Эзэгтэйн нэрийн хуудас гал тогоо
Ихэнх эзэгтэй нар ганц хутга заазуураар л зүсч, хэрчих ажлаа амжуулдаг. Яг адилхан бүтээгдэхүүнээр хоол хийгээд байхад хэн нэгний хоол атаархмаар гоё харагдаж байсан уу? Тэгвэл түүний нууц нь зориулалтын хутганд ч байж болох юм. Магадгүй мах хэрчдэг хутгаараа улаан лооль хэрчих гээд хамаг шүүсийг нь гоожуулж, зүгээр л хальс болгоод хаячихсан тохиолдол гарч байсан л байх. Тэгвэл гал тогоондоо ганц хутгаар бүхнийг хийх бус зориулалтаар нь ашиглаж болох хэд хэдэн төрлийн хутгатай байвал хоолны үзэмжид нөлөөлөхөөс гадна нэг бүтээгдэхүүний амтыг нөгөөд нь холихгүй байх сайн талтай.
Гал тогооны сав суулга, багажийг хийсэн материал, технологи, гадаад vзэмжээр нь ангилж болно. Хоолны хэрэгсэл худалдан авахдаа юуны түрүүнд юугаар хийгдсэн, тэр нь ямар нөлөөтэй болохыг мэдэж авах хэрэгтэй. Хийгдсэн материалын нь дутагдалтай талуудыг мэдсэнээр олон таагvй зvйлээс ангижирч болно. Хаана, хэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй төмөр хутганууд хаа сайгүй л зарагдаж байдаг. Чанаргүй сав суулга, хутга нь хүнд металл ихтэй байдаг. Чанарын шаардлага хангахгүй багажаар ямар сайхан хоол хийлээ ч гэсэн хайртай хүмүүстээ хор өгч байгаагаас ялгаагүй. Чех улсын “Tescoma” брэндийн сав суулга, хоолны хэрэгслүүд нь цэвэр гангаар хийгдсэнээрээ хамгийн том давуу талтай. Бид энэ дугаарынхаа “Хэрэглэгч” буланг “Tescoma” дэлгүүртэй хамтран бэлтгэлээ.
Хутга сонгохдоо юуг анхаарах вэ?
Эзэгтэй нар хутга сонгохдоо хамгийн түрүүн гартаа барьж үзээд аль эвтэйхнийг нь сонгодог. Гарт барьцтай, эвтэйхэн байна гэдэг нэг үзүүлэлт хэдий ч түүний чанар, ирлэлт хадгалах чадвар, материал, ямар зориулалтаар ашиглах зэргээ бодолцох хэрэгтэй. Мах хэрчдэг хутгаар нарийн ногоо хэрчиж болохгүй. Учир нь мах хэрчих зориулалттай хутга зузаан байдаг бол ногооны хутга нимгэхэн, хөнгөн байх ёстой. Сүүлийн үед эзэгтэй нар заазуур хэрэглэхээсээ илүү хөнгөн, гарт барьцтай, том хутга сонгох болсон аж. Ямар ч хутга өөрийн гэсэн зориулалтын ирлэгчтэй байдаг бөгөөд сайн чанарын ган хутганууд нэг хурцалчихвал нэлээд хугацаагаар ирээ хадгалах чадвартай байдаг. Ирлэлтийн налуу хэр алсаас эхэлж байна ирлэлт хадгалах чадвар сайн байна гэж үзэж болдог юм байна.
Үнэ дагаж, чанар
Эзэгтэй нар гал тогооныхоо хэрэгслийг нэг брэндээр дагнах болжээ. Сав суулга, хутга, халбага сэрээг чанартай, удаан эдлэгдэх нь нэг талаар хэмнэлт, нөгөө талаар эрүүл ахуйн шаардлага. Tescoma брендийн зургаан төрлийн хутганы цуглуулга монголд зарагдаж байна. Эдгээр хутганууд нь бүгд 18/10 (18 хувь нь хром, 10 хувь нь никелиэс бvрдсэн хамгийн алдартай цэвэр ган) хийгдсэн ч үнийн хувьд өөр өөр. Дэлхийд чанараараа тэргүүлдэг Япон гангаар бүтээгдсэн Azza нэрийн хутга хамгийн үнэтэй нь аж. Гэсэн ч борлуулалт өндөртэй барааны тоонд ордог байна. Cosmo нэрийн хутга резинэн бариултай учраас гарт эвтэйхэн байдаг. Харин Professional нэртэй цуглуулга нь нийтийн хоолны гал тогоонд зориулсан мэргэжлийн тогооч нарын найдвартай туслагч. Адилхан сорьцийн гангаар хийсэн ч үнийн хувьд яагаад ялгаатай байгаа талаар лавлахад “Гангийн орц, бариулнаас хойш ган байгаа эсэх, хэзээ гарсан ямар загварынх вэ гэдгээс шалтгаалан үнэ нь өөр өөр байдаг” гэж худалдагч бүсгүй тайлбарлалаа. Гранд оффис төвийн нэгдүгээр давхарт байрлах “Tecoma” дэлгүүр нь Чех улсаас бүтээгдэхүүнээ авчирдаг бөгөөд албан ёсны борлуулагч гэдэг утгаараа үнэ нь тогтмол байдаг ажээ.
Зөвлөгөө
· Үл зэврэх, гангаар хийсэн халбага, сэрээг сав угаах шингэн хийсэн бүлээн усаар угааж, халуун усаар зайлж зөөлөн даавуугаар арчина. Халуун усаар угаахад хутга иргүй болох тул бүлээн усаар угаана. Хуучин ган сэрээ, халбагыг төмс чанасан усанд 10 минут байлгаад зайлж арчина.
· Хутга, халбага, сэрээг түүхий төмсөөр арчваас сайхан өнгө орно.
· Хутгыг халбага, сэрээтэй хамт байлгавал хоорондоо хавирснаас ир нь амархан мохдог тул төмөрлөг эдлэлээс хол хадгалах хэрэгтэй.
· Мөнгөн, ба мөнгөлсөн халбага, сэрээ, хутгыг хадгалахдаа нимгэн цаасаар жийрэглээд, бараан өнгийн зөөлөн үсэрхэг даавуунд боогоод гэрэл орохгүй шүүгээнд хийнэ.
· Хутга, сэрээ, халбаганд тогтсон зэвийг сонгиноор үрж арилгана.
· Гал тогооны ямар ч хэрэгсэл дээр тогтсон зэвийг арилгахдаа лимоны хүчлийг усанд уусгаж арчаад 5 минутын дараа бүлээн усаар зайлж угаана. Сайн арилахгүй бол ууранд хэдэн минут байлгасны дараа хүйтэн усаар зайлж угаана.