ИХ Л БОДОЖ БИЧЛЭЭ ШҮҮ...
Тус уу, ус уу?
Хөдөөнөөс ирсэн эгч “алга” болчихов. Таван шараас хотын төв рүү, танай руу очихоор явлаа шүү гэж ах утасдсанаас хойш хоёр цаг өнгөрлөө. Урд нь ганц нэг удаа ирж байсан болохоор нь санаа зовсонгүй. Эхэндээ зам бөглөрөө байлгүй, одоо л хүрээд ирэх байх гэж байсан ч удаад байхаар нь автобусны буудал дээр очиж хүлээлээ. Байдаггүй. Яалтай билээ. Ямартаа ч гэртээ хүлээж байхаас өөр арга үлдсэнгүй. Бүрэнхий болсон хойно эгч бухимдуухан орж ирээд “Хотынхон хүн чанаргүй, муу хүмүүс юм” хэмээн гомдоллов. Эгч манай гэрийн ойролцоо хоёр цаг гаран төөрчээ. Бид ч инээд ханиад болж түүнийг хэсэг шооллоо. “Олон хүнээс 52-р байр хаана вэ гэж асуусан ч зарим нь дугарахгүй, мөрөө хавчаад, эсвэл мэдэхгүй гэж хариулах юм. Аргаа бараад зогсож байтал нэг залуу зааж өгөөд, бүр дагуулж хүргэж ирлээ шүү дээ” гэж ярилаа.
Өглөөнөөс үдшийн бүрий болтол ажил, гэр, дэлгүүр хоршоо, хоолны газар хаа сайгүй туслалцаа дэмжлэг хэрэгтэй хэн нэгэнтэй таарч л байдаг. Өөрийгөө яая гэж байж... Заримдаа хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгааг, өөрөө тусалж чадахаар байсан ч ингэж бодоод л нүдээ аниад өнгөрдөг. Өнөөгийн нийгэм, стресс бухимдал биднийг ийн эвджээ. Тус гэхээр хэдэн зуун мянган төгрөг, хашаа байшин, хүүхдийн сургалтын төлбөр гээд том зүйлийг бодож байж болох л юм. Гэхдээ зам асуусан хүнд аятайхан заагаад өгчих, шаварт суучихсан машиныг татаад өгнө гэдэг аргагүй том тус. Гэрлэн дохион дээр бие биеэсээ өрсөх гэж яарсаар бөглөрүүлж орхиод бөөн уур цухал болдог нь манайхны гэм биш зан. Харин бие биедээ тусалж, зам тавьж өгч байж л ногоон гэрлээр таван машин арай ядан гарах биш арван машин айван тайван гарна. Цаг хугацаа хэмнэхээс эхлээд хэн хэндээ тустай. Нэг нэгнээ хүндэлсэн, найрсаг харьцаа өнөөдөр бидэнд ус агаар шиг хэрэгтэй байна. Ингээд бодохоор суурин соёл иргэншил, хотын амьдралд энэ нь тус гэхээсээ илүү үүрэг хариуцлага гэсэн ойлголт руу дөхөж очиж байна.
Хавтасны сэдвийн талаар найзуудтайгаа ярьж суухад нэг нь “Гудамжинд халамцуу эр ирээд архины мөнгө, настай эмгэн ирээд хоолны мөнгө гуйдаг. Мөнгөтэй байсан ч өгөхөөс татгалзаж байгаа нь туслахгүй байгаа хэрэг гэж үү? Хэн нэгэнд туслана гэдэг тавьсан хүсэлт бүрийг нь биелүүлэхийн нэр биш. Гуйлга, тусламж хоёр бол тэс өөр зүйл” гэж хэлсэн. Танихгүй хүнд туслана гэдэг өөртөө илүү их эрсдэл хүлээж байгаа зүйл. Сайхан сэтгэлээр тусаллаа ч эргээд хэрэгт “унадаг” тохиолдол олон. Нэг танил залуу маань автобусны буудал дээр таарсан эмэгтэйд тусалж, тортой зүйлийг нь өргөж гэрт нь аваачиж өгөөд, шанд нь нөхөрт нь зодуулж байсан тухайгаа ч ярив. Намайг зодуулаад гарсны дараа тэр эмэгтэй нөхөртэйгөө муудалцсан байх. Хүнд туслах гээд энэ мэтээр асуудалд орооцолдох нь их шүү гэж байсан.
Аяганы хариу өдөртөө
Агтны хариу жилдээ
Аяганы хариу өдөртөө
Агтны хариу жилдээ гэсэн үг ч нэгийг хэлээд байх шиг. Нүүдэлчдийн эртнээс баримталж ирсэн энэ зарчмыг орчин цагийн хэллэгт буулгавал багахан тусыг болж өгвөл тэр даруйд нь, харин арай дөнгүүрийг нь бодож яваад чадах үедээ хариул гэсэн үг ч юм шиг. Монголчууд дэм тусыг эрхэмлэдэг, гэр амьтай, элгэмсэг, өр зөөлөнтэй хүмүүс гэж өөрсдийгөө тодорхойлдог. Гэсэн хэдий ч гадуур бөөн бөөнөөр тэнэх хүүхэд, траншейнд амьдарч байгаа хүмүүсийн хажуугаар юу ч бодохгүй, хэнэггүй алхдаг. Элгэмсүү, өрөвч зөөлөн, тусархуу гэсэн тодотголууд нь ойр дотны хүмүүсийн хүрээнд авч үзэх ойлголт ч байж болох юм. Бид хэн нэгэн танихгүй хүнд гар сунган тусалдаггүй мөртлөө зүгээр л зүс таних хүнд далан булчирхайгаа тоочин, хамаг байдгаа ”тавиад туучихаж” мэдэх л хүмүүс. Бид гэр бүлийнхнийгээ л анхаарч халамжилдаг. Хүүхдүүд нь ээж аавыгаа, эгч ах нь дүү нартаа анхаарал тавьна, тусалж дэмжинэ. Харин бидний үлгэрлэн дуурайх дуртай өндөр хөгжилтэй орнуудад насанд хүрээд бие даан амьдраад эхэлсэн л бол хүн өөрийнхөөрөө өөрийгөө болгоод явах хэрэгтэй болдог. Шашны номлолд хүнд тусалсан түүнээс эргэж ирэх хариуны тухай бодоод ч хэрэггүй, зөвхөн сайхан сэтгэлээр тусал гэсэн байдаг. Сайн үйл хийх, хэн нэгнээс хариу хүлээлгүй туслаж чадах сэтгэлийг олон жилийн ёс суртахууны хүмүүжил, шашны нөлөөгөөр бий болгосон байх. Харин бидэнд тийм ёс суртахууны хүмүүжил, сайн муугийн үнэлэмж бий билүү? Шашин ч яахав. Өргөл барьц өгч байж ганц нэг маань мэгзэм уншуулахаас хэтрэхгүй.
Өнгөрсөн зун уулзсан Америк залуугийн ярьсан зүйл одоо хэр санаанаас гардаггүй юм. Тэр “Монголчууд хэн нэгэнд хариугүйгээр тус хүргэнэ гэж бараг байхгүй юм. Энэ нь ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Намайг бүр багаас минь “Хүнд туслах гэж байгаа бол хариу санаж тооцоололгүй сэтгэлээрээ тусал. Хүнд туслахдаа гараа биш зүрхээ өг” гэж сургадаг байсан. Харин нэг монгол найз маань “Хүний тусыг хариулахгүй байна гэдэг хүн чанаргүйн илрэл” гэж хэлж байсан. Хүнд тусалчихаад “өрөө” төлөхийг нь хүлээнэ. Хүмүүжлийн уламжлалт энэ зарчим олон хүнд битгий нөлөөлөөсэй гэж хүсмээр. Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. Харин нөгөө талаас нь бодоод үзвэл монголчуудын хэн нэгэнд тусалдаггүй занг “Өөрсдөөсөө ичдэг” гээд хэлчихэж болохоор. Хэлний бэрхшээлтэйгээсээ болоод гадаад жуулчинд дэлгүүр хаана байгааг англиар хэлээд өгчихөж чаддаггүй. Ингээд л юм асуусан гадны хүн рүү муухай харчихаад явчихдаг байх гэсэн бодол надад төрдөг” гэж ярьсан юм.
Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ
Би түүнд тусалсан, тэр надад туслах ёстой гэж үздэг нэг хэсэг байна. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн энэ “барьцаа” маягийн үг өнөөдрийн бидний ярьж буй хариу нэхээгүй тусаас өөр утгыг илэрхийлдэг. Би чамд тусаллаа, одоо чи намайг юугаар “гийгүүлэх” гэж байна гэсэн хариу нэхдэг, зорилготой тус. Хүнээс дэмжлэг авч, өөд нь татуулчихаад одоо би тэр хүнд тийм хэмжээний өртэй үлдлээ дээ гэсэн бодол автоматаар бодогдоод эхэлдэг. Танилаасаа хэдэн төгрөг зээлчихнэ. Үнэхээр хэрэгтэй үедээ мөнгө зээлчихсэн юм чинь дараа надаас юм гуйхад нь “хүн чанар зулгаагаад” үгүй гэж хэлж чадахгүй тийм л байдалд ордог. Хэдийгээр тэр хүн “Би чамд мөнгө зээлүүлж байсан. Одоо чи ачийг минь хариул” гэж хэлээгүй ч гэсэн, би түүнд туслаж чадахааргүй байсан ч худлаа үнэн “За” гэж хэлчихээд түүнийгээ биелүүлж чадахгүйд хүрэхээрээ зугатаадаг.
Төрийн албан хаагчидад “гарыг нь цайлгах” гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Манайхан ямар нэг ажлаа амжуулчихвал тэр хүнийг ажлаа хийж байна гэхээсээ өмнө надад ёстой нэг тус боллоо доо гэж боддог. Тэгээд гарыг нь цайлгана даа. Ганц набор, дарсхан өгнө. Үнэндээ бол “Чин сэтгэлээсээ инээгээд баярлалаа, энэ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй” гээд хэлчих харилцааны соёл алга. Уул нь хүнээс ийм үг сонсохоор сэтгэл санаа сайхан болоод л явчихдаг даа.
Аавын найз төрийн томоохон байгууллагад албаны дарга болжээ. “Тэр ч надад тус болох л хүний нэг дээ. Одоо л муу охиноо гайгүйхэн газар ажилд оруулчихъя” гэж ирээд л аав ээж хоёр ярьж байна аа. Албан тушаал өрөө төлөх хэрэгсэл болж байгаа нь энэ. Би ч яахав гайгүйхэн газар ажилд ороод нэг хэсэгтээ л амиа аргалчихна. Харин нөгөө ажлыг нь хийж чаддаг л байгаа даа гэсэн бодол хэдэн өдөр толгойд эргэлдэнэ. Ийм байхад мэдлэг боловсрол, олон сургууль төгсөхийн ч хэрэг алга. Таньдаг хүмүүс маань хурдан албан тушаалд хүрээсэй билээ гэж залбирахаас. Бас нэг зүйлийн талаар мартах шахаж. Их хурлын сонгуульд нэрээ дэвшүүлсэн хүмүүс эргээд тойргийнхондоо барьцаалагдчихдаг. Тэд нийт иргэдийн эрх ашгийн үүднээс хууль батлах учиртай хэрнээ тойргийнхондоо, нэг хэсэг хүмүүст арай илүү анхаарал тавьж, төсөв мөнгөнөөс аль болох илүүг хуваарилуулахыг хүсдэг. Яам тамгын газрын үүдээр эргэлдэгсдийн ихэнх нь “гуйлга” гуйхаар ирсэн тойргийн сонгогчид. Туслахгүй бол чамайг даа, дараагийн сонгуулиар “яг гаргаж харагдаач” гээд л... Тус тойрсон төрийн албаны дүр зураг нэг иймэрхүү.
Хариулах уу, эсвэл...
Хүнээр туслуулна гэдэг хэцүү, зовлонтой процесс юм гэж нэг номноос уншиж байсан юм. Энэ үгийг хүлээн зөвшөөрөх хүн олон байгаа болов уу? Бид “Ингэж их туслаж байхад”, “Энэ ямар байлаа” гэж хэлэх үе хүн болгонд гардаг. Нэг нэгнээ ойлгохгүй ийм байдал олон. Тусалж байсан хүнийхээ дайсан нь болох нь бий. Хэн нэгний туслалцаа хэрэг болох үе зөндөө байдаг. Эргээд надад ашигтай гэж бодох үе ч бий. Ямар учир шалтгаанаар туслаж байгаа вэ гэдгийг тусалж байгаа туслуулж байгаа хоёрын хэн хэн нь мэдэж байвал дээр. Тэр тусыг нь хариулах гэхээр чадахгүй байдалд ч ордог. Гэхдээ таны хүргэж байгаа тусыг тус гэж бодохгүй, тооцохгүй бол яах вэ? Чин сэтгэлээсээ тусалж байхад тухайн үедээ ч, одоо ч тус гэж үзэхгүй байгаа бол... Тухайн үедээ “Тусалсанд баярлалаа” гээд сүрхий хүлээн авч байснаа, сүүлдээ хариуг нь барьж чадахгүй болохоороо зугатаавал яах вэ? Тус гэж хүлээж авчихаад эргээд танд туслах болохоороо боломцоотой хэрнээ гөлийгөөд, “Чамд туслах албатай юм уу” гээд дайрчихдаг, дандаа хүнээс юм авч байдаг нөхдүүд ч зөндөө. Энэ бүхнийг эргэцүүлээд бодохоор болж өгвөл өөрөө өөрийгөө болгоод явж байсан нь дээр юм шиг санагддаг. Тус гэдэг бол сэтгэлийн хандлага. Тухайн цаг үедээ тусалчихсан л бол дараа нь заавал “өрөө” төлүүлэхээр шазуур зуух хэрэг байгаа ч юм уу даа.
Атаа жөтөөнөөс болоод тус болсон хүнээ буруугаар бодох, эргээд “услах” явдал байдаг гэдгийг ахад маань тохиолдсон явдал батлана. Одоогоос хоёр жилийн өмнө ах мэргэжлийнхээ чиглэлээр компани байгуулж, их сургуулийн ангийнхаа залууд хамтран ажиллах санал тавьсан юм. Ах захирал нь, харин найз нь инженер. Бүтэн нэг жил нойр хоолоо хасан байж компаниа хөл дээр нь босгосон ч тэд хоёр тийшээ болцгоосон доо. Шалтгаан нь их энгийн. Ижил гараанаас нэг нэгдээ тус дэм болоод явж байсан ч найз нь “Чи машинтай, орон байртай, юм юмтай боллоо. Харин надад юу ч алга” гээд ажлаасаа гарч, тусдаа компани байгууллаа. Компани байгуулах санаа нь ч, анхны хөрөнгө оруулалт нь ч ахых байсан болохоор жилийн дараа тэдний хооронд мөнгө төгрөгний ялгаа гарч эхэлсэн. Уул нь гудамжинд “лааз өшиглөж” явсан найздаа ажлын санал тавьснаар амьдралыг нь жаахан ч гэсэн өөд нь татсан гэж бодож явсан ах маань нэг сайн найзаа нэг өрсөлдөгчөөр бүүр муугаар хэлбэл дайснаар сольсон. Хэн хэнд нь буруу өгөх аргагүй ч иймэрхүү зүйл зөндөө гардаг нь үнэн.
Тусыг усаар...
Х.Заяабат: Хүмүүсийн амнаас “Би түүнд туслаж байхад арай ч дээ”, “Тэр ямар байлаа даа”, “Ишиг эврээ ургахаар...” гэж ярьдаг. Би ч бас ингэж гомдож л байсан. Хамаатны охин сургуулиа төгсөөд ажилгүй байсан юм. Нэг найзыгаа гуйж байгаад ажлын бараа харууллаа. Анх ажилд орсон болоод ч тэр үү нэг хэсэг ачаалал ихтэй байсан аж. Сар ч болоогүй байхад нөгөөх чинь “Та намайг таньдаг хүнийхээ боол болголоо. Өдөр шөнөгүй ажиллаад ч тэр ажлыг чинь хийж чадахгүй нь” гээд уурлав. Ээж нь хүртэл утасдаж, гомдлын үг чулуудав. Ажилдаа дасаад, аяндаа зүгшрээд ирэхээр гайгүй болно байх гэж тайвшруулаад явуулсан ч хэд хоногийн дараа ажлаа хэл сураггүй хаяад явсан сураг дуулдав. Бас болоогүй ээ. Захирлаасаа мөнгө зээлээд шүү. Гуйж оруулсанаараа би буруутан болж, найзаасаа тангараг тасрах дээрээ туллаа. Гэрт нь очиж зээлсэн мөнгөө буцааж өг гэхэд “Би өчнөөн өдөр илүү цагаар ажилласан. Буцааж өгөх албатай биш. Элдэв юм болохоор би чамайг ажилд оруулсан гээд та ч гэсэн цээжээ дэлдэнэ биз” гэв. Ажилгүй гэртээ байхаар хамт олны дунд ороосой, амьдрал ахуйдаа жаахан ч гэсэн нэмэртэй байгаасай гэж хүссэнээс хаа нэг газар “баатрын” дүрд тоглох гэж түүнд туслаагүй болохоор хэлсэн үгэнд нь гомдсон. Үүнээс хойш иймэрхүү зүйлд орооцолдохгүй юмсан гэж бодох боллоо.
Ялаагаа заан болгох гэсэн хэллэг хар ярианд байдаг. Хүнд хүргэсэн жижиг сажиг тусаа уул овоо мэт болгон, энд тэндгүй ярьж явна гэсэн үг юм. Х.Заяабатад ингэж ярих хүсэл байгаагүй тухайгаа дахин дахин хэлж байсан. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд хаа сайгүй. Өөрийн хийж чадах зүйлийг хүртэл бусдаас царайчилна. Туслахгүй бол харааж зүхнэ. Энэ муу их зантай, чамтай, чамгүй болно гэхчилэн хорон муу үгээр иднэ. Түүнгүйгээр болох л байсан бол гуйж, гувшиж “амаа бузарлах” хэрэггүй л баймаар. Зарим хэсэг нь гай ч үгүй, гавъяа ч үгүй өөрөө өөрийгөө болгоод явахыг хичээдэг. Хүнд туслах гээд ингэж өөрөө өөртөө асуудал үүсгэж байхаар хувиа бодож довоо шарлуулсан нь дээр ч юм уу.
Өглөөний жавраас охиныг минь “өмөөрсөн”
тэр ахад баярлалаа
Өглөө охиноо дагуулаад гэрээсээ гарлаа. Жавартай хүйтэнд жаахан охиноо хурдал, хурдал гэж яаруулсаар зам гарч нэлээд яаруу алхтал ард машины сигнал хангиналаа. Явган хүний замаар явж байхад гэсэн шүү юм бодоод, хяламхийвэл нэг ах “Наашаа суучих. Дөхүүлээд өгье” гэж байна. Охин маань ч түрүүлээд дэгдчихэв. Машинд суугаад таньдаг хүн мөн үү, биш үү гэж эргэлзлээ. Харин тэр ах “Өглөө болгон та хоёрын хөтлөлцөөд явж байгааг хардаг юм. Нэг удаа ч гэсэн хүргээд өгчих юмсан гээд л бодож байсан. Өнөөдөр гайгүй завтай байхад таарлаа” гэж ярьлаа. Өглөөний жавраас охиныг минь “өмөөрсөн” тэр ахад үнэхээр их баярласан, тэр үед. Яагаад ч юм тэр өдөржин нэг л сайхан мэдрэмж төрөөд, өөрийн эрхгүй инээд алдаад байсан. Гэрэл гэгээтэй зүйл амьдралд бага юм шиг санагдах үе бишгүй л байдаг. Хүн хүнээ гэсэн сайхан сэтгэл бидэнд урам зориг, инээд хөөр авчирдаг. Өөртөө байгаа боломжоороо хүнд тус болохын сайхныг тэгэхэд жинхэнээсээ мэдэрсэн.
Аваа өгөө, ашиг хонжоо, ач тус...
“Тус уу, ус уу” гэсэн сэдвээр нийтлэл бичих даалгаврыг редакцийнхнаасаа аваад их л гэгээлэг, сайхан сэдэв “гялалзуулчихна” даа хэмээн бодож байв. Гэвч ашиг хонжоо харсан “арчаагүй” тусын тухай хэлээ хазаад өнгөрч болохгүй болов уу. Үүнд хамгийн их хамаатай хүмүүс нь эрх мэдэл, албан тушаал, төрийн алба гээд “их юмны аман дээр суусан” эрхмүүд. Ийм төрлийн хүмүүсийн зочломтгой найрсаг зангийн илрэл нь бэлэг. Албан тушаалтнууд хоорондоо хурдан хүлэг, хар жийп тэргүүтнээс эхлээд нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдаар сэтгэлээ илэрхийлэх ёс газар авчээ. Юуг хандив, хахууль гэх, авах бэлэг нь авлига, өргөх хандив нь хахууль болж хувирах зааг, худалдагдах, худалдан авах, туслалцаа дэмжлэг үү, таныг барьцаалах өгөөш үү гэдгийг ялгаж салгах чадвар, ёс суртахуун одоохондоо манайханд алга. Yнэхээр буян санасан тусч цагаан сэтгэлийн өглөг, хандив, түрлэгийг авахгүй гэх, өгч болохгүй гэж хорих хэцүү л байх. Харин аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ байх жам ёсны тойргоор нэг л өдөр хариуг нь барих хэрэг гарна. Энэ цагт яах вэ?
“Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэлцдэг. Уг нь хариу нэхдэг тусыг тус гэдэггvй гэх боловч зах зээлд шилжсэнээр хариу нэхдэг тус “моод” болсон билээ. Энэ нь улс төрд, төрийн албаны наймаанд бүр ч ил болжээ. Хэн нэгийг дэмжиж, дээш гаргаж, суудалд хvргэсэн л бол хариуг өдөрт нь нэхнэ. Мэдээж, хариуг томилгоогоор, тендерээр барих ёстой. Ийм асуудлыг шийдэхэд хөшигний ард тохиролцож, аль хэдийнэ наймаагаа хийчихээд наана нь гарч ирэхээрээ тус тусын дүрдээ тун чадварлаг тоглоно. Энэ жилийн УИХ-ын, бас ИТХ-ын сонгуулиудыг хараад байх нээ аяганы хариу өдөртөө гэдгийн үлгэрийг харуулаад байх шиг. Амьдралаа чадан ядан авч яваа, өлмөн зөлмөн иргэддээ ганц уут будаа гурил, тав арван мянган “цаас” тараачихаад намайг сонго гэж байгааг нь харахаар өөрийн эрхгүй ийм төрх харагдаад байх юм.
Баян орнууд, ядуу орнуудад санхүүгийн, хүнсний, техник тоног төхөөрөмжийн гээд олон хэлбэрээр тусладаг. Магадгүй энэ тусламж нь ядуу чигээр нь байлгах зорилготой байж болох юм. Хэн нэгэнд зүгээр л мөнгө өгөөд л байвал бодох санах юмгүй, тэр хэвээрээ амьдраад л байна. Үүнтэй л ижил. Тодорхой чиглэлийн тоног төхөөрөмж бэлэглэж байхдаа програм хангамжаас гээд дагалдах зүйлүүдийг нь, эд биднээс худалдаж авна гэсэн бизнес ухаан, ашгийн тооцоо явж л байгаа. Өөрөөр хэлбэл баян орны, баян хүмүүс ядуу буурай орныг биднээс хамааралтай байгаасай, бидэнгүйгээр юу ч хийж чадахгүй байгаасай гэж хүсч л байгаа. Сонгуулиар амлаж байгаа сая, сая таван зуун мянган төгрөг ч ижил. Иргэд маань өгөөш үмхдэг загас шиг, миний халаасанд дандаа байж байгаасай, салхи орж толгой нь сийрэгжчихвэл намайг л лав сонгохгүй гэсэн тооцоо цаана нь явж байгаа.
С.Бүрнээ: Би түүний өмнөөс ахдаа их өртэй үлдсэн
Миний найз хоёр хүүхэдтэй ганц бие бүсгүй байдаг юм. Хөдөөнөөс хотод ирээд хөлөө олохгүй, өөрийн гэсэн байр оронгүй, ажилгүй болохоор хүнд байсан, нэг хэсэг. Хааяа манайхаар ирж, хүүхдүүдээ усанд оруулж, хол ойрын сонин ярьж хононо. Найздаа тусалчих юмсан гэж би ч хэрэндээ л хичээдэг. Хүүхдийнхээ багадсан хувцаснаас эхлээд, ганц оройн хоолны мах, нүүрнийхээ будаг шунхнаасаа ч илүүчилдэг байлаа. Ахынх маань шинэ байранд ороод, хуучин байраа зарах сурагтай засвар хийгээд дуусч байгааг сонсоод, тэдний байранд найзыгаа өвөлжүүлэхээр гуйсаар байж зөвшөөрүүлсэн юм. Ядаж ганц өвөл ч гэсэн хүний гар харалгүй, айлын булан тохой хэсэлгүй өвөлжиг гэж бодлоо. Хэрэглэсэн ус, цахилгааныхаа мөнгийг л төлчихөөрэй гэв. Жилийн дараа ах байраа зарахаар болж, суллаж өгөхийг хүслээ. Халгасаар найз дээрээ очтол дургүй байгаа бололтой. Гэлээ гээд яахав. Учрыг хэлээд байрыг нь суллууллаа. Ус, цахилгааныхаа мөнгийг ер төлөөгүй байв. Нөгөө засвар хийсэн байр нь ч авах юмгүй. Ингээд л найзаасаа болж ахынхаа өмнө буруутан болсон доо. Түүнээс ямар түрээсийн мөнгө нэхсэн биш. Чадлынхаа хэрээр туслах гэж байхад ядаж өөрсдийнхөө хэрэглэсэн усны мөнгийг төлчихгүй дээ. Би ямар багтаж ядсан баян “амьтан” байгаа биш. Үнэндээ би түүнд гомдсон. Гэхдээ найзыгаа ядарч явахад нь гомдоогоод яах вэ гэж бодоод нэг ч гомдлын үг хэлээгүй өнгөрсөн.
Та бидэнд өөриймсөг сэтгэл бий юу? Таны өөриймсөг, чин сэтгэл бусдад тус болно. Харин тусыг тосоор хариулах хүн одоо цагт ховордсон байж болох л юм. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Яагаад гэдгийг хэлж мэдэхгүй ч өөртөө тус болсон хүнд эргээд ус болдог хүн цөөнгүй тохиолддогийн нэг нь энэ. Гэхдээ Бүрнээ бүсгүйгээс илүү хор хохирол учруулдаг тохиолдол ч зөндөө. Зарим хүн чадан ядан тус болж буй нэгэндээ туславал тусалсан шиг тусал гэж омогддог. Хэнээс ч тусламж авдаггүй, хэнд ч тусалдаггүй хүн байхгүй. Хөхөө өвлийн хүйтэнд орох оронтой болгосныхоо горыг ингэж амсана гэдэг харамсалтай л даа. Тусалсан нэгэндээ эргүүлээд “өр” төлөх албагүй. Гэхдээ ядаж баярласан сэтгэлээ хэлэх, буцаад ус болчихгүй байх хэмжээний хүн чанар бидэнд байх л учиртай.
Б.Бадамханд: Одоогийн хүүхдүүд хатуу
сэтгэлтэй болчихож
Бидний үед ч сайхан байжээ. Тэр үеийн хүмүүст хувиа бодож довоо шарлуулах бодол байсангүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэдэг хатуу зарчмыг ягштал дагана. Ийм үед хүнлэг сэтгэл, энэрэнгүй үзлийн тухай ярьж болно. Хүмүүс өнөөдрийнх шиг “Би ядуу хүн” гээд төр засгаас юм нэхээд суудаггүй. Хүний мөс сайтай, бие биенээ гэх сэтгэлтэй, хүүхдүүд нь ахмадынхаа үгийг сонсдог. Арга ядахад автобусанд суухад тусална, зам заагаад өгнө, тортой зүйлийн маань бариад гэрт хүргээд өгдөг байсан. Харин одоогийн хүүхдүүд хажууд нь хүн үхэж байсан ч тоохооргүй хатуу сэтгэлтэй болчихож. Тэр үед хүнд тусална гэдэг ямар сайхан гэдгийг хүүхдүүд мэддэг байсан. Одоо бол хувиа л бодно. Автобусанд суудал тавиад өгөөч гэхээр “Хүний өмнөөс хөгширчихсөн юм шиг” гэж хэлнэ. Эсвэл цаашаа хараад худлаа унтана, хараагүй юм шиг царай гаргана. Хамт ажилладаг хэн нэгнээс мөнгө зээлэх, байх байхгүйн зовлонг ч ойлгодог байлаа. Одоо ийм сэтгэл байгаа эсэхэд эргэлзэж байна.
Тус зөвхөн зүрхнээс гардаг
Ямар нэгэн буяны ажиллагаа зохион байгуулж, түүгээрээ нэр хүнд олж, эсвэл эргүүлээд барьцаалах гэж байгаа бол энэ тус биш. Хэн нэгэнд туслахдаа “Би чамд үүгээр л тусалъя. Үүнийгээ би хэзээ ч эргүүлж авахгүй. Энэ хэлбэрээр нь ч, өөр маягаар ч тусалсныхаа хариуг нэхэхгүй ээ. Энэ орон зай, цаг хугацаанд хийж чадахгүй байгаа зүйлийг тань би чадаж байна. Түүгээрээ л танд тусалъя. Тийм болохоор хэзээ ч миний өмнө өөрийгөө өртэй юм шиг бодоорой” гэж хэлж сурмаар. Ингэвэл тусалж байгаа, туслуулж байгаа хоёрын хэн хэнд нь амар. Туслуулж байгаа нь санаа зовох, ичих явдалгүйгээр баярласан сэтгэлээ илэрхийлэхэд л хангалттай. Энэ бол хөндий хүйтэн харьцаа огтоос биш. Нэгэнт л тохирсон юм чинь.Миний өгч байгаа зүйлийг энэ хүн хэзээ ч эргүүлж өгч чадахгүй гэдгийг мэдсэн мөртлөө өгч тусалж байвал энэ тус. Тусламж гэдэг зүрхнээс гардаг. Түүнийг хүмүүжлээр бий болгодог. Тус гэдэг эргээд нэгнээ өөрөөсөө хамааралтай болгох процесс биш. Яг энэ зааг дээр тус дэм, эсвэл тооцоо, бизнесийн ялгаа гарч ирдэг.
Байгалийн гамшиг тохиолдсон үед хэн илүү хандив өргөсөн нь телевизээр гарлаа гэж бодъё л доо. Гамшигт өртсөн хүмүүст туслах нь чухал биш, зүгээр л өөрийнхөө хөрөнгө чинээ, хүч чадлыг олон нийтэд харуулахын төлөө мөнгө хандивлах хүн олон. Харин үнэхээр тэр хүмүүсийн төлөө сэтгэл зовоод тусалж байгаа бол хэвлэл мэдээллээр гарах эсэх нь хамаагүй, өөртөө байгаа жаахан юмнаасаа ч илүүчлээд өгч чаддаг байгаасай. Өөрийгөө гайхуулах маягаар сайн үйл битгий хий, туслах л гэж байгаа бол зүрхнээсээ ханд.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Кетчуп-т: Хүнд битгий туслаарай гэж ерөөсөө бичээгүй юмаа. Харин би буруу ойлголт өгөхөөр бичсэн байгаа бол хэлж өгч туслаарай... Туслах юм бол гараа биш зүрхээ өг. Чин сэтгэлээсээ бичээрэй гэж хэлэх гэж байгаа ухаантай.
жаахан хошигносон царай нь...
Хошигнол ойлгосонгүй
одоо ойлгосон байлгүй дээ.
бичсэн нийтлэлийн чинь нэлээдгүй хувийг тус хүргээд буруудах, тус аваад хариу барьцаанд ордог тухай асуудал эзлэжээ. сэтгэл эмзэглүүлэм бүрхэг тал руугаа гэх үү дээ. гэвч энд чиний ч миний ч буруу байхгүй. өнөөдөр үнэн байдал тийм л байгаа. чи үнэнийг л харж байгаагаар нь бичсэн.
үнэндээ бид хүнд жинхэнэ тус хүргэж ч чадахгүй, хүний тусыг олигтойхон шингээчихэж ч чадахгүй, сэтгэлээ олигтойхон илэрхийлчихэж ч чадахааргүйгээр доройтоод, бид өөрөө өөрөөсөө нэлээдгүй холдон материаллаг сэтгэлгээний боол болчихсон юм уу даа гэж ойлгомоор. ер нь хөгжиж буй нийгэмжсэн, иргэншсэн улсын хүн бүр л ийм зовлонг туулах тавилантай юм шиг байна харамсалтай нь. мань харамслаа гээд яахав дээ, аглагт очиж өвс идэх зориг байх ч биш.
яваандаа олонхийн амьдрал тэгширээд ирэхийн цагт хүн зоны сэтгэл ч өөрчлөгдөх байлгүй дээ. яг өнөөдөр сайн сайхан, ач тусыг дэлгэрүүлэх талаар ярилаа гээд энэ нийгэмд хүлээн аваад өөртөө наачих чадвар хараахан алга байна. бүрэлдэх ч болоогүй байна. бүгд завгүй байна. бүгд яарч байна. амьдрал хүнд байна. утаа их байна, ухаан жолоогүй нисцгээж байна, дээшээ ч доошоо ч солонгос америк руу ч... уур хорсол бухимдал арвин байна. арвин мэтийн нөхдүүд ч бидний дээр олон байна...
гэдэг нь сайн сайхны талаар, ашиг тусын тухай дурсаад нэмэргүй хэрэггүй гэсэн үг бол бүр биш шүү. сайхан бүхний талаар дэлгэрүүл, бичээд л бай. гагцхүү олон хүн түүнийг нь уншиж өөртөө багахан ч гэсэн наагаасай. дашрамд хэлэхэд бичсэн нийтэлүүдийг чинь унших дуртай байдаг гэдгээ илэрхийлье алга ташилт чад пад тас няс.
хүн чигээрээ үлдсэн сайхан сэтгэл, гэрэлт итгэл тээсэн цөөн ч гэлээ хүмүүсийн зүрхэн дээр л энэ улс тогтож явдагийн. амьдрал үргэлжилж байна. үргэлжилж байна гэдэг сайхан сэтгэлтнүүд цаана нь байнаа л гэсэн үг... амьдрал сайхаан...
сайхан сэтгэлтнүүд олширох болтугай.
өөрчлөгдөх байхаа. тусын тухай үгүйлэн ярилцаад байх шаардлагагүй болох тэр үеийг бид харж чадахгүй байж болох ч. ач зээ нар маань харах цаг бий байлгүй дээ.
Суурь-т: Ойрд харагдаагүй хүн байх чинь сайн уу? Удаан бодоэ, өөрийнхөөрөө илэрхийлсэн зүйл маань хэн нэгэнд таалагдах сайхан байна. Энэ ч гэсэн тус дэмийн нэг хэлбэр ш дээ. Урам өгнө гэдэг...
Чи их бодож байж бичсэн болохоор их бодож байж хайрулах ёстой байх, Нэлээн бодож бгаад хариу бичнээ,
Нийтлэл ынэхээр таалагдлаа. Сэтгэл гаргажээ, чи