг маань дарчихсан байсан. Тэрнээс цаашаа 20 гаруй километр газар өвдгөөр татсан цасан дундуур дугуйгаа үүрч алхсан. Манай багийн ахлагчаар тухайн үеийн биеийн тамир спортын улсын хорооны орлогч дарга Ц.Дамбий гэдэг хүн ахлан явж байлаа. Манай багийнхан Монгол Хятадын хоорондох ардын дипломат харилцааны эх суурийг тавьсан хүмүүс гэж хэлж болно. Тэр үед бидний унаж явсан дугуй 20 гаруй кг жинтэй байлаа. Одооны уралдааны дугуйнууд 7-8 кг. Ёстой л чихрийн цаас шиг эд шүү дээ. Одоо би биеийн тамирын хорооны дарга нартайгаа муудалцахаараа “Биеийн тамир спортын улсын хорооны орлогч дарга Ц.Дамбий унадаг дугуйгаар Бээжин ороод ирж байлаа. Та нар машин дээр суугаад ч Бээжин орж чадахгүй” гэж хэлдэг юм.
- Хэд хоногийн хугацаанд зорьсон газраа хүрч байв? Хятадууд та нарыг хэрхэн хүлээж авч байсан бол?
- Бид 14 хоног яваад Бээжинд очсон. Биднийг Хятадын хилээр давахад олон хүний бүрэлдэхүүнтэй баг хүлээн авч, 20 тонн устай цистернийг буутай манаа харгалзан, биднийг өөр ямар нэг газраас ус уулгахгүй дагалдаж байлаа. Олон тооны асар майхан, хүн дагалдаж, орой аялалаас бууж амрахад халуун ус, хоол хүнс, унтаж амрах бүхий л нөхцлийг хангаж байв. Биднийг угтан авч ахуй хангамжийг маань хариуцаж байсан хүмүүсийн дунд БНХАУ-ын биеийн тамирын спортын хорооны дарга Цай Дин Хай, соёлын болон гадаад харилцааны яамны хүмүүс байсан даа. Бидний орчуулагчаар Их Жүрэм гэдэг хүн явж байсан. Тэр хүн Монгол, Хятад хэлээр чөлөөтэй ярьдаг, Өвөрмонголын “Адуучны дуулал” кино, Хятадуудын хийсэн “Сталин” кинонд Сталины дүрийг бүтээж байсан нэлээн өндөр сайхан хүн байж билээ. Харин Хятадууд хоёр зүйл дээр бидэнд татгалзсан хариу өгсөн. Жанчхүүгийн давааны ард байдаг Аюуш баатрын хөшөөнд замдаа цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх төлөвлөгөө байсан хэдий ч үүнийг Хятадын тал зөвшөөрөөгүй. Өвөрмонголын Шилийн гол аймгийн монголчууд биднийг гэрээрээ оруулах гээд идээ будаа бэлтгээд урьж байсан ч үүнийг ч бас нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй юм. Жанчхүүгийн даваа наад талаасаа гарахад амархан ч цаашаагаа их уруу. Тэр үед машин тэрэг ховор байсан ч биднийг явах үед тухайн замын хөдөлгөөнийг хааж, хаа ганц нэг луус илжигтэй хүмүүстэй л таарч байсан. Энэ даваанаас цаашлаад л дулаан болж, монголоос шал өөр болоод ирсэн. Цас, бороо, шуурга, даарч хөрөх гээд олон зүйл тохиолдож байсан ч бид эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгавраа биелүүлэхийн тулд их чармайсан.
- Сэтгэл догдлуулсан хамгийн сайхан мөч, мартагддаггүй дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?
- Бээжин хотын “Хөдөлмөрчдийн зуны ордон”-д аялагч, дугуйчид биднийг хүлээн авч, маш том жагсаал цуглаан болсон. “Монгол Хятадын найрамдал мандтугай” хэмээн бичсэн уриа лоозон, Хятадын удирдагч Мао Зэ Дун, монголын удирдагч Ю.Цэдэнбал, тухайн үеийн ЗХУ-ын удирдагч Малиников нарын зургаар чимэглэсэн өргөөнд хүлээн авч байлаа. Биднийг очсоны маргааш бүх дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр Майн баярын жагсаалд Монголын дугуйчид Бээжингийн Тянь Ань Миний талбайд жагсацгаасан. Тэгэхэд биднийг бүх хятадын тамирчны сүрт жагсаалын манлайд явуулсан бөгөөд багийн маань ахлагч Монгол улсын төрийн далбааг мандуулаад, бид дугуйн дээрээ цэцэг бариад л... Биднийг жагсаалаараа явсаар Мао Зэ Дуны өмнүүр өнгөрөхөд гараа даллан, “Монгол, Монгол” гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Манай багийн дугуйчдыг Хятадад байх хугацаанд хил дээр хүлээж авсан хүмүүс бидэнд олон газруудыг үзүүлж, өөрийн оронтойгоо танилцуулсан. Ханжу гэж байгалийн үзэсгэлэнт газраар аялсан маань санаанаас гардаггүй юм. Ханжуг газрын диваажин гэж нэрлэсэн нь байдаг юм билээ. Үүнээс гадна олон чухал гэрээ хэлэлцээрийг байгуулж байлаа. Ингээд хоёр орны хоорондох биеийн тамир спортын анхны харилцааг тогтоосон дугуйчдыг үдэн гаргах үйл ажиллагаа Бээжингийн “Хөдөлмөрчдийн соёлын төв ордон”-д 1954 оны тавдугаар сарын 18-нд болж байсан нь өчигдөрхөн юм шиг тодхон санагдаж байна.
- Манайд болсон анхны олон улсын хэмжээний уралдааны аварга нь та болж байсан гэдэг. Бас жанжин гэдгээр нь л бидний мэддэг Ж.Лхагвасүрэн гуай тухайн үед спортын хорооны дарга байсан гэсэн...
- Тиймээ. Ж.Лхагвасүрэн гуай дайчин, шургуу, зохион байгуулах чадвар сайтай, эх оронч сайхан хүн. Энэ хүн монголын тамирчдыг орох орон оочих аягатай болгосон. Спортын төв ордон, 15000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэнг бариулсан гавъяатай хүн. “Хөрөнгөтэй баячууд чинь гурван удаа найр хийдэг гэнээ. Мотоцикль худалдаж аваад нэг, мотоциклоосоо унаад амьд гарсны баяр хийгээд нэг, хамгийн сүүлд нь зараад нэг баярладаг” гээд л инээж явдаг шооч, энгийн сайхан хүн байлаа. 1954 онд манай улсад Монгол Хятадын тамирчдын анхны олон улсын гэж хэлж болохоор түүхэн уралдаан болсон. Тэр үед Лхагвасүрэн гуай “Монгол хүн дандаа хожигдоод байх сонин бишээ. Бид нэлээд зүйл дээр хоцорч байгаа. Гэхдээ Сүхбаатарын талбай дээр бариалах энэ тэмцээнд Монгол хүн түрүүлж орж ирэх хэрэгтэй шүү. Би та нарт жанжин хүний хувиар үүрэг өгч байна” гэж хэлж байсан. Эрэгтэйчүүдээс намайг, эмэгтэйчүүдээс Д.Пагмажав гэдэг спортын мастер бүсгүй бид хоёрыг түрүүлүүлэхийн тулд уралдааны явцад бүх монгол тамирчид хамгаалж, барианд оруулах хэрэгтэй. Энэ хоёр хүнээ барианд оруулчихвал та бүхнийг бүгдийг чинь түрүүлсэн хэмээн үзэж шагнана гэж байв. Яг тэмцээнд Пагмажав маань түрүүлж яваад барианд орохоосоо 100 хүрэхгүй метрийн зайд дугуй нь хагарч, тэгээд л буугаад түрээд гүйсэн. Хойхно нь явсан Хятад эмэгтэй үүнийг нь хараад жигтэйхэн баярлаад орилж хашгичсаар барианд түрүүлж орсон. Харин миний хувьд бариа хүрэхээс өмнөхөн хоёр Хятад тамирчинтай үлдэж тактикаа өөрчлөхгүй л бол түрүүлж чадахгүй нь гэж бодож байлаа. Бид гурав гурвуулаа ядраагүй, хэн хэн нь ухасхийх чадалтай байсан л даа. Яагаад гэхээр дайрвал тэр хоёр шахна, эсвэл хэн нэг нь намайг хашиж унагаавал юун түрүүлэх манатай л юм болно. Тэгээд бүр ард нь хоцорч, ядарсан царай гаргаад ард нь үлдлээ. Тэгсэн хоёр Хятад эргэж хараад л хоорондоо яриад л байна. Би ч бараа тасрахгүй ард нь явсаар Сүхбаатарын талбай хариугүй дөхөөд ирэхэд нь гэнэт араас нь дайраад хагас дугуйгаар түрүүлж байлаа. Харин Хятадын тал намайг түрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хэл ам гаргасан. Тэр үед Ж.Лхагвасүрэн жанжин яг барианд орох үеийн нэг зураг байна, түүгээр маргаанаа шийдвэрлэе гэсэн санал тавьж асуудлыг шийдвэрлэсэн. Үнэхээр ч би хагас дугуйгаар түрүүлсэн. Ингэхээр Ж.Лхагвасүрэн жанжин монголд бас анхны фото финиш буюу бариан дахь гэрэл зургийг хийжээ гэж ойлгож болно. Тэр бум хүнтэй хятадын тамирчныг, морин дэл дээр өссөн монгол хүү яллаа гээд цугларсан хүмүүс ч уухай хашгиран баярлаад л...
- Тэр үед манайд дугуйн спорт нэлээд сайн хөгжсөн байжээ дээ...
- Нийтийн болон ахуйн хэрэгцээнд дугуйг өргөн хэрэглэдэг, албан байгууллагууд гаднаа дугуйны зогсоолтой, үйлдвэрийн ажилчид голцуу дугуйгаар ажилдаа ирж, очдог байлаа.
М.Гэрэлтуяа