Хөгжил бол эмх цэгц, тав тухын цогц
Хөгжил бол эмх цэгц, тав тухын цогц
Монгол Улсаас Польшт суугаа элчин сайдын яамны зөвлөх Б.Дорж өөрийн уран бүтээлийн дөрөвдэхь номоо хэвлүүлэхээр явж байхтай тааран дараах ярилцлагыг авлаа. Тэрээр олон жил Европын орнуудад дипломат алба хашиж байгаагаас гадна эх нутаг, байгал дэлхий, хүн зоны амьдрал, ахуйн тухай олон шүлэг бичжээ. Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчуудын сүлд дуу гэж болох “Чингис хаан” хамтлагийн “Харийн нутаг давчдаад байна” дууны үгийг бичжээ.
- Сүүлийн үед туурвиж байгаа уран бүтээлийнхээ сониноос манай уншигчидтай хуваалцахгүй юу?
- Уран бүтээлийн хувьд сурагч байх үеэсээ зураг зурж, шүлэг бичдэг байлаа. Одоо хэвлэлтэд өгөхөөр зэхээд байгаа ном маань “Нам гүмийн чимээ” нэртэйгээр уншигчдад хүрнэ. Үүнээс өмнө гурван ном гаргасан. Яруу найргийн хувьд бичих нь гол гэж бодож явснаас хэвлүүлье гаргая гэсэн зорилго тавьж явсаар 1999 онд анхны номоо хэвлүүлсэн. 1999 онд “Би чамд хайртай” хэмээх анхныхаа номыг хэвлүүлсэн. 2007 онд “Саруул тэнгисийн хөвөөнд”, “Намайг хөглөх орчлон” хэмээх хоёр номоо гаргасан.
- Яруу найраг гэдэг таныхаар юу вэ?
- Яруу найраг миний амь, амьдрал. Яруу найрагийг бичдэггүй. Яруу найраг төрдөг. Зарим найз нөхөд маань намайг төрийн алба хааж байгаа хүн хэзээ завандаа амжуулдаг байна хэмээн гайхдаг. Шүлгийг бодож суугаад бичдэг бус гэнэт өөрөө орж ирдэг юм. Тэр үед нь цаасан дээр марталгүй буулгаж амжих хэрэгтэй. Би олон шүлгээ цонхоор мэлтийх сарны гэрэл, харь орны шөнийн бүүдгэр тэнгэр харж бичсэн. Миний номуудыг уншаад үзвэл анзаарагдана.
- Дипломат алба хашиж байгаа хүний хувьд асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Польш Монгол хоёр улсын харилцааны талаар...
- Варшав дахь элчин сайдын яаманд хэд хэдэн удаа томилогдон ажиллаа. Одоо элчин сайдын яамны зөвлөх хийж байгаа. Хоёр орны харилцаа эрчимтэй өргөжиж байгаа. Сүүлийн жилүүдэд худалдаа тав дахин өсч Польшид суралцах оюутны тоог хоёр дахин нэмэгдлээ. Энэ оны зургадугаар сарын 7-нд Польш улсад ажиллаж амьдарч монголчуудынхаа наадмыг Ленчица хотод манай ЭСЯ зохион байгуулсан. Хоёр монгол гэр, асар майхан барьж, 32 бөх барилдаж, шагай болон сур харвасан. 13-р зуунд Монголын их гүрэнд очиж, Гүюг хаанд бараалхаж байсан Бенедикт Полак хэмээх хуврагийн аялалын ойгоор монголчуудыг наадмаа хамтран тэмдэглэхийг Ленчица хотын захиргаанаас хүссэн юм. Монгол наадам энэ мужийн польшуудын сонирхлыг их татсан. Монголын өвөрмөц соёл урлаг, зан заншил, хувцсыг ихээр сонирхосон.
- Польшид олон Монгол хүн амьдарч байгаа юу? Монголыг зорих жуулчдын тоо ямархуу байна?
- Ойролцоо тооцоогоор эмч нар тэдний гэр бүлийн хүмүүс голдуу 1000 орчим монгол иргэн Польшид амьдарч байна. Польшоос монголыг зорих жуулчдын тоо бол жилээс жилд өсч ойролцоогоор 1000 орчим хүн Монголд жуулчлахаар ирж байна. Польшийн залуус Монгол орны байгалийн сайхныг үзэх зорилгоор ирж, Польшдоо эргэж очоод монголоор аялсан тухайгаа бичиж, үзэсгэлэн гаргадаг. Энэ нь Польшоос жуулчид нэмэгдэхэд тус нэмэр болж байна.
- Гадаадад амьдарч, ажиллаж байгаад ирсэн хүмүүсийн хувьд хөгжлийг арай өөр нүдээр хардаг. Таны хувьд манай улсын хөгжил ямар хурдаар явж байна вэ?
- Ардчиллын замаар 20 шахам жил зүтгэсэн ч эх орон минь их л удаан хөгжиж буй нь харамсалтай. Польш, Латви, Литва, Эстони зэрэг ямар хурдацтай хөгжиж буйг харьцуулж бодоход тэр шүү дээ
- Манайхан гадагшаа гарч ажиллахыг чухалчилдаг болсон. Польшид ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоо хэр байдаг бол?
- Польшид ажиллах боломж бий. Ялангуяа барилга, оёдлын үйлдвэрийн салбаруудад ажиллах хүч дутагдаж байгаа тал ажиглагддаг. Цөөхөн ч болов монгол хүн Польшид ажиллаж ахуй амьдралдаа тус нэмэр болоосой гэж хүсч манай Элчин сайдын яам дэмжиж ажиллаж ирсэн. Нэг зүйлийг анхааруулж захихад Польш руу явах монголчууд эндээс явахаасаа өмнө гэрээгээ зохих ёсоор байгуулж, очоод авах цалин, эрүүл мэндийн даатгал, баталгаагаа нарийн тохирч, мэдэж авсны үндсэн дээр очиж байгаарай. Манайхны ярьдагаар “бор зүрхээрээ” бусдын үгэнд хууртан очоод цалин мөнгөө бүрэн авч чадахгүй элдэв бэрхшээл, хүндрэлтэй учрах байдал ажиглагдаж байгаа.
- Польш орны юу нь таны сэтгэлд хамгийн ойр байдаг вэ?
- Польш орон Европын холбоонд чухал байр суурийг эзэлдэг том орон. Европын холбооны Дорно зүгийн бодлогод чухал байр суурь эзлэх зорилт тавиад ажиллаж байгаа орон. Польш хүмүүс манайхантай их төстэй мэт санагддаг. Польш улс эрчимтэй хөгжиж байгаа нь нүднээ илт харагдаж байна. Байгалийн үзэсгэлэнт газруудтай. Хойд талд нь Балтийн тэнгис, өмнөд хэсэгт нь Татрын өндөр уулс бий. Би тэдгээрт очиж амрах дуртай.
- Хөгжил гэж таныхаар юу вэ? Хөгжилтэй орнуудад олон жил ажилласан хүний хувьд...
- Хөгжлийг манайхан соёлтой холбож андуурдаг. Манай улс агуу их түүх, соёлтой орон шүү дээ. Хүн төрөлхтний түүхэнд морин хуур, уртын дуу, хөөмий, монгол гэр гээд агуу зүйл олныг оруулсан. Түүхийн явцад Монгол Улс өндөр хөгжилтэй, техник технологиор дэлхийд тэргүүлж байсан учраас их гүрнээ мандуулж явсан шүү дээ. 18, 19 дүгээр зуунаас дэлхийн бусад хэсэгт хөгжил хурдасч манайх зогсонги байдалд орсны улмаас хоцорч эхэлсэн. Хөгжил гэж эмх цэгц, тав тухын нэгдэл, түүний бүрдлийн түвшин юм гэж би хувьдаа гэж боддог. Жишээлбэл, уулын аманд сайхан байшин барьлаа гэж бодъё. Тэнд нь очих зам харгуй байхгүй, дэд бүтэц нь шийдэгдээгүй байна гэдэг эмх цэгцгүй байгаагийн шинж. Эсвэл өргөн сайхан гудамжтай, өндөр сайхан барилгатай ч тав тухыг бий болгоогүй, хүний төлөө биш нийгэмтэй улс орон бий. Баруун Европын орнуудад энэ хоёр зүйлийн харьцаа маш өндөр байдаг ч наашлах тусмаа багассаар Монголд ирэхэд эмх цэгц ч үгүй, тав тух ч алга байна. Цөөн хэдэн хүний тав тухыг эс тооцвол...
- Жилдээ нэг удаа нутагтаа ирдэг гэсэн. Өнгөрсөн жилээс сайжирсан зүйл байна уу?
Энэ жил ирэхэд яг сонгуулийн үе таарлаа. Их харамсалтай санагдаж байна. Хамгийн наад зах нь Улаанбаатарын зам харгуй улам л эвдэрч хэмхэрч гар хүрсэн шинж алга. Гэтэл хүн болгон шахуу л сонгуульд нэр дэвшээд ичих ч үгүй том том юм яриад явж байх юм. УИХ-д нэр дэвших нь баяжих, жаргахын эх үүсвэр мэт, сонгууль нь сугалаа мэт болсон нь харамсалтай. УИХ-д нэр дэвших нь мэдлэгтэй чадвартай хүмүүсийн хийх ажил болж, улс орныхоо төлөө бие хайргүй зүтгэх хүмүүс л сонирхох болсон цагт л манайд байдал овоо сайжирчээ гэж үзэж болох юм. Улаанбаатарт ирээд гадуур дотуур гавьтай явсангүй. Туул гол бараг ширгэжээ. Улаанбаатарын ундны усаар хангаж байгаа энэ гол ширгэвэл яанаа гэж бодохоос гол харламаар. Зөвхөн хэрэглээ биш бидний амьдрал, жаргалын билэгдэл шүү дээ. Туул голд цутгаж байгаа гол, горхины эхийг сэргээх, тахиж онголох, уул ус ургамал модыг үл хөндөх нь зүй. Энэ Гандан хийд, лам хуврагууд юу хийж байна вэ? Эцсийн эцэст бид бүхний л анхаарах зүйл ....
- Яруу найраг, төрийн алба хоёрын аль нэгийг сонго гэвэл...
- Шүлгээ л сонгоно. Яруу найраг гэдэг бол миний амь амьдрал гэж би хэлсэн. Харин эрдэм номын мөр хөөж, өдий зэрэгтэй яваа минь Монгол төрийн буян. Төрдөө зүтгэж, түмэндээ хэрэгтэй зүйл хийхсэн л гэж зорьж явна даа. Төр гэдэг ойлголтыг би зарим хүмүүсээс арай өөрөөр ойлгодог юм.
-
ийм юмнуууд гараад бнааа.