Би өөрийгөө хайж байна...
Дүрслэх урлагийн дээд сургуулийн тавдугаар ангийн хаалга тативал өмнөөс инээмсэглэл дүүрэн даруухан залуу гар барин угтсан нь З.Түмэнжаргал байлаа. Тэрээр Азийн уран зургийн уралдаан, Дэлхийн усны уран зургийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн аж.
- Яагаад зураач болохоор шийдэв?
- Дэнжийн мянгад 39-р сургуулийн хоёрдугаар ангид сурч байхдаа Хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйланд явж эхэлсэн. Тэр жилийнхээ хүүхдийн уран зургийн уралдаанд түрүүлж, баярын бичгээр шагнуулсанаар кураач болох хүсэл төрсөн. Бага байхаасаа зураг оролддог байсан. Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангийн багш Энхбаатар, Батмөнх нарын удирдлаганд есөн жил суралцахдаа зурах, бүтээхийн сайхныг мэдэрсэн. Аав минь багадаа бурхан зурдаг хүүхэд байсан гэдэг. Магадгүй аавын авъяас өвлөгдсөн байх.
- Зураачид модернист, идеалист гээд олон урсгал чиглэлд хуваагддаг. Таны зургууд аль төрөлд нь хамаарах вэ?
- Залуу хүнийхээ хувьд нэг их урсгал чиглэл, элдэв изм хөөгөөд байдаггүй. Өөрийнхөөрөө л зурахыг хичээдэг. Хийсвэрээр сэтгэж, гэхдээ ахмад үеийнхнээсээ суралцаж, тэдний ололттой талыг нь тусгаж байж л өөрийнхөө хандлагыг тодорхойлох хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр тусмаа өөрийнхөө бүтээлээр үндэсний онцлогийг илүүтэй харуулах, хэн ч харсан Монголын үнэр ханхалж байгаасай гэж хүсдэг дээ. Тиймдээ ч түүхэн зураг зурдаг. Сүүлийн үед гадаадад суралцаад ирсэн зураач, уран бүтээлчдийн сэтгэлгээ их задарч, урлагийг өөр өнцгөөс харах болж. Уран зургийг яагаад будаг бийрээр л төсөөлж харах гэж, төмөр, мод гээд олон зүйлээр урлаж байна. Уран бүтээл, уран зураг глобал шинжтэй болжээ. Одоохондоо би өөрийгөө хайж байна. Нэг юманд баригдаад эхэлбэл чөлөөтөөр сэтгэж чадахаа болино.
- Түүхэн зураг зурахад хамгийн чухал нь судалгаа байх болов уу. Судалгааг яаж хийж байна?
- Түүхэн зураг гэхээр элдэв байлдаан үйл явдал гэж шууд утгаар нь ойлгож болохгүй. Биднээс өмнөх үеийн хүмүүсийн ахуй амьдрал, гоо сайхны үнэлэмж, ямар хүнийг хөөрхөн, эсвэл муухай гэдэг байсан нь бидний үеийнхнээс өөр шүү дээ. Нүүр царайгаар нь ааш зан, тухайн үеийн байдлыг л гаргахыг эрмэлзэж байгаа. Тулалдаж байгаа баатар гэх мэт үйл явдлын зургаас аль болох зайлсхийдэг. Нэг хэсэг залуучууд маань орчин үеийн сэтгэхүйгээр монголоос тасарсан, европжуу зургийг эрхэмлэх болсон.
- Өөрийн тань бодлоор ямар зураг зурахад хэцүү вэ?
- Ямар ч зургаар нэг санааг 100 хувь бүх хүнд ойлгуулна гэдэг хэцүү л дээ. Гаргах гэсэн санааг маань хэн нэгэн 100 хувь биш гэлээ ч ойлгоно гэдэг сайхан. Надад хүний натур зураг зурахад бэрхшээлтэй санагддаг. Биеийн харьцаа, дотоод сэтгэл зүйг илэрхийлэхэд хүндрэл гарна. Хамгийн түрүүн хийх ёстой ажил нь байгаа юмыг тэр чигээр нь зурж чаддаг болох. Юу ч сураагүй байж будаг цацаад, хийсвэр, абстракт зураг зураад эхлэвэл утгагүй санагддаг.
- Яруу найрагч, зураачид онгодоо хөглөнө гэж ярьдаг. Таны хувьд...
- Би нэг их онгод хөглөөд янз бүр болоод байдаггүй. Зураг зурахаараа хөгжим сонсдог. Нэг тийм хийсвэр маягийн аялгуутай, түүнээс биш архи дарс уугаад, тамхи татаж мансуураад байдаггүй. Хүн завгүй байвал ихийг бүтээж сайхан амьдарна гэж би боддог. Завтай байх тусмаа л дэмий юманд орооцолдох нь их байдаг. Анх зураг зурж байхдаа хаяад гараад явчихмаар шантрах үе зөндөө л байлаа. Одоо бол хувь заяатайгаа эвлэрсэн. Авъяастай хэрнээ төлбөрийн чадваргүй, сургуулийн шалгалтад тэнцээгүй олон залуус гадуур алхаж л байгаа. Их сургууль төгссөнөөрөө сайн зураач, сайн уран бүтээлч болдоггүй л гэж боддог.
- Уран зураг ойлгодог, худалдаж авдаг, үнэ цэнийг нь ойлгодог хүн цөөн байна гэж ярьдаг.
- Хүмүүсийн урлагийн, тэр тусмаа уран зургийг ойлгох мэдрэмж их сайн байгаа гэж би боддог. Шинээр гэр бүл болж байгаа айлд хивс гэхээсээ уран зураг, уран баримал бэлэглэдэг болж. Хэд хэдэн удаа хүмүүстэй нийлж хамтарсан үзэсгэлэн гаргасан. Ганц нэг зураг зарагддаг л юм. Нэг зургаа 500 доллараар зарсан. Хамгийн өндөр үнэд хүрсэн нь тэр. Уран бүтээлийн найзуудтайгаа хамтарч уран зураг, баримал, интерьер дизайны коллеги маягийн юм хийх санаатай байгаа. Энэ санаа хэрэгжвэл зөвхөн урлагийнхан, урлагийг дэмждэг хүмүүст зориулсан ресторан нээнэ. Ороход л уран зураг, уран баримал, нүд баясгаж, сайхан аялгуу эгшиглээд л... Каталоги дээр нь уран бүтээлийнх нь үнийн жагсаалт байж байдаг, хүмүүс зоог барих зуураа худалдаа хийдэг тийм сайхан орчин нөхцлийг бүрдүүлэхсэн гэж мөрөөдөж сууна.
- Сэтгэл хөдлөл зураач хүнд хэрхэн нөлөөлдөг юм бол? Адилхан зүйлийг дүрсэлж байгаа ч гунисан үедээ өөр өнгө хэрэглэх ч юм уу, тийм зүйл байдаг л байх...
- Заримдаа илэрхийлэх гэж байсан зүйл маань сэтгэлд ургаснаараа амархан буучихдаг. Гэхдээ бодож байсан шигээ зурж чадахгүй, нэг л болж өгөхгүй үе зөндөө. Уран зураг гэдэг сэтгэлийн хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Сэтгэл санаа хэцүүхэн, ууртай байхдаа зурсан зураг зоримог шийдэлтэй, өнгө будгийн ялгарал тод болж өгдөг.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зурах чиглэлээ зөв тодорхойлоод, түүгээрээ тууштай явах хэрэгтэй дээ, 500-аар зарагдаж байгаа зураг гэдэг муу биш. амжилт хүсье
dund surguulid angiinhaa neg ohind durlachaad suuj bla, neg huuhdiin setguul avaad uzsen chini tend bsan 1 japan ohinii zurag minii durlasn ohintoi ih adilhan bsan. tegeed l durlasan ohinii horog zursan, amjilttai bolsn, barag neg amisgaagaar zursan da.
үнэхээр гоё үнэхээр зураач эсвэл чөлөөт уран бүтээлч болохыг их хүсдэг шүү