Өлсгөлөн баавгай үдэшлэгт бүжиглэдэггүй...
Бээжингийн олимпийн чимээ бүдгэрээгүй байхад дараагийн олимпийн бэлтгэл бусад орнуудад аль хэдийнэ эхэлжээ. Дараа жилийн наадам даан ч хол байна даа гээд л бид сууж байна. Энэ талаар ярилцахаар чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатартай уулзлаа.
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан ойрын үед ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа вэ? Олимпоос хойш шигшээ багийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн үү?
- Бээжингийн олимпийн дараа шигшээ багийг татан буулгасан. Буцааж байгуулж амжаагүй байна. Олон улсын жишгийн дагуу гэж ярьж байгаа ч ийм зүйл байдгийг би ч мэддэггүй. Тамирчин, дасгалжуулагч бүгдийг нь тушаал гаргаад халчихсан. Тендер зарлаад дахин бүрдүүлж авна гэсэн. Тэр нь нэг хэсэгтээ бүрдэхгүй юм шиг байна. Саяхан он гараад ОХУ-ын Красноярск хотод болсон олон улсын хоёр тэмцээнд тамирчид маань оролцож нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Ойрхон болж байгаа том хэмжээний тэмцээн гэдэг утгаар нь орох гэж зүтгэлээ. Шигшээ баг гэж байхгүй учраас тамирчид хувийн шугамаар энд тэндээс мөнгө гуйх, ломбарданд юм тавих гээд хуучин янзаараа л явлаа. Туркийн Анкара хотод болох тэмцээнд орохоор төлөвлөж байгаа ч одоогоор ивээн тэтгэгч олдохгүй, хүүхдүүд маань гадуур дотуур гүйгээд л байна. Ямартаа ч шигшээ баг байгуулагдчихвал арга нь олдох байх.
- Олон улсын хэмжээний тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад үзүүлэх хангамж, зардал мөнгөнд хүндрэл учрах нь багассан гэж бодож байлаа.
- Олимпийн өмнө нэг хэсэг тийм байсан. Олимпоос медаль авахын төлөө хаа ч очсон албан байгууллага, хувь хүн, төр засгийн зүгээс анхаарал халамж, мөнгө төгрөгөөр чамгүй харж, үзэж байлаа. Тэрнийхээ ачаар ч энэ жил олимпоос медаль авлаа. Олимп дууслаа, та нарын хэрэг одоохондоо алга гэсэн шиг буцаад л бахь байдаг руугаа орчихлоо. Бусад орны хувьд олимпийн дараа тамирчдаа хэсэг хугацаагаар амраагаад, дараагийн олимпийн бэлтгэлдээ аль хэзээний орчихсон явж байна.
- Шигшээ баг бүрдүүлэхдээ ямар зарчим баримталдаг юм бэ? Энэ тал дээр ч хэл ам тасардаггүй. Тендер зарлана гэхээр ойлгомжгүй байна л даа...
- Урд нь ямар байсныг би сайн мэдэхгүй. Болгарт сургууль төгсөөд, эрдмийн зэрэг цол хамгаалсныхаа дараа тэнд дасгалжуулагч, шүүгчээр ажиллаж байгаад хоёр жилийн өмнө нутагтаа ирсэн. Биеийн тамирын улсын хорооноос чөлөөт бөхийн шигшээ багийг дасгалжуулах санал тавьсны дагуу ажиллаж байсан. Одоо бол шигшээ баг бүрдүүлэхэд мөрддөг журам нь их олон заавартай. Түүнийхээ дагуу сургууль соёл төгссөн, гадаад хэлтэй, ямар менежменттэй ажиллах зэргийг нь харгалзан үзээд шалгалт авч шийддэг. Жудо, боксын дараагийн олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд нь эхэлчихсэн байгаа. Чөлөөтийнх хараахан эхлээгүй л байна. Гэхдээ гуравдугаар сарын дундуур дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д болно. Тэр тэмцээнд манай баг тамирчдыг урьсан байгаа. Тэгэхээр түүнээс өмнө шигшээ багаа бүрдүүлж авах л шаардлагатай. Сольж, сэлбээд сайжруулахын оронд байсан юмаа тараачихаад буцаагаад босгоход хэцүү л болчихож байна. Хуучны туршлагаар бол улсын аваргаас эхний байранд орсон тамирчдыг шигшээд авдаг байсан бол энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сард болно. Тэмцээн болохоор л дасгалжуулагчид нь миний бэлтгэсэн хүн орох ёстой гээд хэрэлдээд эхэлдэг.
- Олимпийн анхны медалийг чөлөөтийнхөн авч байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ төрлийн амжилт буурч байгаа. Үүнийг юутай холбож тайлбарлах вэ?
- Энэ тухай их ярьж байгаа. Ахмадуудынхаа амжилтын буухиаг таслаад 20-30 жил болжээ. Үүнийг залгуулчих юмсан гээд энэ спорттой холбоотой хүн болгон ярьж, бодож байгаа. Миний бодлоор манайхан эв нэгдэлтэй ажиллаж чадахгүй байгаагаас болдог ч байж болох юм. Бие биедээ итгэж, шинэчлэлтийг хүлээж авч чаддаггүй. Нэгнийхээ амжилтанд баярлаж чаддаггүй. Үргэлж атаа жөтөөтэй байдаг. 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй баг оролцож, нэг хүрэл медальтай ирсэн. Тэр үед надад чин сэтгэлээсээ баяр хүргэсэн хүн гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Тэгэхэд зарим нь “Их муу явж ирлээ ш дээ, ганцхан хүрэлтэй” гэж хэлж байсан. Дэлхийн аваргын медаль гэдэг хэрийн хүний амархан авчихдаг медаль биш. Загас толгойноосоо эхэлж өмхийрдөг гэсэн үг байдаг. Болгарт 19 жил амьдарсан болоод ч тэр үү эхэндээ монгол хүмүүсийн сэтгэлгээг ойлгохгүй байсан. Одоо бол гадарладаг болсон. Эв нэгдэлтэй, хэрүүл маргаангүй ажиллаж чадвал тасарсан медалийн буухиаг үргэлжлүүлэх боломж хангалттай байгаа. Хэрүүлийн бузар гэдэг айхтар юм бий. Биеийн тамир спортын улсын хорооныхон дотроо арга учраа олохгүй хэрэлдээд л байх юм. Олимпийн өмнө ч ийм л хэрүүлтэй байсан. Тэмцээн, дасгал сургуулилтандаа анхаарахын оронд тэр хүмүүстэй хэл амаа ололцох гэж зүдэрсээр байгаад л дууслаа. Дээрээ удирдлага нь үг хэлээ ололцохгүй бол доор нь мянган сайн дасгалжуулагч хичээгээд нэмэргүй.
- Болгарт чамлахааргүй хугацаанд ажиллажээ. Сурч, судалсан зүйлээ монголын хөрсөнд суулгах тал дээр...
- Тэндхийн арга туршлагыг монголд нэвтрүүлэхэд хэцүү. Манай монголчууд өөрчлөлтөд их дургүй. Яг л хуучнаараа байхыг хүсдэг. Ирснийхээ дараахан тамирчдаа аваад Болгарт хамтарсан бэлтгэл хийхээр явж байсан. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг, хоол ундаа зохицуулах, эмчилгээ, хангамж ямар хэмжээнд байгааг харуулсан. Тэгэхэд манай тамирчид “Бид ийм нөхцөлд байвал ч баллаж өгнөө” гэж байлаа. Одоохондоо байгаа юмаа ашиглаад л зүтгэхээс өөр арга алга. Болгарт тийм байдаг гээд нэхээд суугаад байлтай биш. Ийм төвшинд байгаа хэрнээ олимпийн аварга төрнө гэдэг бол гайхалтай. Барууны жишигт хүрэх юм бол манайхаас зөндөө олон аварга төрөх боломжтой. Өлсгөлөн баавгай үдэшлэгэнд бүжиглэдэггүй гэж цыганууд ярьдаг. Тэрэнтэй адилхан тамирчдаа бүх талаар нь дэмжихгүйгээр яаж явах юм. Хангалуун айлын хүүхдүүд бөхөөр хичээлдэггүй. Голдуу л гэр хорооллын, хөдөөний хүүхдүүд. Бөхөөр хичээллээд түүгээрээ амьдралаа залгуулах л гэж яваа хүмүүс. Манайхан цусандаа бөхийн авъяас, сонирхолтой байдаг. Европт бол мөнгө өгье, бүх талаар чинь хангая гээд ч бөх болох хүн цөөхөн байдаг. Хэрвээ тэр хангамжийг манайхны авъяастай хослуулах юм бол ч...
- Дасгалжуулагчдын ур чадварын тухайд таны бодол?
- Манай дасгалжуулагчид тийм муу бишээ. Буудлагын Ундралбат багшийн тамирчинтайгаа ажиллаж байгаа, ажлаа төлөвлөж байгааг нь харахад бусдаас өвөрмөц. Тийм ч болохоороо амжилт гаргаж чадлаа. Манайхан залуудаа барилдаж байгаад болихоороо дасгалжуулагч хийдэг. Хар практикаар “Жор мэддэг ламаас зовлон үзсэн чавганц дээр” гээд л яваад байдаг. Үүнд нэг их буруу байхгүй ч гэлээ хүнд сурсан юм илүүддэггүй. Ядаж л номын дуу сонссон хүний бусадтай харьцах харилцаанд ч өөрчлөлт гарна. Шигшээ багуудын дасгалжуулагчдыг би сайн гэж хэлж чадна.
- Таныг АНУ-руу урилгаар явах гэж байгаа гэж сонссон. Хамаг өнгөтэй, өөдтэй нь гадагшаа гараад дууслаа гээд л байдаг. Тэндээ бүр үлдэх гэсэн бодол байгаа юу?
- АНУ-ын нэгэн их сургуулийн урилгаар хоёр сарын хугацаатай дасгалжуулагчаар ажиллахаар явж байна. Ахуй хангамж нь өөр ч гэсэн монголдоо нэвтрүүлчих юу байна давхар сурч, судлах санаатай. Бүр бол явахгүй ээ. Одоогоор шигшээ баг бүрдээгүй ажилгүй байгаа хүн яваад ирье гээд л... Шигшээ баг бүрдээд намайг хэрэгтэй гэвэл ажиллана. Хэрэггүй гэвэл өөр ажил хийнэ дээ. Болгараас ирээд нэг хэсэгтээ хэцүү байсан. Авдаг цалин мөнгө хаанаа ч хүрэлцэхээргүй. Эхнэр маань Болгарын том эмнэлэгт мэс засалчаар амжилттай ажиллаж байхад ажлаас нь гаргаад энд ирсэн. Нэг хэсэг ажилгүй байж байгаад сайхан нэг хувийн эмнэлэгт орлоо. Хүүхдийн сургууль соёлоос эхлээд санаа зовох зүйл гарч л байна.
- 2012 оны олимпод чөлөөтийнхөн яах бол?
- Манай залуу халаа байгаа. Тэр залуусыг л зүтгүүлэх хэрэгтэй. Хууччуултайгаа зууралдаад байвал хол явахгүй ээ. Олмпийн дараа Хятадын бүх ард түмний спартекад нь болж дараагийн олимпод оролцох тамирчдаа сонгодог. Японд 2016 оны олимпод оролцох тамирчид гээд жаахан хүүхдүүд бэлтгэл хийж байсан. Манайх шиг олимп хаяанд ирэхээр гэнэт санадаг газар хаа ч байхгүй. Олимп дөхөхөөр өгдөг мөнгөө одооноос хүүхдүүдэд зориулаасай гэж хүсдэг. Алсын хараа бодлогогүйгээр амжилт гаргана гэдэг хэцүү. Спортод дуртай байгаа энэ хүүхдүүдэд бэлтгэлийн хувцас тавиад өгчихөд л баярлаж, урамшина. Тэмцээнд орох гээд Туркт очсон юм. Тэмцээний нээлтэнд зогсох гэсэн манайханд жигд хувцас байдаггүй. 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байх хугацаандаа байр, хоолныхоо мөнгийг хэмнээд жигд хувцас оёулж байлаа. Хүүхдүүд хөөрч баярлаад сүйд болохыг хараад оёдлын цехийн эзэн нь “Хүн баярлуулах ямар сайхан юм бэ” гээд дахиад нэг нэг футболка бэлэглэж байсан. Ядаж хүүхдүүдийг урамшуулаад байх юм бол амжилт ахина. Биднийг бүх талаар дэмжиж тусалдаг “MCS Coco Cola” компаний хамт олонд талархал илэрхийлье.
- Дасгалжуулагч болоод биеийн тамир спортын улсын хорооныхны хооронд үл ойлголцол байдаг нь амжилтанд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болох уу?
- Өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг эмнэлгийн, эрдэм шинжилгээний албанд хэлчихээр л буруудаад байдаг юм. Би мундагтаа биш, мэддэг юмаа хэрэг болох болов уу гээд хэлчихээр ад үзэгддэг. Иймэрхүү байдлаас болж олон хүний урам хугарч байгаа. Эв нэгдэлтэй байж чадахгүйгээс болоод олон зүйл дээр алдаж байна. Тамирчдаа цуглуулаад бэлтгэл хийх гэж байхад клубынх нь дасгалжуулагч ирээд аваад явчихдаг. Түүнээс болж төлөвлөгөөнийхөө дагуу ажил явдаггүй гээд тоочвол үл ойлголцлоос үүдсэн олон проблем бий.
М.Гэрэлтуяа