Хүнсний ногоогоо хэрхэн хадгалах вэ?
Хэрэглэгч
Өвөл, хавар ногооны олдоц муудаж, үнэ нь тэнгэрт хаддаг. Харин үнэ хямд дээр нь эрүүл, чанартай ногоог хэрэгцээндээ хадгалаарай. Төрөл бүрийн ногоог хадгалахад өөр өөрийн онцлог тохирсон нөхцөл шаарддаг. Ногоо, цагаагаар бялхсан намрын улиралд ирэх өвлийн хүнсний ногоогоо яаж зөв, амт шимттэйгээр нь хадгалах аргуудыг сонирхцгооё.
Шинэхэн ургацын ногоогоо
яаж хадгалах вэ?
Бөөрөнхий байцаа нь нэлээд чийглэг, шүүстэй учир овоолж тавихаар амархан мууддаг. Тиймээс тавиур дээр өрж хадгалах нь тохирмжтой. Төмстэй хамт зооринд хадгалж болохгүй. Манайхан зоорь л бол зоорь гээд хүнсний ногоонуудыг нэг дор хадгалдаг. Ногоонууд өөр өөрийн онцлогтой болохоор нэг дор хадгалбал амархан муудаж, чанараа алддаг. Зоорьны дулаан -1 +1, чийгшил нь 90-95 хувь байна. Орой болцтой байцааг тавиурт хадгалдаг бол эрт ургацынхыг сараалжин тавиурт 6-8 сар хадгалж болдог.
Төмсөө эхлээд сайтар хатаана. Дунд нь муудаж, ялзарсан, гэмтэж, хагарсныг нь ялгаж хаяарай. Ингэвэл чанараа амархан алдаж, муудахгүй. Төмсийг зооринд 8-10 сар хадгалж болдог. Агаарын темплатур +2 +5 гардус, чийгшил 85-95 хувь орчим байх ёстой.
Урт иштэй сонгиныг сайтар хатаагаад өвөл хэрэглэдэг. Мөн шилэнд даршилж болно. Арилгаж цэвэрлэсэн сонгиныг жигд хэрчээд ариутгасан шилэнд таглаж нөөшилдөг. Эрүүл сонгины булцуу шилбээрээ нарийсч хатсан, хальс нь өнгө үндсэн өнгөтэйгөө ижил болдог. Тиймээс эрүүл, хатсан сонгиныг ялгахад хялбар байдаг. Сармисыг навчаар нь сүлжиж хэцнээс зүүж хатаадаг.
Шар болон улаан манжин нь хадгалалт сайн даадаг. +2 градуст 6-7 сар хадгалж болно. Шар манжинг тавиур дээр өрж хадгалдаг. Удаан хадгалахын тулд ямар ч шороо, чийггүй болтол хатаагаарай. Гэмтээгүй, үндэс нь шинэ байх ёстой.
Лууванг хадгалахаасаа өмнө 10 орчим хоног 10-20 хэмийн дулаанд байлгаад 10-14 хоног сэрүүн газар хадгална. Шар лууванг элсэнд хадгална. Хуурай элсийг 2-3 см зузаан дэвсээд үндэстэй талыг нь гадагш харуулан зайтай эгнүүлэн өрнө. Дараа нь мөн л элсээ бага хэмжээгээр дэвсээд луувангаа эгнүүлэх маягаар 20 орчим үелэн хадгалж болно. Гэрийн нөцөлд хүнсний ногоог тэр бүр хадгалж болохгүй соёолчих гээд байдаг. Соёолно гэдэг нь илч, чанараа алдаж байна гэсэн үг.
Жимс жимсгэнийг хадгалахдаа хөргөх, хөлдөөх, хатаах зэрэг аргыг хэрэглэдэг. Хөргөгчний хөлдөөх хэсэгт зайгаа бүрэн ашиглахын тулд жимсээ дөрвөлжин саванд, эсвэл нийлэг хальсан уутанд хийж хөлдөөгчид хадгална. Хөлдөөсөн жимсийг тасалгааны темпратур өөрөөр нь гэсгээж хэрэглэнэ. Мөн буцалсан усанд шууд хийж буцалгаж болно.
Гэрийн хөлдөөгчний доод тавиурт цаасан хайрцганд жимсээ нэг үеэр хийгээд тавивал нэлээд удаан хугацаанд амт чанараа алдахгүй.
Гэрийн шалан доорх зоорь
Шаландаа 40х50, 60х60 см хэмжээтэй дөрвөлжин өрх гаргаж сөхөгддөг модон таглаа хийгээд дор нь зоорио ухна. Гүн нь 1,5-2,5 м байна. Урт өргөн нь гэр сууцны талбайгаас ихгүй байхаар өөрсдөө тохируулна. Дунджаар 1,0-1,5 м өргөн, 1,5-2,0 м урттай хийж модоор доторлож зоорийг бэлтгэнэ. Шавартай нягт, хатуу хөрстэй газар заавал доторлох шаардлагагүй.
Гэрт бол пийшингийн сууринаас 40 см зайд байна. Зоорины дор 5 см зузаан элс дэвсэж түүнээс дээш модон сараалж, хавтан хийж байрлуулна. Төмсийг зоориндоо шууд асгаад хадгална. Харин манжин, байцааг хайрцаг эсвэл модон тавиурт, шар лууванг элсэнд хадгална.
Хашаанд барих зоорь
Нөмөр товгор газар 3 м урт, 2,5 м гүн ухаж банз шургаагаар хананаас 3,5 см зайтай доторлож завсраар нь нүүрсний үнс, сүрэл чигжинэ. Шал нь газраас хөндий мөн үнс, сүрлээр чигжигдсэн байна. Дээр нь 10 см элс дэвсэнэ. Дээврийг газраас 40-60 см цухуйлган шургааг банзаар хадаж доторлон төмөр бетоноор хучиж дулаална. Дулаалга нь нүхний амсраас дээш 0,6-1,0 м байна. Шилэн хөвөн, үнс буюу сүрлээр хучиж 10 см зузаан шавардана. Ухсан нүхний хажуу хананаас 1 м тутамд агаар солилцооны яндан гаргаж хажууг шороогоор манана. Янданг дулаанд нээж хүйтэнд хааж битүүлж байна.
Өргөс хэмх даршлах
Өргөст хэмх даршлахдаа хөгширч муудаагүй, дотор талдаа хөндий үүсээгүй сайн чанарын өргөст хэмхийг сонгож, сайтар угааж цэвэрлэнэ. Уусмалыг бэлтгэхдээ 3 л усанд 180 гр нунтаг давс /иоджуулаагүй нунтаг давс/ 140гр элсэн чихэр хийнэ. Бэлдсэн уусмалаа буцлангуут нь 6 халбага /дунд/ уксус дусаан таглаад, галаа зогсооно. Энэ уусмал нь дундаж хэмжээтэй 6-7 шил өргөст хэмх даршлахад тохирно. Даршлах шил саваа 3-4 дамжлагаар угаасан байх ба хамгийн сүүлд 10-15 минут жигнэж ариутгана. Мөн тагийг маш сайн угааж ариутгасан байх ба зэвэрсэн таг хэрэглэж болохгүй. Ариутгасан 1 литрийн шилэн дотроо 2-3ш лаврын навч, гоньд 2-3ш, үрлэн хар перец 5-6ш, 2 хумс саримс, 2.-3 үхрийн нүдний навч хийнэ. Хэрэв илүү үзэмжтэй, амтлаг болгоё гэвэл жижиг лууван болон цэцэгт байцаа 2-3 ширхэгийг хийж болно. Лууван, цэцэгт байцаа, үхрийн нүдний навч зэрэг нь дарж байгаа ногоондоо сайхан үнэр, амт оруулдаг.
Гоньд, үхрийн нүдний навч, лууван зэргээ буцалсан усанд дүрж ариутгасан байх хэрэгтэй. Уусмалаа хийхдээ шилнийхээ 3/2 хүртэл хийж тагийг хагас таглаад 8-10 минут жигнэж гаргаж ирүүтээ сайтар таглан, доош харуулж тасалгааны нөхцөлд 7 хоног хадгалж хэрэглэхэд бэлэн болно. Даршилсан ногоогоо сэрүүн нөхцөлд 1-6 сар хүртэл хадгалж хэрэглэж болох ба буруу аргаар даршилсан хэмхний таг бөмбийх, шүүс нь булингартах, исэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Өөрөө хийсэн бүхэн хамгийн амттай - Ямар ч монгол айл өвлийн хүнс, идэх махаа зун намар нь бэлтгэдэг, хавар идэх махаа үүцэлдэг, зун идэхийгээ борцолдог байсан. Хүнсний ногоогоо зуны улиралд ургуулан бэлтгэж, намар нь хурааж, дараа зун хүртэл идэх ногоогоо зөв хадгалах нь эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийн үндэс юм.