Хүний амиар наадсан, хөгжлийн гэгдэх мянганы зам
Багануур орохоор их л урамтай гарсан юмсан. Даанч хоёрхон жилийн өмнө сүр дуулиантайхан нээж байсан мянганы замын хэвтээ тэнхлэгийн Төв аймгийн Эрдэнэ сумаас Багануур орсон 50-иад километр зам энд тэндээ цөм үсэрч нилээд олон машин осолдож, бас ч үгүй хэдэн хүний амиар "наадаад" авсан сурагтай. Тэгээд нөгөө "сайхан" замаа дахиад л барьж байгаа нь энэ гээд хаачихаж. Анх тавигдаж эхлэнгүүтээ ажиллаж байсан нэг залуу зам индүүддэг машиндаа дайруулаад өнгөрч байсан гашуун түүх бий. Зам барих нь буруу зүйл гэж ер хэлээгүй. Харин өргөнөөс нь сайд дарга нар "хусаад", зузаанаас нь хужаа нар "хусаад" зам маань харин там болж, хөгжлийн гэж хөөрцөглөж байсан зам хүмүүст айдас түгшүүр авчираад байна. Нэг талдаа бараг 3 орчим цаг явдаг байснаа одоо 1 цаг 30 минут яваад очиж байгаа нь яах аргагүй замын буян. Гэвч анхнаас нь чанартай сайн бариулчихгүй өнгөрсөн хойно дахин дахин гарлага дайруулж, дээр нь хүний алтан амиар тоглуулсаныхаа дараа акт энэ тэр тогтоож байдаг ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гээчийн үлгэр болж байгаад л хамаг учир байгаа юм. Ямар ч ажил хийсэн араас нь нэхэл дагал болгодог явдал одоо цагт гэм биш зан болоод байна. Өч төчнөөн хөрөнгө гаргаж, гадааддаас гуйлга гуйж тавьж байгаа замынхаа байж байгаа царайг нь харах хэрэгтэй. Ямар ч ажлыг улс хүлээж аваад ашиглалтын баталгаа тодорхой хугацаагаар гүйцэтгэж буй байгууллагаас авч баймаар юм. Уул нь энэ сайд дарга нар маань надаас дор сэтгэдэг байна гэж баймгүй юм шиг. Харин тэдэнд монголоо гэсэн сэтгэлгээнээс илүү өөрийнх нь халаас чухал байгаа байх л даа. Харамсаж байна.