Эзэгтэйн инээмсэглэлээр гэр бүлийн аз жаргал тодорхойлогдоно
Өглөө эрт гэрээсээ гарч, үдшийн бүрийтэй зэрэгцэн гэрийн зүг яардаг бүсгүйчүүд олон. Эмэгтэй хүн амьдралыг авч явна гэж бардамнахаасаа өмнө гэр бүлийнхээ аз жаргал, үнэ цэнийн тухай бодох ёстой гэж ярьсан энэ бүсгүйг Р.Оюундарь гэдэг. Тэрээр Гэр бүлийн радио 104,5-д хөтлөгч хийдэг.
- Эмэгтэйчүүд нийгмийг нуруун дээрээ үүрч байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
- Нийгэмд эмэгтэйчүүд голчлох үүргийг хүлээж, тэд байр суурь мэдлэг боловсролын хувьд эрчүүдээс илүү байна гэж ярьдаг. Эрчүүд нэг бол төрийн толгойд, байгууллагын удирдах албанд, эсвэл хар бор ажил хийгээд явж байгаа. Дунд шатны идэвхтэй ажиллах насных нь хүмүүс гадаад гараад явчихсан байна гэж хүмүүс яриад байгаа. Үүнтэй ч би санал нийлдэг. Нийгмийн бухимдал ачааллыг эмэгтэйчүүд үүрч явна. Гэхдээ эмэгтэйчүүд тийм байна, ийм байна гэж ярихаасаа өмнө гэр бүлийн аз жаргалын тухай ярихгүй өнгөрч болохгүй. Хоолтой, хоолгүй, мөнгө төгрөггүй байсан ч гэр бүл бүтэн байх юм бол хамгийн дээд аз жаргал гэж бодож явдаг. Зарим тохиолдолд хажууд сайхан хань минь байна, гэхдээ өөр эмэгтэйтэй яваад баригдахгүй л байвал болоо гэж ярьдаг эрчүүд бий. Хамгийн дээд аз жаргал гэдэг бол гэр бүлийн аз жаргалаар тодорхойлогдоно. Гэр бүл хэрүүл маргаантай байхад эхнэр, нөхрийн аль нэг нь ажил дээрээ амжилт гаргалаа гээд яах юм бэ? Гэртээ ирэхэд ундуй сундуй, хоорондоо таарамж байхгүй, харилцаа нь хөндий хүйтэн байвал ажил дээр гаргасан амжилт, урам зориг итгэл найдвар алдардаг. Харин дутагдаж гачигдахын зовлонтой амьдарч байлаа ч инээд цалгиан нэгнээ дэмждэг, бие биедээ урам зориг өгч чаддаг байвал гаргасан амжилт нь улам бүр өсч, сэтгэл дүүрэн баярлаж чаддаг. Ажил дээрээ ч юмуу гудамжинд явж байгаад бухимдах стресст орох зүйл олон бий. Гэртээ ирээд амар тайвныг мэдэрдэг байх нь чухал. Тэгэхгүй гадуур уурлаж, уурлаж ирэхээр эхнэр нь үглээд, ямар их оройтдог юм бэ, би л энэ айлын авч явна гээд эхэлбэл нөхөр нь эргэж гараад архи уудаг. Ийм тохиолдол амьдрал дээр олон бий шүү дээ. Эзэгтэйн инээмсэглэлээр гэр бүлийн аз жаргал тодорхойлогдоно гэсэн үг ч байдаг. Би өөрийнхөө бэлтгэдэг “Халуун цай” нэвтрүүлгийг эмэгтэй хүн аз жаргалын түлхүүр байгаасай гэж хүсч хийдэг.
- Ханьдаа халамжтай, үр хүүхдээ сайн хүмүүжүүлэх, эсвэл ажилдаа амжилт гаргаснаар мундаг эмэгтэй гэж хэлүүлж болох байх. Гэхдээ таныхаар эмэгтэй хүн байхын утга учир нь юунд байдаг бол?
- Боловсрол, амьдралыг авч яваа байдлаараа тэр хүн ямар ч байж болно. Гэхдээ эр хүний хийморийг хүндэлж байх учиртай болов уу. Нөхрөөсөө илүү цалин авдаг, амьдралаа залгуулдаг байлаа ч эр хүний хийморь гэдэг зүйлтэй түүнийг харьцуулах хэрэггүй. Хүн ямар ч байж болно. Эхнэр нь эрх мэдэл, мөнгө төгрөгөөрөө түрий барьж нөхрөө хэн ч биш мэт үзэх ёсгүй. Эр хүн өрхийн нэр төр, хийморь нь байдаг. Бие биенээ хүлээн зөвшөөрдөг, харилцан ярилцаж байж шийдвэр гаргадаг, хүндлэл, хайр тэнцүүхэн байж гэмээнэ тэр гэр бүл бүтэн байна гэж боддог юм. Тэгээд ч хоёулаа аз жаргалыг хуваалцах юм бол аз жаргал хоёр дахин өсдөг, зовлонг хамтдаа хуваалцвал хоёр дахин хөнгөрдөг гэсэн үгийг ч би байнга санаж явдаг. Заримдаа эмэгтэйчүүд маань дэндүү их завгүй яваад, өөрийгөө хэн бэ гэдгийг танихаа болиод байна уу даа гэсэн бодол төрдөг. Эмэгтэй хүнд нүүр царай, шинэ хувцас, биеэ гоё авч явах гээд олон гоёл байдаг. Гэхдээ хамгийн сайхан гоёл бол эр нөхрөө хүндлэх хүндлэл байдаг. Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлүүлж ярьдаг. Усалгаа, нар, гэрлийг тохируулж байж тэр цэцэг сайхан дэлгэрч, анхилуун сайхан үнэрээрээ тайвшралыг авчирдаг. Эр нөхрийн нар, ус мэт хайр эмэгтэй хүнийг цэцэг шиг ургуулж, цэцэгнээс үнэртэх анхилуун үнэр мэт хайр халамж нөхрийнх нь сэтгэл хангалуун амьдрах, эрч хүчтэй байх үндэс суурь болдог.
- Амьдрал дээр хэнд ч танигдаагүй хэрнээ гайхан биширмээр, эсвэл сэтгэлдээ уйлмаар өрөвдмөөр эмэгтэйчүүд олон байдаг.
- Би “Халуун цай” нэвтрүүлэгтээ мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулдаг. Гэхдээ онолоос илүү амьдрал гоё шүү дээ. Бие биенийгээ босгож чадахаар тийм эмэгтэйчүүдийг нэвтрүүлэгтээ оролцуулаад үгийг нь сонсохыг чухалчилдаг. Нэг эмэгтэй “Нөхөр маань өөр бүсгүй сонгоод явсан юм. Би ажлын шаардлагаар ажлынхаа залуучуудтай зайлшгүй харьцдаг. Гэтэл ажлын газрын залуугийн маань эхнэр над руу утасдаад элдвээр хэлдэг. Одоо би эмнэлэгт танай нэвтрүүлгийг сонсоод хэвтэж байна” гээд утсаар ярьж байсан. Хүнд хаягдана, өөрийгөө нөхрийнхөө өмнө үнэ цэнэгүй болж, хэн ч биш гэдгээ мэдэрнэ гэдэг том зовлон. Нэг өглөө би ажил дээрээ жаахан сэтгэл дундуур сууж байлаа. Харин надтай уулзсан нэг эмэгтэй “Нөхөр маань осолд ороод нас барчихсан. Би одоо гурван хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Өөдрөг амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Нөхөртэйгөө эхлүүлсэн энэ амьдралыг хий хоосон зүйл болгочихгүйн төлөө зорилготой амьдармаар байна шүү дээ” гээд ярьсан. Хажууд хүн ингээд ярьж байхад би амралтын өдрөөр олигтой амарч чадсангүй ээ гээд бухимдаж байх. Хүний амьдралаас өөрийнхөө дутууг олж хараад өндийнө гэдэг сайхан. Төрсөн бол үхэх хүртлээ миний эдэлж байгаа жаргал, зовлонг өөр хүмүүс үзэж л байгаа. Модыг өөлж хайчлах тусам улам гоё шинэ нахиа гарган ургадаг бол хүнийг өөлж муулах тусам улам л зүс нь ганддаг. Өөдөө тэмүүлэх тусмаа өсдөг гэдэг үгэнд би итгэдэг.
- Ганц бие эмэгтэйчүүд хүүхдээ тэврээд энэ хотын хаа сайгүй амьдарч л байгаа. Эмэгтэй хүн эрчүүдээс хатуу чанга гээд ярьдаг ч хэтэрхий их зовлон үзээд байна уу даа гэж заримдаа боддог юм.
- Гэр бүлийн хоёр гар гараасаа хөтлөөд урагшаа зорилгоо хараад амьдарч байвал энэ эрүүл харилцаа. Хоёр биен рүүгээ хараад би чамгүйгээр, чи надгүйгээр амьдарч чадахгүй гээд бие биеэсээ хэтэрхий их хамааралтай болчих юм бол нэг нь уруудах, эсвэл хаяад явах үед үлдсэн нь амьдралд сөхөрдөг. Тийм болохоор хөтлөлцөөд урагшаа хараад явах л хэрэгтэй. Ганцаараа үлдлээ гэхэд эмэгтэй хүн хэзээ ч нугарашгүй би чадна гэсэн үнэ цэнээ битгий алдаасай. Эмэгтэй хүнд ч бас би чадна, би хийх ёстой, би хөөрхөнөөрөө байгаа гэсэн итгэлтэй байх нь хамгийн чухал болов уу. байгаасай.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ene zurag shig ineej ybaarai busgvichuud min