Хүүхэддээ тавхан хормыг зарцуул
Хүүхдийн баяр хаяанд тулж ээж аавууд бэлгээ базаагаад л... Харин энэ өдрүүдэд томчуудаас, тэр тусмаа эрх мэдэлтэй хүмүүсээс хүүхдийн төлөө юу хийж байгааг нь асуумаар. Бид үнэхээр хүүхдүүдээ баярлуулж чадаж байна уу? Чихрээр хуурч, гоё үгээр бялууруулаад л жилийн дөрвөн улиралдаа ганцхан өдрийг нь тэднийх хэмээн зарлаад л... Энэ дугаарынхаа зочноор “Хүүхдийн төлөө үндэсний төв”-ийн дарга Н.Тогтохнямыг урьлаа.
- Хүүхдийн эрх гэдэг ойлголт манайд гадаад дотоодын байгууллагуудын шугамаар “импортлогдож” орж ирсэн асуудал юм шиг ойлгогддог. Тэгэхээр хүүхдийн эрх гэж яг юуг хэлээд байгааг тодорхой хэлж өгөөч?
- Хүүхдийн эрхийн конвенц 1989 онд батлагдсан. Анх энэ конвенцийг томъёолж байхад манай төлөөлөгчид оролцож байсан. Боловсруулах үйл ажиллагаанд манайх оролцож байсан гэдэг утгаараа энэ конвенцийг батлагдсан даруйд нь хүлээн зөвшөөрсөн орон юм. Социалист системийн үед хүүхдийн эрх гэж яригдаж байгаагүй ч ардчилсан хувьсгал гарснаас хойш хүний, хүүхдийн эрхийн талаарх ойлголтууд нийтэд хүрч эхэлсэн. Ингэж хоёр нийгэм солигдсноос хойш манайд хүний эрхийн талаар тодруулж ярих болсон. Социалист нийгмийн үед хүний эрхийн зарчмуудыг мөрдөж ажиллаж байсан ч хувь хүн рүү нь чиглүүлсэн бодлого баримталж байгаагүй. Нийгэм солигдоод, дэлхий ертөнц хүний хөгжил, хүний эрхэд суурилсан тэр зарчмуудыг дээдлэх, энэ үнэт зүйл рүү хандах боломжийг тавьж өгсөн. Тухайн үед хэтэрхий тэгшитгэж, хүн бүрийн онцлог байдлыг мартагнасан бодлого барьж байсан. Хүүхдийн өөрийнх нь сонирхлыг дээдлэхгүйгээр ерөнхийд нь, насных нь, хүйснийх нь байдлаар бүгдээрээ жигд байхыг хүссэн, үр ашгийг жигд хүртээх суурь зарчмыг барьж байсан. Харин 1990 оноос хойш хүний эрх гэсэн ойлголт нийгэмд гарч хувь хүнийг хүндэтгэсэн, өөрийнх нь үнэт зүйлийг хамгаалахад чиглэсэн бодлого хүний эрх гэсэн ойлголтоор дамжиж хүмүүст хүрсэн. Харин одоо бид хүний эрхийг хамгаалж, хэрэгжүүлэхдээ хэт туйлширан, дутуу дулимаг тооцсноос гол суурь зарчмуудаа алдаад байна уу даа гэж боддог.
- Хүүхдийн эрхтэй хүмүүжил гэсэн ойлголт салшгүй холбоотой. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ баримтлах зарчим, бодлого одоогоор бидэнд алга байна шүү дээ...
- Нүүдэлчин монголчууд биеэрээ хүүхэддээ үлгэрлэдэг байсан бол өнөөдөр энэ дөрвөн хананы дунд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх тал дээр бидэнд ямар ч мэдлэг, бодлого байхгүй. Өглөө хөтөлж аваачаад цэцэрлэгт өгчихөж байна. Тэнд хөгжүүлж байна уу, хүмүүжүүлж байна уу гэдэг эргэлзээтэй. Эндээс харахад л хүний хөгжлийн бодлого алдагдсан нь ойлгомжтой харагдаж байна. Хүүхдийн ном зохиол ховор. Хүүхдийн зохиолчдыг дэмжие гэхээр зохиолчдоос нь олигтой бүтээл гардаггүй. Юм гарлаа гэхэд сэдэв нь хязгаарлагдмал. Өнөөдөр залуус хүмүүжил гэдэг юманд өөрөөр ханддаг болсон. Ээж аав, гэр орон, ах дүү нар нь хүүхдийг хүмүүжүүлэх гэж хичээж байна. Хүүхэд гэр бүлийн тусгал нь. Гэтэл гудамжинд гараад, телевиз үзээд шал өөр зүйлийг хүүхэд өөртөө тусгаж авдаг. Нэг хэсэг нь хүүхдээ өөрөөр хүмүүжүүлье гэж оролдож байна. Аав нь сайн ажил хийгээд, тэр айл эдийн засгийн хувьд бэхжээд ээж гэртээ суугаад хүүхдээ хүмүүжүүлж болно. Гэхдээ зөвхөн гэр бүлээр зогсохгүй гаднах орчин хүүхдийг бас хүмүүжүүлж байна. Интернэт, телевизээс бидний хүүхэддээ өгөхсөн гэж хүсдэгээс тэс өөр мэдээлэл авчихаж байна.
- Таны бодлоор өнөөгийн бидний хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргаж байгаа гол алдаа дутагдлууд...
- Ээж, аав минь намайг хэрхэн хүмүүжүүлж байсан талаар би байнга эргэцүүлж боддог. Бид нарт ээж аав тэгтлээ л лав номлож байгаагүй. Одоо харин бид хүүхэддээ хэтэрхий их номлож байна. Номлол гэдэг хүүхдийг маш их залхаадаг. Аав ээж маань амьдралыг авч явах ухаанаараа биднийг залж байжээ. Социализмын үед жирийн ажилчид маш олон цагаар ажиллаж байсан. Хэдийгээр завгүй байсан ч хүүхэддээ цаг зав гаргадаг байж. Хувцасаа угаагаагүй унтчихсан байхад өглөө эрт дуудаж босгоод хамтраад угаадаг байсан. Үглэж загнахгүй. “Миний хүү яасан бэ? Амжаагүй юм уу?” гээд л... Цалин, хүүхдийн мөнгөө авчираад хүүхдүүдээ суулгаж байгаад гэр оронд юу хэрэгтэй байгаа талаар ярьдаг байсан. Биднээс учиргүй их санал авахгүй ч гэсэн чихэнд маань сонсгодог байж. Одоо харин бид хүүхдүүдэд энэ талаар огт хэлдэггүй. Хүүхэд гар утсаа хаячихаад ирлээ гэхэд “Энэ чинь миний цалингийн тэдэн хувь. За ээж нь тэд хоногийнхоо хоолны мөнгийг утас авахад зарцууллаа шүү, аав нь хэдэн амралтын өдрөөр амрахгүй ажиллах хэрэгтэй болж дээ” гэж хэлдэг ээж аав байхгүй. Уул нь ингэж ярьвал хүүхдийн зүрх сэтгэлд хүрнэ шүү дээ. Сайндаа л салан задгайгаар нь дуудаад л, харааж загнаад өнгөрнө. Гадаа гараад ямар аюултай орчин хүлээж байгааг мэддэг учраас дахиад л шинэ утас авч өгнө. Нэг хэсэг бид мөнгөтэй л бол бүх зүйл болох юм шиг бодож алдсан. Солонгос руу хүмүүс хүүхдээ хаяад явчихаж байна. Боломжийн ажил төрөл эрхлээд хүүхдээ мөнгө төгрөгөөр дутаахгүй хангалуун өсгөсөн хүмүүс одоо бидэнд ханддаг. Хүүхдээ яаж нийгмийн дунд оруулах вэ, яаж найз нөхөдтэй болгох вэ, найз нөхөдтэй байлаа ч амьдрал явсаар байгаад хар тамхи ч юм уу, муу зүйлд уруу татагдах байдал гарч байна. Мөнгөтэй хүүхдийг урхидаж аваад өөрсдийнхөө бизнесийг цэцэглүүлдэг хүмүүс ч байна.
- Хүүхдээ зодохгүйгээр хүмүүжүүлж болох уу?
- Болно.
- Амьдрал дээр тийм юм байдаггүй гэж хэлэх хүн гарна шүү дээ.
- Гарна. Ихэнх нь тэгж хэлнэ л дээ. Хоёр хүн маргалдаад нэг нь нөгөөгөө цохиод авлаа гэж бодъё. Тэгэхэд цохиулаад үлдэж байгаа хүнд ямар сэтгэгдэл төрөх вэ? Хүүхдээ цохиж, зодлоо гэхэд тийм л мэдрэмж төрнө шүү дээ. Тийм болохоор хүүхдийг аль болох зодохгүйг л хичээх хэрэгтэй. Хүүхдээ зодож байна гэдэг нөгөө талаараа та өөрийнхөө хүүхдэд аливаа зүйлийг хүчээр шийдэхэд л сургаад байгаа хэрэг шүү дээ. Зарим ээж аавууд хүүхдээ хөх няц болтол нь, гар хөлийг нь хугартал нь зодож байна шүү дээ. Тэрийг яагаад бид зөвшөөрөх ёстой юм бэ?
- Хүүхэддээ цаг зав гаргаж чадахгүй бол хүмүүжүүлэх тухай яриад ч хэрэггүй гэдэгтэй та санал нийлэх үү?
- Үгүй ээ. Хичнээн их цаг завтай байлаа ч хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа хүн байна шүү дээ. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд олон байгаа. Тэдний хүүхдүүд бүгд зөв хүмүүжилтэй байна уу гэвэл үгүй. Хүүхэддээ хичнээн бага цаг зарцуулдаг байлаа ч тэр цагаа үр бүтээлтэй болгох хэрэгтэй. Олон цаг хамт байснаараа хүүхэд сайн хүмүүжилтэй болчих юм биш. Эцэг эх хүүхэддээ ямар нэгэн зүйл амалсан бол түүнийгээ биелүүлэх л хэрэгтэй. Өнөөдөр үлгэр уншиж өгнө гэж хэлчихээд түүндээ хүрч байвал хүүхдийг маш их хариуцлагад сургаж байгаа хэрэг. Намайг бага байхад аав маань нэг хоёр сар болж байгаад бүх хүүхдүүдээ тойруулж суулгаад үлгэр ярьж өгдөг байлаа. Тэр үлгэр нь зүгээр нэг тохиолдлынх байдаггүй. Бидэнд хэрэгтэй сургамжтай сайхан үлгэр ярьдаг байсан. Би ч гэсэн энэ л жишгээр үр хүүхдээ хүмүүжүүлсэн. Үнэхээр та хүүхэддээ хайртай юм бол тавхан хормыг үр ашигтай зориул гэсэн мессэжийг бид хүмүүст хүргэхээр хичээсэн. Хүмүүс яаж хүлээж авах бол гэж их харсан л даа. Харин нэг удаа нэлээд халамцуу аав над дээр ирээд “Би та нарын хийж байгааг худлаа шоу гэж бодож байсан. Харин тавхан хором гэдэг үгийг чинь бодоод байсан чинь өөрийнхөө бурууг үнэхээр ойлгож байна. бид хүүхдийн хүмүүжил гэж том юм ярьдаг хэрнээ үнэн хэрэгтээ юу ч хийдэггүй. Өдөрт тавхан хором ярилцахад хүү бид хоёрын харилцаанд ахиц гарсан” гэж билээ. Тэр аав нэг хүүгийн хойд эцэг нь байсан юм билээ. Энэ хүүхэд надад муу хандаж байна гэж гомдоллодог байснаас биш өөрөө сэтгэл гаргаад ярьж байгаагүй юм билээ.
- Зургадугаар сарын нэгэн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Харин өнөөдөр энэ өдрийг эрхийг хамгаалах гэдэг утгаар нь биш чихрээр хуурдаг өдөр болгоод байна. зөвхөн баярын өдрөөр ч биш хүүхдээ урамшуулахдаа “Ингэвэл чихэр өгнө” гээд л...
- Зургаан сарын нэгнийг хүүхэд үнэхээр нэг баярлах өдөр болоосой гэж хүсч байгаа юм л даа. Ёс заншил, эцэг эхийн чадвараас хамаараад ээж аавууд хүүхдээ янз бүрээр баярлуулдаг. Одоогоор манай зах зээл дээр чихэр хамгийн хямд байна. Хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаагаас шалтгаалаад ийм сонголт хийж байгаа ч байж болох юм. Ер нь хүмүүсийн баяр тэмдэглэх соёлд асуудал байна. Зургадугаар сарын нэгэн бол зөвхөн баяр биш хүүхдийг хамгаалдаг өдөр нь гэдгийг хүмүүс ойлгодог болж байгаа. Энэ жил зургадугаар сарын нэгэн хүүхдийн баярт зориулаад “Мишээл экспо” төв дээр хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Манайхан баяр тэмдэглэж байгаа нь энэ гээд хүүхдүүдээ байнга уруу татдаг. Нэг баяр болно гэхээр ээж аавууд нь хаана, хэнийд нийлж, найрлах вэ гээд л... Найзуудаараа, хамтдаа баяраа тэмдэглэнэ гэдэг. Хамтдаа гэдгийнх нь цаана архи явж байдаг. Бөөнөөр голын эрэг дээр очоод архидаж байдаг. Хүүхдүүд нь наана нь хараад л сууна. Тэгээд жаахан халамцаад ирэхээрээ дуулуулж, бүжиглүүлээд дургүй зүйлийг нь хүчээр хийлгэнэ. Ийм тогтсон хандлагыг л өөрчлөх хэрэгтэй байна даа.
М.Гэрэлтуяа