Дэлхийн гайхамшигт хүмүүс
Дэлхийн гайхамшигт хүмүүс
Ингрид Бетанкурт
Колумба улсад зургаан жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад зэвсэгт босогчдод барьцаалагдсан улс төрч эмэгтэй Ингрид Бетанкурт долдугаар сарын 2-нд суллагдсан юм. Сүүлийн арван хэдэн жил Колумбад иргэний дайн дотоодын зөрчил тэмцэлээс болж жилд 3000 гаруй хүн барьцаалагдаж байна. Тэд ихэвчлэн газрын тосны компаний ерөнхийлөгчид, группын эздүүд, улс төрчид гэх мэт өндөр албан тушаалтнууд байна. Босогчдын бүлгүүд хар тамхиний наймаагаар санхүүждэг ба засгийн газраасаа шоронд хоригдож байгаа өөрсдийнх дайчдыг суллах, эсвэл намуудыг төрийн эрхээсээ татгалзахыг шаардан хүмүүсийг барьцаалдаг байна.
Ингрид Бетанкурт 1961 оны 12 сарын 25 онд Колумбад төржээ. Аав нь дипломатч хүн байсан болохоор Францад өсч Парисын Улс төрийн академийг төгсчээ. Ээж нь Колумбын Миссээр шалгарч Колумбын конгрессийн гишүүн байжээ. Тэр ээжийнхээ Сенатын сонгуулийн ажилд туслаж байгаад улс төрд өөрөө оролцохоор шийдэж Санхүүгийн яаманд ажиллаж эхлэв. Хэдэн жилийн дараа намуудын явууллагаас болж мухардалд орсон ч найз Клара Рожастай хамт улс төрийн тоглоомын бүр гүн рүү орохоор шийдэж Колумбийн парламентад сонгогдож чадсан юм.
Колумбийн хар тамхины наймаанд парламентийн олон улс төрчид оролцдог учраас дэлхийн хамгийн том мафийн сүлжээ Колумбад байдаг гэж үздэг байна. Хар тамхи энэ орны гэмт хэрэг, хорт хавдраар нас барагсад, хүн хулгайлах зэрэг хүчирхийллийн гол шалтгаан юм. Ингрид 1994 онд авилгалтай тэмцэх газрын бүрэн эрхт тэргүүнээр сонгогдож авилгалд идэгдсэн улстөрчидтэй хатуу тэмцэж байжээ. Түүний аминд халдахаар олон удаа оролдож, үхлийн хажуугаар ойрхон өнгөрч байсан болохоор хүүхдүүдээ гадаад руу явуулжээ. Түүний өрсөлдөгчид нэр хүндийг нь унагаахын тулд сонин хэвлэлээр гүтгэн бичиж бaйсан ч худал гэдгийг нотлож харуулж нэр цэвэр болохоо баталжээ. 1998 онд Ингрид өөрөө үүсгэн байгуулсан “Хүчилтөрөгчийн Намаа”-саа нэр дэвшиж олонхийн саналаар Сенатын гишүүн болжээ. Колумбын зөрчил тэмцлийг зогсоох оновчтой гарц бол илүү эрх мэдэлтэй ерөнхийлөгч болох гэж үзсэн Ингрид Бетанкурт сонгуульд өрсөлдөж эхлэжээ. Бетанкуртын үйл хэргийг хэсэг хугацаагаар ч болов зогсоох нь зарим нам, бүлэгт ашигтай байсан байж болох юм.
Зэвсэгт босогчидтой үг хэлээ ололцож, энх тайван цагийг тогтооно гэдэг тус улсын нэн тулгамдсан асуудал учраас босогчдын орогнодог ширэнгэн ойн бүс рүү орж хэлэлцээр хийхээр очиход нь түүнийг барьцаалсан юм. Ер нь Колумбын улс төрчид босогчдын бүс рүү орохоос бүгд цааргалдаг. Харин Ингрид ямар ч эрэгтэй улс төрчдөөс гараагүй зориг гаргаж 2002 оны хоёдугаар сарын 23 ны өдөр Сан Висентэ дэ Кагуа гэдэг мужид зэвсэгт бүлэглэлүүдийн орогнодог бүс рүү нэвтэрч тэдэнтэй ярилцахаар оролдоход нь түүнийг хулгайлжээ. Түүний ард Франц байгаа гэж үзсэн Зүүн Жигүүрийн зэвсэгт бүлэг ( зүүн, баруун жигүүр гэсэн хэдэн том бүлэглэлүүд бий, мөн жижиг бүлгүүд олон байдаг) Бетанкуртын төлөө тэдний шаардлагыг биелүүлнэ гэж тооцоолсоноос түүнийг хулгайлжээ. Босогчдын бүс рүү орохын өмнө Ингрид нөхөртөө
-Зэвсэгт босогч, энгийн иргэн ялгаагүй тэнд амьдарч байгаа хүмүүсийг би сонсож тэднийг ойлгох ёстой гэж хэлж байжээ. Мэдээж түүнийг босогчдын бүс рүү явахыг хүн бүр зогсоохыг оролдсон юм.
Ингридийн хамт 40 албан тушаалтнууд барьцаалагдаж байжээ. Фарк бүлэглэл засгийн газартаа шоронд хоригдож байгаа хэдэн зуун хоригдлуудыг суллаж, бараг цэргийн арми болсон зэвсэгт босогчдийн бүс рүү нь тавьж явуулах болзол тулгажээ. Колумбын удирдагчдад сонголт бараг байдаггүй. Босогчдын хэлсэн болгоноор хэдэн зуун мянган хэт даврагчид буюу хар тамхины наймаачдыг суллаад байвал юу болох нь тодорхой. Америкийн гудамжинд худалдаалагддаг хууль бус хар тамхины 94 хувийг Колумбачууд нийлүүлдэг. Үүнийг зогсоохоор Америкчууд Колумбад ядуурлыг бууруулах, боловсрол олгох зэргээр олон жил төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Жилд 3000 гаруй хүн барьцаалагддаг болохоор дэлхийн хамгийн их хүчирхийлэлтэй орон болоод удаж байна.
Улс төрийн тоглоомоо хүлээж байлаа
Колумбад барьцаалагдсан хүмүүст зориулсан радио суваг ажилладаг ба Ингридийн охин, хүү хоёр болон түүнийг дэмжигчид 7 хоногт гурван удаа түүнд бичсэн захидалаа уншдаг байжээ. Барьцаанд байхдаа Ингрид өлсгөлөн зарлаж түүний эрүүл мэнд муудсанаар талуудыг яаруулж хэлэлцээрийн ширээний ард суулгаж чадсанаар хэдэн сарын дараа эрх чөлөөгөө олж авчээ.
Ерөнхийлөгчийн карьер
2008 оны нэгдүгээр сард Фарк бүлэг Конгресийн гишүүн хатагтай Клара Рожасыг сулласан юм. Сарын дараа дахин дөрвөн хүнийг суллахад Ингрид Бетанкуртын эрүүл мэнд муудаж эхэлжээ. Дэлхий нийтээрээ түүний төлөө санаа зовниж, Парис хотод 7000 хүн оролцсон Ингридийг суллахыг шаардсан тайван жагсаал цуглаан болж байлаа.
2008 оны долдугаар сарын 2 нд 14 барьцааны хүний хамт Ингрид Бетанкурт ширэнгийн шоронгоос буюу босогчдын гараас чөлөөлөгдлөө. Нийслэл Боготагийн агаарын цэргийн баазад гэр бүлтэйгээ нийлсэн Ингрид улсынхаа ерөнхийлөгч Урибед болон Францын ерөнхийлөгч Саркозид талархсанаа илэрхийлжээ. Түүний царайнаас зургаан жил хэрхэн зовж байсныг харж болохоор байлаа. Колумбын төлөө зүтгэхэд одоо ч бэлэн байгаагаа хэлээд, ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Францын ерөнхийлөгч Ингрид Бетанкуртад улсынхаа “Үндэсний Гавьяаны Одон”-оор шагнаж –Та бол Итгэл Найдварын Билгэ Тэмдэг, Франц орон танд хайртай гэж хэлжээ.
"Цаг төр-хүмүүс" сэтгүүл /№45/