Ц.Хулан:Үеийнхэн маань өөртөө тодорхой зорилго тавьдаггүй нь анзаарагддаг
Одоогоос арваад жилийн өмнө Монголын үндэсний телевизээр жижигхэн охин англи хэлийг ус цас шиг сурчихсан, хүүхдүүдэд зааж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Харин одоо тэрээр БНХАУ-ын Шанхай хотод хятад хэлний сургуульд сурч байгаа ажээ. Зуныхаа амралыг дуусгаад сургуульдаа явахынх нь өмнөхөн түүнтэй хэдэн хором ярилцлаа.
- Телевизийн цуврал хичээл зааж байх үедээ хэдэн настай байв? Хүүхэд хүүхэдтэйгээ ажиллахад амаргүй байсан байх...
- Одоогоос 11 жилийн өмнө арван настай жаахан охин өөрөөсөө дөрөв дүү зургаан настангуудад хичээл зааж байсан. Тэдэнд хичээл зааж байгаа багш гэдэг хандлага бараг гардаггүй. Сурагчид маань ч намайг өөрсөдтэй нь адилхан хүүхэд болохоор айж, сүрдэхгүй, тоглоомон дундаа суралцаж явсаар таван жилийг үдсэн дээ.
- Телевизээр таван жил хичээл заана гэдэг чамлахааргүй хугацаа. Эргээд бодоход хамгийн сайхан санагддаг зүйл тань?
- Өглөө болгон есөн цагаас манай нэвтрүүлэг цацагддаг байсан. Би өөрөө сурагч байсан болохоор таван өдөр хичээлдээ яваад, хагас сайн өдөр дараа долоо хоногийнхоо хичээлийн зураг авалтыг хийдэг байлаа. Амралтын өдрүүдээр зураг авалт, монтаж гэж явсаар амрах, тоглох завгүй байсан гэхэд болно. Хүүхдүүд хамтдаа манайд очъё, тоглоё, зусланд явъя гэх тоолонд завгүй, тэдэн шиг байж чадахгүйдээ уурладаг байсан. Тэр үед үеийнхэндээ их атаархдаг байлаа. Харин одоо эргээд бодоход олон сайхан дурсамж надад үлдэж, шинэ зүйлүүдийг сурч байсандаа баярладаг.
- Хэний саналаар, яагаад телевизийн хичээл заах болсон бэ?
- Монгол телевизийн “Боловсрол” студийн захирал Нацагдорж ах, найруулагч Янжмаа эгч хоёр Англи хэлний хичээлийг хүүхдэд хүүхдээр заалгая гэсэн санаачлага гаргаж, олон хүүхэд шалгаснаас би тэнцэж энэ хичээлийг заах болсон. Их жаахан байсан болохоор өхөөрдсөн ч юм уу намайг сонгосон.
- Өөрийн чинь бодлоор хүүхдэд хэдэн наснаас нь эхэлж хэлний боловсрол олговол тохиромжтой вэ?
- Би долоон настайгаасаа англи хэл сурч эхэлсэн. Одоо хүүхдийг хэлний боловсролыг бүр багаас нь олгож байгаа. Үүнийг би зөв гэж боддог. Жишээлэхэд: Оюутан, бага насны хүүхэд хоёр адил хугацаагаар англи хэл сурлаа гэхэд жаахан хүүхэд нь хэллэг нь зүгширчихсэн, унаган хэлтэй болдог. Харин том хүн нь хэллэгийн хувьд тааруу байдаг. Миний бодлоор хүүхдэд багаас нь хэл сургавал дээр гэж боддог юм. Хэл сурна гэдэг тэр чигээрээ хөдөлмөр. Аливаа зүйлийг хийхэд нэг хувь нь авъяас, 99 хувь нь хөдөлмөр гэдэгтэй санал нийлдэг.
- Хэл сурч эхэлж байгаа хүмүүст хандаад зөвлөгөө өгвөл...
- Зарим хүн маш их мэдлэгтэй хэрнээ ярьж чадахгүй байх тохиолдол байдаг. Хамгийн гол нь их юм мэдэхдээ биш, сурсан бага ч гэсэн зүйлээ бүрэн ашиглаж, өөрийгөө илэрхийлж сурах нь чухал. Өдөр өнжихгүй олон үг цээжлээд байдаг. Түүнийгээ хэзээ, хаана, яаж хэлэх, өөрийгөө илэрхийлж чадахгүй бол хэцүү шүү дээ.
- Өөрийн тань үүсгэн байгуулсан “Кингс кидс” сургууль бусад сургуулиас юугаараа давуу вэ?
- Манай сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Үүнээс гадна бэлтгэл ангиас нь эхлээд биеийн тамир, дүрслэх урлаг, дуу хөгжим, байгаль шинжлэл гээд бүх хичээлийг англи хэл дээр явуулдаг. Тэгэхээр хүүхдүүд зөвхөн дүрмийн англи хэлтэй биш, цэвэр, төгс англи хэлийг сурдаг. Манай сургуулийг төгссөн хүүхэд гадаадад суралцахад ямар ч хэлний бэрхшээл тулгарахгүй. Миний бодлоор бага ангийн хүүхдүүдэд дуудлага таниулах зорилгоор гадаад багшаар хичээл заалгах нь зүйтэй. Харин дэлхийн хэл болж чадсан энэ хэлийг олон улс оронд өөр өөрийн аялга, өргөлттэй зааж байгаа. Тийм болохоор хүүхдүүд ямар ч орны хүнтэй уулзаж ярилцсан тэдний ярьж байгаа ярианы англи хэлийг ойлгож чаддаг байх ёстой. Энэтхэг, япон, солонгос гээд англи хэлний сонин аялгатай улсууд байна, бас оросын хатуу гэгддэг тэр өнгө аясыг ч мэдэж, ойлгож сурвал дээр.
- Монгол хүүхэд хэл сурах авъяастай гэж ярьдаг. Харин дутуу, дулимаг тал нь юу байна?
- Манай хэлний онцлог юм болов уу гэж боддог. Монгол хүүхдүүд гадаад хэл сурахдаа сайн, бас дуудлага нь их цэвэр байдаг. Хятад хүүхдүүд арван жил англи хэл заалгасан хэрнээ дуудлага нь их муу байгаа нь ажиглагддаг. Тэд хөдөлмөрч мөртлөө авъяас байхгүй. Харин манайхан авъяастай мөртлөө залхуу. Жаахан хөдөлмөрчихвөл Монгол хүүхдүүд үнэхээр “лаг” болж чадна.
- Одоо ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?
- БНХАУ-ын Шанхай хотод Хятад хэлний чиглэлээр гурав дахь жилдээ суралцаж байна. Хятад хэл үнэхээр хэцүү. Англи ч юм уу өөр ямар нэгэн хэлийг сурахдаа яриад сурчихвал ерөнхий хана босчихдог. Тэгэхэд ханз үсгийг зөвхөн бичиж сураад зогсохгүй түүний хөг, унших галиг, дүрсний утгыг давхар сурах шаардлагатай.
- Үеийнхэндээ хандаж хэлэх үг байна уу?
- Үеийнхээ охид, хөвгүүдийг харж байхад өөртөө тодорхой зорилго тавьдаггүй нь анзаарагддаг. Тэгсэн мөртлөө тэдэн жилийн дараа компаний захирал болно, дарга болно гэж ярьдаг. Энэ хүслээ гүйцээхийн тулд юу хийх ёстой вэ гэсэн жижиг зорилгуудаа тоодоггүй. Өглөө босоод ийм ийм зүйлийг өнөөдөр хийнэ, энэ долоо хоногт ингэнэ, ойрын хоёр сардаа тэгнэ гэсэн төлөвлөгөө зорилго байдаггүй. Ингэж явсаар хэдэн жил өнгөрсөн ч босс, дарга болох мөрөөдөл нь биелдэггүй. Залуучууддаа хандаад өөртөө зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээгээрэй гэж хэлье.
М. Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:






мундаг юм аа амжилт!!!
