Хувцсандаа тохируулж ярьж сур, эсвэл яриандаа тааруулж хувцасла
Энэ дугаарын зочноор Сургалт, судалгааны “Лектор” төвийн тэргүүн Ц.Баатархүүг урьлаа. Түүний ярианаас “5Э” буюу эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэе гэсэн уриа хамгийн содон нь байлаа. Залуучууд энэ нийгэмд ямар үүрэгтэй юм бэ? Энэ асуултыг танд ч бас тавья.
- Лектор төв хүмүүсийг зүгээр л сайхан ярьж сургадаг байгууллага уу?
- Манайх сургалт, судалгаа, олон нийтийн компанит ажил гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайхаас зохион байгуулж байгаа сургалтууд аль нэг салбарыг хамрахгүй, хувь хүний хөгжилтэй холбоотой сургалтуудыг зохион байгуулдаг. Уг нь залуучуудын байгууллага биш боловч явуулж байгаа үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь залуучууд руу чиглэдэг. Өнгөрсөн 11-р сараас эхлээд “5Э” хөтөлбөрийг зарласан байгаа. Эрүүл сэтгэлгээ, эрдэм боловсрол, эрхэм суртахуун, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэе гэж залуучууддаа уриалж байна. Ирэх 2009 онд монгол залуу хүний заавал унших 100 номыг олон нийтэд зарлана. Мөн монголд хамгийн эрэлттэй болон хэрэгцээгүй 10 мэргэжлүүдийг судалгааны үндсэн дээр гаргаж ирнэ. Дэлхийн хөгжилтэй орнуудад хөгжлийн томоохон агентлагууд нь энэ чиглэлийн судалгаа хийж, жагсаалт гаргадаг. Их дээд сургуульд заахаа мартсан зүйлүүдийг нэрлэх гээд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
- Эрүүл хүнс, эрүүл орчин, эрүүл сэтгэлгээ гээд яриад л байдаг. Гэтэл амьдрал дээр бодитойгоор эрүүлжиж байгаа юм харагдахгүй байх шиг...
- Эрүүл сэтгэлгээний тухай 1990-ээд оноос хойш ярьсан. Бүрдүүлж бий болгож чадахгүй байгаа нэг шалтгаан нь хүмүүс дотроосоо, сэтгэлээсээ өөрчлөгдөхгүй байгаатай холбоотой. Монгол улс хаашаа яваад байгаа юм бэ? Бидний суусан хөлөг онгоц хаашаа хөвж байгааг мэдэхгүй урсаад байна. Аливаа асуудалд улс төр, нам эвсэл гэж хэт туйлширч, тэр үзэл бодолдоо бат зогсоод өөрчлөгдөхгүй байгаа болохоор эрүүл сэтгэлгээ гэдэг хоосон яриа хэвээр байгаа. Эрүүл сэтгэлгээг хөрс гэж ойлговол ард иргэд нь тэр хөрсөн дээр ургах сарнай. Бид сайхан сарнай болж дэлбээлж чадахгүй байгаа нь үнэн. Энэ ургамлыг бордох бордоо нь эрдэм боловсрол.
- Борооны дараах мөөг шиг олон их сургуультай, төгссөн хүмүүс нь гудамжинд лааз өшиглөөд явж байгаа энэ үед боловсрол бордоо болж чадна гэж үү?
- Залуучууд өндөр боловсрол эзэмшихгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй бол ажилдаа эзэн болж чадахгүй бол амьдрахад хэцүү гэдгийг ойлгодог болсон. Сайн боловсролтой болохын тулд залуучууд хичээж байна. Монголын боловсролын тогтолцоо, боловсролын чанар шаардлага хангахгүй байгаагаас олон хүн гадагшаа гарч байгаа. Үүнийг зөв, буруу гэж хэлмээргүй байна. Гадагшаа гараад юм сурч байгаа хүмүүсийг буцаагаад эх орон руу нь татдаг бодлого байхгүй л байна. Хүний хувьд хамгийн сайн боловсрол бол өөрийгөө хөгжүүлэх боловсрол. Эрүүл сэтгэлгээ хаашаа явах чиглэлийг зааж өгдөг бол эрдэм боловсрол зорьсон газартаа хэрхэн очих мэдлэг, ур чадварыг өгдөг. Хүний хөгжлийг орчин үед мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагын өөрчлөлт гэсэн гурван зүйлээр авч үздэг. Манай боловсролын салбар тодорхой хэмжээгээр мэдлэг, ур чадварын өөрчлөлтийг хийж байгаа хэрнээ харилцаа, хүмүүжил, ёс суртахууны асуудлыг шийдэж чадахгүй байна.
- Бага насанд нь төлөвшүүлж чадаагүй ёс суртахууныг боловсролын байгууллага хийж чадахгүй байх л даа. Тэгэхээр яах ёстой вэ?
- Ёс суртахуун гэдгийг хүнийг жинхэнэ утгаар нь хүн болгох, хүний оюун ухааныг сэтгэлжүүлэх тухай асуудал гэж ойлгож байгаа. Шууд хэлвэл сэтгэлзүйн боловсрол юм. Ёс суртахуун гэдэг нөгөө талаараа хүний сайхан чанаруудыг эрхэмлэх тухай ойлголт. Өнөөдрийн Ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд ёс суртахуун хүмүүжилтэй холбоотой зүйлүүдийг хараахан өгөхгүй байгаа. Тэгээд хаанаас сурах вэ гэхээр гэр бүлээсээ, уламжлалт ёс заншлаасаа сурах хэрэгтэй болж байна. Голын эхэнд хог хаяж болохгүй гэдэг ч, хог хаяад л байна. Хөдөө өссөн, эсвэл илүү ёс суртахуунлаг гэр бүлд хүмүүжсэн хүүхэд хэзээ ч гол руу хог хаяхгүй. Ёс суртахуун бол нийгмийн харилцааг зохицуулж байдаг гол зүйл. Хүний нийгмийг зохицуулж байдаг гурван хууль байдаг. Байгалийн хууль жам ёсны бөгөөд хэн ч өөрчилж чадахгүй. Нийгмийн хүрээнд хэрэгждэг хууль дүрмээр бүх зүйлийг зохицуулах гэхээр болохгүй зүйл гарч ирдэг. Туул голыг бохирдуулахгүйн төлөө мэргэжлийн хяналтын алба, байгаль орчны яам хяналт тавьж, хариуцлага тооцох гээд зөндөө үзлээ. Чадахгүй байна. Хүн өөрөө эрхэм суртахуунгүй, хүмүүжлийн боловсрол байхгүй бол бүх юмыг хууль, журмаар зохицуулж болохгүй юм байна гэдэг эндээс харагддаг. Бага насны хүүхдүүдийг ёс суртахуунтай болгохын тулд цэцэрлэг сургууль, гэр бүлийн хүрээнд анхаарах хэрэгтэй.
- Залуучууд нэг үеэ бодвол гадаад өнгө үзэмжээсээ эхлээд соёлтой болж байгаа. Гэхдээ бусадтай харилцах харьцаа, өөрийгөө мэдрэх боломж хязгаарлагдмал юм шиг санагддаг.
- Нэг их ганган залуу гудамжинд учиргүй их хараалын үг хэлээд л... Нэг бол хувцсандаа тохируулж ярьж сур, эсвэл яриандаа тааруулж хувцасла гэсэн үг байдаг. Агуулга хэлбэр хоёр зөрчилдөж байгаагийн наад захын илрэл энэ. Эрүүлээр сэтгэж, эрдэм боловсролтой болж, ёс суртахууныг эрхэмлэж жинхэнэ хүн болж төлөвших байх. Бид хөх толботой монголчууд гэж их ярьдаг. Тэгвэл эх оронч үзэл гэж юу юм бэ? Эх оронч үзэл ихдэхээрээ үндсэрхэг үзэл болдог. Харин багадахаараа ямар ч бахархалгүй болчихдог. Хүмүүс яагаад ч юм бэ төрсөн нутагтайгаа сэтгэлийн, энергийн, хүйн холбоотой байдаг. Эх орон, газар шороо гэдэг бол зүрх сэтгэлд тээгдэж явдаг хийсвэр ойлголт. Эх оронч үзэлтэй гээд зөвхөн би, зөвхөн монгол гээд яваад байж болохгүй. Тийм болохоор бусдын давуу талыг хүлээн зөвшөөрч, тэднээс суралцаж чаддаг байх ёстой л доо. Энэ ойлголтыг л эв нэгдэл гэж хэлдэг. Хамгийн түрүүнд оюун санаанд бүтээн байгуулалт бий болох ёстой. Тийм ч учраас манай байгууллага оюун санааны бүтээн байгуулалт, манлайлагч, эв нэгдэл бий болгоё гэсэн зорилготой ажилладаг. Сайхан сайхан барилга байгууламж, шинэ технологийн цаана хүний хөгжил байдаг. Оюун санааны эрх чөлөөг дэмжиж, үнэлээд ирэхээр нүдэнд харагдах хөгжил бий болдог.
- Ярьна гэдэг хийхийн тал гэсэн үг байдаг...
- Сайн чадварлаг ярьж байгаа хүмүүсийг заримдаа шүүмжлээд байгааг ойлгодоггүй юм. Хэн ч гэсэн хүнтэй харилцахдаа муу ярья гэж боддоггүй. Аль болохоор зөв, тэгээд сайхан сэтгэгдэл төрүүлэхээр ярих гэж хичээдэг. Чадварлаг сайн ярьж байгаа ч түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй хүмүүст мэдээж шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Ер нь ажил хэрэгч хүний нэг гол зүйл бол ярих чадвар. Мэддэг, өөртөө байгаа зүйлээ илэрхийлж гаргаж ойлгуулж чадахгүй юм бол хэн чамайг тоох юм бэ? Хүн өөрийнхөө чадварыг хэн ч булааж авч чадахааргүй болтол нь хөгжүүлэх хэрэгтэй. Ярьдаг, бичдэг, зурдаг, юу байх нь хамаагүй. Ажлаасаа гарах, албан тушаал буух, мөнгө төгрөггүй болсон ч ур чадварыг нь хэн ч булааж чадахгүй. “Амьдралд хүн юугаа ч алдаж болно. Илтгэх чадварыг эзэмшснээр та юугаа ч алдахгүй” гэсэн Черчелийн алдарт үг бий. Ажил хэргийн ертөнцийн 80 хувь нь харилцаанаас тогтдог. Энэ 80 хувь амжилттай байгаа эсэхээс амжилт тодорхойлогддог. Тийм болохоор зөв, сайхан, ойлгомжтой ярих хэрэгтэй болно. Намайг ч гэсэн хүмүүс заримдаа шүүмжилдэг юм. Залуу юм байж их ярих юм гээд л... Ярихгүй чимээгүй ажил дээрээ суухаар чи амьд уу, танайх яагаад таг болчихов гээд. Дуутай явахаар онгироо гээд, дуугүй явахаар донгио гээд та нарын насан дээр ийм юм хийж, ярьж байлаа гээд байдаг.
- Залуучуудтай байнга уулзаж, ярилцаж явдагийнхаа хувьд залуучуудын нийтлэг дүр төрхийг хэрхэн харж байгаа вэ?
- Залуучуудын хэрэгцээ шаардлага, энэ нийгмээс юу хүсэн хүлээж байгаа вэ, нийгмийн сайн сайхны төлөө юу хийж чадах, үүргээ хэрхэн төсөөлдөг талаар ирэх 2009 онд судалгаа хийх бодолтой байгаа. Монголын залуучууд хэн бэ гэхээр судалгаа байхгүй, ярих гэхээр өөрийнхөө сэтгэгдлээр ярихаас өөр аргагүй тийм байдалтай л байна. Ингэхээр судалгаа хийгээд тэдэн хувь нь гадагшаа гарахыг хүсдэг, мөнгө санхүүгийн байдал нь тийм байна, ирээдүйгээ ингэж хардаг юм байна гэсэн судалгаатай болъё гэж бодож байна. Монголын залуучуудын холбоо, оюутны холбоо гэсэн байгууллагууд үйл ажиллагаагаа илүү чанаржуулах ёстой. Үйл ажиллагаа нь явдагаараа явж байгаа ч илүү боломжуудыг ашиглаасай гэж сэтгэл дундуур явах үе ч байдаг. Залуучууд олон нийтэд танигдаад өөдөө гараад ирье гэхээр дээд үеийнхэндээ, эсвэл ямар нэгэн бүлэглэлүүд дуудаж уулзаад өөрсөдтэй нь нэгдэхгүй бол хавчдаг. Акулуудын дунд яаж амь гарах вэ гэдэг асуудал залуучуудад байгаа. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л зохион бүтээх ёстой. Гэтэл нийгэмд барууны сургууль төгсөөгүй бол байр сууриа олоход хэцүү гэсэн бичигдээгүй хууль үйлчлээд байгаа. Энэ тогтсон хандлагыг хэн ч эвдэж чадахгүй байна. Гадаадад төгсөөд ирсэн нь сайн хэрэг. Эднийг сайн гээд байхаар монголд байгаа залуусыг муу гээд байгаа юм шиг. Залуучуудад маш том мөрөөдөл байдаг. Би юу хийж чадсан юм бэ гэж өнгөрсөн рүүгээ харах, юу хүсээд байгаа юм бэ гэж мөрөөдөл рүүгээ, юу хийж чадах юм бэ гэж өнөөдрийгөө хараад бодит чадвараа үнэлэх ёстой. Энэ гурвын хослол бол барууны философи. Би залуучуудыг хавтгайгаараа архидаад мансуураад байна гэдэгтэй санал нийлэхгүй. Архины согтуурлаас илүү ёс суртахууны согтуурал их байна уу даа гэж бодож явдаг. Автобусанд бие давхар хүн ороод ирэхэд суудлаа тавиад өгөх тийм ухамсар хэрэгтэй байна.
- Төр засгаас тийм туслалцаа л хэрэгтэй байна гэж “үглэдэггүй” салбар бараг алга.
- Нэг хэсэг тийм хандлага байсан. Гэхдээ одоо төрд итгээд ямар ч нэмэргүй, өөртөө итгэх ёстой гэдгийг хүмүүс ойлгочихсон гэж би хувьдаа боддог. Хамгийн наад зах нь хүүхдийн 3000 төгрөг өгөхийн оронд хүүхдийн парк, цэцэрлэг, сургууль байгуулчих хэрэгтэй шүү дээ. Төрийн менежментийг би энэ талаас нь харж байна. Тэр 3000 төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа айл олон бий. Гэхдээ энэ мөнгөний оронд аав, ээжийг нь ажилтай болгох гэх зэргээр төрийн халамжийн бодлого арай өөр байгаасай гэж хүсдэг. Хүүхэд, ахмадуудад зориулсан төрийн халамжийн бодлого байгаа. Харин залуучуудад зориулсан тийм дэмжлэг байх хэрэгтэй үгүйг би хэлж мэдэхгүй. Тэгээд ч одоогоор байхгүй л байгаа шүү дээ. Залуучуудын төлөө бодлого гэхээр мөнгө өгнө гэж харж болохгүй. АНУ-д “Америкийн ерөнхийлөгчийн хөтөлбөр”-ийг жил бүр зарладаг. Улс орон даяар хүүхдүүд эссэ бичиж уралдаад хамгийн сайн хүүхдүүд нь ерөнхийлөгчтэй уулзаад, тусгай сангийн дэмжлэгтэйгээр сургалтын төлбөрийг санхүүжүүлдэг. Ийм хөтөлбөрүүдийг төрийн зүгээс дэмжиж, олноор нь гаргаасай гэж хүсдэг. Амьдралын ачааллыг өөрсөд дээрээ үүрцэгээе гэдгийг залуучууд ухаарч байгаа.
М. Гэрэлтуяа
Сэтгэгдэл:
bvdvvleg manguu hvnii vgeer vg hiih hereggvi shvv
bi tiim bvdvvleg manguu hvn bgaa ym
amjilt hvsey
bvdvvleg manguu hvnii vgeer vg hiih hereggvi shvv
bi tiim bvdvvleg manguu hvn bgaa ym
amjilt hvsey
Зассан: G84 хэзээ: 2008-12-15 9:38 AM
aguu yumaa gexdee urt