Сайхан наадаарай
Та бүхэндээ ардын хувьсгалын 86-н жилийн ойн баярын мэнд хүргэе. Хөлстэй тохом, хүүхдийн гийнгоо, бөхчүүдийн дэвээ, сурын уухай энэ бүхэн монгол түмний хийморийг жилдээ ганц сэргээж, баясал цэнгэлийг авчирдахг гэхэд болно. Урин дулаан цаг болоод ч тэрүү энэ баяр бусад баяраас арай өргөн дэлгэр болдог байж болох. Гэвч зугаа цэнгэл архи дарс нь арай л ихдээд байх шиг санагдаад. Өнөөдрөөс баяраа тэмдэглээд эхэлчихжээ хүмүүс... Морь бөх гээд сүйд болоод байдаггүй ч монгол хүний ген цаанаасаа догдлуулаад байгаагаа нууж чадахгүй нь . Хүй долоон худагт очиж морьдын бариаг ганц ч удаа үзэж байгаагүй юм байна. Телевизээр баян ходоодны даагыг хараад өөрийн эрхгүй нулимс гардаг шүү. Үнэхээр унасан хүүхэд, уралдсан хүлэг хоёр нялхаараа, яг л хүү шиг минь санагдаад байдаг юм. Оодон сүүлээ хаялаад залхуутай сажилж, унаач хүү нулимстай байгаа нь нүдэнд харагдах шиг. Дээрээс нь наадмын хуушуур гээд манайхан сүйд болноо. Цэнгэлдэхийн гаднаас хуушуур авч идвэл амттай ч юм шиг. Харин түүнийг хийж байгаа хүмүүс хаана, юуны махаар хийсэн бол гэж хааяа боддог л юм. Гэхдээ жилдээ бараг ганц хуушуурдаж байгаа юм чинь гээд нэг их эрээлээд сүйд болдоггүй юмаа. Наадам сайхан. Найр нь хавтгайраад, ажил нь хаягдчихгүй бол ч бүр янзын. За за үг олдож үхэр холдлоо гэхгүй юу? Хэ хэ. Сайхан наадаарай монгол түмэн минь.