Цөөн хүн ашгийг нь хүртэх үйл ажиллагааг дэмжихгүй
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай олон төсөл хөтөлбөрүүд манайд хэрэгжиж байгаа. “Тогтвортой амьжиргаа” төслийн нэгдүгээр шат 2002-2007 онд хэрэгжиж, энэ оноос эхлэн бүх аймаг сумдад дараагийн шат хэрэгжиж эхлээд байна. Энэ төслийн зорилго, баримтлах зарчим, хэрэгжсэний дараах үр дүнгийн талаар төслийн захирал А.Хашцэцэгтэй уулзаж яриллаа.
- “Тогтвортой амьжиргаа-1” төслийн үр дүн нь?
- Манай төслийн эцсийн үр дүн нь тухайн орон нутагт нь очоод үзэхэд нүдэнд харагдахуйц байдаг. Зарим төслүүд нэг зүйл хийгээд тэрнийхээ талаар маш сайн их мөнгө хаяж рекламддаг, харин манайх энэ тал дээрээ муу байгаа л даа. Одооноос л энэ чиглэлээр дорвитой ажил хийхээр төлөвлөж байна. Бид хийсэн юмнуудаа байнга хүнд харуулж байх хэрэгтэй юм байна, мэдээлэл хийж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Эхний үе шат найман аймагт хэрэгжсэн боловч аль ч аймгийн, ямар ч сумд очсон энэ төслийн шугамаар хийсэн зүйл байж л байгаа. 2002-2007 онд бүх аймаг сумуудад тодорхой хэмжээний санхүүжилтийг олон нийтийн санаачлагыг дэмжих хэсгийн хүрээнд олгосон. Алдаж, оносон зүйлүүдээ нэгтгэж, сайжруулаад хоёр дахь үе шатаа эхлүүлж байна. Өвс тэжээлийн 34 агуулахыг шинээр барьж, засаж сайжруулсан. Бэлчээрээ сайжруулъя гэхэд худгийн асуудал сөхөгддөг. 400-аад худгийг шинээр ашиглалтад орууллаа. Хөдөөгийн ядуурлыг бууруулах чиглэлээр ажилласан.
- Танай төсөл төвлөрлийг саатуулах зарчмыг баримталж байгаа гэлээ. Хот руу чиглэсэн их нүүдлийг бууруулна гэж олон жил ярьж байгаа ч биеллээ олсон үйл ажиллагаа хараахан харагдахгүй байх шиг...
- Манай төслийн нэгдүгээр шатанд бүхий л төслийг төв рүүгээ татан авчирч шалгаад хэрэгжүүлэх эсэхээ шийддэг байсан. Харин одооноос эхэлж хэрэгжих хоёрдугаар үед орон нутагт нь шийдвэрийг гаргах эрхийг олгож байгаа. Төсвийн асуудал ч гэсэн дээрээ шийддэг тогтолцоотой хэвээр байгаа. Аймаг, сум өөрийн эрх мэдэлтэй, тэндээ хэрэгжүүлэх төслийнхөө санхүүжилтийн хуваарилалтыг шийддэг байх ёстой. Тогтвортой амьжиргаа төслийн төвлөрлийг сааруулах зарчмын хувьд гэвэл ямар төсөлд, хэдий хэмжээний мөнгө зарцуулах эрхийг нь орон нутагт өгч, тэнд нь хүн амьдрахад ая таатай нөхцлийг бүрдүүлж, ингэснээр хүн амын шилжилт хөдөлгөөнийг бууруулах зорилготой.
- Тогтвортой амьжиргаа төсөлд хамрагдахын тулд иргэд юу хийх ёстой вэ? Ямар нэгэн шалгуур үзүүлэлт байгаа юу?
- Манай төсөл бусад бизнесийн болон хувь хүний үйл ажиллагааг дэмжиж байгаа төслүүдээс өөр. Ямар нэгэн төсөл бичээд, түүнийгээ гадаад, дотоодын донор байгууллагуудад өгөөд санхүүжилт авах тийм үйл ажиллагаа явуулдаггүй. Тогтвортой амьжиргаа төсөл үндсэн гурван бүрэлдэхүүнтэй. Олон нийтийн санаачлагыг дэмжих гэсэн бүрэлдэхүүн хэсэгт нь орон нутагт байгаа дэд бүтцийг сайжруулахад чиглэдэг. Цэцэрлэг, сургууль барих, зам, гүүр засах сэлбэх зэрэг олон нийтэд хэрэгтэй зүйлийг санхүүжүүлдэг. Манайх бизнесийн буюу цөөн хүн ашгийг нь хүртэх үйл ажиллагааг дэмжихгүй гэсэн зарчимтай. Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага гэсэн бүрэлдэхүүнээр малчдын бүлэг хоршоогоор ажиллахыг дэмжих, мөн сум бүр жилийн дөрвөн улиралд малаа бэлчээх бэлчээрийн менежментийн төлөвлөгөөтэй болох ёстой гэсэн зорилго тавьж байгаа. Төслийн эхний шат найман аймгийн 143 сумдад хэрэгжиж, бүгдийг нь бэлчээрийн менежментийн төлөвлөгөөтэй болгосон. Энэ төлөвлөгөөг гаргахын тулд манай зөвлөх баг тухайн сумд очиж, газар дээр нь үнэлгээ дүгнэлт өгөөд, зураглалыг нь гаргаж өгдөг. Зураглалд худаг усны байрлал, хэний өвөлжөө, хаваржаа хаана байгаа гэдгийг багтаасан байдаг. Ингэж хийсэн зураглалыг ганцхан бэлчээрийн төлөвлөгөөндөө ашиглахаас гадна, газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө ч ашиглаад явах боломж бүрдэж байгаа юм.
- Төслийн мөнгийг орон нутагт яаж хуваарилдаг вэ?
- Монгол улсын бүхий л сум, багуудад тодорхой хэмжээний мөнгө хуваарилна. Гэхдээ тухайн сумын хүн амын тоо, орлогын хэмжээ, хэр алс оршдог зэргээс хамаараад санхүүжилт харилцан адилгүй. Харин бэлчээрийн менежментийн төслөө сайн хийгээгүй байвал тэр сумд санхүүжилт өгөхгүй. Өөр орон нутагт нэмэлт зүйлүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. Ингээд ирэхээр аяндаа хүмүүс бэлчээрийн ашиглалтын төлөвлөгөөгөө сайн гаргана. Ингэж иргэдийг дотроос нь идэвхжүүлж ажиллах нь манай төслийн баримталж байгаа гол зүйл. Энэ төслөөс хүлээж байгаа сүүлчийн үр дүн гэвэл иргэд өөрсдөө идэвхтэй, санаачлагатай, оролцоотой, өөрсдийнхөө хэрэгцээтэй зүйлийг багийнхаа хурлаар хэлэлцээд, засаг захиргаагаараа шийдүүлнэ гэдгийг ойлгуулах явдал юм.
- Төслийн санхүүжилтийн 40 хувь нь хөнгөлөлттэй зээл юм байна. Үүнийг яаж төлөх вэ? Орон нутгийнхан буцааж мөнгө өгнө гэдэг хүндрэлтэй асуудал шиг санагдах юм.
- Төслийн санхүүжилтийн 40 хувь нь хөнгөлөлттэй зээл, 60 хувь нь буцалтгүй тусламж байгаа юм. Орон нутгийн иргэд тэр 40 хувийг буцааж төлөх юм биш ээ. Харин тус зээлийн санхүүжилтийн хөнгөлөлттэй зээлийг 2047 оноос эхлэн Монгол Улсын засгийн газар төлөх учиртай. Жишээлбэл: Европын холбооноос өгч байгаа 10 сая еврог Олон нийтийн санаачлагыг дэмжих санд, харин Япон улсын 3,9 сая долларыг төслийн үйл ажиллагаа, сургалт, семинар зохион байгуулах зардалд зарцуулах учиртай гэхчилэн санхүүжилт орж ирдэг. Манай төсөлд бичил санхүүгийн хөгжил бүрэлдэхүүн хэсгээс иргэдэд зээл олгож байгаа. Энэ сангийн зээлийн эргэлтээс төлчихөж болох болов уу гэсэн төсөөлөл байгаа.
- Танайхтай адил төстэй үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрүүд олон байдаг. Хамтран ажиллах боломж байдаг уу?
- Сүүлд хийсэн тооцоогоор 40 орчим төсөл Монгол улсад хэрэгждэг гэсэн дүн гарчээ. Заримдаа нэг ажлыг давхадуулах асуудал гардаг. Ийм учраас ирэх аравдугаар сард бусад төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Мөн “Ирээдүйн зөв зам” төрийн бус байгууллага монголд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тухай иргэдэд мэдээлэл хүргэдэг юм байна лээ. Эдгээр байгууллгатай хамтран ажиллах зорилго тавьж байна. Бид нар юу хийж болох вэ, та энэ төслөөс юу хүртэж чадах вэ гэсэн мэдээллийг хүргэхээр зар сурталчилгаа явуулахаар төлөвлөж байна.
- “Тогтвортой амьжиргаа – 2” төсөл хэрэгжсэний дараах үр дүнг та хэрхэн төсөөлж байна?
- Энэ төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд манай төслийн талаар мэдээлэл сайтай, эндээс өөрсдөө юу олж авахаа мэддэг, бид нар ямар эрх, үүрэгтэй юм бэ, орон нутгийн хөгжилд бидний үүрэг роль ямар байх вэ гэсэн цогц мэдлэг мэдээлэлтэй болсон байна.
-
М.Гэрэлтуяа