Хөшиг хэрэглээ төдий бус интерьерийн салшгүй хэсэг
Байрандаа засвар хийсний дараа тавилга сэлтээ сонгох гээд чамлахааргүй ажил ундарлаа. Өөрийнхөө сэтгэлд таарсан тавилгыг сонгох гэж их хотын гудамжаар хөлөө эцтэл бэдэрсний эцэст ямартаа ч сэтгэл хангалуун байхаар сонголт хийж чадлаа. Гэтэл хамгийн чухал зүйлээ мартчихаж. Энэ бол хөшиг. Хүүхдийн өрөөнд үлгэрийн баатруудтай, хачин чамин хөшиг сонгочихож болох л байх. Харин унтлагын, зочны, гал тогооныхоо өрөөнүүдэд ямар хөшиг сонгох вэ гэж хэсэг бодлоо. Хананы дагуу өнгөтэй байвал зүгээр юм гэж шийдээд дахиад л дэлгүүр хэсэх ажилдаа оров. Голдуу л материал, эдэлгээг нь бас үнийг нь харгалзан сонголтоо хийдэг гэдгээ дэлгүүрээр явж байхдаа анзаарсан юм. Яагаад гэхээр харагдах, зохицох байдлыг нь бодолцохоосоо өмнө аль хэзээний л очоод барьж, имрээд, заримыг нь бүр татаж чангааж үзэж байсан болоод өөрийн эрхгүй ийн бодов. Тэгээд ганцаараа сонголт хийх гэж ядаж явснаас хөшиг хэрхэн сонгох, юу чухал байдаг талаар мэдээлэл хайхаар шийдлээ. Хөшиг өрөө тасалгааны интерьерийн голлох хэсгүүдийн нэг. Гэвч түүнийг ханын цаас, шалны өнгө, тавилгынхаа хэв маягтай зохицуулна гэдэг санасны зоргоор бүтэх амар зүйл биш. Танай гэр бүхэлдээ нэгэн цогц, ая тухтай, сэтгэл амар, дотно дулаан мэдрэмж төрүүлж байх ёстой. Тиймээс ч бүх зүйлийг нарийн тооцоолж сонголтоо хийгээрэй. Хамтдаа хөшиг, тавилга, өнгө будаг хэрхэн зохицож байвал хүний сэтгэл санаа, амьдрах ая тухтай орчин бүрддэг талаар сонирхоцгооё.
Эн тэргүүнд бодолцох зүйл бол өрөөний зохион байгуулалт. Том том цонхтой цэлгэр өрөөнд хөшиг онцын ач холбогдолгүй байдаг бол хар бараан өнгийн ханатай жижигхэн өрөөнд тод цагаан хөшиг өлгөвөл өрөөг уудам мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэрвээ та классик буюу сонгодог стилийг сонирхдог бол цацаг, хээ угалзтай, зузаан материалтай хөшгийг сонгох нь зүйтэй. Худалдагч нарын хэлж байгаагаар сүүлийн үед хүмүүс товгор хээтэй, элдэв цацаг унжлагагүй, зузаан хөшиг сонгох болсон аж.
Унтлагын өрөө - Унтлагын өрөөний хөшгийг сонгохдоо синтетик буюу нийлмэл эдээр хийгдсэн материалтайг нь сонгоорой. Түүнээс гадна тюль, даавуун гэсэн гурван давхар хөшигтэй байх нь илүү тааламжтай нөхцөл бүрдүүлнэ гэж дизайнерууд үздэг байна. Тюль нь нарны гэрлийг өрөөнд нэвтрүүлснээр байгалийн гэрлийг ашиглах нөхцөл бүрдүүлдэг бол харин нийлмэл эдээр хийсэн бараан өнгийн хөшиг нарны гэрлийг нэвтрүүлдэггүй. Өөрөөр хэлбэл өдөр ч гэсэн та унтаж болно шүү дээ. Тэр үед гэрэл нэвтрүүлдэггүй бараан өнгийн хөшиг хэрэг болно.
Гал тогооны өрөө - "Кафе" маягийн хөшиг нь гал тогооны өрөөнд тохиромжтой. Ийм хөшиг нь тодорхой тусгаарлалт бий болгох боловч байгалийн гэрэл тусахад саад болдоггүй. Мөн цонхны зөвхөн доод хэсгийг хаадаг бөгөөд хөшигний дээгүүр өдрийн гэрэл чөлөөтэй нэвтэрнэ. Хэрэв цонхны цаана үзэгдэх орчин тааламжтай бус бол ийм маягийн хөшиг хаах боловч цонхны өөрийнх нь үзэмжийг бүхлээр нь халхалдаггүй сайн талтай. Түүнийг тюлээр орлуулах буюу урт хөшигтэй зохицуулж ч болдог. Тэгээд ч "Кафе" маягийн хөшгийг хийхэд их хэмжээний даавуу ордоггүй. Түүнийг даавууны үлдэгдэл ашиглан өөрөө ч хийж болох юм. Мөн дотортой эсвэл дан хийж болно. Дотор нь хөшигний ашиглагдах хугацааг уртасгаж гандахаас хамгаалдаг. Харин дан хөшиг нь хөнгөн, энэ хэрээр өрөөг гэгээтэй болгоно.
Зочны өрөө – Сүүлийн үед интерьер ертөнцөд дорнын хэв маяг хүчтэй орж ирж байгаа. Тиймээс мэргэжилтнүүд үнэтэй нүсэр тавилга, элдэв тод өнгийн хөшигнөөс илүүтэй дараах зүйлийг санал болгож байна. Хэний ч тоодоггүй эмээгийнхээ арслантай бор авдар, зэс домбыг нь авчраад том өрөөндөө тавьчих. Арслантай авдар чинь бага зэрэг халцарсан байсан ч хамаагүй. Хажууд нь хослуулж ази хэв маягтай луу, цэцгэн хээтэй торгон хөшиг татахаа мартав.Үүнээс гадна хослуулах сандал, зураг, эсгий ширдэг тавиарай. Иймэрхүү маягаар өөрчилснөөр таны гэр уламжлалт хуучинсаг уйтгартай болно гэж битгий бодоорой. Харин ч эсрэгээрээ жинхэнэ орчин үеийн шийдэл гэдгийг мэдрэх болно. Магадгүй хэрээс давсан үнэтэй нүсэр тавилгуудаас илүү таныг сэтгэл зүйн хувьд тайван амгалан болгож ч мэднэ. Хэрвээ энэ хэв маяг танд таалагдахгүй байгаа бол юуны түрүүн өрөөндөө сэтгэл татам, зөөлөн, дулаан уур амьсгалыг төрүүлэхийн тулд хананы өнгөтэй уусч байхаар тооцон хөшгөө сонгоорой. Эцэст нь хэлэхэд хөшгийг зөвхөн хэрэглээ талаас нь авч үзэхээ болиод чимэглэл, интерьер талаас нь бодолцох болсон гэдгийг сануулъя.
М.Гэрэлтуяа