Цаг гарга
Энэ шүлгийн нэрийг мэдэхгүй болохоороо өөрийнхөөрөө цаг гарга гээд нэрлэчихлээ. Эхлээд энэ хэдхэн мөрүүдийг уншчих. Магадгүй та мэддэг байж болох юм. Харин хэрэгжүүлж байсан уу? Үнэхээр доорхи зүйлсийн алинд цаг гаргаж чадаж байна, алинд нь цаг гаргаж чадахгүй явна вэ? Хариулах гээд оролдоод үзээрэй.
Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
Үнэхээр зарим нэг нь амьдралд нухлагдаад инээж баясахад, найз нөхөдтэйгээ уулзахад цаг гаргаж чадахгүй яваа бол харин зарим нь хэтэрхий давилуун зангаасаа болж уншиж мэдэхэд, ухаарч ойлгоход, өглөг хишигт цаг гаргаж чадахгүй л яваа байх. Миний хувьд үүнийг уншаад ихийг ойлгож байна. Үргэлж амьдрал минь ийм байгаа ч уу үгүй юу? Маргааш хэн яаж амьдрахыг хэлж таахын аргагүй. Уруу дорой яваа нэгнээсээ нүүр буруулан зугатаах нь тийм ч сайны шинж биш байх. Гэлээ гээд очоод наалдаад байх ч утгагүй. Ёстой жорыг нь тааруулаад хааяа нэг тус хүргэж байвал боллоо. Өөрөө өөрийнхөө чадал чинээгээрээ байхад болно гэж боддог.Арван хуруу тэгш, өндөг шиг өөгүй хүн байхгүй л дээ. Гэхдээ аль болох өөртөө, өрөөлдөө, хайр сэтгэлдээ, ар гэртээ, аав ээждээ цаг гаргаж байюал зүгээр. Түүнээс би амьдралаа авч явж байна гээд энэ бүхнээ умартаад зүтгээд байх нь утгагүй. Өнөөдрийн өмсөх хувцас, идэх хоолноос илүү сэтгэл гэж нэг юм байнаа даа. Ходоод биш сэтгэл өлсвөл хүн яах бол? Ганцаардана, гунина.. Мэдэхгүшй ээ... Лав л хоосон хоносноос хавьгүй хүнд байх болов уу гэж бодож байна. Хэн нэгэн хайртай хүнээ, бас өөрийгөө сэтгэлээр нь өлсгөхгүй байхын тулд тэдэндээ бас өөртөө "ЦАГ ГАРГААРАЙ" ХҮМҮҮСЭЭ.