Секс сайхан зүйл боловч зовлон бэрхшээлийг ч бас дагуулдаг
Ээж аавууд хүүхэддээ сексийн харьцааны талаар юу хэлж өгдөг вэ? Ихэнх нь юу ч ярьдаггүй. Бид үр хүүхдийнхээ нөхөн үржихүйн боловсролд ямар зүйл хэлж өгөх ёстой болон бэлгийн замын халдварт өвчин, үргүйдэл гээд олон сэдвээр анагаах ухааны магистр, секс судлаач Т.Дан-Аажавтай ярилцлаа.
- Сексийн харилцааны талаарх ойлголтыг хэдийнээс хүүхдэд өгөх ёстой вэ?
- Хүүхэд гэдэг бол жижигхэн хүн юм. Эхийн хэвлийд бүрэлдсэн үеэсээ хүн төрөхийг олдог. Хүүхэд гэхээр томчууд тусдаа юм шиг ойлгодог. Бага насанд бол хүн болох, ертөнцийг танин мэдэх бүх үйл явц эрчимтэй хөгжиж байдаг. Секс, бэлгийн амьдрал гэдэг нь хүний төрөлхийн, зөн билгийн, язгуур байгалиас заяагдсан өгөгдөл байдаг. Тэр нь насанд хүрэх үед идэвхижээд бэлгийн амьдралд ордог. Тэгэхээр нярай хүүхдэд ч бэлгийн мэдрэмж байна. Гар, хуруугаа хөхнө гэдэг бол нэг талаас нь авч үзвэл бэлгийн мэдрэмж юм. Тэгээд жаахан томроод ирэхээрээ аав, ээжийнхээ яагаад хамт унтаж байгаа талаар сонирхож асууж эхэлдэг. Тэр бол цаанаасаа зөн билгээрээ энэ хоёр хамт байх шаардлага байна гэдгийг мэдэрч байгаа хэрэг. Хүүхдэд байдаг бэлгийн мэдрэхүй нь сексийн боловсрол, мэдлэгтэй хамт өсч хөгжидөг. Шинэ мэдээлэл ойлголт авсаар байгаад бэлгийн харилцаанд орох үедээ бие хүн болон төлөвшдөг. Манайд байгаа хамгийн том дутагдал нь аав ээж, багш, ах эгч нь бүгд нуухыг оролддог. Тийм юм байдаггүй шахуу юм хэлдэг. Үүнийг нууж болохгүй, нас насанд нь тохирсон мэдээлэл өгөх хэрэгтэй.
- Нас насанд тохирсон мэдлэг гэхээр эцэг эхчүүд сайн мэдэхгүй байгаа байх. Та энэ талаар дэлгэрэнгүй зөвлөвөл...
- Бэлгийн амьдрал гэдэг бол насанд хүрсэн, гэр бүл болсон хүмүүсийн хоорондох харьцаа юм шүү гэдгийг ойлгоуулах ёстой. Тэр болтлоо энэ харьцаанд бэлтгэгдэг, биед янз бүрийн өөрчлөлт явагддаг гэдгийг хэлж өгнө. 3-5 насны хүүхэд өөрийн тархин дахь суурь мэдээллийн талаас илүүг нь олж авдаг. Юмыг таньж мэдэх ийм эрчимтэй насанд нь бид бодит байдлыг хэлж өгч байх нь зүйтэй. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамт унтдаг, энэ хоёрын дундаас үр хүүхэд бүрэлддэг юм, энэ бол бэлгийн харьцаа гэдэг зүйлээр бий болдог гэхчилэн хэлэх ёстой. Ингэж зөв мэдүүлэхгүйгээс болоод янз бүрийн гадны бодит бус мэдээллийг үнэн, зөв гэж итгэхэд хүрдэг. Хамгийн энгийн зүйл бол яагаад эрэгтэй хүн босоогоор, эмэгтэй нь сууж бие засдаг гэхээр эр, эм хоёр хүний бэлэг эрхтэн өөр байдаг үүнээс шалтгаалдаг гэдгийг хэлээд өгөх хэрэгтэй. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжсөн энэ үед эротик кино гээд янз бүрийн юм гарч байгаа. Түүнийг хүүхэд тэртээ тэргүй үзэж, мэдэж байгаа. Тэр олж авсан мэдээллээс нь илүү гарсан үнэн мэдээлэл өгч баймаар байна. Мөн шилжилтийн насанд гарах биеийн өөрчлөлт, сарын тэмдэг, суга цавиар үс ургах, хоолой бүдүүрэх, хөх ургана гэдэг нь бэлгийн бойжилтын хоёр дах үе гэдэг юм гэхчилэн тайлбарлан хэлж өгөх зүйл олон байгаа. Эрэгтэй хүүхэд шүилжилтийн насан дээрээ хамгийн их зовдог. Бэлэг эрхтэн нь хөвчрөөд байдаг, оролдохоор улам сэдэрдэг яахаа мэддэггүй.
- Зарим тохиолдолд яахаа мэдэхгүй байгаа залуус гар хангалга хийдэг. Энэ нь гаж зуршил болдог гэсэн ойлголт байдаг. Энэ зөв мэдээлэл үү?
- Шилжилтийн насны хөвгүүдийн дийлэнх нь гар хангалга хийдэг гэсэн судалгаа бий. Гар хангалгыг гаж дон гэж үздэггүй секс судлалын ухаанд. Нэг үе айхтар их хориглож, гаж буруу гэж үзэж байсан. Гэхдээ энэ нь сексийг орлох нэг хэлбэр. Амьдрал нь төлөвшөөгүй, гэрлээгүй ямар ч хүнд сексийн дур хүсэл байдаг. Биологийн энэ шаардлагаа өөрөө зохицуулж байгаа хэлбэр юм. Эрсдэлтэй, хамгаалалтгүй сексийн харьцаанаас аюулгүй. Гэхдээ гар хангалгыг удаан хийвэл бэлгийн амьдрал нь өөрчлөгдөөд, сулралтай болох, зөв харьцаанд ороход бэлгийн чадвар нь сулрах, түүндээ дасаад гаж зуршил болох талтай. Тиймээс хэр хэмжээг нь тохируулах ёстой.
- Бэлгийн чадавх сайжруулах эм бэлдмэл хэрэглэх, тухайн бүтээгдэхүүнийг сурталчлах явдал их байгаа. Хэрэглэх нь ямар үр нөлөөтэй вэ?
- Янз бүрийн эм бэлдмэл зах зээл дээр байгаа. Арав давсан босоо аварга гэх мэтээр рекламдаад л. Энэ нь биологийн идэвхтэй бодис, олон төрлийн витамин, янз бүрийн гармон агуулсан биеийн болон бэлгийн чадавхийг сайжруулах үйлчилгээтэй. Гэвч нөхөн үржихүйн насны, бэлгийн амьдрал нь хэвийн хүмүүс хэрэглэх нь тохиромжгүй. Өөрийнхөө боломжоор явах ёстой. Эмчийн заавар зөвлөгөөгөөр нас нь хэвийсэн хүмүүс, янз бүрийн асуудал тулгарсан хүмүүс хэрэглэж болно. Гэхдээ зөвхөн эмчийн заавраар уух ёстой. Секс нь нэг талаасаа сайхан зүйл боловч нөгөө талаасаа зовлон бэрхшээлийг бас дагуулж байдаг. Хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг зүйл. Эхнэр нөхөр хоёр хоюулаа дур ханамжтай байхгүй бол асуудал үүсч сэтгэлийн нандин харьцаа тасалдал гарч ирдэг. Бие биедээ хайртай, ухаантай гэр бүл бэлгийн амьдралдаа анхаарал тавьдаг. Хайр байгаа цагт секс байдаг. Секс байгаа цагт хайр байдаг. Эрэгтэй хүнд бэлгийн сулрал, эмэгтэй хүнд бэлгийн хөрөлт гэж том бэрхшээл байна.
- Бэлгийн замбараагүй харьцаа нь залуусыг эрсдэлтэй байдалд хүргэдэг.
- Гэр бүлийн хос хоёрын найдвартай бус харьцаа, нэг биш олон сексийн хамтрагчтай байснаас маш олон төрлийн бэлгийн замын халдварт өвчнүүд газар авч байгаа. Нандин харьцааг эрхэмлэх, найдвартай байх нь хос болгоны, хүн бүрийн үүрэг. Эрэгтэй, эмэгтэй аль аль хүнд гэр бүлээс гадуурх харьцаа, өөр хүнийг хүсэх өгөгдөл байгалиас байдаг. Сургууль соёлоо төгсөж, биеэ авч явах хэмжээнд очоод, 30 хүрч хүнтэй сууя гэсэн хандлага залуусын дунд ажиглагдах болсон. Энэ нь зөв ч тэр болтлоо бэлгийн амьдралын хэрэгцээгээ хангах шаардлага гардаг. Баар, саун, массаж, буудалд маш аймшигтай дүр төрх харагдаж байгаа. Нүдээ аниад харанхуй ангал руу орох гэж байгаатай адил зүйл. Гэтэл бэлгийн дур хүсэл нэг хөдөлбөл юунд ч баригддаггүй, хоригддоггүй хүсэл шунал байдаг. Саун бол маш их өвчин тараадаг газар. Учир нь халуун, чийглэг орчинд бүх төрлийн нян, ялангуяа бэлгийн халдварын нянгуудын өсөх таатай нөхцөл болдог. Микроскопоор харвал тэндхийн агаар, шал, орон дээр үй түмээрээ язганаж байгаа. Түүн дээр хүн нүцгэлээд сууна гэдэг...
- Таны хамгийн эмзэглэж явдаг зүйл юу вэ? Секслогич хүний хувьд...
- Бэлгийн замын халдвараар олон дахин өвднө гэдэг бол эм тарианд дасалтай болдог. Сүүлийн их сонсогдоод байгаа мөөгөнцөр гэдэг зүйл чинь антибиотикийн эсрэг хүний биеийн үзүүлж байгаа хариу урвал. Дутуу эмчилбэл маш сөрөг нөлөөтэй. Тэр тусмаа эрэгтэй хүнд. Дотор бэлэг эрхтэн төмсөг, түрүү булчирхай, үрийн хоолойдоо өвчин орж эмчилэхэд хэцүү болж, урхаг нөлөө нь ч ихэсдэг, халдвар тараадаг. Бэлгийн булчирхай өвчилнө, ингэснээр бэлгийн амьдралд том асуудал тулгардаг. Үүнээс гадна дэг журамтай нийгмээс ардчилалд шилжсэнээс хойш хүний сэтгэлгээ чөлөөтэй болсон. Усыг боож байгаад задлахаар хүчтэй түрдэг шиг энэ жилүүдэд сөрөг юм их ажиглагдсан. Бэлгийн амьдрал гэдэг бол аль ч нийгэм аль ч цаг үед нандин зүйл. Энэ алдагдаад, Европын орнуудын зүйлд авах гээхийн ухаанаар хандахгүй, яаж болох юм шиг төсөөлснөөс халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт гээд асуудлууд гарч байгаа.
- Үргүйдэл гэдэг зарим талаар нийгмийн хамгийн эмзэг асуудал байдаг. бэлгийн замын халдвар үүнд нөлөөтэй юу?
- Үргүйдлийг оношлоход хэцүү. Эмнэлгээр яваад учир нь олдохгүй байх тохиолдол олон байдаг. Үргүйдэл олон шалтгаантай байдаг ч үүний нэлээд хэсгийг бэлгийн замын халдвараар олон дахин өвчилсөнөөс болдог. Эмэгтэй хүмүүст дотор бэлэг эрхтний наалдангитай болчихдог. Эрэгтэй хүнд үрийн суваг гэмтэх, түрүү булчирхайн чадвар муудах гээд олон шалтгаан байдаг. Товчдоо хэлбэл бэлгийн замын халдвараар дахин дахин өвдөх нь үргүйдлийн шалтгаан болж болно. Тэгэхдээ ганцхан үүнээс болно гэж ойлгож болохгүй.
- Үр хөндүүлэх нь бэлгийн амьдалд ямар нөлөө үзүүлдэг вэ?
- Үр хөндөлт олон талын сөрөг нөлөөтэй гэж их ярьдаг. Харамсалтай нь хүмүүс мэдсээр байж абортод орсоор байгаа. Энэ нь үргүйдлийн маш том шалтгаан болдог. Сарын тэмдэг тогтворгүй болох, мөчлөг алдагддаг, бэлгийн амьдралын идэвхгүй, хөрөлтөд хүргэнэ. Мэдээж хэрэг биед зовиуртай байгаа болохоор яаж сексийн сэтгэл ханамж үүсэх билээ. Тэгэхээр манай залуус бэлгийн амьдралын соёл, дэг журам гээч зүйлийг өөрийнхөө хэмжээнд бий болгон авч яваасай гэж хүсдэг.
- Сэтгэл зүйн дарамт сексийн амьдралд...
- Шууд нам цохино. Сэтгэл гэдэг бол секс. Сэтгэл байвал сексийг бие оролцохгүйгээр хийж болно. Сайхан тэврэлт, үнсэлт, харц хүртэл сексийн төрөл. Секс бол уусах хайр. Сэтгэл санаа таагүй, муу энергитэй байхад секс хэзээ ч сайхан байхгүй. Сексийг хамгийн чөлөөтэй байх орчинд, сэтгэл санаа сайхан байх үед хийх хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Бэлгийн таашаал авах хэлбэрүүд байх л даа... Секс бол секс... Нээрээ аймар гоё нүдтэй нээх хөөрхөн үүхэнтэй өөд өөдөөсөө хараад инээмсгэлэх ч бас сайхан шүү тээ... Хамаг бие салгалж хачин болоод л... Гаднаа мэдэгдэхгүй гэж хичээгээл...