Манжууд бидний язгуур соёлыг гутааж, үндэсний хувцасыг өөрчилсөн
- Нэг үеэ бодвол манайхан хувцаслалтдаа их анхаардаг болжээ. Харин үндэсний хувцасны хэрэглээ бага, түүнийхээ талаар судалдаг хүн ч ховор байх шиг…
- Үндэсний хувцас гэдэг тухайн цаг үеийнхээ түүхийг өгүүлж байдаг соёлын үнэт өв юм. “Монгол костюмс” төв монгол хувцсны түүх соёл, билэгдэл хүндэтгэлийг хойч үедээ бага ч болов таниулах зорилгоор үндэсний хувцасны анхны хувийн музейг байгуулсан юм. Манай музейд XII зууны үеийн хаад, хатдын хувцаснаас эхлээд монголын ястаны хувцас, эдлэл хэрэглэл хадгалагддаг.
- Танай хамт олон монгол үндэсний хувцсаа Америкт толилуулаад иржээ. Энэ тухайд?
- Монгол үндэснийхээ хувцасыг сурталчилах, загвар зохион бүтээгчдийнхээ чанар чансааг мэдэж авъя гээд АНУ-ын Вашингтон хотноо болсон “DC fashion week” олон улсын загварын арга хэмжээнд оролцохоор шийдсэн юм. Дэлхийн 30 гаруй орны 100 гаруй загвар зохион бүтээгчид оролцсон энэхүү арга хэмжээнд дизайнер Э.Баярцэцэг бид хоёр оролцоод ирлээ. Манай дизайнерууд өөрсдийн урласан “Зоос”, “Хатадын үдэш”, Янжинлхам” болон “Эзэнт гүрний бахархал” коллекциудаа толилууллаа. Монгол орноо, үндэсний хувцсаа дэлхийд сурталчлах сайхан боломж олдсонд баяртай байгаа. Түүнчлэн 11-р сарын 2-нд Австрийн Вена хотноо болох “Дэлхийн Монголчуудын Чуулган”-д манай төвийн хамт олон өөрсдийн бүх загвар болон загвар өмсөгчидтэйгээ оролцож монгол хувцсаа сурталчилна. Мөн энэ үеэр Герман, Итали, Швейцарь зэрэг орнуудаар “Монгол хувцасны гайхамшиг” загварын тоглолтоо толилуулахаар бэлтгэж эхлээд байна.
- XII-XIII зууны үеийн хувцаснаас санаа авдаг гэлээ. Судалгаагаа яаж хийдэг вэ?
- “Монгол костюмс” төв байгуулагдсанаасаа эхлээд эрдэмтэн, судлаачид, түүхчид, түүхэн зураг зурдаг зураачид, барималчид архелогчидтой хамтарсан судалгааг байнга хийж ирсэн. Олон улсын музейд байдаг номнууд, биет олдвороос санаа авдаг. XII-XIII зууны үеийн хувцасыг олоогүй хэрнээ хийсвэрээр хийгээд байгаа юм биш. Судлагаан дээр үндэслэсэн загварууд маань түүхэн олдвортой нийцэж байгаа. Түүхийн музейд байгаа хувцаснууд 100 жилийн дараа цаас шиг урагдаад хэнд ч хэрэггүй зүйл болчихвол яах вэ. Үгүй боллоо гэхэд мэдэх хүн байхгүй, ямар нэгэн газар дахин хэвлэж, хувилж аваагүй тохиолдолд яах вэ гэдэг эрсдлийг хүртэл бид урьдчилж харж байгаа. Бид өөрсдийнхөө өв соёлыг алдаад эхэлбэл улс орон маань мөхөж сөнөхөд ойрхон болно. Тийм болохоор биднийг сэтгэл зүтгэлээрээ нэгдмэл байхыг орчин маань шаардаж, сануулж байна.
- Үндэсний хувцсан дээр тулгуурласан орчин үеийн хувцас уу? Орчин үеийн хувцсан дээр тулгуурлаж хийсэн үндэсний хувцас уу гэдэг дээр эргэлзээ төрөөд байгаа юм. Хараад байхад үндэсний ганц нэг хээ, элементүүдийг нь аваад орчин үеийн хувцсан дээр наачихсан юм шиг харагдаад байгаа юм л даа.
- Материалын тухайд үндэсний сэтгэлгээг бага зэрэг эвдсэн байж болох юм. Манайхан үндэсний хувцсаа тийм ч сайн мэддэггүйгээс хувцасныхаа элементийг өөр зүйлээс тийм ч сайн мэдэрч хүлээж авдаггүй, анзаардаггүй. Авангард загвар гэдэг бол тухайн хувцасыг эвдэж харуулдаг. Э.Баярцэцэгийн бүтээл дээр баруун аймгуудын эхнэр хувцасны деталь хэсгийг маш тод харуулж өгсөн. Жишээлбэл: Эхнэр хувцасны хоёр талаас нь таван өнгийн алчуур унжиж байдаг. Монголчууд эрт дээр цагаас эрэгтэй хүний бүсэнд буян нь хурдаг, эмэгтэй хүн бүс зүүдэггүй учраас буян нь алчууранд нь хурдаг гэсэн бэлгэдэлтэй байсан. Үүнийг Баярцэцэгийн загвар харуулж чадсан. Үндэсний хувцасны элементүүдийг яг байгаагаар нь хуулаад, өөрийнхөө бүтээл дээр ашиглаад хүмүүст таниулж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. Харин “Зоос” коллекци маань үндэсний бүх элементүүдээ аль болох эвдэхгүйгээр оруулсан байгаа. Энэ коллекцийг “Театр мода” загварын тоглолтдоо зориулж хийсэн. Бид загвараа гаргахдаа ёс заншлыг яаж алдалгүйгээр хийж болох вэ? гэдгийг бодолцдог. Вашингтоны загварын долоо хоногт оролцоод ирсний дараа хүмүүс хар арьстай хүнд монгол хувцас өмсгөлөө гэж шүүмжлэлтэй хандаж байсан. Дэлхийн түвшинд хүрье, өөрсдийгөө таниулъя гэвэл хаана ч очиж, хэнд ч өмсүүлээд л явах ёстой. Тэр хар арьстай хүн өмссөнөөрөө тэр чигээр нь аваад явах гэж байгаа биш шүү дээ.
- Зөвхөн халх хувцаснаас гадна олон үндэстэн ястны хувцсыг хэр судалж байна? Уран бүтээлдээ ашиглаж байгаа юу?
- Олон үндэстэн, ястны хувцас ч бидний үндсэн судалгаануудын нэг. Одоогоос зуу ч хүрэхгүй жилийн өмнө бид уламжлалт хувцсаа халаад орос хувцас өмсөж эхэлсэн. Энэ хугацаанд хувцас оёх, эсгэх технологи алдагдаж, мартагдаж байгаа нь тулгамдсан асуудлуудын нэг. Сүүлийн үед бүх дизайнерууд өөрсдийнхөө үндэснийхээ хувцсыг судалж, хийж байгаа бүтээлдээ багахан ч болов тусгахыг хичээдэг. Түүхэн хувцаснуудыг хадгалах, хүмүүст ийм байсан шүү гэдгийг нь таниулах зорилгоор орчин үеийн материалаар дуурайлган хийгээд эртний юмаа цааш хийж хадгалдаг.
- Бидний өмсөж байгаа дээлийг монгол хувцас биш, манжуудаас авч үлдсэн зүйл гэж ярьдаг шүү дээ. Энэ хэр үндэстэй вэ?
- Тэр бол үнэн. Манай үндэсний дээл мөөрөлжин буюу лам захтай байсан. Манжууд 200 гаруй жил монголчуудыг дарлахдаа үзэл суртлынх нь хувьд нэлээд дарж үндэснийх нь хувцсыг болхи бүдүүлэг болгосон. Үндэсний хувцас маань их олон бэлгэдэлтэй. Бэлгэдлийнх нь хувьд гутаах хүсэл ч байсан. Бидний язгуур соёлыг гутааж үндэсний хувцсыг маань өөрчилсөн. Энэ өөрчлөлтийг монголчууд авахдаа уламжлуулж, өөрийн сайн сайхан зүйлтэй холбож авч үлдсэн. Мөөрөлжин буюу лам энгэртэй дээл эртний хувцасны элемент яах аргагүй мөн.
- Үндэсний хувцсыг өдөр тутмын загварт оруулж, олон хүн өмсч чадахгүй л байгаа шүү дээ.
- Энэ бол их хүндрэлтэй асуудал. Үндэсний хувцсыг ихэвчлэн торгоор хийдэг. Торго нь сунадаггүй, агшдаггүй хэцүү материал. Тэгэхээр өдөр тутамд монгол хувцасаа өмсье гэвэл хүний биеийн харьцаа энэ тэрийг анхаарч үзэх шаардлага гардаг. Тэгээд ирэхээр энэ нь дээд зэргийн тансаг хэрэглээндээ орчихож байгаа юм. Нэг хувиар, нэг ширхэгээр захиалагчийнхаа хүсэлтээр хийхээс, олон тоо ширхэгээр үйлдвэрлэх боломжгүй. Гэхдээ олноор нь үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд бий.
- Жижиг хэрэглэл, чимэг зүүлтний тухайд… Үнэхээр уламжлагдаж ирсэн гоёл чимэглэлийн зүйл нүдний гэм болсон шүү дээ.
- Эртний эдлэлийн дэлгүүрүүдэд хааяа харагддаг. Нэг ээмэг нь байвал нөгөөх нь байхгүй, нэг боолт нь байвал гуу нь байхгүй гээд иж бүрдлээрээ бараг олддоггүй. Үндэсний түүхийн музей л гэхэд хамаг үзмэрээ алдсан, харамсалтай зүйл болсон. Тэгэхээр бид түүх соёлын зүйлээ байгаа дээр нь судлах нь зүйтэй. Барга, үзэмчин, халх, мянгад гээд олон ястны хэрэглэлүүдийг тэр үеийнх нь дарханы хийцээр хийлгэж авсан. Тухайн үеийн шүр сувдны чанарт хүрэхгүй юмаа гэхэд энэ үеийн хамгийн сайнаар нь хийлгэж байна. Хувцас өмсгөл нь маш нарийн ур хийц хөдөлмөр шаардсан байхаас гадна, жижиг хэрэглэл, чимэг зүүлт ч асар их хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:





