Фермерийн аж ахуй талбайн соёлоос эхэлдэг
Тун удахгүй Хөдөө аж ахуйн их сургууль байгуулагдсаны 50 жилийн ой болно. Энэ удаагийхаа зочны хойморт ХААИС-ийн, Агробиологийн сургуулийн Таримал судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Батболдтой эрчимжсэн фермерийн аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.
- Хөдөө аж ахуйн салбарын бэлтгэгдсэн боловсон хүчний төвшин ямар байна?
- Хөдөө аж ахуйн боловсон хүчин жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин төгсөж байгаа мэргэжилтнүүдэд ажлын байр хомс. Гэхдээ газар тариалан, агрономийн чиглэлээр төгсч байгаа оюутнуудын ажлын байр сүүлийн үед элбэгшиж байгаа. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд чадалтай, сайн бэлтгэгдсэн боловсон хүчнээр өөрсдийгөө хангаж эхэлж байна. Төгсөх курсийхэнд ажлын санал их ирж, мэдлэг чадвар сайтай төгсөгчдийг агрономчоор авдаг болсон.
- Нэлээд хэдэн жилийн өмнөөс л газар тариаланг эрчимжүүлнэ, усалгаатай болгоно гэж ярьсан ч одоо хүртэл тэнгэрийн царай хардаг хэвээр л байх шиг санагддаг.
- Атрын гуравдугаар аянтай холбогдуулаад гадны олон орноос олон янзын техник, тоног төхөөрөмж, хортон шавж, хог ургамалтай тэмцэх химийн бодисуудыг оруулж ирч байгаа. Худалдан авах чадвар сайтай хувь хүн, аж ахуйн нэгжүүд эдгээр техник, хэрэгсэл, химийн бодисуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байгаа. Харин санхүүгийн хувьд бэрхшээлтэй, хувийн аж ахуйтнууд боловсон хүчин дутмаг, техник хэрэгсэл муугаас болоод хүнд байдалд орсон. Энэ салбарйыг хөл дээр нь босгохын тулд улсаас удаан хугацааны хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй санагддаг. Эс тэгвэл богино хугацаанд манай тариаланчид хөл дээрээ тогтож чадахгүй. Энэ жилийн хувьд зарим компаниуд тариа будаа, төмс, хүнсний ногооны чиглэлээр усалгаатай, эрчимжсэн газар тариалан эрхэлсэн. Сүүлийн үед үр тариа, малын тэжээл бэлтгэх хосолсон үйл ажиллагааг алдаг оног явуулж байгаа. Уг нь энэ бол үнэхээр оновчтой шийдэл.
- Усалгааны тухайд...
- Сүүлийн жилүүдэд ган гачин их болж байна. Үүнтэй холбогдоод усалгааны системийг нэвтрүүлж эхэлсэн. Усалгааны төхөөрөмж, сайн системийг оруулж ирэх ёстой. хоёрын хооронд ганц, хоёр жил ашиглаад хэмхэрдгийг нь биш олон жил ажиллах тийм техник л хэрэгтэй. Манай орон усны нөөц, ундарга багатай. Гүнийхээ усыг өргөн ашиглаж байна. Гүний ус нарийн судлаар явж байгаад нэг хэсэгтээ бүдүүрсэн байдаг. Яг тэр нөөцтэй судлыг нь олж худгаа гаргахгүй бол энд тэндгүй цоолоод байхаар гүний ус улам доошилдог. Байгалтай зүй бусаар харьцаж байгаагаас болж гол мөрөн ширгэж, алга болж байна. Монгол орны ихэнх голууд гадагшаа урсаад гарчихаж байгаа юм. Энэ голын голдрилуудыг дотроо барьж байх бодлого, төсөл боловсруулж ажил болгомоор санагддаг даа.
- Эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэхэд юу анхаарах ёстой вэ?
- Эрчимжсэн фермерийн аж ахуй гэдэг талбайгаасаа эхэлдэг. Талбайн соёл гэсэн ойлголтод хог ургамалгүй, шим тэжээлийг нь алдагдуулахгүй байнгын бордоо цацаж, арчилгаа хийхийг хэлдэг. Таримал ургамлыг ургуулахад хугацаа ч бас чухал. Хугацаа алдалгүйгээр, зах зээлд борлуулах хугацаагаа харгалзан тариалалтаа явуулах юм бол тухайн фермерийн аж ахуй хөл дээрээ босох боломжтой.
- Жижиг дунд бизнес эрхлэгчид, хувь хүмүүс өндөр үнэтэй тоног төхөөрөмж авч чаддагүй. Тэдний хувьд яах ёстой вэ?
- Сүүлийн жилүүдэд Хүнс хөдөө аж ахуйн яам болон бусад байгууллагууд гадаадаас техник, хэрэгсэл оруулж ирч байгаа. Энэ төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй байгаа учраас цөөхөн аж ахуйнууд л худалдаж авдаг. Жижиг компаниуд, хувь хүмүүст яаж үүнийг хүргэх вэ гэхээр урт хугацааны зээлийг оновчтой олгох хэрэгтэй. Гэхдээ шулах замаар биш. Богино хугацаатай 50 тонн үр тариа өгчихөөд, 100 тонн болгож өгөх ёстой гэдэг. Иймэрхүү байдалтай байвал олон компани дампуурна. Хэдэн жилийн өмнө энэ байдал ажиглагдсан. Олон жил дараалан ган болж, олон компани дампуурч одоо хэр нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хэвээр байна. Ингээд ирэхээр хүмүүс хөл дээрээ босохын тулд тэжээлийн болон тосны ургамал рапс тарьж эхэлсэн.
- Рапсыг хөрсөнд муугаар нөлөөлдөг гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой зүйл вэ?
- Энэ бол огт үндэслэлгүй зүйл. Нэг талбайд олон жил дараалан тариалбал сөрөг үр дагавар гарна. Харин нэг жил тарихад л хөрсийг хоосолчихдог юм биш. Энэ чиглэлээр эрдмийн зэрэг, цол хамгаалсан олон хүн үүнийг эрс үгүйсгэдэг. Гол нь талбайгаа тариаланч хүн яаж арчилж байгаагаас л бүх зүйл хамаарна.
- Газар тариалангийн бүс нутгуудаар ашигт малтмал ихээр олборлох болсон. Энэ нь ямар хор уршигтай вэ?
- Ямар ч ашигт малтмалыг ашиглаж байгаа нөхцөлд хөрсөнд сөргөөр нөлөөлж л байгаа. Нөхөн сэргээлтийг маш чанартай хийх хэрэгтэй. Заамар бол нүд хальтирмаар аймаар болчихсон байгаа. Нөхөн сэргээлт хийж байна гээд саргас, үет ургамал тарьж ,түүнийгээ ургачихвал хадлан бэлчээрийн талбай, байгаль сэргэчихлээ гэж үзэх гээд байгаа. Үнэн чанартаа тийм биш. Хэдэн жилийн дараа үүнээс ч илүү сөрөг үр дагаварууд гарахыг ч үгүйсгэхгүй.
- Импортын ногооны чанарын тухайд...
- Гадаадаас орж ирч байгаа төмс, хүнсний ногоо чанарын шаардлага хангадаггүй юу гэвэл хангадаггүй ээ. Ард түмний маань амьдрал тааруу байгаа учраас хямд үнэтэйн нь хэрэглэсээр байна. Яг өөрийн эх орондоо ургуулсан төмс ногоог авъя гэхээр харьцангуй өндөр үнэтэй байна. Гэхдээ сүүлийн хоёр, гурван жилд манайхан Хятадаас орж ирсэн хүнсний ногоо эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгож, аль болох өөрийн хөрсөнд ургасан ногоог авах эрмэлзлэлтэй болсон. Хамгийн гол нь манайхан өөрсдөө хөдлөхгүй, амандаа бэлэн юм хийлгээд сурчихсан улсууд. Бүгдээрээ хөдөлмөрлөөд ядаж хоолныхоо ногоо ургуулаад байвал, тэр болгон гадаадаас импортлоод байх шаардлагагүй.
- Фермерийн аж ахуйг дэмжих төсөл хөтөлбөр олон байдаг уу?
- Гадаадаас их олон төслийн санхүүжилт орж ирдэг. Гэтэл тэр төслийн мөнгө ихэвчлэн үр ашиггүй зарцуулагдаад байна. Би “Ядуу хүн бол ядуу л сэтгэлгээтэй байдаг юм байна” гэдгийг 1995-1996 оны үед “Монголын хөгжлийн төвтэй” хамтарч “Ядуурлыг бууруулах” төслийн багт ажиллаж байхдаа ойлгосон. Төмс, хүнсний ногоо тариад амьжиргаагаа дээшлүүл гээд үр өгөхөөр зарчихна. Хүлэмж барьж хүлээлгээд өгөхөөр бас л зарчихна. Ядуурлыг бууруулна гэхээсээ илүү дундаж амьдралтай, олон хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжиж төсөл хөтөлбөрт хамруулах нь дээр гэж боддог.
- Бэлчээрийн нөөц, даац хэтэрч экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
- Нийт мал сүргийн дотор ямааны эзлэх тоо толгой өссөн. Бэлчээрт тэжээлийн ургамал тариалж, бордон сэргээдэг байсан. Одоо тийм юм байхгүй болсон. Жил болгон нэг талбай дээрээ бэлчээж талхалж байгаа. Мал шимт бодисоо олж иддэг үү үгүй юү гэдгийг бид мэддэггүй. Өвс л идэж байвал боллоо гэж үздэг. Гэтэл тийм биш шүү дээ. Малд өвөл өгөх хүчит тэжээл бэлдэж байх шаардлагатай. Хадланг цаг хугацаанд нь бэлдэж, нэг хадсан талбайгаа дараа жил нь өнжөөх байдлаар ашиглах нь зүйтэй.
- Төмс, манжин, лууван, байцаа зэрэг ногоог л хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Тэгвэл илүү шим тэжээлтэй, хямд, чанартай ногоог хэрэглээнд нэвтрүүлэх боломж бий юу?
- Боломжийн хувьд нээлттэй бий. Хүмүүс шанцай, бууцай, гоньд, дун ногоо, шош, вандуй, зөрөг цэцгийг тарих нь нэг үеэ бодвол элбэгшсэн. Төмс, хүнсний ногоогоо ургуулчихаад хадгалах, зөв дарж, боловсруулахад анхаармаар байна.
- Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж байгаа хүнийхээ хувьд энэ салбарын ирээдүйг хэрхэн харж байна?
- Энэ жил үр тарианы ургац их сайн байгаа. Манайхан хоёр, гурван жилийн дотор л монголынхоо хүн амыг тариа будаагаар бүрэн хангана гэсэн зорилго тавьсан байгаа. Тийм амархан бүтчих ажил гэж хаа байхав. Энэ жил нар хур тэгширсэн, сайхан жил боллоо. Дараа жил ямар болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Газар тариалан бол богино хугацаанд хөгждөггүй, удаан хугацааны турш бүрэлдэж бий болдог. 1985 оноос эхлээд дотооддоо үр тариа, хүнсний ногоогоо 100 хувь өөрсдөө хангаж байсан. Үүн шигээ чанартай, эрүүл, хүний биед шаардлагатай уураг, вимаминааар баялаг хүнсийг дотооддоо үйлдвэрлэж, хүн амаа хангах л хамгийн чухал зүйл.
-