Д.Сайнбаяр: XXI зуун бол Монголчуудын хөгжил дэвшлийн зуун
NTV телевизийн Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга Д.Сайнбаярыг энэ дугаарын зочиноор урьлаа.
- “Global CEO” нэвтрүүлгийн дараагаас та телевизэд ажиллах болсон. Яагаад ийм сонголт хийв?
- - Олон компани надад ажлын санал тавьсан. Гэхдээ би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад үзье гэж шийдсэн. Медиа салбар бол нийгмийн хөгжлөөс нэг шатаар өмнө явдаг салбар. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлж, хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хүчтэй зэвсэг. Харин манай салбар ингэж чадаж байгаа юу үгүй юу? Баруунд хамгийн чадварлаг, хамгийн өндөр цалинтай хүмүүс телевизэд ажилладаг. Харин монголд эсрэгээрээ байх тохиолдол их бий. Гэтэл энд ажиллаж байгаа хүмүүс нь боловсрол багатай, чадвар муутай, цалин багатай байх юм бол яаж соён гэгээрүүлэх юм бэ? Телевизэд ажиллана гэдэг асар том хариуцлага, нэр хүндийн асуудал байх ёстой. Бидний хийж байгаа ажлыг улс орон даяар харж байдаг. Тийм болохоор бидний алдаа, оноо бүхний өмнө ил байдаг.
- Тэгвэл яагаад заавал NTV телевиз гэж?
- NTV телевиз бол монголын шинэ, өсч яваа телевиз. Би энэ хөгжлийн нэг хэсэг нь болж, хийж болох өөрчлөлтүүдийг хийж, хувь нэмрээ оруулахыг хүссэн. Энэ өдрүүдэд NTV телевизийн 2 жилийн ой тохиож байна. Энэ хоёр жилийн хугацаанд монголын хамгийн олон үзэгчтэй таван телевизийн тоонд багтаж чадсан амжилттай яваа хамт олон. Бид мэдээллийн зуунд амьдарч байна. Завгүй хүмүүст чухал мэдээлэл л хэрэгтэй гэдэг утгаар нь бүгдийг бус чухлыг нь мэдээлэх зорилготой ажилладаг. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаардаг. Зүгээр нэг мэдээлээд зогсохгүй, энтертайнмент чиглэлээр нэлээд түлхүү ажиллаж монголын тэргүүлэх энтертайнмент телевиз болох зорилго тавьж байгаа. Манай вэбсайтаас хэн дуртай нь ажлын анкет авах бүрэн бололцоотой боловч бид дээр нь ингэж бичсэн байдаг: “Бид өөдрөг өнгөнд дуртай. Өөр өнцгөөр хардаг. Бид өөрчлөлтийг авчирч, хийж бүтээхийг эрмэлздэг. NTV-д та өөрөө өөрийнхөө босс байж болно. Гэхдээ NTV нь бүх хүмүүст зориулагдсан ажлын талбар биш. Энэ нь ч сайн хэрэг. Яагаад гэвэл бид өөрийгөө хамгийн сайн гэж бодож буй, эсвэл хамгийн шилдэг нь болохын төлөө зүтгэдэг тэр хүнийг л багтаа авна.” гэсэн байгаа. Цалин гэдэг монголд харьцангуй ойлголт болж байна. 150 мянган төгрөгийн цалинтай сэтгүүлчээр ажилд ороод, сайн ажиллаад сайн найруулагч болоод сая төгрөгний цалин авах боломж бий. Үнэхээр сайн нэвтрүүлэг хийх юм бол өнөөдөр монголын зах зээлийг жижиг гэж голохооргүй болсон.
- Хоёр жилийн ойн хүрээнд танайх ямар ажил хийж байна?
- Бид ойгоороо элдэв янзын үдэшлэг, хүлээн авалт зохион байгуулахыг бодоогүй. Бүх харилцагч нартаа зориулж 11 сарын 3-нд NTV Open House зохион байгуулж, шинэ студи, тоног төхөөрөмж, хөтөлбөрөө танилцуулж байгаа. Мөн зураглаачдын дунд Aлмааз нэртэй шилдэг зураглаач шалгаруулах наадам зохион байгуулах шатанд явна. 11 сарын 5-ны Лхагва гаригт шинээр ажил хайж буй хүмүүст, төгсч буй оюутнуудад зориулж Job Fair зохион байгуулж байгаа.
- Энэ олон телевизүүдийн дүр төрх хэзээ нэг нэгнээсээ ялгарах юм бол? Хэвлэлийн бага хурлын ч юм уу, үйл явдлын яг адилхан асуудал, мэдээнүүд л оройжин ээлжлээд гардаг шүү дээ. Ер нь телевизүүдийн ойрын ирээдүй таныхаар ямар харагдаж байгаа вэ?
- Барууны телевизүүд үнэхээр өргөн, далайцтай зүйлүүдийг мэдээлж чаддаг. Дэлхийн хаана, юу болж байна тийшээ очиж чадaх эдийн засгийн нөөц бололцоо нь байж байдаг. Харин манайд яадаг вэ гэхээр Улаанбаатар дотроо л эргэлдээд болоо. Hэг юм боллоо гэхэд монголын бүх телевизийг урьчихдаг. Гэтэл Токиод бол тэгэх боломжгүй шүү дээ. Хөдөө орон нутгаас ч мэдээ бараг бэлддэггүй. Энэ нь хүн амын тоо, эдийн засгийн чадвартай холбоотой. Төлбөртэй ярилцлага, мэдээлэл их явж байгаа. Сайн анзаарвал манай телевизэд "бизнес мэдээ" гэсэн булан байдаггүй. Угтаа бизнес мэдээ гэдэг бол хөрөнгийн зах зээл, алт, зэс, нефтийн ханш, арвай буудайн үнэ ямар байгаа тухай мэдээлдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр нэг дэлгүүрт зарагдаж байгаа жинс, чихэр боов рекламдаад бизнес мэдээ гэж нэрлээд байдаг нь буруу юм.
- Бүх л телевизийнхэн нэг л цонхоор хараад байгаа юм биш үү? Тухайн үйл явдал харагдаж байгаагаасаа өөр байж болно шүү дээ?
- Улс төр тойрсон байнгын будлиан болж байдаг. Үүнийг нь дагаад телевизүүд хүнд хэрэгтэй нэвтрүүлэг гэхээсээ илүү хорин телевиз хориулаа бүтэн хэдэн сарынхаа эфирийн цагийг сонгууль тойрсон хэл аманд зориулж байна шүү дээ. Эдийн засгийн тооцоо хийвэл ямар их цаг, ямар их бололцоо алдаж байгааг харж болно. Сонгуулийн хуулийн ойлгомж муутай заалтаас болоод эхэлсэн тэр хэрүүлийг мэдээлснээрээ, дамжуулснаараа, хүмүүс түүнийг нь үзснээрээ ямар бодит үр дүн гарах юм бэ? Анхнаасаа бүх зүйл тодорхой байсан бол бид ийм юманд цагаа зарахгүй шүү дээ. Гэхдээ телевизийн салбарт ирээдүй бий. Эдийн засаг жилээс жилд асар хурдацтай өсч байна. Телевизийн оршин тогтнох эх үүсвэр бол бизнес ертөнц. Бизнес хөгжөөд, компаниудын тоо, бараа үйлчилгээний тоо, төрөл нэмэгдэх тусам өрсөлдөөн ширүүсч телевизийн хэрэгцээ болоод чанар нь сайжирна. Шууд утгаараа бол захиалгат нэвтрүүлэг бус харин цэвэр реклам сурталчилгаа нь телевизийн эдийн засгийн гол эх үүсвэр болж байдаг. Жилд нэг хүнд зарцуулагдаж буй реклам сурталчилгааны үнийн дүн хөгжилтэй орнуудынхаас хэдэн зуу дахин бага байгаа. Эдийн засаг өсөх тусам энэ үнийн дүн өсөх учиртай. Энэ дундуур цөөн хэдэн телевизүүд дампуурах ёстой. Ялгарал хийж чадаагүй, өөрийн гэсэн үзэгчээ татаж чадаагүй нь зах зээлийнхээ жамаар дампуурна. Хүн амынхаа тоотой харьцуулбал монголд ийм олон телевиз байх хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ.
- Телевизүүд эфирийнхээ ихэнх цагийг гадны сувгуудын орчуулгын шоугаар дүүргэж байна гэсэн шүүмжлэл их байна...
- Орчуулгын кино, нэвтрүүлгүүдийн талаар шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий. Хэдийгээр би АНУ-д сургууль төгссөн, зохиогчийн эрхийн тухай сайн мэддэг хүн ч гэсэн нөгөө талаас харах нэг зүйл байгаа. Өнөөдөр бид BBC, FOX-ooс ч юм уу чанартай сайн шоуг нь сая доллар төлөөд авч чадахгүй нь тодорхой ийм нөхцөлд орчуулаад гаргахаас өөр аргагүй. Бүгдээрээ орчуулгагүй, гадны сайн шоу гаргахгүй болчихвол яах вэ? Ард түмэн юу үзэх юм бэ? Залуучууд хөгжил дэвшилтэй хамт алхах хэрэгтэй шүү дээ. Манайх АНУ-ын зарим нэг компаниудаас шоу худалдаж авах талаар яриа хэлцэл хийж байгаа. Хэрвээ худалдаад авчихвал бусад телевизүүдийг тухайн шоуг битгий гаргаарай гэсэн шахалтыг үзүүлж эхэлнэ ээ дээ, Tэгэхээр нөгөө телевизүүд тэр компани руу хандаад биднээс илүү мөнгө төлөөд авч болно. Энэ бол чөлөөт өрсөлдөөн. Гэхдээ бид өндөр үнэтэй шоуг үнээр нь аваад үзүүлдэг цаг үе ирнэ гэдэгт найдаж байна.
- Хэзээ нэгэн цагт тэгнэ ингэнэ гээд байдаг. Хэзээ тэр цаг ирэх юм болоо?
- 200 гаруй мянган монгол гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа. Тэр хүмүүс эхнээсээ ирж байна. Энэ хөдөлгөөн цаашид үргэлжилнэ. Ямар ч байсан таван жилийн дараа телевизүүд шал өөр болно. NHK, BBC зэрэг том том сувгууд нэг нэвтрүүлэг хийхийн тулд бүтэн жилийн өмнөөс төлөвлөөд, санхүүжилтийг нь хэдэн сарын өмнө батлаад хийдэг. Монголд тийм боломж байхгүй. Мэдээж уран бүтээлчдээс шалтгаалах олон хүчин зүйл байгаа. Гэхдээ тэднээс хамаарахгүй зүйлүүд ч бий. Одоо бид ийм байгаа ч энэ бол явах ёстой л зам. Тэр жамаараа л явж байна.
- “Global CEO” нэвтрүүлгийг гарснаас хойш залуучууд үнэхээр чадваржиж байгаа юм байна гэсэн сигнал олон хүн авсан байх. Харин чадвартай залуусыг ажиллуулах хөшүүрэг байхгүй, гадагшаа алдаад байна гэж ярьдаг шүү дээ.
- Монгол залуучууд боловсрол, мөнгө олохоор гадагшаа гарч байгаа. Гадаадад байгаа залуучууд бүгдээрээ маш сайн явж байна. Гадагшаа гарсан хүмүүсийг эх оронч биш энэ тэр гээд ярьдаг. Хаана байгаа нь хамаагүй, тэр эх оронч мөн биш гэж ярих нь утгагүй.
- Гадагшаа гараад олон жил болчихсон, тэнд хүүхэд нь төрчихсөн хүмүүс эргэж ирээд монголд амьдарч чадах болов уу?
- Би арваад жил монголд амьдраагүй. Гэхдээ амьдарч болоод л байгаа. Өдөрт зарцуулж байгаа мөнгө АНУ-д байснаас бараг илүү гарч байна. Амьжиргааны өртгийг Америктай харьцуулах юм бол лаазтай коланы үнэ яг ижил, талх бас ойролцоо, бензин монголд илүү, үл хөдлөх хөрөнгийн үнэ Америкийн зарим мужуудтай ижил байна. Хүнийг машинаар төсөөлье л дөө. Цагт 100 км давхих чадвартай байлаа гэхэд Улаанбаатарт нөөц бололцоо 25 км цагаас хэтрэхгүй байвал яах вэ? Тэгвэл 100 км давхиж чаддаг газартаа л оч. Магадгүй тэр нь дэлхийн хаана ч байж болно шүү дээ. Хаана илүүг хийж бүтээх нөөц бололцоотой байна. Тэндээ л очих хэрэгтэй. Гадаадад хар бор ажил хийгээд авдаг цалинг монголд мэргэжлийнхээ ажлыг хийгээд авах боломж бүрэн байна. Чадвартай байх юм бол сарын 1000-2000 долларын цалин бол юу ч биш болсон. Монголд утаа, замын бөглөрөл гээд стресс их байгаагаас биш, бусдаар доордоод байх юм бараг байхгүй. Хотын төвөөр олон өндөр байшингууд баригдаж байна. Улс орон маань хөгжиж л байна шүү дээ.
- Би яг өнөөдрийнхөөрөө аж
Сэтгэгдэл:
Энэ Сайнбаяр гэж залууг дарга нь байсан бол цэргээ болгохоор, нэг зорилго өмнөө тавьсан бол юу ч хийхээс буцахгүй, түүндээ хүрэхийн төлөө тэмцдэг юм байна лээ. Харин хэзээ ч ханиа болгомооргүй хэт амиа бодсон санагдсан...
Гэхдээ энэ зөвхөн надад төрсөн бодол шүү..
Тара: МАгадгүйл юм. Гэхдээ энэ хүн миний хувьд үлгэрлэн дуурайгууштай хүний маань нэг.