Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй
Хүний эрх гэдэг гарт баригдаж нүдэнд харагдахгүй мөртлөө амны уншлага болчихоод байгаа асуудлын талаар ярилцахаар “Монфемнет” ТББ-ыг зорьлоо. Өрөөнд олон залуус бужигнана. Өөрийнхөө бодож явдаг, хүмүүст хүргэхсэн гэсэн үгнүүдээ “урлаж” байлаа. “Би том хөлтэй. Гэхдээ бусдын хөл дээр гишгэхгүй”, “Энэ гар хүчирхийлэл үйлдэхгүй” гэсэн зурагт хуудаснууд “агаарт” тогтсон хүний эрхийн тухай арай бодитой ойлголтыг надад өгсөн. Тус байгууллагын ерөнхий зохицуулагч Т.Ундаръяатай ярилцлаа.
- Хүний эрхийн тухай улиг болтол ярьж байгаа. Олон байгууллага байгаа ч гэсэн гарч байгаа бодитой зүйл харагдахгүй байна.
- Хүний эрх гэдгийг хуулийн хэллэг, цаасан дээр бичигдсэн мөртлөө амьдрал дээр хэрэгждэггүй агаарт явдаг зүйл гэж ойлгочихож. Эрх гэдэг үгийнх нь утгыг эрхлүүлнэ, хэтэрхий дураараа авирлана гэж ойлгох тал бий. Уламжлалт сэтгэл зүйтэй холбоотойгоор хууль болон зарчимд хандах хандлага саад болдог. Ардчилал, хүний эрх эрх чөлөөнд дургүй хүчнүүд байсаар байна. Тэр нь бүүр өөрийнх нь улс төрийн идеал болчихсон, иргэдэд эрх чөлөө хэрэггүй гэж үздэг хүмүүс хүний эрх, эрх чөлөө гэдэг үгийн утгыг гуйвуулж, дур зоргоороо авирлах гэж иргэдэд ойлгуулахыг хичээдэг. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагаа, арга барилд дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэж бид үзэж байгаа юм. Баахан цаас шидээд, хурал хийгээд, лекц уншаад байгаагаар л хүний эрхийг хэрэгжүүлэх, түгээх ажлыг хийж байна гэж ойлгож болохгүй. Хүний сэтгэл зүрхэнд хүрэх, хүний дотор энэ зүйлийг суулгах, итгэл үнэмшил болгох хэрэгтэй байгаа юм.
- Төрийн болон төрийн бус байгууллагууд хүний эрх зөрчигдөж байгаа талаар ярьдаг. Арга барил нь ч тийм сайн биш байгаа талаар та ярьж байна. Харин танай байгууллага хэрхэн ажиллаж байна?
- Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын сүлжээ байгаль орчин, эдийн засаг, иргэний нийгмийг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрхийг хамгаалах гээд олон салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Жендрийн шударга ёсыг зайлшгүй тогтоох нь ардчилсан, хүмүүнлэг нийгмийн салшгүй хэсэг. Тийм ч болохоор эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд хамтран сүлжээ байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бид 30-с дээш насны эмэгтэйчүүдэд хандаж ажиллаж ирсэн. Бидний арга барил ч уйтгартай байсан. Насанд хүрсэн хүмүүст зориулсан арга хэмжээ гэхээрээ л заавал хурал маягаар явагдах ёсгүй. Тиймээс одоо үзэл бодол нь төлөвшиж, жендрийн хандлага нь бэхжиж, бэлгийн харьцаанд идэвхтэй орох гэж байгаа өсвөр насны залууст энэ талаарх ойлголтыг суулгаж өгөх хэрэгтэй болж байгаа. Гэхдээ бид соёлын дайралтад өртөж байна. Эрэгтэй хүн гэхээр супермен, Солонгос киноны баатрын дүрээр ганцаарчилсан тоглолт хийдэг, эмэгтэй нь гэхээр зөөлөн дуугарсан, наалинхай, эрчүүдийн хамгаалалтад байх ёстой гэдэг загварууд залууст хүчтэй нөлөөлсөөр... Одоо л энэ залуучуудад хүний эрх, жендрийн шударга ёсонд нийцэх хандлагыг төлөвшүүлэхгүй бол 30-40 гарчихсан хойно нь ойлгуулах гэж байнга хөөж явдаг хэвээр үлдэнэ. Одооноос эхлээд залуучуудтай маш сайн ажиллах хэрэгтэй. Тэгэхдээ насанд хүрсэн хүмүүс нь зааж сургадаг, та нар тийм байх ёстой, буруу зөв гэхийнхээ оронд өөрсдийнх нь оролцоог дэмжих, бүтээлчээр өөрсдийгөө бий болгох орон зайг нь өгөх хэрэгтэй.
- Залуус хэр идэвхтэй байна?
- Нийгэмд идэвхтэй юм хийе гэсэн бүлгийг олж, санал бодлоо хуваалцан, тэд хүсэх юм бол хамтарч ажилладаг. Эхний ээлжинд 30-40 хүнээр үндсэн бүлэг болгон сургалтад хамруулан, өөрсдийгөө таньж мэдээд цааш нь хүмүүсийг сургах тийм механизм руу орж байна. Аравдугаар сарын дундуур Эмнести энтернешнл олон улсын байгууллагатай хамтран дандаа жүжигчилсэн тоглолттой, оролцооны аргаар 40 хүнд сургалт зохион байгуулсан. Сургалтыг эхлэхдээ ч бэлэн зүйл өгөөгүй, ямар сэдвийг ямар аргачлалаар хүмүүст хүргэх вэ гэдгээ ярилцсан. Залуус өөрсдөө баг бүрдүүлээд, судалгаагаа хийж, ямар нэгэн зүйлээр хүнийг ялгаварлан гадуурхахаас сэргийлэх, нийгмийг аль болох хүмүүнлэг, нээлттэй болгоход нөлөөлөхөд чиглэгдсэн компанит ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах вэ гэдгээ ярилцаад, сургалтын хөтөлбөрт эцэслэн оруулсан. Яаж хамтаар ажиллах вэ, өөрийнхөө дааж авсан ажлыг нэр төртэй биелүүлэх, бүтээлчээр сэтгэх, хоорондоо саналаа үр дүнтэйгээр хуваалцаад нэг санал бий болох, өөрсдийнхөө хүсээд байгаа нийгмийг бий болгоход хувь нэмрээ хэрхэн оруулах вэ гэдэгт суралцаж байгаа юм. Хүний эрх, эрх чөлөө гээд яриад байдаг зүйлүүд чинь амьдрал дээр энүүхэн орчинд ямар ч байсан биелээд эхэлж байгаа юм.
- Би тийм эрхтэй гэж ярьдаг ч бусдыг үл ойшоох явдал хаа сайгүй л байгаа шүү дээ. Энэ тал дээр...
- Бий болгох гэж хүсч байгаа өөрчлөлт нь би өөрөө байх ёстой гэсэн үг байдаг. Хүний эрх гэж ярьчихаад өөрсдөө хэрцгий, нэг нэгнээ үл ойшоодог бол бид мянга зөв юм яриад хэрэггүй, хэрэгжих ч үгүй. Хүний эрхийн төлөө ажлыг үр дүнтэй болгох нэг арга нь хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хэн ч болов өөрөө өөртөө шудрага, шаардлага тавьж чаддаг байх. Би хүн дээрэлхэх дуртай юу, биеэ тоочихоод бусдыг өөрийнхөө гарын үзүүрт зардаг уу, өөр үзэл бодолтой хүнийг үзэн ядаад эхэлдэг үү гээд дүгнэлт хийх нь маш чухал. Үүнийг хийж чадахгүй бол нийгмийг өөрчилж чадахгүй. Мөн бүтээлчээр сэтгэж, туршилт хийхээс айхгүй байх хэрэгтэй.
- Та бүхний баримталж байгаа зарчим нь юу вэ?
- Бид ажлаа хийхдээ хөгжилтэй, аль болох стресс оруулахгүйг хичээдэг. Хүний эрхийн зөрчил гэдэг сэтгэл зүрх шимшрүүлсэн хэцүү асуудал. Ийм нөхцөлд ажиллаж байгаа ч гэсэн бид ажлаасаа таашаал авч, бие биендээ урам хайрлаж чадахгүй бол хэдэн сарын дараа ажил нурна.
- Эмэгтэйчүүдийн эрхийн талаар судалгаа хийдэг, эрх ашгийг нь хамгаалдаг гэж байна. Эрчүүдэд ч гэсэн хайр халамж хэрэгтэй юм биш үү?
- Одоо “Улс орны жендрийн үнэлгээ” сэдвээр судалгаа явуулж байна. Энэ судалгааг хийх явцад нийгмийн эд баялаг маш тэгш бус хуваарилагдсан гэдэг нь илэрхий болж байгаа. Сүүлийн хорин жилд эдийн засаг урьд байгаагүйгээр хурдан өсч, улсын төсвийн орлого, зарлага аль аль нь их хэмжээгээр нэмэгдсэн, дотоодын нийт бүтээгдэхүүн 1500 доллар хүрсэн мөртлөө яагаад ядуурал буурахгүй байгаа юм бэ? Одоогоос хэдэн жилийн өмнө ядуурал 36 хувь байна гэж байсан. Энэ жил 31,4 боллоо гэж ярьж байна. Тэгээд ч бид энэ тоонуудад итгэхгүй байгаа. Ядуу, эсвэл ядуурлын ирмэг дээр амиа аргацаах хэмжээнд олон хүн амьдарч байна. Хүмүүс яаж амьдралаа дээшлүүлэх, амиа аргацаах тухай л бодож зүдэрч байгаа. Хүмүүсийн сонголт өргөжиж байна уу, чанаржиж байна уу гэдгээр хүний хөгжлийг тодорхойлдог. Манайд бол өргөжөөгүй, чанаржаагүй. Маш их эрсдлийг даагаад, хэний ч тусламжгүйгээр орлого олох арга зам хайж байгаагийн нэг хэсэг нь гар аргаар алт олборлогчид. Хэдийгээр хууль бус гээд зарлачихсан ч гэсэн маш олон хүний өнөө маргаашаа залгуулах, ширээн дээрээ талх тавих эх үүсвэр болчихсон. Ингэж амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь эрчүүд. Маш их эрсдэлтэй ажил хийж, тахир дутуу болох, амь насаа алдах эрсдлийг хүлээдэг. Алт ухаж байгаа гэр бүлүүдийн хүүхэд, эмэгтэйчүүд нь мөнгөн усаар алт угаадаг. Харахад эрчүүд шиг газар ухаж, шороо үүрэхгүй, амархан ажлыг хийж байгаа мэт боловч эрүүл мэндээрээ хохирдог. Өрх толгойлсон эмэгтэйчүүд амьдралаа бодож, оюутны сургалтын төлбөрөө хийхээр биеэ үнэлж байгаа. 1990-ээд онд биеэ үнэлэх явдал их боллоо гэж ярьж байх үед насанд хүрсэн хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг байсан бол одоо насанд хүрээгүйчүүд энэ явдалд олноороо орох болсон. “Ядуурал ба ажил эрхлэлт” гэсэн судалгааг хийсэн. Түүнээс гарсан үр дүнгээр монголын ядуусын дунд ажилгүй хүмүүс бага хувийг эзэлж байна. Ажил хийж байгаа мөртлөө ажилгүй хүн олон байна гэдэг ажлын байр нь хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй, маш бага цалин авч байгаагийн гэрч. Монголчууд залхуудаа, ажил хийх дургүйдээ ядуу байгаа юм биш.
М.Гэрэлтуяа
Хүний эрхийн тухай улиг болтол ярьж байгаа. Олон байгууллага байгаа ч гэсэн гарч байгаа бодитой зүйл харагдахгүй байна.
энэ талаар хэлэх зүйл байна. Хүний эрх гэдэг чинь соёлын асуудал гэж ойлгодог би. Бидний зорих ёстой, удирдлага болгох ёстой зүйл-соёл бол хүний эрх. Тэрхүү соёлыг Монголын соёлд яаж хослуулах вэ, зохицуулах вэ гэдэг л хэцүү асуудал байх. Соёлын мэдрэмж маш чухал. Эмэгтэйчүүдийн эрх яриад материал бэлдэж байгаа хүүхдүүд нь өөрснөө хэр хүний эрхийн мэдрэмжтэй байна вэ гэдэг л чухал гэж бодож байна даа.