Жилдээ нэг удаа эх орондоо ирж эрч хүч авдаг
Гадны олон оронд монголчууд ажиллаж, амьдарч байгаа. Тэндэх амьдралдаа сэтгэл ханаж, дасаад явах нэгэн байхад сэтгэлдээ үргэлж эх орноо тээж, хааяахан хүний газар илүү үзэгдэж, адлуулахдаа гуньж гутралгүй би Монгол хүн, хэн болохоо заавал харуулна гэж өөдрөг алхах хүн ч олон бий. Хэдийгээр Япон улсын иргэнтэй гэр бүл болж хоёр хүүхдийн ээж болсон ч “Миний хоёр хүү монголын иргэн болоосой” гэж ярих энэ бүсгүйг Б.Үүлэнсолонго гэдэг. Түүнтэй дэлхийн энхийн их наадамд сайн дурын идэвхтэнээр оролцохоор ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
- Гадаад гарч байгаа олон хүмүүс тэндээ бүр мөсөн амьдарч, тэр улсынхаа иргэн болохыг хүсдэг. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?
- Эмэгтэй хүн иргэншлээ солиулахад их амархан гэж ярьдаг. Намайг ч бас иргэншлээ солиулаач гэж хэлэх хүн гарч байсан. Би хэзээ ч иргэншлээ солиулахгүй. Монгол улсын газар шороон дээр төрчихөөд эх орноо мартах юм бол, энэ эх орныг хэн хөгжүүлж, хойч ирээдүйг маань хэн өөд нь татаж, зааж сургах юм бэ? Одоохондоо би Японд амьдарч байгаа ч гэсэн тав, зургаан жилдээ ирэн очин амьдарна. Монгол улсын хуулиар хүүхэд 16, Японд 22 нас хүртлээ хоёр иргэншилтэй байхыг зөвшөөрдөг юм билээ. Тэгэхдээ би хоёр хүүхдээ Монгол улсын иргэншлийг сонгоосой гэж хүсдэг. Арав, хорин жилийн дараах монголыг би гэрэл, гэгээтэйгээр төсөөлж явдаг. Би тэнд амьдарч байгаа монголчуудтайгаа уулзахаараа “Япон орны энэ их хөгжил дунд та бидний дусал хөлс, цус байхгүй учраас энэ бол бидний юм биш. Хэрвээ бид нар ямар нэгэн байдлаар иргэншлээ солиулах юм бол япон ч биш, монгол ч биш. Хэн ч биш болно” гэж хэлдэг.
- Япон орныг бид сайн сайхан талаас нь их ярьдаг. Тодорхой хугацаагаар тэнд амьдарч байгаа хүнийхээ хувьд амьдралынх нь эрээн бараанаас ярьвал...
- Дэлхийд байхгүй маш олон сайхан зүйл Японд бий. Үүн шигээ дэлхийд байхгүй муухай ч юм их бий. Тэнд хүмүүс ээж, ааваа хүндлэхээсээ илүү найз нөхдөө чухалчилдаг. Хэт баяжчихсан болохоороо ч тэр юмуу амиа их боддог хүмүүс. Залуус нь биеийн амрыг хараад хүүхэд төрүүлэхээ больчихсон. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд жил шахам хүлээдэг, эмэгтэйчүүд нь хүүхдээ хараад гэрт өдөржингөө суучихдаг болохоор бүр их стрестэй. Нэг хүүхэд төрөөд, их сургууль төгстлөө дунджаар 300 мянган долларын зарлагатай гэсэн тооцоо гаргасан байдаг. Ер нь япончууд америк болон европ хүмүүст дуртай. Тэдэнд хүндэтгэлтэй ханддаг. Харин азиудад дургүй, тэднийг үл тоомсорлодог. Наанаа инээмсэглэдэг боловч цаанаа биднийг бүдүүлэг, тэнэг гэсэн ерөнхий ойлголттой байгаад байдаг. Тийм болохоор нь би гэртээ суугаад байя гэж боддоггүй. Нийгэм рүү ороод ажил хийе, хамгийн муу ажил хийсэн ч хамаагүй, хийсэн ажилдаа эзэн байгаад Монгол хүн ямар байдгийг харуулахсан гэж бодож явдаг. Тэнд амьдарч байгаа ихэнх Монголчууд өөрсдийгөө харуулж чаддаг. Дундаж наслалт нь жилд хоёр сараар уртасч байгаа болохоор тэтгэвэр авагчдын тоо өсч байгаа. Ажил хийх насны хүн ховордсон. Залуучууд нь татвараас айгаад компаний үндсэн ажилтан болохоос татгалздаг, цагийн ажил хийгээд явахыг эрхэмлэдэг болсон. Энэ олон асуудлаас болж японы эдийн засаг жаахан уналтад орж байгаа.
- Маш их стресстэй амьдардаг гэж та ярьж байсан. Бид хүн амьдрахад хамгийн таатай орон гэж японыг боддог шүү дээ...
- Япон явахаасаа өмнө би жуулчны баазад ажилладаг байсан. Монголд од харах гэж ирсэн, хоёр хоног морь уначихаад явахдаа уйлж байгаа хүмүүсийг хараад гайхдаг байлаа. Тийм гоё газраас ирчихээд гээд л боддог байсан. Очоод амьдрахад үнэхээр стресстэй. Манайх хоёр хүүхэдтэй. Байшингийн хана их нимгэн, тааз нь намхан, алхахад хүртэл доод айлд мэдэгддэг. Гэрийнхээ шаахайтай гүйж болохгүй гэсэн хууль хүртэл байдаг. Хоёр хүүхдийг маань дуу чимээ ихтэй байна гээд байрны хүмүүс гомдол гаргаад байхаар нь бид саяхан нүүсэн. Ер нь зан заншил өөр болохоор асуудал үүсдэг. Хүүхэд чинь Японоор муу ярилаа гэж хүртэл багш нь дургүйцнэ. “Одоогоос 20-30 жилийн өмнө Япон өнөөдрийн монгол шиг байсан. Тухайн үедээ тэд Бразил, Америк руу гарч ажиллаад, юм сурч мэдээд өдий зэрэгт хүрсэн. Тэрэнтэй яг ижил би энд юм сурч эх орныхоо хөгжилд өөрийн хэмжээндээ хувь нэмэр оруулмаар байна. Тийм болохоор хоёр хүүхдээ Монгол хэлээр яриулна, хөгжүүлнэ” гэж би багшид нь хэлж байсан. Хайрлаж энхрийлэхдээ ч, загнаж зэмлэхдээ ч эх хэл илүү илэрхийлэгдэнэ гэж хэзээ ч байхгүй.
- Эх орондоо ирээд сэтгэл ямар байна? Ер нь өөрчлөгдөж үү?
- Жил ирэх бүр юм өөрчлөгдөөд л байна. Сайхан барилга байшин нэмэгдэж байна. Жилдээ нэг удаа эх орондоо ирж эрч хүч авдаг. Шороо, тоостой, ядуу зүдүү ч гэсэн эх орон шиг сайхан газар хаана ч байхгүй. Манайхан гадаадад амьдарч байгаад ирэхээрээ бүхий л зүйлийг болохгүй, бүтэхгүй байна гэсэн нүдээр хардаг, ярьдаг. Миний хувьд бол болж байгааг нь ярихсан гэж боддог. Монгол хүн болгон дангаараа баяжлаа ч, амжилтад хүрлээ ч дэлхийд тэр бүр үнэлэгдэж чадахгүй. Ямар компаний захирал байлаа гэсэн дэлхийн аль өндөр зэрэглэлийн буудалд буусан байлаа ч түүнийг монгол гэж мэдэхгүй. Мэдсэн ч нэг их тоохгүй. Харин япон, герман гээд өндөр хөгжилтэй орны иргэдтэй хүмүүс хүндэтгэлтэй ханддаг. Тийм болохоор бүгдээрээ нэгдэж, нийтээрээ хөгжсөн цагт бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадна. Монголд асар их боломж байгаа. Японы эдийн засаг бага багаар өсөж байгаа дүн харагддаг ч олон олон жижиг компаниуд дампуурч байна. Ер нь Японы зах зээлд гадныхан ороод амжилт гаргах нь их ховор байдаг. Угаасаа тэд брэнд бараанд дуртай.
- Монголчуудын давуу тал нь юу вэ?
- Японд гурван жил амьдарч байж л мөнгөний үнэ цэнэ, цаг хугацааг мэдэрнэ дээ. Нүдээ цавчих ч завгүй ажилладаг. Харин монголд хүн хүссэн ажлаа хийгээд, тааваараа амьдарч болж байна. Айл гэрийн эхнэр нөхөр хоёр сэтгэл нийлээд зүтгэвэл амьдралаа аваад явах боломж байгаа гэсэн бодол төрж байна. Монголчууд гүйлгээ ухаантай, хаа ч очсон дасан зохицох чадвар сайн. Миний хувьд гэвэл эх орныхоо хөгжлийг тодорхойлох, мэдлэг боловсролтой иргэнийг төлөвшүүлэх нь хамгийн эхний үүрэг юм даа.
- Монгол бүсгүйчүүд гадаад хүнтэй гэрлэх нь их боллоо. Энэ тухай зөв, буруу гээд л их ярих болж...
- Зарим тохиолдолд яалт ч үгүй л гадаад хүнтэй суучихаад байгаа юм. Харин хүүхдээ монголоо гэсэн сэтгэлтэй болгож хүмүүжүүлчих юм бол эх орондоо оруулж байгаа том хувь нэмэр. Би өөрөө монгол хүнтэй сууна гэж боддог байсан. 27, 28 нас хүрээд хүнтэй суух болоход үеийн залуус ховор, эсвэл нэг амьдрал үзчихсэн тийм хүмүүс таарч байсан. Хүнтэй суугаад, салж сарниад явах юм бол хүүхдийн хүмүүжилд ч муу. Тэгж бодоод л... Их сайн хүнтэй суусан. Монголд ч их хайртай. Би “Танай япончууд тийм, ийм” гээд муулж ярьдаг ч манай нөхөр нэг ч удаа монголын талаар муу зүйл хэлж байгаагүй. Хэрвээ хэлэх л юм бол би салж ч мэднэ. Гадаадад байгаа хүмүүс эх нутагтаа амьдарч байгаа Монголчуудаас илүү эх оронч болдог.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:



Монгол хүн болгон дангаараа баяжлаа ч, амжилтад хүрлээ ч дэлхийд тэр бүр үнэлэгдэж чадахгүй. Ямар компаний захирал байлаа гэсэн дэлхийн аль өндөр зэрэглэлийн буудалд буусан байлаа ч түүнийг монгол гэж мэдэхгүй. Мэдсэн ч нэг их тоохгүй. Харин япон, герман гээд өндөр хөгжилтэй орны иргэдтэй хүмүүс хүндэтгэлтэй ханддаг.
Миний хувьд гэвэл эх орныхоо хөгжлийг тодорхойлох, мэдлэг боловсролтой иргэнийг төлөвшүүлэх нь хамгийн эхний үүрэг юм даа.
27, 28 нас хүрээд хүнтэй суух болоход үеийн залуус ховор, эсвэл нэг амьдрал үзчихсэн тийм хүмүүс таарч байсан.
Гадаадад байгаа хүмүүс эх нутагтаа амьдарч байгаа Монголчуудаас илүү эх оронч болдог.
emzegluushtei, boduushtai.



