Хүнд өөрт нь заяагдсан цорын ганц өмч нь бие
Эрүүл байж өөдрөг амьдаръя гэвэл хоол унд, амсаж зүүхээс эхлээд олон зүйл дээр санаа тавих хэрэгтэй гэж ярьдаг. Гэсэн ч өөрийнхөө биеийн эрхтэн, түүний онцлог, ямар “хайр халамж” эзнээсээ хүсэн хүлээж байдгийг бид бараг мэддэггүй. Хүний биеийг бүрдүүлэгч эсээс эхлээд эрхтний системийн ажиллагаа, бүтэцийн тухай өгүүлэх “Хүний би” ном, DVD-ний хамт худалдаанд гарч байгаа аж. Уг номын орчуулагч, редактор Д.Энхзаятай ярилцлаа.
- “Хүний бие” гэсэн ном уншигчдын гар дээр очиж байна. Энэ номын онцлог, давуу тал нь юу вэ?
- Монгол хэл дээр хэвлэгдээд байгаа энэ төрлийн номнуудаас хамгийн сайн нь болсон гэж ам бардам хэлж чадна. Агуулга, хэвлэлийн чанар, дизайн нь өндөр төвшинд хийгдсэн. Хүн амьдралынхаа туршид байшин барилга, машин, өмсөж зүүх хувцаснаас эхлээд олон өмчтэй болдог. Гэхдээ хүнд өөрт нь заяагдсан цорын ганц өмч нь хүний бие. Харин түүнийгээ бид хэр сайн мэддэг билээ. Хүүхэд байх үед “Хүний бие – анатоми” гэсэн хичээлээр араг яс, эрхтэн тогтолцооны талаар цухас үзээд л өнгөрдөг. Хүний бие гэдэг бол асар нарийн зохион байгуулалттай бүтэц. Түүнийг гүйцэхүйц бүтээл байхгүй. Амьд бие организмыг дуурайлган хийх гэж оролдож байгаа хэдий ч чадахгүй л байгаа шүү дээ. Хүний эрхтний тогтолцоо тус бүрдээ өөр өөрийн гэсэн үүрэгтэй, хоорондоо зохицож ажилладаг. Таныг бий болгож, оюун ухаанаар тань гайхамшгийг бүтээж байгаа энэ биеийг эрүүл авч явж чадвал мөрөөдлөө биелүүлж чадна. Тэгэхийн тулд өөрийнхөө биеийг мэдэж байх хэрэгтэй. Энэ номын өгч байгаа мэдээлэл нь маш өндөр төвшинд боловсруулагдсан, гэхдээ маш энгийнээр хөрвүүлж буулгасан болохоор хэн ч уншаад ойлгоно. Нэг жишээ хэлье. Ходоодны тухай ном байлаа гэхэд тэр болгон хүн уншихгүй. Энэ ном дээр хамгийн сүүлийн үеийн нарийн багаж төхөөрөмжөөр авсан зургийг тайлбартай нь гаргаж, ходоодны тухай маш энгийн, товчхон, оновчтой үгээр мэдээлэл оруулсан байгаа. Ямар эмгэгүүд байдаг вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ гэсэн зөвлөгөөг агуулсан. Толгойныхоо оройноос улаа хүртэл ямар үйл ажиллагаа явагдаж байгааг, яаж зөв зохистой авч явах вэ гэдгийг мэдэж авах боломжтой. Хурц гярхай ажиглалтуудтай, уншихад ойлгомжтой болохоор биологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд, анагаах ухааны мэргэжилтнуудэд олон талт гарын авлага болохоос гадна гэр бүлийн хэрэгцээнд дэлгэрэнгүй нэвтэрхий толь болон хэрэглэгдэх боломжтой.
- Ямар хэлнээс орчуулсан бэ? Ер нь яагаад энэ номыг хэвлэж олон нийтэд хүргэхээр шийдэв?
- Энэ номыг бичсэн Стив Паркер гэдэг хүнийг бишрэхгүй байхын аргагүй. Нарийн мэргэжлийн болон энгийн уншигчидын аль алинд нь зориулан бичиж чадсан байгаа юм. Нарийн мэргэжлийн хүмүүст зориулсан номууд ихэвчлэн мэргэжлийн хэллэгээр бичигдсэн хэрийн хүн ойлгохгүй байдаг бол нөгөө хэсэг нь хэт хялбаршуулсан болохоор сонирхолгүй байдаг. Зүрх судасны системийн тухай маш сонирхолтой, монгол тайлбартай кино үзэж байгаад мэдээллийг нь авна. Номондоо давхар DVD хавсаргасан бөгөөд үүнээс биеийн эрхтэн тогтолцоо бүрийн гурван талт хэмжээст дүрсүүдийг компьютерээр бүрэн загварчилж, орчин үеийн хөдөлгөөнт дүрслэлийн аргаар олон талаас нь харах боломжийг олголоо. Бүх номын сан, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс, ерөнхий боловсролын сургуулийн номын сан, айл өрх бүрт заавал байх ёстой номны нэг гэж хэлж болно. Номыг бүтээсэн багт ЭМШУИС-ийн багш нар орж ажилласан. Орчуулгын хувьд ч өндөр төвшинд хийгдсэн, хэллэг нь ойлгомжтой. Номын чанар, агуулгатай үнийг нь харьцуулахад маш хямд. Ашиг гэхээсээ илүүтэй олон нийтийн эрүүл мэндийн боловсрол, олон хүнд хүртээмжтэй байгаасай гэж хүсч байна. Дизайн, орчуулга нь англи эхийнхээ дагуу хийгдсэн.
- Манайхан ихэвчлэн бэлэн жор хүсээд байх тал бий. Тийм болохоор зарим нэг өвчин эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл байгаа юу?
- Байгаа. Нийтлэг тохиолддог 200 төрлийн эмгэгийн тухай зурагтай нь тайлбарлаад, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бичсэн байгаа. Өвдлөө гэхээрээ өөрсдөө эмээ аваад уучихдаг хүмүүс зөндөө бий. Тухайн өвчилсөн эрхтнийхээ тухай уншиж, зурагтай тайлбарыг нь үзээд, миний өвчлөл аль шатандаа явж байгааг мэдэх, эрхтний үйл ажиллагаатай холбоод учир шалтгааныг нь тайлбарласан байгаа. Энэ номыг зөвхөн өвчтэй хүмүүс, эсвэл эмнэлгийн байгууллагынханд зориулсан гэж үзэж болохгүй. Эрүүл саруул явж байгаа, өөртөө хайртай хэн бүхэн аваад уншчихсан байхад алдахгүй. Томхон үйлдвэр, албан газрын бүтцийг харуулсан зураг дээр өрөөний бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж тавилгын байрлал, цахилгаан, ус, агаар дамжуулах хоолойн байршил зэргийг үзүүлсэн байдаг. Үүнтэй ижил хүн өөрийн биеийнхээ нарийн ширийнийг мэдэж байж л эрүүл, зөв амьдрах боломжтой.
- Энэ номыг олон нийтэд хүргэсэн хүмүүсийн зүгээс хүлээж байгаа үр дүн?
- Өөрийн биеэ эрүүл авч явах, урьдчилан сэргийлж болдог өвчнүүдээс өөрийгөө хамгаалах дадалтай болж, хамгийн гол нь бие эрхтнийхээ талаар тодорхой мэдлэгийн хүрээгээ өргөжүүлээсэй гэж хүсч байгаа. Яснаас эхлээд арьс, үс, хумс хүртэлх биеийн бүх эрхтнүүдийн дундуур уншигчдыг маш сонирхолтой тайлбар, дүрсүүдээр хөтлөн явна. Эсээс эрхтэн хүртэлх бүрэлдэхүүн хэсгүүдийг давхарга, бүрхүүл бүрээр нь хуулж нарийвчлан тайлбарласан. Баруунд эрүүл мэндийн боловсрол бүр багаас нь эхэлж олгодог. Эсийн төвшинд бүтээгдсэн биеийнхээ тухай мэддэг. Манайд энэ талын мэдээлэл учир дутагдалтай. Хүн амьдрахын төлөө явж байгаа бол өөрийгөө таньж мэдэх ёстой. Таньж мэдсэнийхээ үндсэн дээр зөв авч явж чадна. Өөрт нь хамааралгүй бие, эрхтэн байхгүй. Тийм учраас нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх буяны ажил гэж хэлж болно. Энэ номыг уншихын тулд заавал анагаахын тухай мэдлэгтэй байх шаардлагагүй.
- Сүүлийн үед зөв хооллолт, эрүүл амьдрал гэх үгс их дуулдах болсон. Хүмүүс ч эрүүл мэнддээ тодорхой хэмжээгээр анхаарал тавьдаг болж. Эрүүл мэнд, өвчин эмгэг гэдгийг энгийнээр тайлбарлавал...
- Дэлхий дээр өдөрт 150000 хүн нас барж, минут бүрд 250-аас илүү хүүхэд төрж, хүн төрөлхтөн нэг секундэд гурван хүнээр нэмэгдэж байна гэсэн тоон баримт бий. Анагаах ухааны судалгаа, шинжилгээ хурдацтай явагдаж, технологи хөгжиж байгаа өнөө үед эрүүл байх хамгийн сайн аргуудын талаар шинэ зөвлөгөө зөвлөмжүүд гарсаар л байгаа. Хүүхэд өсгөхөд хамааралтай олон асуудлууд ч эрүүл мэндэд нөлөөлдөг. Хүний биеийн дотоод бүтэц, үйл ажиллагааг ойлгуулахын тулд энэ номд инженерийн шинжлэх ухааны “амьд машин” гэдэг ухагдахууныг хэрэглэсэн. Үүгээр хүний бие махбодыг нэгэн цогц систем гэж үздэг. Систем буюу тогтолцоо бүр нэг гол ажил үүргийг гүйцэтгэдэг.
М.Гэрэлтуяа