30 Настан
Саяхан эгчийн маань төрсөн өдөр боллоо. “Нэг их баяртай ч байгаа юм шиг, бас гунигтай ч юм шиг. Нээрээ нэг л мэдэхэд гуч хүрчихэж. Хөгширчихсөн ч юм шиг, яагаа ч залуугаараа ч юм шиг” гэж ярьж байлаа. Гучин насны босгыг алхаж байгаа залууст ямар баяр, гуниг төрдөг юм бол? Уншигч та ч гэсэн гучин насыг дайраад өнгөрсөн, эсвэл гуч хүрээгүй, тэр үед тийм зүйлийг хийчихсэн байна даа гэсэн зорилго тавьж байгаа залуу, дөнгөж гуч шүргэж яваа хүрч нэгэн ч байж ч болох юм.
Гучин настнуудын амьдралд бусдаас арай л содон сонин зүйл бий. Бид 1978 он буюу социализмын үед мэндэлсэн. Бүгд ажин, түжин амьдарч байсан үе. Наяад он ч энэ л хэмнэлээр өнгөрсөн. Өөрчлөлт, шинэчлэлт гэж ярьдаг байсан ч тэд юугаа ч мэдэхгүй, ёстой л тоглоомноос өөрийг бодохгүй л өссөн дөө. Харин ерэн он дөнгөж гарав уу, үгүй юу бүх юм орвонгоороо эргэж байгааг мэдэрч байв. Яагаад гэхээр тэр үед тэд дунд ангийн сурагч байлаа. Өмч хувьчлал, картын бараа гээд л миний, чиний гэсэн ялгаа гарч, хүүхдүүд битгий хэл аав ээжүүд маань ч учраа олохгүй, тэр ороо бусгаа цагт хөл гараа олохгүй хэцүүхэн байжээ, одоо эргээд бодоход. Гэтэл үнэндээ гэрт галтай, хөргөгч хүнс ногоотой, хэдэн мянгаар /тэр үед мөнгөний ханш зуугаас мянга руу шилжиж байсан үе/ тоолох мөнгөтэй байхаас илүүтэйгээр тэр үеийн балчирхан үрсийн дутаж байсан зүйл нь аав ээжийн хайр халамж, тэдэнтэй сэтгэл зүрхнээсээ ярилцах, өөрийн бодож, санаж байгаагаа хэлэх асуудал байсан байж ч болох. Өмнө нь 17 цагт ажлаасаа ирээд, хүүхдүүдтэйгээ хамт хооллочихоод, кинонд явдаг ээж, аавууд шөнийн бор хоногтоо л үзэгддэг болов. Хичээлээ хийсэн үү? Хоол байна уу гэх жижүүрийн яриа л гэрт өрнөнө.
Картаар авдаг талх, гурил, будаа, архины очерт тэр үеийн арван хэдтэй “бацаанууд” дугаарлаж, капитализмын гэх янз бүрийн урсгалууд аандаа нэвтэрч, багачууд ч түүнд аажим аажмаар дассан... Өмнө нь үлгэр шиг итгэдэг байсан түүхийн хичээл тэр чигээрээ өөрчлөгдөж, хамгийн муухай гэж боддог байсан хаа холын Америк орон ч мөрөөдлийн газар болон хувирч. Эрээн даавуугаар ижилсдэг байсан моодонд хувьсгал гарч, Эрээний бараа шүтэх болов. Хааяагүй үйлдвэрүүд хаалгаа барьж, багш нар ажил хаяж, тэмцэл жагсаал цуглаан бас өлсгөлөн зарлах гэсэн сонин юмнууд хаа сайгүй дуулдах болов. Ах нар нам байгуулж, нэгдэж, салж, нэрээ дэвшүүлж, огцруулж, ер нь л юм юм өмнөхөөсөө шал өөрөөр өөрчлөгдөж байлаа. Амьдралын хэмнэл ч хурдсаж, багачууд том болж сургуулиа дүүргэх боллоо. Оросоос өөр хэл сурах ёстойг, бусад олон газар очиж нүд тайлах учиртайг, ер нь л өөрийнхөөрөө сэтгэх, зүтгэх ёстойг мэдэрч эхэлсэн. Харин өнөөдөр тэд амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу? Чухам юунд сэтгэл зовж, ямар зүйлд баяр жаргалтай алхдаг бол?
М.Оюунбаатар : Гучин өвлийн хүйтнийг мэдэрч, дараа нь хавар, зуныг угтана гэдэг сайхан
- Та гуч хүрчихлээ. Ямар санагдаж байна?
- Энэ хугацаанд амьдралын туршлага суужээ. Гучин өвлийн хүйтнийг мэдэрч, дараа нь хавар, зуныг угтана гэдэг сайхан. Юм бүхэн нэг янзаараа байдаггүйг, бэрхшээл бүрийн цаана ололт амжилт байдаг гэдгийг ухаарсан. Тэгэхдээ яг гуч хүрлээ дээ гээд бодохоор нэг тийм хачин мэдрэмж төрөөд байх юм. Ойр дотны хүмүүсээс хэн нэг нь нас барж, харамсал гомдлыг ч үзлээ. Гэхдээ сайхан зүйл үүнээс ч олон байгаа.
- Гуч хүрлээ гээд бодохоор хөгширсөн юм шиг санагддаг уу?
- Өвчин тусч оронд хэвтээд, хүнээр хоолоо зөөлгүүлж, телевиз үзээд хэвтэтлээ хөгширсөн гэж бодохгүй л байна. Метрээр хэмжиж болдог зүйл байдаг бол харин хүний нас гэдэг сэтгэл санаатай холбоотой. Минийхээр гучин нас гэдэг бүхий л амьдралын маань тал нь биш, гуравны нэг нь байгаасай гэж хүсч байна.
- Тэгвэл байгалийн биш сэтгэл санааныхаа насаар өөрийгөө хэдтэй гэж боддог вэ?
- Энэ ч тухайн өдрөөс л шалтгаалах зүйл. Ажил төрөл бүтэлгүйтээд ирэхээр 90 гарч яваа юм шиг. Заримдаа сая төрсөн юм шиг сайхан санагдаад л... Гэхдээ хүмүүс хааяа “Чи ямар хүүхэд биш” гэж надад хэлэх болсон.
- Арван наймтайдаа бодож байсан шигээ амьдарч чадаж байгаа юу?
- Тэр үед өөрийгөө гуч хүрнэ гэж төсөөлөх ч үгүй явлаа. Мэдээж хэрэг сайн сайхан амьдарна гэж мөрөөдөж л байсан.
- Тэгвэл 25-тайгаасаа хэр өөрчлөгдсөн бэ?
- Өөрчлөгдөлгүй яахав. Жаахан гүзээ сууж байна.
- Хүний амьдралд тохиолдох сайн, саар бүх зүйлийг хангалттай амссан гэж өөрийгөө боддог уу?
- Үгүй ээ.
- Одоо хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл?
- Эрүүл мэнддээ л анхаарал тавих хэрэгтэй болж байна даа. Нэг үеэ бодвол ажил төрөл тогтворжчихлоо. Гэр орноо ч төвхнүүлсэн. Хориос гучин нас хүртлээ өөрийгөө гаргуунд хаяж дээ гэж бодож байгаа.
Завсрын үеийнхэн
Төрж, өсч хүн болсон цаг хугацаа нь социализмын ид үе. Цэцэрлэг сургуулийн босго давж, пионерийн гишүүн болох нь тэр цаг үеийн хамгийн бахархууштай зүйл байжээ. Нийгэм солигдож бүх зүйл орвонгоороо эргэх тэр үед 12-13 настай учраа олохгүй, үймж бужигнасан нийгэмд өсвөр насаа үдсэн. Боловсролын систем тэр чигээрээ хөдөлгөөнд орж, заах хичээл, хэвшмэл ойлголтууд задран унаж, багш нар байн байн ажил хаяад”сайхан” байсан юм шиг. .
Солонгосын дайны үед төрсөн хүүхдүүд улс орондоо их шинэчлэлтийг хийсэн гэдэг. Дайны үеийн хүнд бэрх амьдрал, өлсгөлөн, ядуурал тэднийг хатуу хөтүүгээс зүрхшээхгүй тэмцэх зоригтой болгосон. Өнөөдөр 40-50 хүрч яваа хүмүүс социалист нийгэмд төрж, тэнд төлөвшлөө олж, ээж аав болцгоосон улс. Харин хориод насныхан өмнөх нийгмийн сайн сайхан, муу муухайн талаар ямар ч төсөөлөлгүйбайгаа. Өнөөдөр гучин нас хүрч байгаа залуус өсвөр насаа өнгөрсөн цагт үдэж, залуу халуун насаа энэ нийгэмд өнгөрөөж байгаагийнхаа хувьд яах аргагүй завсрын үеийнхэн. Бэлэн зэлэн нийгмээс талхны төлөө зодолддог тийм нийгэм рүү хөл тавьж орсон болохоороо тэдэнд шинэчлэл хийх зориг бусад насныхнаас илүү байж ч болох юм.
Магадгүй та “Тэд нам дагаж карьер хөөж эхэлж байгаа шүү дээ” гэж хэлж болох л юм. Гучийн босгыг дөнгөж алхаж байгаа залуус төрийн өндөр албан тушаал хашиж, нам даган карьер хөөх нь ихэссэн нь маргах аргагүй үнэн. Тэднийг зэмлэхээсээ өмнө “Энэ нийгмийн тогтолцоо хүнийг бий болгож байна уу, хүн нь нийгмийнхээ тогтолцоог бий болгож байна уу?” гээд өөрөөсөө асуугаад нэг үзээрэй. Яах аргагүй хүн болж, ид төлөвшиж, зоримогхон алхаж байгаа залууст өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн гажиг тогтолцоо чөдөр, тушаа болж шат гишгүүр ахих боломж нь зөвхөн нам дагах болоод байна. Дараа жилээс төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж бүгдээрээ намын харъяаллаас татгалзах юм гэсэн. Албан тушаалтнуудыг шалгалтаар биш, намын томилгоогоор шийддэг байдал нэг хэсэгтээ үргэлжилсээр байх болов уу.
Нам дагасан залуус
Энэ сэдвийг бичиж байгаагийнхаа хувьд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Нам дагаж амьдардаг залуусын эгнээ бий болж, бүр өргөжсөөр... Өнгө, мөнгөөр бүхнийг шийддэг, нийгмийн эрүүл саруул бүхнийг идэж байгаа нам гээч рүү тэмүүлж, албан тушаалд хүрэх, нэр нөлөөгөө өсгөж авлига, аваа өгөөнд амтших сонирхолтой залуус олон байна. Хадгаламж зээлийн хоршоо, Хадгаламж банкны хэрэг гээд хамгийн муу муухай бүхэнтэй холбогдсон залуус намын далбаан доор явж байсан хүмүүс. Саяхны орон нутгийн сонгуульд УИХ-ын гишүүд, сайд дарга нарын “өв залгамжлагчид”, намаар өвчилсөн залуусын арми нэр дэвшсэн. Хэн нэгний далавчин дор өсч өндийж, өдлөх гэж “ нам ахын” хормойноос зүүгдэж, өнөөгийн бохир улстөрийн тогоонд уусан автаж байгаа нь харамсалтай. Ийм хөгийн замаар биш харин ч өөрийнхөөрөө үүний эсрэг тэмцэх тийм “цэвэр” улстөрчид шинэ үеийнхнээс төрөөсэй гэж би хүсдэг. Уул нь бүх л залуус өөрийнхөө авъяас чадвар, боломж, чадал чансаагаараа амьдрах ёстой. Би эрүүл саруул нийгэм бий болно гэдэгт итгэдэг. Надад л лав нам дагаж далдаганах хүсэл байхгүй. Өөрийнхөөрөө амьдралаа болгох гэж байгаа залуус илүү сайн яваасай ч гэж хүсдэг.
Гучин нас хүрэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
1. Юу ч өөрчлөгдөөгүй – 13
2. Жаахан хөгширч байна даа гэсэн бодол төрсөн – 34
3. Хэлж мэдэхгүй байна – 20.3
4. Сэтгэл хангалуун сайхан байна – 25.6
П.Наранбаяр: Би ямар байхаас гэр бүл хамаарна
- Хүүхэд насаа дурсвал...
- Чулуугаар байлдаж тоглодог, “Хонгилдоон” энэ тэр гээд л зодоонтой кино үздэг байлаа. Хөршөө, байрныхнаа, бүр хороолол даяараа бие биенээ таньдаг байсан. Нэг нэгнээ гэх сэтгэлтэй байсан гэх үү дээ. Чулуугаар байлдаж яваад толгойгоо хагалчихаад, уйлаад явж байхад шал танихгүй хүн аргадаж, зэмлээд, боогоод өгдөг байлаа. Харин одоо хажуу айлд нь хулгай орж байсан ч манайхыг л ухаагүй бол болоо гэсэн тийм сэтгэхүйтэй болчихоод байгаа. Байр байраараа картныхаа талханд очерлодог. Зарим нь хүмүүсийг шахна, нөгөө хэсэг нь дайрна гээд л, их нарийн тактиктай байсан даа. Аав ээж нар ажил, ажил гээд хайхрах нь бага. Миний үеийнхэн ер нь хар зөнгөөрөө хүн болсон улс.
- Та хорьтой байхдаа өнөөдрийнхөө амьдралыг ямраар төсөөлж байв? Зорилгоо биелүүлж чадаж уу?
- Үндсэндээ чадаагүй. Хорьтойдоо гахай зөөж, баян болъё гэж боддог байсан. Ер нь хорин нас гэдэг ямар ч зүйлийг их дэврүүнээр боддог. Нөгөө талаар эх орондоо хэрэгтэй хүн болно гэж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл бол хэвээрээ байгаа. Магадгүй 70 хүрэхдээ ч энэ хэвээрээ л байж ч магадгүй. Өөрийнхөө хэмжээнд аливаа зүйлийг хийж байгаа ч тэр бүр сэтгэлд хүрэхгүй л байна.
- Тэгвэл 40 хүрэх үеэ хэрхэн төсөөлж байгаа вэ?
- Гуч хүрээд ирэхээр хувиа бодсон, дэврүүн мөрөөдөл гэхээсээ илүү нийгэм рүү хандсан, орчин тойрныхоо төлөө санаа тавиад эхэлдэг юм байна. Арван жилийн дараа ажил гэрийн хооронд айх юмгүй алхаж, бороо шорооноор шалбааггүй, хог новшгүй тийм л хотод амьдрахыг хүсч байна. Хувь хүнийхээ үүднээс ажил төрөлдөө бүрэн гаршчихсан байх болов уу.
- Эр хүний амьдрал дөч хүрээд эхэлдэг ч гэж ярьдаг. Тэгвэл гучин настнууд хэр төлөвшсөн байдаг вэ?
- Дөч хүрсэн эр дөрөө дарсан ат гэж ярьдаг. Хорин хэдэн насыг би бургастай адилтгаж боддог. Энэ насан дээр хүний үзэл бодлыг өөрчлөхөд амар байдаг яг л салхины аясаар найгах бургас шиг. Гучин нас гараад ирэхээр энэ бургасны үндэс нь газрын хөрс рүү улам гүн бат суудаг. Гуч хүрчихээд өөрийн гэсэн амьдралыг үзэх үзэлгүй байгаа бол цаашдын амьдрал нь ч хүний үгээр шийдэгдсээр дуусах болно шүү дээ.
- Хувийн амьдрал гэр бүлийн хувьд…
- Хориод насандаа хүмүүс биеэ засдаг бол, гучаад насандаа гэрээ засах үе байдаг. Жирийн дундаж залуус орон байрны асуудлаа тодорхой хэмжээгээр шийдчихсэн, хүүхдүүд нь улсын юм уу хувийн дунд сургууль бараадчихсан, өөрийн гэсэн найз нөхдийн хүрээлэлтэй болсон байдаг. Гучин хэдэн нас руу ороод ирэхээр ямар нэгэн зүйлийн эрэг шураг болно гэсэн үг. Юмнаас айхгүй үүрэг, хариуцлага хүлээх чадвартай, дуртай ч болдог байх.
- Ямар зүйлд сэтгэл дундуур байдаг вэ?
- Яг одоогоор хувийн амьдрал, ажил төрөл аль аль нь болж байна. Нэг их гутраад байх зүйл алга. Ганц нэг үрчлээ нэмэгдсэн. Магадгүй нүүр царай, үс зүсэнд өөрчлөлт гарч л байгаа байх даа. Гэхдээ улс орны одоо байгаа байдал, төр засгийн удирдлага, нийгмийн тогтолцооны гажуу явж байгаа байдалд үнэхээр сэтгэл дундуур байдаг. Хүмүүст ёс суртахууны хэм хэмжээ гээч зүйл алга. Ямар нэгэн ажил хийж байгаа хүн ёс суртахууны болоод хуулийн өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Манайд энэ зүйл хаягдсан. Хэн нэгэн буруу зүйл хийлээ гэхэд хэн ч тоохгүй яваад л байна. Энэ бол эмгэнэл. Нэг үгээр хэлбэл сайн, муугийн тухай нийтлэг ойлголт, жишиг, үнэлэмж байхгүй.
Тэдэнд гайхуулах зүйл бас бий
Нэг талаас бодоод үзэхэд тэд байр, орцоороо, бүр хорооллоороо нэгдэж, басхүү пионер хэмээн улаан бүч дэрвүүлэн баг, хамт олноороо нийлж байсан онцлогтой хүүхдүүд. Тэр үеийнхээ нийгмийн бараан сүүдэрт дайруулж гудамжинд “тэнэж”, ажилтай аав ээжийнхээ эзгүй зайг бие биеэрээ нөхөж байсан тэдэнд гайхуулах зүйл олон бий. Яагаад ингэж хэлж болохгүй гэж… Тэд одоо оюутны ширээнд сууж байгаа залуусыг бодвол 1990-ээд оны уруу дорой цагийн зах зухаас биеэрээ мэдэрснээрээ, ямар ч зүйлд тэвчээртэй хандаж, шинэчлэлтийг хийж чадах хүчтэй хүмүүс. Өмнөх үеэ үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ л тэднийг бодвол гучин настнууд худлаа лоозогнох, үзэл сурталдах, хий хоосон ярихаас илүүтэй харьцангуй ажил хэрэгч байгаа гэвэл маргах хүн цөөн л байх болов уу? Тэгээд ч одоо аль ч албан газрын гүйцэтгэх түвшинд гучин настнууд жигд орж ирэн ачааны хүндийг үүрэлцэж байгаа. Тэд удирдах албан тушаалд хараахан хүрч чадаагүй ч гэлээ хийж, бүтээх зүйлийн талаас илүүг нь нуруун дээрээ авсан гэж ч хэлж болох юм.
Миний мэдэх гучтай, гуч гаран насны залуус ихэвчлэн нэгээс хоёр хүүхэдтэй. Тэднийг хараад байхад хүүхдээ арай өөрөөр хүмүүжүүлээд байгаа юм шиг санагддаг. Хичээл сургуулийг нь тарсны дараа урлаг, спортын аль нэг төрлөөр хичээллүүж, хүүхдүүдийнхээ өөрийгөө мэдрэх, нээх боломжийг нь бүрдүүлж чадаж байна. Тэдний өсгөж байгаа өнөөгийн 5-6 настнууд эрийн цээнд хүрэхэд цоо шинэ, жинхэнэ өөрийн гэсэн үзэл бодолтой, юмыг өөрөөр харж, өөрийнхөөрөө үнэлж, цэгнэж чадах, одоогийн биднээс илүү сайн иргэншсэн залуус болон өсч өндийх байх.
Хорин насандаа залуус ирээдүйн амьдралдаа хийж бүтээх, өөрийн гэсэн орон зайгаа эрэлхийлдэг. Гуч хүрээд амьдралын зорилго тодорхой болж, би ийм л замаар явна гэдгээ шийдэж далайцтай, хүчтэй, хурдтай ажиллаж эхлэх үе байдаг аж. Гучаас дөчин насны хооронд амьдрал ахуй, гэр орныхоо төлөө нэлээд ширүүн тэмцдэг. Өөрийн олж авсан бүхнээ илүү найдвартай, ганцхан салхинд хийсээд уначихааргүй бат бөх үндэстэй болгох гэж зүтгэдэг.
Та ямар хөгжим сонсох дуртай вэ?
Зохиолын дуу 5 16.6
Уртын дуу 3 10
Транс 4 13.4
Хип хоп 0 0
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Bi itghegyi bn, Minii yeiinhen Roxette, Beatles, Michael Jackson, Aerosmith, East 17, Bryan Adams, Niciton geh met sonsmoor yum, Yagaad gevel shiljiltiin nasand duu shig ogy uym bdggyi, Bidnii shiljiltiin nasnii yed odoogiinh shig zohioliin duu bish Camerton, Har sarnai sonsdog bsn sht
Ta nar Friends-n 30 hyrdeg angiig medeh uu? Urd ni bi neg blog deeree bichij bsn sanagdana. 30 yneheer ontslog nas bdiiin bnlee.
Bi ooriigoo harin zavsariin ye gej helehgyi ee. Harin ch ehleliin ye gej nerlene. Harin bidnii aav eejees bidniig hyrtleh ye niigmiin amidraltaigaa haritsangui zavsariin ye.
Hynii hymyyjil avah ihen nasaa socialismiin yed ongorooson hirnee zah zeeliin jurmaar amidarahiig shaardsan ye sh dee.
Zygeer niigmiig chiglyylegch hych gedeg utgaaraa Mongoliin tyyhend bidnii omno 1979 on hamgiin goy on baisan gej Ineemsegel hamtlagiin yeiinhen yridag yum. Mash dorgio goy shine neg ye garch irsen gej yridag yum, Mongol oron Orsuudiin helmegdyyleltiin yed heterhii ih aluulaad yndestniihee huvi miaraad, byyr heterhii ih nurmaisan baijee. Orsuud arai ch dendyylchihev yy dee gej yzeeed Tsogt taij kino-g hiij neg Mongolchuudiig sergeesen yum bilee.
TErnees hoish byh yum degen dogon gej yvsaar Ineemseglel hamtlagiin yed yndestniihee huvid, hymyysees byrdsen ulsiinhaa huvid dotroosoo neg sain energytei ye gargasan ni Ineemsegleliin ye. 1979 onoo zaluuchuud gevel onoogiin Sanj Bayar, Altai, Bat-Yyl, Enhsaihan za tegeed ta nar medej bgaa sht. yag onoogiin tomchuul. Tegeed odoogiin bidnii 30 nastnuud gedeg bol yag ene yeiinhen shig Mongoliin tsoo shine ye. Mongoliin shine sergen mandaltiin davamgailah hych.
Americ-n delhiin 2 dainii daraa delhiin tergyyleh uls bolson, 50, 60 aad onii americ ymar bailaa. Urlag soyl byh yum ni?
Tyynii daraa 1970-aad on bol hippi-chyydiin ye. Barag l Americt communism hiichih geed. odoo ymar baigaad yamar bolson? (daraa ni zavtai yedee delgerengyi bichmeer baina,)
Yum ye yeeree, setgelgee tsag tsagaaraa bdg gedeg utgaar onoogiin 30 nastnuud Mongoliin niigmiig onoogiinh shig het amia bodson sonin baidliig davah yostoi. Tamiin togoonii ylger gedeg yumiig oorsdiin yr hyyheddee sonsgohgyi osgohiin toloo bid l zytgeh yostoi.
Hyn amiin bytseer 16-30 hyrtleh zaluuchuud manai 70 huvi gej yridag baisan, Getel ene baby boom-n ye chin ongorchihson. Ghdee ene boom dotroo hamgiin shiidverleh ahlah role-toi mass ye ni bidnii ye. TEgvel shine myanganii bosogon deerh Mongoliin huvi zaya bidnees mash ih hamaarna. Za bi ymar ner devshij career hooj bgaa bish. olon yum yriad yuhev ghdee tegj l boddog.
Доника-д Цаг хугацаа хурдан. Нэг л мэдсэн чинь гуч хүрчихнэ. Би ч гэсэн хурдхан гуч хүрхиймсан гээл бодоод байгаа. Тэр үел хүүхдүүд маань том болчихсон байх болохоор
сайхан сэдэв сайн бичсэн байна