Балет бүгдэд зориулагдсан урлаг
Тайзан дээр бүжих тэднийг хараад бахархахгүй байж чадахгүй нь. Хүний үйл хөдлөлөөр дамжуулан сэтгэлийн асар их таашаалыг балет л өгч чадах юм шиг... Тэд өөр ертөнцөөс ирж, энгийн биднийг баясгах мэт мэдрэмж төрүүлдэг. Бид тэднийг бахдан алга нижигнүүлэн ташихад хангалттай гэж бодож байсныг маань “Royal” балетийн сургуулийн захирал Б.Төгөлдөр өөрчилж чадсан юм. Эмэгтэй хүн бүр бие, хөдөлгөөнөөрөө дамжуулан бусдад баяр баясал бэлэглэж чадна гэснээр бидний яриа эхэлсэн юм.
- Хүүхдүүд хэдэн наснаасаа эхэлж балетаар хичээллэх нь зүйтэй вэ?
- Дэлхий дахины тогтсон жишгээр 2-4, дөрвөөс дээш гэсэн насны гэсэн ангилалаар хүүхдүүдэд балетийн сургалт явуулах нь тохиромжтой гэж үздэг. 2-4 насны хүүхдүүд эцэг, эхчүүдтэйгээ хамт явдаг. Харин дөрвөөс дээш насныхан бие даан суралцдаг. Манай сургууль дөрвөн жилийн өмнө Балетийн холбооны дэргэд байгуулагдсан. Би гадаадад суралцаж байхдаа охиноо балетийн сургалттай сургуульд сургадаг байсан юм. Эх орондоо ирээд үргэлжлүүлэн суралцуулахаар балетийн сургууль хайсан ч олдоогүй. Ингээд л анх балетийн сургууль байгуулахаар шийдэж, энэ чиглэлийн сургалт явуулдаг гадаадын сургуулиудтай интернетээр харилцаа тогтоож, судалгаа явуулсан. Дөрвөн настай хүүхдийн төвлөрөх хугацаа 20 минут байдаг. Баруунд 30 минутаар хичээллэдэг. Манайх эхний жилдээ дөрвөөс дээш насны хүүхдийг цаг гучин минутаар хичээллүүлж үзсэн. Нэг жил явсны дараа хүүхдүүд энэ ачааллыг даахгүй нь гэж үзээд 4-7 настай хүүхдүүдийг 45-60 минутаар хичээллүүлж эхэлсэн.
- Долоо хоногт хэдэн удаа явах нь тохиромжтой вэ? Монгол хүүхдүүдийн бие бялдарын онцлогоос шалтгаалах зүйл байдаг уу?
- Гэрээрээ байдаг, ачаалал багатай хүүхдүүд долоо хоногт гурав, цэцэрлэг сургуульд явдаг бол хоёр, цэцэрлэг сургуулиасаа гадуур өөр ямар нэг секц, дугуйланд явдаг бол нэг удаа явахад хангалттай. Балет 400 жилийн түүхтэй. Анх дуурийн ард хөдөлгөөн оруулах зорилготой үүссэн урлагийн энэ төрөл, хүний амьдралын хэд хэдэн үеийг давахдаа хэрэггүй зүйлүүд нь хаягдаад, хүнд хэрэгтэй хөдөлгөөнүүдийг авч үлдсэн. Тэр ч утгаараа бүх хөдөлгөөний үндэс суурь болж өгдөг. Алдарт дуучин Мадонна өөрийн фитнес багштайгаа зөвлөлдөөд өөрийн биеийн онцлогт тохирсон бүжгээр хичээллэдэг. Энэ бүжгийнх нь хөдөлгөөний 80 хувь нь дан балетийнх байдаг. Ер нь хүүхэд гэхгүй том хүн хичээллэхэд биеийг хамгийн зөв формд нь оруулдаг. Дасгал нь эмэгтэй хүнийг эмэгтэйлэг болгож өгдөг.
- Балетаар хичээллэхээр ирж байгаа хүүхдийн тоо хангалттай байж чадаж байна уу?
- Монголын анхны тэргүүн хадагтай Ш.Цэвэлмаад ийм сургууль байгуулах тухайгаа хэлэхэд маш баяртайгаар хүлээн авч дэмжсэн. Тэгээд МУГЖ Х.Гэрэлчимэг багштай уулзаж, “Нийтэд зориулсан балетийн сургууль байгуулъя. Хөгжим бүжиг дээр мэргэжлийн сургалтад цөөн тооны хүүхэд хамрагддаг. Балет нэг хэсэг хүмүүст биш бүх хүмүүст зориулагдсан гоо зүйн болон биеэ зөв авч явахад зориулсан урлаг. Энэ чиглэлээр сургалт явуулмаар байна” гэж хэлсэн. Дөнгөж байгуулаад сурталчилгаа явуулж эхлэнгүүт 70 гаруй хүүхэд манайд хандсан. Түүнээс хойш хүүхдүүд хангалттай ирж байгаа. Дэлхийн хаана ч балет эрэлттэй байдаг. АНУ болон барууны орнуудад булан тойроод л балетийн сургууль, студиуд байдаг. Солонгос, Японд ч гэсэн нэлээд байдаг. Манай сургууль анх байгуулагдахдаа БСШУЯ-наас тусгай зөвшөөрлийг нь авч, хөтөлбөрөө батлуулаад хууль журмынх нь дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо балетийн хэд хэдэн сургууль сургалт явуулж байгаа ч албан ёсны зөвшөөрөлтэй нь манайхаас өөр бараг байхгүй.
- Энэ чиглэлээр хүүхдээ хичээллүүлье гэж байгаа хүмүүс төлбөр мөнгийг нь сонирхож байгаа байх.
- Балетийн сургалт өндөр өртөг шаарддаг. Байрны түрээстэй холбоотой зардал гарч ирнэ. Манай зааланд ямар нэгэн танхимын сургалт явуулбал дор хаяж арван анги хичээллэх боломжтой. Ингэхээр нэгж хүүхдэд ногдох зардлын хэмжээ буурна. Гэтэл бид тийм том талбай дээр нэг цагт 10 хүрэхгүй хүүхэд хичээллүүлдэг. Найман жил суралцдаг учраас монголд багшлах боловсон хүчин гарын арван хуруунд багтахаар цөөн. Манай сургууль 7-8 багштай. Багш тус бүр анги хариуцаад явчихдаг. Багш нар маань дуурийн театр дээр давхар ажилладаг хүмүүс байдаг учраас нэг хүүхдэд ногдох зардал ихтэй. Сардаа 40-60 мянган төгрөгийн төлбөртэй.
- Балетаар хичээллээд гарах үр дүн нь юу вэ? Бид тайзан дээр хунт нуур бүжиглэж байгаа бүжигчидээр төсөөлөөд байдаг.
- Хүүхдүүдийг нас насаар нь ангилдаг. Түүнээс биш хольж орж болдоггүй. Таван настай хүүхэд маш эрчимтэй өсч, булчингууд нь өөрийн байрлалаа олж байдаг. Төсөөлөн бодох чадвар нь хөгжиж байдгаас охид нь ээжийнхээ даашинз, туфлийг өмсч, нүүрээ буддаг. Тиймээс хөдөлгөөнийг нь дэмжих, бие галбирыг зөв хөгжүүлэхэд чиглэсэн дасгалуудыг заадаг. 3-4 настай хүүхдүүд хойшоо ухарч үсрэх зэрэг үндсэн хөдөлгөөнийг хийж чаддаггүй бол таван настай хүүхэд үндсэн хөдөлгөөнүүдийг амьдрал дээрээс сурчихсан байдаг. Тиймээс хөдөлгөөнүүдийг нарийвчилж биеэ зөв авч явах, алхаж, гишгэж, сууж сурдаг. Буруу алхдаг, суудаг хүүхэд суух бүртээ, алхах тоолондоо өөрийнхөө биеийг эвдэх буруу хөдөлгөөн хийж байна гэсэн үг.
- Үүнийгээ нарийн тайлбарлахгүй юу? Бид хүүхдээ зөв сууж, алхаж гишгэж байгааг тэр бүр анзаардаггүй шүү дээ.
- Өсөлт нь ид явагдаж байгаа 5-6 настай хүүхдүүдэд хамгийн их ажиглагддаг алдаатай зүйл бол хүүхдэд өсгийтэй гутал өмсгөх явдал. 2,5 см-ээс дээш өндөр өсгийтэй гутлыг цэцэрлэг дээр нь өмсгөдөг. Ингэснээр хүүхдийн нуруу дээд зэргийн хатуу болж, хүндийн төв дээшилж, шилэн хүзүүн дээрээ махтай болчихдог. Ийм хүүхдүүд балетаар маш удаан хичээллэж байж засардаг. Гэсэн ч төрөлхийн хатуу нуруутай, түүнээсээ болоод бүсэлхийн хэлбэр унжиж, хөл богино, цээж урт харагддаг.
- Турахын хүслэн болсон бүсгүйчүүд олон байгаа. Янз бүрийн эм тариа хэрэглэж өөрсдийгөө туршилтын туулай болгож байна. Балетаар хичээллээд турж болох уу?
- Хэдэн ч настай хүн балетаар хичээллэж болно. Эмэгтэй хүмүүс өглөө гэрээсээ гарахдаа толинд хардаг. Тэгээд өдөржингөө тэр л хэвээрээ байх юм шиг боддог. Гэтэл толины тэр тусгалаас гоё харагдах, эсвэл муухай харагдах нь биеэ авч яваа байдал, үйл хөдлөлөөс хамаардаг. Хүний үйл хөдлөл, байж байгаа байдал, өөрийг нь бүрдүүлж байгаа бүхэн нэг цогц болж бусдын нүдэнд аятайхан тусдаг. Балет хүний хараагаар дамжуулж гоо сайхны ташаал өгөх урлаг. Балетаар хичээллэснээр гоо бие галбиртай болно. Гоё хөдөлж сурна. Гоё хуруутай хэрнээ сарвайлгаад муухай харагдуулдаг. Муухай гар хуруутай мөртлөө аятайхан хөдөлгөж сайхан харагдуулж чаддаг хүмүүс ч бий. Насанд хүрсэн хүмүүс анх сургалтанд орж ирэхдээ биеэ хэт барьдаг. Цагаан трико, усны хувцастай орж ирээд бүх талаасаа толинд харахаасаа ичдэг. Гэтэл ичээд байгаа тэр биеэ ямар ч хувцасаар далдалсан 24 цаг хүний өмнө ил явааг мартдаг. Толинд өөрийгөө хараад ингэж зогсохоороо аятайхан байна, ингэвэл бүр тарган харагдах юм байна гээд өөрийгөө мэдэрдэг болдог. Турах юмсан гэсэн олон бүсгүйчүүд байдаг. Махлагдуу хэрнээ гоё харагддаг хүмүүс олон. Гэтэл туранхай мөртлөө нэг л эв хавгүй харагдаад байдаг хүмүүс ч бий. Ингэхээр эмэгтэй хүн эвлэгхэн, эвтэйхэн байхын тулд нуруу, гар байх ёстой газраа л байх ёстой. Монголчуудын тарган гэж яриад байгаа жингийн асуудал бол тийм ч хүнд зүйл биш. АНУ болон барууны орнуудад тарган гэж ийм л хүнийг хэлэх байх гэмээр тийм тарган хүмүүс байдаг. Манайхан биеэ аятайхан аваад явчихвал тарган гэж өөрийгөө голох хүн харьцангуй цөөн.
- Балетаар хичээллэх, ойлгох тал дээр манайхан учир дутагдалтай байдаг. Жирийн хүний хийх ажил биш гэсэн өөртөө итгэлгүй байдлаар хандаад байх шиг санагддаг.
- Тийм шүү. Балет гэхээр тайзан дээр гараад харагдах байдлаар л хүлээж авдаг. Гэтэл балет маш энгийн. Сургуулилтын танхимд орж ирээд би ийм хөдөлгөөн хийж чадахгүй байх вий гэж их эмээдэг. Хэрвээ төгс гальбиртай, бүх зүйлийг чаддаг байсан бол хичээллэхээр хэн ч ирэхгүй байсан шүү дээ.
М.Гэрэлтуяа