Нойр хоолонд л учир бий
Монгол эрчүүд сумогийн дэвжээнээ зодоглосноос хойш манайхан энэ спортыг наян настай буурайгаасаа найман настай хүүхэд нь ч сонирходог болсон. Шударга үнэнээрээ барилддаг гэж сумод манайхан ам сайтай байдаг. Саяхан их аварга Хакухо М.Даваажаргалын дэвжээнд долоо хоног бэлтгэл хийж, “Сумо миний мөрөөдөл” цуврал нэвтрүүлэгт оролцоод ирсэн Соёл-Эрдэнэ дээд сургуулийн оюутан Б.Занабазартай уулзаж, сумо бөхийн спортын талаар ярилцлаа.
- Хэзээнээс эхлэн сумогоор хичээллэж байгаа вэ?
- 2003 оноос сумогоор хичээллэж эхэлсэн. Монголын сумо бөхийн холбооны дэргэд Ц.Шийрэв багшийн удирдсан “Маваши” клуб гэж байдаг. Би бэлтгэлээ Спортын төв ордонд жүдогийн дэвжээнд хийдэг. Нэг үгээр хэлбэл жүдогоор давхар хичээллэдэг. Манай клуб энэ намраас эхлэн үндсэн элсэлтээ авч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Анх сумогийн секц нээгдэхэд асар олон хүүхэд хичээллэхээр ирж байсан ч явцын дундаас хасагдаж, нэмж орсоор одоо 10 гаруйхан хүүхэд байгаа.
- Сумогоор барилдаж байгаа хүмүүсийн хувьд биеийн жин маш чухал байдаг. Та нар жингээ ахиулахын тулд ямар арга хэрэглэдэг вэ?
- Мэргэжлийн сумод амжилт гаргахын тулд биеийн жин их байх нь хамгийн чухал. Харин сонирхогчдын сумод жин хамаардаггүй. Учир нь бусад төрлийн бөхийн спорт шиг жин жиндээ барилдчихдаг. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон АНУ-ын нээлттэй тэмцээн жил бүр болдог. Манай улсаас оролцож байгаа тамирчид аль алинд нь гайгүй сайн амжилттай оролцож байгаа. 2007 онд Тайланд улсад болсон Залуучуудын сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Энэ нь манай улсаас сонирхогчдын сумогоор авсан тав дахь мөнгөн медаль юм. Европчууд чац ихтэй тэр нь хамгийн сайн давуу тал болж өгдөг. Азиуд биеийн хувьд жижиг ч их барилдаанч.
- Саяхан Япон улсад очиж сумогийн залуу бөхчүүдийн амьдралыл харуулсан нэвтрүүлэг хийсэн гэж сонслоо.
- Би хоёр дахь удаагаа Япон улсад очиж байна. 2006 онд очиж монгол сумочидтойгоо уулзаж байсан бол энэ жил Хакухо Даваажаргалын дэвжээнд бэлтгэл хийж, “Сумо миний мөрөөдөл” нэртэй нэвтрүүлэгт оролцоод ирсэн. NTV телевизээр гарах энэ нэвтрүүлгийн зорилго нь надаар дамжуулан сумод шинээр элсэн орж байгаа залуу бөхчүүдийн дэвжээний амьдрал ямар байдгийг нээн харуулах. Сүүлийн жилүүдэд монгол бөхчүүд мэргэжлийн сумод амжилттай байгаа болохоор хүмүүс сумогоор хичээллээд, барилдаж амжилт гаргаж нэр алдартай болохыг их амархан гэж буруу бодох тохиолдол гарч байгаа. Тиймээс хүмүүст Японы уламжлалт, үндэсний бөхийн хатуу чанд дэг жаяг, барилдаж байгаа хүмүүсийн тэвчээр хатуужил, эр зориг гээд сумо бөхчүүдийн талаар үнэн бодитой мэдээлэл өгч чадна. Хакухо аварга, Рюүо Санчирболд хоёр нэг дэвжээний бөхчүүд. Анх очоод бие биенээ ирлэж барилддаг байсан гэсэн. Бэлтгэлийн үед дайснууд шиг байдаг хэрнээ бусад үед найзууд байдагт нь хөндлөнгийн хүмүүс гайхдаг байсан гэдэг. Эх орноосоо хол том зорилгын төлөө явж байгаа хүмүүс бие биедээ их сайхан түшиг тулгуур нь байдаг юм уу даа гэж бодож байсан.
- Хатуу чанд дэг жаяг, аливаад хандах хандлага нь бидэнд ч мэдрэгддэг. Асашёрюү аваргыг хөл бөмбөг тоглосных нь төлөө барилдах эрхийг нь хасах гэхчилэн арга хэмжээ авч байсан. Залуу бөхийн нэг өдрийн амьдралыг сонирхуулаач.
- Хатуу чанга бэлтгэл сургуулилтыг давж гарахад хэцүү байсан тухайгаа манай сумочид ярьдаг. Шантрахаас өөр арга алга даа гэж бодогдох үе ч байсан. Сумод хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл чухал. Хэдийгээр би тухайн дэвжээнд жинхэнээсээ элсэн орж, баримтлах хатуу жаягийг дагаагүй ч ийм зүйл бодогдож л байсан. Гэхдээ дэвжээ бүрийн дасгал сургуулилтаа хийх, дотроо баримтлах дэг жаяг нь өөр өөр байдаг юм билээ. Өглөө долоон цагт босоод бэлтгэлдээ гарч өдрийн 12 цаг хүртэл үргэлжлүүлдэг. Түүний дараа дэвжээний хамгийн том цолтой бөх хооллож дууссаны дараа бусад бөхчүүд эрэмбэ дарааллын дагуу хооллож, 16 цаг хүртэл унтдаг. Бэлтгэлээ дуусгах, хоол идэх, усанд орох, унтах гээд бүхий л зүйл цолны эрэмбээр. Дөрвөн давхар байшингийн нэгдүгээр давхарт бэлтгэлийн заал, хоёрт нь хоолны болон багшийн өрөө, гуравдугаар давхарт дэвжээний бөхчүүд, дээд хэсэгт нь дээд зиндааны цолтой бөхчүүд амьдардаг. Ийм орчинд байснаараа хүнийг хүндэлж сурдаг.
- Иддэг хоол ундны хувьд ямар байв? Мэдээж таргалуулах, илчлэг сайтай хоолууд байдаг байх...
- Сумо бөхчүүдийн иддэг үндсэн хоолыг чанко гэж нэрлэдэг. Өглөө бэлтгэлдээ гарахын өмнө юу ч иддэггүй. Бэлтгэл дууссаны дараа 12 цагт, орой 18 цагийн үед нэг хоол иднэ. Нэг удаадаа 3-4 аяга будаа, тийм хэмжээний ногоотой витаминлаг шөл уудаг. Энэ шөлөө чанко гэж нэрлэдэг юм билээ. Их бэлтгэл хийчихээд, хоол идээд, их унтдаг болохоороо сумочид жин нэмдэг юм болов уу гэж бодож байна. Хакухо аварга анх очихдоо жижиг биетэй байсан ч бэлтгэлээ хангалттай хийгээд, хоолоо идчихээд шөнийн унтлагаас гадна арав шахам цаг унтдаг байсан гэсэн. Ингэж л жингээ нэмдэг юм билээ. Бас сүү их уух хэрэгтэй байдаг. Тэнд долоо хоноход миний жин гурван кг-аар нэмэгдсэн.
- Хэтэрхий их жинтэйгээсээ болоод гардаг хүндрэл анзаарагдав уу?
- Сумочид жин ихтэй ч гэсэн байнгын бэлтгэл сургуулилттай байдаг болохоор гарах хүндрэл бага. Уян хатан, хөдөлгөөн нь хурдтай. Харин энгийн тарган хүмүүс биеийн тамираар хичээллэдэггүй болохоор элдэв асуудалтай байдаг. Бага багаар аажмаар жингээ нэмдэг учраас түүндээ дасчихдаг.
- Цаашдаа мэргэжлийн сумод хөл хүч үзье гэсэн зорилго байна уу?
- Миний хувьд мэргэжлийн сумогоор биш харин сонирхогчийнхоо хэмжээнд барилдаад явна.
- Нэгэнт хичээллэвэл мэргэжлийнхэд өрсөлдвөл ирээдүйтэй биш үү?
- Мэргэжлийн сумогийн тавь гаран дэвжээ байдаг юм. Сумо бөхийн холбооноос гаргасан шийдвэрийн дагуу нэг дэвжээнд нэгээс илүү гадаад бөх байж болохгүй. Тийм болохоор шинээр ороход хүндрэл учрах байх.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
гэрэлтуяагийн оруулах зургийг тэсэн ядан хүлээжийнэ.
Харин Энэ помидорын бараа нь харагддаггүй ээ.
Нөгөө сүүлийн хэдэн зурагаа
Ер нь амьдралд тийм хүнд хэцүүг давж гарч чадсан нь л ялдаг байх л даа.
зургийн цомгийг чинь үзэх гэсийн.
Шороон үхэр жилийн мэнд