Зам хөндлөн гарахдаа “нисэхсэн”
Өдөртөө хэдэн удаа зам хөндлөн гарах бүртээ дайрчих шахан өнгөрөх машинуудаас айхдаа “болдог бол нисэхсэн” гэж мөрөөснө. Гарцаар гарч байгаа хэрнээ шүү дээ. Түгжрэл дунд гацаж гацчихаад арай гэж “сугарахаараа” гарц хаа байгааг ч мартан хаазалдаг жолооч нарт хааяа гомдох шиг... Жолооч нь ч тэр, явган зорчигч ч гэсэн улаан гэрэл асчихаад байхад улайм цайм дайраад л байдаг. Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, явган зорчигчид нь гарцгүй газраар мал шиг “бэлчихээ” больчихвол замын хөдөлгөөний соёл бага гэсэн дээшлэх байх аа гэсэн горьдлого төрдөг юм. Замын цагдаагийнхан мэргэн арга олж төв замын голоор уртаас урт хайс хийсэн. Дүрмээ барьдаггүй жолооч, дураараа зорчигчдыг “хазаарлах” сайхан арга хэдий ч нөгөө хайсных нь доогуур жаахан хүүхэд мөлхөж гарч ирээд “сүнсийг нь зайлуулах шахсан” тухай танилынхаа яриаг сонсоод айх сэтгэгдэл төрлөө.
Саяхны нэг өдөр ажил руугаа явах замдаа таксины жолооч ахаас “Таныг хамгийн их бухимдуулдаг зүйл чинь юу вэ?” гэж асуулаа. Тэрээр “Түгжрэл. Түгжрэлээс болж цаг хугацаа их алддаг. Амжуулах ёстой ажлаа ч цаг хугацаанд нь зохицуулж чадахгүй болдог нь нэлээд бухимдуулдаг. Дээр нь энэ зам гэж там болчихсон байгаа нь” хэмээн цухалдангуй хариуллаа. “Нэг үеэ бодвол замыг засах сайжруулах тал дээр анхаарал тавьдаг болоод байгаа юм биш үү?” гэвэл “Хэдий жил бүр зам засч байгаа харагддаг ч замаа чанаргүй тавьдгаас болоод буцаад л эвдэрчихдэг. Бүр зарим зам жил ч хүрэхгүй, заримдаа бүр тавьсных нь маргааш хуураад, борооны усанд урсаад эвдэрч байгаа нь харагддаг. Ингэж нүд хуурах байдлаар зам тавьж байгааг ерөөсөө ойлгодоггүй. Бүр аятайхан байсан замыг хуулчихаад шинэ зам тавьсан ч тэр нь өмнөхөөсөө чанаргүй, муухай болсон байх нь бий” гэв. Бөхийн өргөөний зүүн талаар байрнууд руу орсон туслах замыг өнгөрсөн наймдугаар сард шинэчилж байсан. Гэтэл өнөөдөр өө сэв, онгорхой, цоорхой нь хэрээс хэтэрчээ.
Сая гарсан хүнтэй их хотын иргэн болгон л хөл дүүжлэх унаатай болохын мөрөөсөл. Нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгааг дурдах нь илүүц биз. “Унаагүй бол ёстой бүтэхгүй нь” гэж шогшрох хүн хаа сайгүй таардаг. Ирландадын зам нь маш нарийхан. Найман сая хүн амтай хэрнээ хэзээ ч манайх шиг бөглөрдөггүй тухай манай сэтгүүлийн №70-д Д.Цогбадрах ярилцлагандаа дурдаж байсныг уншигч та ч санаж байгаа байх. Багшийн дээдийн уулзвар дээр байх замын цагдаагийн байранд очиж зарим нэг зүйлийг тодруулъя гэсэн юм. Харин тэд ам нээж юм ярих завгүй байлаа. Залуухан бүсгүй, дунд хэрийн насны эр хоёрыг торгох гэж байгаа бололтой зөрчил дутагдлынх нь талаар ярьж, “Торгуулиа өгөөд сал. Эсвэл эрхийг чинь хасна” хэмээн зандарч байгаа нь дуулдав. Тэр хоёр ч ээлж дараалан торгуулж, гарч одов. Харин би хижээл насны эрээс яагаад торгуулах болсон шалтгааныг нь тодрууллаа. Тэрээр “Замын цагдаа уг нь замын хөдөлгөөний зохицуулагч нь байж хөдөлгөөнд оролцогсдыг ослоос урьдчилан сэргийлэгч нь баймаар санагддаг. Зохицуулах үүрэг хүлээсэн атлаа манай цагдаа нар эсрэгээрээ ажиллаад байдаг. Замын хөдөлгөөний зөрчил илрүүлж торгох нь хамгийн их анхаарал хандуулна. Энэ ч утгаараа замын цагдаа нар ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээнүүдийн хажуухан талд отож, нуугдсан байдалтай байж байгаад гэнэт үсэрч гарч ирээд л сүр бадруулан торгодог арга барилтай. Уул нь тэр тэмдэг тэмдэглэгээнийхээ дэргэд нь зогсоод анзаараггүй явсан хэн нэгнийг нь "Та дүрэм зөрчих гээд байна." гээд сануулаад зогсож баймаар юм. Гэхдээ саяны торгуулах шалтгаан миний буруугаас үүдэлтэй. Үүнд цагдаа нарыг буруутгаж чадахгүй” гэв. Шидэт дохиураа бариад мөнгө олохоор гардаг гэхчилэн замын цагдаагийн тухай ам дамжсан онигоо олон байдаг ч жолооч нар ном журмаараа яваад байвал юу гэж тэдэнд олзлогдоод байх вэ дээ.
Жолооны курсууд хэт олон. Тэгээд чанаргүй жолооч бэлтгэж байна. хугацаа нь дэндүү болгино гээд олон шүүмжлэл гардаг. Жолооч бэлтгэх үйл ажиллагаанд эргэж харах зүйл бий гэдгийг жолооны курсийн багш нар ч, замын цагдаагийн ажилтнууд ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Яагаад гэхээр арваад жилийн өмнө боловсруулсан журмаар жолооч бэлтгэсээр байгаа нь нөхцөл байдал өөрчлөгдсөн энэ үед цагаа олохгүй байгаа аж. Өнгөрсөн оны сүүлчээр замын цагдаагийн газраас жолооны курсуудэд хяналт шалгалт хийхэд маш хангалтгүй үзүүлэлт гарсан байна. Оны тэргүүний, шилдгийн шилдэг гэхчилэн олон гуншинтай курсууд бүгд шалгалтанд бүдэрснийг бодоход тэд зөвхөн шалгалтанд хэдэн хүн тэнцүүлээд мөнгийг нь халааслах гэж үйл ажиллагаа явуулдаг юм болов уу гэсэн бодлыг төрүүлээд байгаа юм. Уул нь бэлтгэсэн жолооч нь замын хөдөлгөөнд оролцож, осол зөрчил гаргаагүй, дүрэм журмаа сайн заасных нь төлөө гавъяа шагнал өгдөг байх гэсэн үнэмшил энэ шалгалтын дүнг уншаад “уруугаа харчихав”. Зах зээлийнхээ хуулиар бол мөнгөө төлсөн л бол зохих ёснйы мэдлэг чадвар эзэмших учиртай. Харамсалтай нь жолооны курсэд суралцагчид тархи толгойгоо багахан ажиллуулаад хурдхан шиг үнэмлэхээ авахын түүс болдог. Үүнд нь ч тааруулж курсууд сургалтаа явуулдаг юм шиг.
Нийтийн тээвэр, замын бөглөрөл, жолооч нарын соёл, машины зогсоол, цагдаа нарын торгуулийн сэтгэлгээ гээд үргэлжлүүлбэл замын хөдөлгөөнтэй холбоотой асуудал нэлээд урт жагсаалт болно.
М. Гэрэлтуяа