Урт шүү... Гэхдээл уншуулмаар байна
2009-06-24,09:05
Тэтгэвэрийнхэн
“Хүн хөгшрөхөөрөө ажил хийх чадваргүй болдог гэв үү? Ямар ажил тэр билээ? Залуу хүнд тохирох хүч чадал шаардсан ажлууд бий л дээ. Гэхдээ бие нь суларсан ч ухаан саруул өвгөн хүнд хийчихмээр юм ер байдаггүй гэсэн үг үү?
М.Сундуй: Хэзээ тэтгэвэрт гар гэх бол гэхээс яс хавтайгаад...
“3а гавъяаныхаа амралтыг эдлээд сайхан байгаа биз дээ” хэмээн асуувал “Дүү хүү тэтгэврийн хөгшний янзыг үзэх гээ юу, эсвэл үнэхээр бидний амьдрал ахуй, сэтгэл санаа ямар байгааг сонирхож байна уу” гэлээ. Ах зах хүний янзыг үзэх зүрх хаа байхав дээ. Ийм зүйл бичих гээд л явж байна хэмээн учирлавал “Надад ч ярих юм их бий дээ” гэснээ “Тэтгэвэртээ гар гэж хэзээ хэлэх бол гэхээс яс хавтайдаг байлаа. Удахгүй энэ ажлаас “хөөгдөөд” гарна даа гэхээс гэртээ харимааргүй үе зөндөө байсан гэв. “Хөгшин хүн үхсэн хүн хоёр ялгаагүй” гэдэг үгийг сонсоод солиорч байгаа юм шүү гэж боддог байлаа. Харин одоо өөрийнхөө биеэр мэдэрч байна. Тэтгэвэртээ гараад л маргаашнаас нь хүмүүс намайг “Энэ муу хөгшин. Одоо ч больж дээ” гэх маягаар харах юм гэснээр бидний яриа өндөрлөлөө.
Манай байрныхан бүгдээрээ Сундуй гуайг андахгүй. Хэзээний л хөнгөн шингэн, их эртэч хүн байсан. Одоо ч хэвээрээ. Насаараа хийсэн ажил нь өглөөний нартай уралдан эхэлдэг байсан болоод тэр биз. “Хэзээ намайг тэтгэвэртээ гар гэж хэлэх бол гэхээс яс хавтайдаг байсан” гэж хэлэхдээ тэрээр яг тэр үгийг хэрхэн хүлээж авч байснаа эргэн санах шиг шүүрс алдан хэсэг чимээгүй суусан юм. Хүн ер нь ажил хийж мөнгө олохдоо ч гол нь биш хамт олондоо, тэр муу умгар өрөөндөө, эсвэл асааж ажиллуулдаг машин техниктээ тун их дасдаг юм билээ гэж аав маань ч бас тэтгэвэртээ суусан хойноо хэлж байсан нь санаанд орлоо. Тэр ч битгий хэл тэтгэвэртээ гарах мэдэгдэл аваад шууд зүрх нь зогссон тохиолдол байдаг юм билээ. Тийм болохоор энэ асуудал дээр нэлээд эмзэг хандах хэрэгтэй юм шиг санагддаг. Нэг л өдөр тэтгэвэртээ суу, гавъяаныхаа амралтыг эдэл гэж хэлдэг. Хамт олонтойгоо бужигнаж, сэтгэлээрээ залуужиж явсан хүнд тэр үг “Та хэнд ч хэрэггүй боллоо” гэдэгтэй адилхан сонсогддог биз. Өөрөө л хүсэхгүй бол заавал гэрт нь суулгах алба байгаа ч юм уу? Зөвлөх энэ тэрээр үлдээлээ, таны цалин мөнгө иймэрхүү шүү гээд нөгөөх нь тэтгэврийнх нь хэмжээний байж болмоор л санагддаг. Тэртэй, тэргүй л тийм хэмжээний мөнгө улсын халааснаас гарч байгаа юм чинь. Хөөрхий нэг муу өвгөн ажил дээрээ ирэн очин л байна биз. Та дуртай цагтаа ирж бай гэхэд л болмоор. Харин өнөөдөр байдал ямархуу байгаа билээ. Жилдээ хоёрхон удаа ажлынхаа хаалгаар “шагайх эрхтэй”. Ахмадын баяр, цагаан сар хоёроор л урилга, заллага аваад хөөрч баярласан хэдэн хөгшин бие бие рүүгээ утасдаж хөл хөөрцөг болцгооно.
Сундуй гуайтай хэсэг хөөрөлдөөд дараа нь тэдний “ангийнхантай” нь уулзахаар гарлаа. Цугладаг газар нь энэ хэдэн байрны дундах хүүхдийн тоглоомын талбайн дөрвөн талдаа урт сандал бүхий бяцхан ширээтэй сүүдрэвч. Энд л өвгөд цуглаж үдийн цай хүртэл “жаран харыг” нүднэ дээ. Хамт суухад зугаатай ч юм шиг, ийм сайхан хүмүүсийг ингээд л хөөгөөд явуулчихдаг гэж бодохоор харамсмаар ч юм шиг. Өдрийн турш тэдэнтэй суухдаа өвчин зовлон хэлж, болохгүй бүтэхгүй гэсэн үг сонссонгүй. Амнаас гарч байгаа үгс нь амьдралын, ажлын бөөн туршлага. Чагнаад суухад бахархмаар. Даан ч тэднийг өнөөдөр хэн ч тоохгүй. Яагаад гэвэл тэд тэтгэвэртээ суусан улс. Өвгөд юу эсийг ярихав. Улс төрөөс өгсүүлээд авч өгнө. Өчигдөр зурагтаар гарсан зүйлүүд тэдний ярианы гол сэдэв. Шавиагаа ханатал ярьсан хөгшчүүд үд дунд нэг завсарлаад эргээд л цугларна. Нөгөөхөө нүднэ. Оройхон тийшээ хожсон, хожигдсон хамаагүй гаргаж тавьсан мөнгөө нийлүүлээд ганц шил юм авна. Түүнийгээ ёс төртэйхэн, бас сэмхэн хувааж хүртээд сая гэр гэрийн зүг оддог ажээ. Гэхдээ маргааш төдөн цагт уулзана шүү гэх зэрэг үгийг бие биендээ огтхон ч хэлсэнгүй. Тэдний хувьд ийм дүр зураг аль хэдийнэ амьдралын нь нэгэн хэв маяг болжээ. Тэтгэвэртээ гарснаасаа хойш хүн сэтгэлээрээ их амархан хөгширчихдөг юм шиг санагдаж байсныг ч нуух юун. Арга ч үгүй биз дээ. Тэтгэвэрийн гэхээр л ядарсан эрүү, өвдөг нь нийлэх шахсан хөгшчүүд санаанд буудаг болохоор ажил хийх чадвартай Сундуй гуай шиг хүнийг хэн ч “авч хэлэлцэхгүй”. Хүн өөрөө хүсээд тэтгэвэртээ сууя гэвэл суулгалгүй яахав. Харин ажлаасаа салж ядаж байгаа, эв эрүүл хүнийг нас чинь болчихлоо гээд ажлаас нь гаргачихаж байгаа нь хэтэрхий өрөөсгөл юм шиг.
Ээж одоо хурдхан тэтгэвэртээ суугаач...
Алдааг алсаас хайх хэрэггүй юм байна. Энэ сэдвийг бичих гээд хүмүүстэй ярилцаж байгаад гэнэт ээжийгээ саналаа. Тэтгэвэрийнх нь нас дөхөх тусам эгч, ах, бид бүгдээрээ л “Ээж одоо хурдхан тэтгэвэртээ суугаачээ... Юу хэрэгтэй гэж зүтгээд байгаа юм бэ. Хэдэн хүүхдүүд нь тэжээж дийлэхгүй байгаа юм байх даа гэж хүн амьтан ярьдаг байх даа. Ач, зээгээ харсан шиг гэртээ жаргаад сууж бай л даа” гэдэг байсан. Тэр үед ээж маань “Нас хаа ч байсан. Зүгээр суух дээрээ ч тулаагүй байна аа. Хэзээ намайг хэрэггүй гэх нь вэ тэр болтол явна даа” гээд инээдэгсэн. Тиймээ... Нэг л өдөр ээж маань ажлаасаа “хөөгдөөд” ирсэн. Маргааш нь эртээ босч хувцасаа зэхчихээд санаа алдаж байсан даа. Бид гаднаа юу ч хэлээгүй хэрнээ дотроо “Нас нь болчихоод байхад юун сүртэй юм бэ? За удахгүй дасах биз дээ” гээд л өнгөрсөнсөн. Одоо ээж маань цэцэрлэгийн цалингүй багш. Ач, зээ гээд дөрвийн дөрвөн нөхөртэй нухалдсаар өдрийг өнгөрөөнө. Тэр оройдоо л ээж дээрээ гүйж очоод анх тэтгэвэрт гарсан тухай нь хэсэг яриуллаа. Нас нь болоод л тэтгэвэртээ гарч байгаа юм чинь гэсэн бодол л надад байсан. Харин ярьж суухдаа ээжийнхээ сэтгэлийн хичнээн нарийн нандин зүйлийг нь мэдэхгүй өнгөрсөндөө, магадгүй хэзээ ч мэдэхгүй өнгөрөх байсандаа харамсаж билээ. “Эхлээд тэтгэвэртээ суу гэхийг сонсоод өөрийн эрхгүй л хоолой зангираад явчихсан. Олон жил хүүхэдтэй ажиллахаар өөрөө ч бараг хүүхэд шиг болчихдог юм шиг билээ. Гомдоод л. Ингээд л би хэнд ч хэрэггүй хүн болчихоо юу гэж бодохоор гол харлаад... Тэр гавъяаны амралт энэ тэр гэдэг үг чихэнд нэг их наалддаггүй юм”... Ийн ярьж суутал ээжийн найз “галзуу” Цэцэгмаа эгч ороод ирэв. Юун тухай ярьж байгаагаа хэлвэл “Хүүхдүүд та нарын хэн нь ч ялгаагүй. Тэтгэвэрт суулаа гэхийг дуулаад хамгийн их баярладаг нь та нар шүү дээ. Биднийхээ зовлонг ойлгодоггүй юм”. Хэтэрхий товчхон юм шиг хэрнээ энэ надад хангалттай хариулт байсан. Бидний багад ээж, аав хоёр ажил ихтэй байсан. Тэгээд эмээ, өвөө дээрээ өссөн юм л даа. Тиймдээ ч тэр үү? Ээж аав хоёр бидний хүүхдийг харж өгөх ёстой юм шиг сэтгэхүй мах цусанд маань шингэчихсэн. Тэгээд л “Тэтгэвэртээ хурдан суу, хэдэн хүүхэдтэй бужигнаад...” гэж хэлдэг байх. Харин тэдэнд энэ тийм ч жаргалтай амьдрал биш бололтой. Хөгшид ийн ярьж байна. Тэтгэвэрт “хүчээр” хөөгдөж гарсныхаа дараа тэд өдрийг янз бүрээр л өнгөрөөдөг. Өглөө ажилтай юм шиг гаран сонингоо аваад, өдөржингөө автобусаар ийш тийшээ явдаг нэгэн ч байдаг л гэсэн. Тариа ногооныхоо бяцхан талбайд цагийг өнгөрөөдөг хүн ч бас бий. Хувиараа хөдөлмөр эрхлээд явж байгаа ахмадууд ч зөндөө. Гэхдээ л ажил амьдралынхаа асар их туршлага хуримтлуулсан ахмадууд маань ид хийж бүтээх насан дээрээ ийнхүү нийгэмдээ хөсөр жийгдээд өдөр хоногийг өөрийнхөө зөнгөөр шахам өнгөрөөж буй нэгэн нийтлэг дүр зураг ажиглагдаж байна. Уг нь бид хийх ажил ихтэй, хүн ам цөөн гээд л дээр дооргүй хашгираад байдаггүй билүү.
40 настай өвөө буюу цэргийнхэн
Миний уулзсан бүсгүйг Тунгалаг гэдэг. Нөхөр нь Хилийн цэрэгт 25 жил алба хаагаад тэтгэвэртээ гарчээ. Гарчээ ч гэж дээ гаргасан аж. Тунгалаг цагтаа Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн юм. Гэхдээ энэ мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаагүй аж. Түүний нөхөр Хилийн цэргийн офицер байсан болохоор өнгөрсөн хугацаанд эх орныхоо хилийг нар зөв тойрон амьдарчээ. Өөрсдийн хүслээр бус командлалынхаа тушаалаар ийнхүү амьдарч ирсэн гэдэг нь тодорхой шүү дээ. Энэ айл ийш тийшээ нүүж суусаар байгаад тогтсон орон байр, эд хогшил гэх зүйлгүй. Хувцас хунараа хийдэг хэдэн эвдэрхий хайрцаг, хаа сугаараа салаж унах шахсан шүүгээ, ор хоёр. Ингэхэд Тунгалаг амьдралынхаа алт шиг 25 жилийн ихэнхийг хөдөө хээр Хилийн застав дээр тогооч, ариун цэврийн зааварлагч гэх зэргийн ажил хийсээр өнгөрөөжээ. Дөнгөж 40 гарч, жинхэнэ дөрвөө дарж байгаа ат шиг насан дээрээ нөхөр нь тэтгэвэрт гарч. Эхний долоо хоног тун сайхан байсан гэнэ. Унтаад л... Тэтгэмж гэж авсан хоёр сая шахам төгрөгөөрөө юу хийх вэ гэцгээгээд л... Долоо хоногийн дараачаас нөхөр нь өглөө хар үүрээр босчихоод л холхиж эхэлдэг болжээ. Насаараа хүнтэй харьцаж, олонтой бужигнаж явсан хүнд гэртээ суух үнэхээр там юм гэдэг мэдрэгдэж эхэлжээ. Цэргийн гэх тусгай мэргэжлийн хүн болохоор хэр барагтай ажил олдсонгүй. Өглөө гараад л өдөржингөө тэнэнэ. Балгадаг боллоо. Байнга бужигнаж байдаг хүн ганцаардлыг даасангүй. Даахын ч арга байсангүй. Хаана л бол хаана чи тэтгэврийнх тул бараг хүн биш хэмээн хүлээж авна. Хуучин ёслоод угтдаг байсан залуус нь аль болохоор зугтаахыг хичээнэ. Энэ болгонд архи балгаж, сэтгэлээ тайвшруулсаар нэг л өдөр зүрх нь хаагдан ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ хэмээн Тунгалаг бүсгүй нулимсаа арчлаа.
Энд нэг гэр бүлийн тухай ярьж байгаа ч ерөнхийдөө цэргийнхний нийтлэг дүр төрх ийм л байгаа. Эр цэргийн тангараг өргөсөн, 40 дөнгөж гарсан эр яахаараа ийнхүү төр засагтаа нэг л өдөр хэрэггүй болдог байна аа. Сахилга дэг журам, үүрэг хариуцлага гэдгийг мах цусандаа шингээсэн эдгээр хүмүүс яахаараа өнөөдөр дөнгөж сургууль төгссөн хүүхдээс долоон дор үнэлэгддэгийг би үнэхээр ойлгодоггүй. Гэтэл ахмадуудын маань хуримтлуулсан туршлага илт үгүйлэгдэж байгаа яам, газар мөн ч их харагдах юм. Хазгай муруй англиар ярьсан хэдэн сөөсгөр залуу энэ хорвоод надаас өөр хэн байхав гэсэн маягтай харьцах юм. Гэтэл монголчууд чинь энэ дэлхийг нэвт шувт хэрээд, төр болоод хувийн компанийн ажил төрөл хэрхэн явагддагийг тун сайн мэддэг болжээ.
Өмнө нь хамт ажиллаж байсан нэг ах дээхнэ үед болсон үйл явдал, тэр үеийн хүмүүсийн тухай ам хуурайгүй ярьдагсан. Аливаа хяналт шалгалтыг егзөрүүд л жинхэнэ утгаар нь хийнэ гэж ирээд л яриа өрнөнө дөө. Хэний ч үгэнд автагдахгүй. Хууртана гэж бүүр гонж. Долоо буудуулсан чоно шиг хашир болохоор хэн ч тэднээс бузар, буян хоёрыг нууж зүрхлэхгүй. “Найрах” гээд бүүр ч нэмэргүй гээд тоочвол туршлагатай ахмад хүмүүсийн давуу тал тун их бий гэнэ. Эгийн даваанаас Рэнцэнгийн даваа хэцүү гэж тэдний үеийнхэн ярьдаг байж. Рэнцэн гэж замын цагдаа хэн гуайд ч “найрагддаггүй” байсны хамгийн тод гэрч. Ийм хүнээ жолооч нар хачин их хүндэлнэ. Эцсийн эцэст шударга болохоор тэр шүү дээ. Тиймээс л түүн шиг хүмүүсээр манай хил гаалийнхан, ялангуяа хяналт шалгалтынхан хүнээ жаахан бэхжүүлээсэй гэж өөрийн эрхгүй л бодогдоод байгаа юм даа гэсэн ажлын ахын яриа энэ сэдвийг бичиж байхад бүүр ч лавширсан. Хэн нэгнийг үгүйсгэж, эсвэл ахмадууд л хамгийн чухал гэж байгаа юм биш л дээ. Сургуулийн ширээнээс дөнгөж салсан залуус мэдээж хэрэгтэй байлгүй яахав. Эрдэм номын мөр хөөгөөд ажил дээр гараад ирэхээр нь ажлын туршлагагүй жулдрай гэж тохуурхаж байгаа ч юм биш. Нэгэнд нь орчин цагийн мэдлэг, техник технологи байгаа юм бол нөгөөхөд нь олон жилийн туршлага, хар амьдралын нарийн ухаан байгаа шүү дээ. Чоно бэлтрэгээ яаж сургадаг билээ. Бас сургахын тулд цаг хугацаа ч нэлээд шаардагддаг бололтой харагддаг. Түүн шиг ахмадаа дагаж, үгийг нь сонсож сурсан эрдмээ баталгаажуулах, хар амьдрал дээр дахин суралцах л хэрэгтэй юм шиг. Түүнээс биш ээж чоно хэмээх багшгүйгээр бэлтрэг бэлтрэгээрээ л үлддэг жамтай.
Х.Батдулам: Цаг хугацаагаар юмыг хэмжмээргүй санагдах юм
Олон хүнтэй уулзаж санаа бодлоо хуваалцсаны нэг нь Х.Батдулам гуай байлаа. Насны намар гадаа ирэхэд нартын жамыг ухаарах юм даа... гэсэн үгтэй дууны үг санаанд гэнэтхэн ороод л... Хүн хэлэхээс нааш ойлгохгүй гэж... Тэтгэвэрийн хөгшчүүлд үр хүүхэд нь гайгүйхэн шиг амьдралтай, аяга цайгаа хувааж уух ханьтай байхад л хангалттай гэж боддог байсан надад энэ хүний яриа олон зүйлийг бодуулсан. Хүмүүсийн хандлага зүв зүгээр хүнд яаж нөлөөлдгийг түүнийярианаас харж болохоор байсан.
- Та тэзээ тэтгэвэртээ гараа вэ?
- Бараг жил болж байна даа.
- Амьдрал ахуй, сэтгэл санаанд тань өөрчлөлт орж байна уу?
- Амьдрал ахуйд сүйдтэй өөрчлөлт гараагүй ээ. Харин сэтгэл санаа л тогтож өгөхгүй хэцүү юм. Эхэндээ үүнээс ч хэцүү байсан. Гудамжинд таарсан хүн “Та ч гялалзаж байна” гэснээ тэтгэвэртээ суусан гэнгүүт л “Өө та чинь тийм хөгшин бил үү?” гэх нь энүүхэнд. Ажилтай хүн чинь цаанаа зорилготой. Хүний өмнө нүүр бардам байдаг юм байна. Хуучин хамт ажиллаж байсан охидуудтайгаа би их найз байсан юм. өөрийгөө тийм хөгшин гэж боддоггүй ч байж. Харин одоо тэд маань хүртэл намайг ажлаа хийж байсан шиг хандахгүй л байна шүү дээ. Тэглээ гээд буруутгах арга алга. Нийгэм тэр чигээрээ тэтгэвэрт суусан хүн гэдэг хөгшин, удахгүй хадан гэртээ очих хүн гэж хүлээж авч байгаа юм чинь. Хүмүүсийн хандлагыг дагаад би ч гэсэн өөрийгөө нээрээ л нас явчихаж дээ гэж боддог боллоо.
- Хүмүүс ямар байх нь хамаагүй шүү дээ. Харин ч та сайхнаараа байна шүү дээ.
- Тэр ч тийм л дээ. Хүн ер нь одоо байгаагаа өмнөхтэйгаа харьцуулах их дуртай юм байна. Тэгэхэд тийм байсан. Харин одоо гээд л сэтгэлээр унах юм. Ажил төрөлтэй байхдаа юбка, өндөр өсгийт өмсөөд л алхдаг байсан. Харин одоо хаанаа очих гэж тэгж гангалах вэ дээ. Тэгээд ч хүмүүс буруу зөнөж гэх байлгүй. Уул нь миний хөдөлмөрийн чадвар нэг жил, хоёр жилийнх шигээ л байгаа. Ажлаа хийж чадна. Харин нас маань л... Юмыг ингэж цаг хугацаагаар хэмжмээргүй санагдах юм. чадаж байвал хий. чадахгүй бол гэртээ суу гэх нь шударга санагдаж байна.
Бидний яриа нэлээд удаан үргэлжилсэн. Үнэхээр л тэтгэвэрийн хөгшчүүдэд яаж ханддагийг маань орой руу ортол хэлсэн гэж болно. Биеэ авч яваа нь, хүнтэй ярьж байгаа нь хүртэл сэтгэл татам энэ эмэгтэйг эргэн тойрныхон нь бид л хөгшрүүлж байна шүү дээ. “Өө нас чинь болчихсон байна шүү дээ” гээд байгаагаас бус өөрт нь хийж бүтээх хүсэл, зорилго тэмүүлэл байгааг огт тоохгүй байгаа нь харамсалтай. Ямар их зүйлийг хийж болмоор санагдаж байгаа нь ярианаас нь илт. Тэр тусмаа ажлаа ярихаараа нүд нь сэргээд л... Яагаа ч үгүй байна даа гэж өөрийн эрхгүй бодогдмоор. Хичнээн олон хүн яг л Батдулам эгч шиг зэвэрч байгаа бол? Бодох ёстой л асуудал. “Тэтгэвэртээ суусныхаа дараа нэг хэсэг ажил дээрээ очмоор, хийж байсан ажлынхаа үр дүнг хармаар санагдаад байн байн утасдаад л... Харин зарим хүмүүс “Буруу зөнөчихсөн юм уу хаашаа юм бэ? Өөрөөс нь өөр хүн энэ ажлыг нь хийж чадахгүй юм шиг аашлаад” гэж ярьж байгааг нь сонсоод дахиж яриагүй. Дараа нь цагаан сараар ахмадуудаа хүлээж авахаар нь л очно доо гээд хүлээгээд байсан. Даанч энэ жил хямрал гээд манайх ахмадуудаа хүлээж аваагүй. Одоо аравдугаар сарын нэгнийг л хүлээж байна. Ахмадын баяраар урих байх” гэж ярих түүнийг ингээд орхичихсон нийгэмд дургүй хүрэх шиг болж байв. Ажиллаж байсан газраа байнга л “манайх” гэж өмчлөх түүний сэтгэл анх “хөөгдөөд” тэтгэвэрт гарахдаа яаж өвдөж, хэрхэн цочирдож байсан бол? Та ч гэсэн өөрийнгөө энэ хүний оронд тавиад нэг бодоорой. Хэн байхаас чинь хамаарахгүйгээр нийгэм чинь, хууль чинь таныг ингээд түрхэж байна шүү дээ.
Хүч чадалтай байхдаа л хэрэгтэй байсан. Харин дараа нь...
Манайх Үндсэн Хуулиндаа хүнийг нас, хүйсээр нь ялгаварлахгүй гээд заачихсан. Амьд явах эрхтэй гээд байгаа. Амьдрах эрхтэй юм чинь ажиллах эрхтэй баймаар. Гэтэл 35-аас доош насны булчин шөрмөс нь зангирсан залуу ажилд авна, Түүнээс дээш насныхан утасдаж битгий цаг бараад байгаарай хэмээн заналтайхан дуугарсан зар хаа сайгүй хөврөх юм. Үүнийг тоож байгаа газар ч алга. Ажилд авах хамгийн эхний шалгуур нь энэ. Уг нь Үндсэн Хуулийнхаа заалтаар бол ийм зар явуулах хориотой. Үндсэн Хууль зөрчиж байна шүү дээ. Ардчилал, шударга ёс хөгжсөн оронд ийм зар явуулсан албан газар алуулахгүй юу. Гэтэл манайд юу ч биш. Уг нь ингээд байгаа нөхрийг шүүхийнхэн давхиж очоод шонд өлгөж орхимоор юм. Ер нь манайд Үндсэн Хууль гэж мануухайнаас долоон дор юм нэг байна аа. Нас, хүйсээр нь ялгаварлаж л байдаг, чив чимээгүй. Гарал үүслээр нь доромжилж л байдаг, дүв дүлий. Эсвэл хэн нэгэн хүн зарга үүсгээд ирэг, тэгэхээр нь намнаад өгнө хэмээн “хутга, сэлмээ” билүүдэн суугаад байдаг юм уу.
Царай зүс муу, хөл гар майга, нуруу бөгтөр, намхан, элдэв өнгийн нүдтэй төрсөн бол ердөө хүн биш. Тэр залуу байгаад ч нэмэргүй. Ер нь тэгээд манай өнөөдрийн дүр зургийг харвал хүүхэд хүн биш, 35-аас дээш насныхан бас хүн биш бололтой юм. Тэгэхээр чухам хэдээс хэдэн насныхныг хүн гэх юм бэ? 18-35 гэвэл манай хүн амын хэдэн хувь нь жинхэнэ хүн бэ? Ийм хүүмүүсийн хэд нь гадаадад амьдарч, хэд нь цэргийн алба хаагаад, хэд нь ном эрдэм сурч байгаа бол гээд бодохоор энэ улс орныг тун цөөхөн “хүн” нуруун дээрээ үүрч яваа ч юм шиг. Ачааны хүндийг залуу халуун насанд нь үүрүүлчихээд дараа нь зүгээр л заазалчихдаг газар манайхаас өөр байгаа болов уу? Би ч гэсэн нэг л өдөр тавь, жар хүрнэ. Тэр цагт “За чиний битгий дахиж элдэв цаас эрээчээрэй. Одоо ингээд гавъяаныхаа амралтыг эдлээд гэртээ суу” гэвэл ямар санагдах бол? Өөртөө ийм асуулт тавиад хэсэг бодлоо. Хоёр гар хөдлөөд, тархи толгой наана цааныг эргэцүүлж байгаа цагт ёстой “no” шүү дээ. Одоо ингэж бодож байгаа ч байдал ийм хэвээрээ, хүмүүсийн хандлага ч бахь байдгаараа байх юм бол... Бас битүүхэн ийм айдас төрж байна. Яагаад? гэж асуух хүн гарах байх. Арван тав зургаан жилийн өмнө хамар хашааны өвөө нэг морь худалдаж аваад түүнийгээ тэргэнд хөллөн намаржин, өвөлжин нүүрс зөөсөнсөн. Анх тэр морийг хараад ах бид хоёр “ганган хээр” гэдэг нэр хүртэл өгч байлаа. Эхэндээ залуу, жавхаатай, амаа аваад хаашаа ч давхичихаж мэдэхээр байсан тэр адгуус хавартай арай гэж золгохдоо нүдэндээ галгүй, гуйвчихсан байж билээ. Нэг их удалгүй “ганган хээр” харагдахаа больж, хамар хашааны өвөө өөр морь авсан байсан. Сүүлд сонсох нь ээ хөөрхийг хушуурын маханд өгчихсөн гэсэн. Хэдийгээр тэр адгуус ч гэсэн гээд бодох тусам өрөвддөг юм. Хээр морь эзэндээ хүч чадалтай байхдаа л хэрэгтэй байсан. Харин дараа нь... Яг үүн шиг л хандаад байна уу даа, тэтгэвэрийн хөгшдөд. Хөдөлмөрийн чадвартай, жаахан додомдоод өгөхөд хол явахаар байсан ч зүгээр хүсэхгүйдээ заазалчихаж байна шүү дээ.
Хүн ам өсөх нь хөгжлийн нэг түлхэц. Үнэн байх шүү. Шороон түмэн хятадуудын хөгжлийг харахаар өөрийн эрхгүй үнэн байх гэж боддог. Нөгөө талаас бид ажиллах хүчээр дутагдаад байгаа юм шиг харагдах мөртөө цэл залуу шахам иргэдээ жилд бөөн бөөнөөр нь тэтгэвэрт хөөн гаргадгийг ойлгохын арга алга. Зарим хүмүүс ярьдаг л юм. Монгол хүний дундаж наслалтыг авч үзвэл өнөөдрийн тэтгэвэрт гарч байгаа нас болж байна гээд л... Үүнийг үгүйсгэхийн аргагүй. Хамгийн гол нь хүнийг өөрийг нь хүсээгүй байхад “Одоо нас чинь болчихлоо. Үүнээс цааш яриа байхгүй” гээд хөөж гаргадагаа болиосой л гэж хүсээд байгаа юм. Манай зарим нэг компаниуд гадаадын мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар урьж ажиллуулдаг. Ирж байгаа хүмүүс нь ихэвчлэн 60-с дээш насныхан буюу биднийхээр бол тэтгэвэрийн хөгшчүүд. Өдрөөс өдөрт техник технологи хөгжиж, залуус чадваржиж байгаа нь маргашгүй үнэн. Гэхдээ амьдралын, ажлын туршлага гэдэг түүнээс ч дутахгүй үнэ цэнэтэй эд. Насаараа ажил мэргэжилдээ эзэн болж сайн ажиллачихаад нэг л өдөр тэд гэртээ гараа хумхиад суучихдаггүй, харин ч ажил мэргэжлийнхээ дагуу гадагшаа, дотогшоо явж зөвлөгөө сургамж өгөөд сайхан л байна шүү дээ. Атаархмаар сайхан дүр зураг. Манайд ч гэсэн тийм хэмжээний хүн байхгүй гэж үү? Бүүр гадаад явж юм хум заахаа болиг гэхэд хөдөө орон нутагт очоод мэддэг чаддагаа хүмүүстэй хуваалцаад зөвлөгөө өгч яагаад болохгүй гэж? Хамгийн гол нь нөгөө л улиг болсон хариулт энд давтагдана. Хуулийн ямар нэгэн зохицуулалт алга. Тэтгэвэртээ суусан хүн нэг үгээр хэлбэл ажил хийх эрхгүй. Магадгүй энэ бүхэн бүүр тэртээ 1955 оны тэтгэврийн тухай хуулиас ч эхтэй байж болзошгүй. Тэр үед бид социализмын материал техникийн баазыг байгуулахаар ханцуйгаа тохойгоо хүртэл шууж байгаад хөдөлмөрлөдөг байсан үе бөгөөд харин өнөөдөр наад зах нь хөдөлмөрийн харьцаа огт өөр болсон. Монгол орныхоо хөгжлийг бодсон ч тэтгэвэр, тэтгэмжийн талаар цоо шинэ зүйл яагаад гаргаж болохгүй гэж.
Бөөн алттай авдар
Хүн төрөлхтний мөнхийн проблемийн нэг нь яах аргагүй хөгшрөлт. Биологийн жам ёсныхоо дагуу явагдаж байгаа энэхүү үйл явцыг зогсоох гэж эрдэмтэн мэргэд мөн ч их тархиа гашилгасан даа. Яавал хүн гэдэг энэхүү хоёр хөлтэй, хохимой толгойтой нөхрийг уртхан наслуулчих вэ гэдэг дээр ухааныхаа савыг шавхаж ирсэн түүхтэй. Одоо ч мөн адил. Гэхдээ хоосонгүй ээ. Олон зууны турш мөнхийн усны эрэлд мордсоныхоо хүчинд ямар ч байсан ханиад томуугаа дийлэх хэмжээний эм тантай болоод авлаа. Зарим нэг өвчнөөсөө урьдчилан сэргийлэх хэмжээний чадалтай болжээ. Мөн мөнхрүүлэхгүй юм аа гэхэд нас уртасгахаар хүчил, аминдэм ч олныг бий болгосон. Энэ бүхний үр дүнд ямар ч байсан хөгшрөлтийг удаашруулж чадлаа. Өөрөөр хэлбэл насыг маань уртасгасан гэсэн үг шүү дээ. Энэ бол зөвхөн байгалийн жам ёсны асуудал. Харин бид энд арай өөр сэдвээр ярьж байгаа шүү дээ. Хөгшин хүн хүнд хэрэгтэй эсэх талаар. Мэдээж хэрэг нас ахих тусам булчин шөрмөс суларч, бяр тэнхээ муудалгүй яахав. 70 килограмм жинтэй уут гурил сугавчлаад явчихдаг байсан хүн нэг л өдөр долоон килог ч даахгүй болчих тийм үе ирдэг. Энэ бол хорвоогийн жам. Гэхдээ ингэснээр бас хэнд ч хэрэггүй нэгэн болчихож байгаа юм биш. Түүний бүхий л амьдралын туршид хуримтлуулсан мэдлэг, чадвар, туршлага хэмээх алтнаас ч үнэтэй нэгэн зүйл улам баяжсаар жинхэнэ шижир алтны хэмжээнд очсон байдаг. Хэдхэн жил эрээн цаас ширтэж олж авсан мэдлэгээс хэдэн хувь илүү амьдрал хэмээх их сургуулийн босгыг тавь, жаран жил элээснийхээ хүчинд ийнхүү “шижир алттай” болдог. Монголчууд бидэнд, “Алтыг нь аваад авдрыг нь хаяв” хэмээх нэгэн үг бий. Одоо ч түүнийг байгаль дэлхийнхээ хөрсөн доор нуугдаж асан алтны тухай ихээхэн хэрэглэдэг болж. Гадуурхаад байгаа иргэдийнхээ хар авдрыг бүрэн ухаж чадсан юм уу? Ер нь хүн төрөлхтөн чаддаг юм уу? Бөөн алттай авдар хаа сайгүй шидлээд хаяад байдаг юм биш биз.
Авъяас тэтгэвэртээ гардаггүй гэж манайхан ярьдаг. Ардын жүжигчин Г.Хайдав, Ж.Цогзолмаа гээд олон сайхан буурлуудыг хараад эдний насан дээр мань мэт яах бол гэсэн бодол орж ирдэг. Хүмүүс таньдаг болохоор л тэднээр жишээ авч байгаа юм шүү дээ. Тэрнээс биш салбар салбарт ажиллаж байсан “гялалзсан” ахмадууд олон бий. Аавын найз нэг ах өглөө эртээ босоод гүйнэ, өдөрт нь харахаас ч сүрдэм том том ном дэлгэчихсэн орчуулга хийгээд л суудаг. Гэхдээ хааяахан бас уцаарлана. Цүнх сугавчлаад гарахаар хүүхдүүд нь “Та одоо ямар хэнхэг юм бэ? Буруу зөнөөд” гэж загнах. Орчуулсан номоо бариад өөрөө хэвлүүлье гэхээр тэтгэвэрийнх нь хэдэн цаас хаана нь ч хүрэхгүй. Энд тэнд очихоор “Манайх орон тооны орчуулагчтай” гэж томрох. Яахав зүгээр суухгүй гэхдээ орчуулга нухах юм хэмээн аавтай ярьж байхыг нь сонсож байсан.
Миний ирээдүй баталгаатай юу?
Нэгэнт тэтгэвэрийн насны хүмүүсийн тухай ярьж байгаа болохоор сардаа авдаг хэдэн бор юмных нь талаар бичихгүй өнгөрч болохгүй. Сар болгоны эхний өдөр байрны хажуугийн “Хадгаламж” банкны үүд битүү дугаартай өнжинө. Амьдралаа залгуулах арав таван цаасаа авах гэж хар өглөөнөөс эхлээд л дугаарлах тэднийг хараад өрөдөх сэтгэл төрдөг юм. Одоо бодоход хол санагдаж байгаа ч би ч бас эдэн шиг ингээд зогсох цаг ирэх ч юм билүү? Тэтгэвэрийн хууль, тогтоодог дүрэм журмаасаа болдог уу ер нь л тэтгэвэр нь дунджаар 100 гаруйхан мянган төгрөг. Бидний үед байдал ямар байх нь ч эргэлзээтэй. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л байдаг. Тэр нь нэрийн данс гээчид орор учиртай гэдэг юм билээ. Харин өнөөдрийн байдлаар бол бидэнд хэдэн сайхан тооноос өөр юм байхгүй бололтой дог оо.
Хүний үнэ цэнэ гэдгийг жинхэнэ ёсоор нь дээдэлдэг хүмүүс гэвэл европчууд бололтой. Тэнд манайхан шиг тэтгэвэрт нь хөөж гаргана гэсэн тийм харгис ойлголт байдаггүй шахам. Хүсвэл мэдээжийн хэрэг хориглохгүй. Тэгвэл манайд эсрэгээрээ. Энэ тухай дээр нэлээд ярьсан учир энд нурших нь илүүц биз. Хүсвэл 70-75 нас хүрсэн хойно нь сая тэтгэвэрт гаргадаг улс орон байна. Азид шүү. Германд асуудал арай өөр. Манай ойлголтоор улсдаа огтхон ч ажиллаж байгаагүй хүн сардаа 300 еврогийн тэтгэвэр авдаг тухай танил герман эр ярьж байсан. Үүнийгээ өчүүхэн бага хэмээсэн юм. Одоогоор тус улсад сэтгэл зовоож байгаа хамгийн хүнд асуудал нь төрөлт ихээхэн багасч буй явдал ажээ. Тиймээс энэ зүг нэлээд их хэмжээний мөнгө шидэх бодлогыг Засгийн газар нь барьж байгаа гэлээ. Залуучуудын ажилгүйдэл ихэсч байгаагийн зэрэгцээ хүмүүсийн нь дундаж наслалт өсөөд тэднийг ихээхэн сандаргаж байгаа бололтой. Тиймээс Тэтгэврийн сангийн санхүүжилтэд нь ихээхэн хүндрэл бэрхшээл учраад байгаа гэнэ. Энэ жил гэхэд 77.7 тэрбум евро орсон нь урьдах онуудынхаасаа нэн бага байна хэмээн халаглаж сууцгаана. Мөн тэтгэврийн хэмжээг багасгах аргагүй гэж байна. Хэдийгээр иймэрхүү бэрхшээл байгаа ч германчууд 2029 он хүртэл тэтгэврийн насныхаа хэмжээг нэмж, 65-67 болгохоор шийджээ. Мөн нэрийн дансандаа ч мөнгө хийхийг уриалж байна.
Дургүй ламд дарж байж сахил хүртээхийн үлгэр
Энэ нийтлэл маань бүхэлдээ “хүчээр” тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тухай байлаа. Харин төгсгөлд нь нэг зүйлийг орхиж боломгүй санагдлаа. Тэр нь насаа нэмж байгаад ч хамаагүй эртхэн тэтгэвэртээ гарчих санаатай хүмүүс. Нэгэнт дургүй ламд дарж байж сахил хүртээж болохгүй болохоор хийхгүй ээ, одоо гавъяаныхаа амралтыг эдэлье гэж байгаа хүнийг тэтгэвэрт нь суулгачих хэрэгтэй. Тэртээ тэргүй нийгмийн даатгалд төлсөн мөнгө төгрөг нь цагаан дээр хараар бичээстэй байгаа юм чинь дүрэм журмаар нь бодоод тэтгэвэрийг нь тохирох хэмжээгээр нь тогтоогоод өгч болох юм шиг. Хэн юу хүсч байна түүнд нь тохирсон уян хатан хууль байж болдоггүй юм болов уу? Бүгдийг адилтгаж, тэгшитгээд байх хэрэг байгаа ч юм уу? Нэг хэсгийг нь нас чинь хүрээгүй байна. Нэг жил гүрийгээд тэвч гэдэг. Нөгөө хэсгийг нь болохоор ажиллая гээд байхад нь “Нас чинь явчихсан. Чи одоо хэрэггүй” гэх нь шударга явдал уу?
“Хүн хөгшрөхөөрөө ажил хийх чадваргүй болдог гэв үү? Ямар ажил тэр билээ? Залуу хүнд тохирох хүч чадал шаардсан ажлууд бий л дээ. Гэхдээ бие нь суларсан ч ухаан саруул өвгөн хүнд хийчихмээр юм ер байдаггүй гэсэн үг үү?
Цицерон
Насаараа Төмөр замд ажилласан Сундуй гуай харахад хөнгөн шингэн. Өглөө хар үүрээр мань хүн цонхны өмнүүр цагаан хавтайгаа “зад хэрэлдээд” өнгөрөх болсоор нэгэн жилийг үджээ. Дугаарын хавтасны сэдвээрээ тэтгэвэрийнхэний тухай бичихээр шийдээд хамгийн эхлээд хүн маань Сундуй гуайтай л уулзая гэж шийдлээ.М.Сундуй: Хэзээ тэтгэвэрт гар гэх бол гэхээс яс хавтайгаад...

М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Уншлаа бодууштай зүйл байнаа байна. Тэтгэврийн уян хатан механизм хэрэгтэй байгаа нь үнэн шүү дээ . Ажиллах хүсэлтэй нэг хэсэг хүмүүс байхад, тэтгэврийн нас болохыг тэсэн ядан хүлээж байгаа нь үнэн шүү дээ
Зочин хэзээ бичсэн: 11:46, 2014-03-31 | |
Зочин хэзээ бичсэн: 15:09, 2010-03-31 | |
Gereltuya taniltsaya
Bichsen niitleliig ni dyystal ni unshlaa. Bi chamtai adil neg sanaa bodoltoi yabj nastanguudiin talaar dorbitoi baga ch bolob zyil hiih yumsan gej zytgej yabaa Ahmad-Ireedvi gej TBB- giii hvn l dee. Chinii yarisan zyilees sanaa abah ch zvil blaa, herbee chi ene talaar vneheer emzeglej tednii talaar alibaa zyil hiih hvseltei yum uu esbel hiideg bol taniltsaj uulzaad sanaa bodloo hybaaltsaya gej bodloo.Hvndetgesen Bayarmaa,9663-6105
bayarmaa (зочин) хэзээ бичсэн: 16:09, 2009-11-26 | |
Ертөнцийн жамыг хэн ч сөрж чадахгүй. Гэхдээ гараа хумхиад суугаад байх нь жаахан учир дутагдалтай. Би 60 хүрчихлээ, одоо ингээд үхлээ хүлээгээд сууя гэх нь жам бишийз дээ? Чадвар байгаа бол тэтгэвэрт нь гаргалгүй ажиллуулж тэр хүнийг нийгэмд нь байлгах хэрэгтэй.
gereltuya хэзээ бичсэн: 09:17, 2009-06-26 | |
tetgevert gargah, ahmad nastnii niigmiin amidral dah oron zain talaarh humuusiin bodloor tuhain huniig ireedui, alsiin haraa geh metiig ni, etsesiin dundee tuhain huniig tanij bolh yum shig sanagdlaa.
jam bol jam gej zohiolch Ayurzana helsen bdag

galbaatar хэзээ бичсэн: 20:27, 2009-06-24 | |
Уул нь дуустал нь уншсан бол асуусан зүйлийн тань хариулт байсан юм л даа. Урт нь урт... Гэхдээ уншаад надад санаа оноогоо хэлүүл гүэ мөн их баярлах байнаа.
gereltuya хэзээ бичсэн: 15:49, 2009-06-24 | |
Нээрээ л урт юм байна. Талд хүртэл уншлаа. Бодууштай сайхан зүйл бичжээ. Ямар нэгэн байдлаар зөв зохицуулалт хиймээр юм байна даа. Гадаадад яаж зохицуулдаг юм бол
Зочин хэзээ бичсэн: 15:26, 2009-06-24 | |
Уншуулмаар байхлаар чинь уншсан болж мэнд мэдээд гарлаа. ямарч байсан хэзээ нэгэн цагт тэтгэвэртээ гарах л байх... Харин тэр үедээ улсаас хэдэн төгрөг харж амьдрахааргүй болсон байх болноо.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:25, 2009-06-24 | |