Мөрөөдөлд хүргэх хамгийн сайн машин бол хичээл зүтгэл
Монголын анхны реалити шоу “Миний гэр” тухайн үедээ үзэгчдээс магтаал, зэмлэл аль алиныг нь хүлээж байсан. Гурван жилийн өмнө энэ шоунд оролцож, өөрийгөө бага ч болов олонд таниулж чадсан н.Амараатай уулзаж яриа өрнүүллээ.
- Өөрийн тань хувьд “Миний гэр” реалити шоунаас юу олж авсан бэ?
- Одоогоос гурван жилийн өмнө энэ шоунд оролцсон. Хүн цаг үргэлж өөрчлөгдөж байдаг гэж би боддог. Миний гэрийн Амараа одоо нэлээд өөрчлөгдсөн. Тодорхой хэмжээгээр үзэл бодол төлөвшсөн. Энэ шоунаас, туйлын сайн, эсвэл туйлын муу хүн гэж байдаггүй гэсэн дүгнэлттэй гарсан. Дөрвөн сарын турш телевизээр гарсан гэдэг утгаараа сайн, муу олон янзаар хүмүүст харагдаж, танигдсан. Үүгээрээ надад илүү их боломжийг нээж өгсөн.
- Залуу хүн гэж хэн бэ?
- Залуу хүн ийм, тийм байх ёстой гэсэн тодорхойлолт гаргах хэрэггүй л дээ. Залуучууд хуучинсаг үзэлтэй, зохиолын дуу сонсдог, эсвэл өргөн өмд өмсөж, хип хоп дуу сонсдог байлаа ч тэдний хувьд өөр өөрийнхөөрөө байх нь л чухал. Харин аливаа зүйлийг нээлттэйгээр хүлээн авч, ямар нэгэн сэтгэлгээний хайрцагт битгий автаасай л гэж хүсдэг.
- Үе тэнгийхнийхээ талаар ямар бодолтой явдаг вэ? Өөрт тань боломж олговол хамгийн түрүүнд юуг өөрчлөх вэ?
- Өөрчлөе гэвэл олон зүйл байгаа. Залуучуудыг чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцдаг байгаасай гэж боддог. Мөн үеийнхэн дотор маань хүний гар харж царайчилдаг байдал байсаар л байгаа. Өөрийн гэсэн бодолгүй, аав ээжийнхээ амыг хараад л... Хэн надад ажил олж өгөх бол гэдэг ч юм уу. Зүгээр л эмнэлэгт үзүүлэхээр боллоо гэхэд ээжийгээ дагуулаад л явдаг. Ямар ч зүйлд тэр байнга өмнөө хэн нэгнийг түлхэж явдаг. Өөрөө өөртөө итгэх итгэл байхгүй байна уу даа гэсэн бодол төрдөг. Залуу хүнийхээ хувьд та хэн ч байж болно. Ядуу, баян, оюутан, ажилгүй гээд янз бүр байлаа ч өөрийнхөө хүчинд итгээд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцвэл бидний амьдарч байгаа нийгэмд өчүүхэн ч гэсэн нэмэр болно гэж боддог.
- Залуучууд чөлөөт цаг өнгөрөөх газаргүй байна гэж гомдоллодог. Таны хувьд?
- Төр юу ч хийхгүй байна. Бидэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар алга гэсэн гоморхолыг би олон залуусаас сонсож байсан. Гоё цэцэрллэг байгуулж өгмөөр байна гээд төрөөс нэхээд л байдаг. Харин тэр газрыг чинь залуус бид өөрсдөө бий болгох ёстой гэж би боддог. Дугуйн спортоор хичээллэдэг залуус сонирхолын бүлгээрээ танилцаж нэгдээд, хоорондоо ур чадвараа сорих, нэгэндээ зааж зөвлөөд ингэж явсаар санхүүгийн эх үүсвэртэй болох юм бол жижигхэн дугуйн тойруулгын газар нээгээд мөнгө олох арга зам байгаа. Ийм маягаар залуус бид олон зүйлийг хийж чадна. Залуу хүний эрч хүчээр олон зүйлийг хийж болмоор санагдах юм.
- Бидний бэлэнчлэх сэтгэлгээг сургуульд “заагаад” байгаа юм биш үү? Наад зах нь багш бүхнийг мэддэг, тэд хичээлийг туйлын үнэн гэсэн байдлаар заадаг. Ээж, аав ямар мэргэжилтэй болохыг заагаад өгчихнө гээд л...
- Хүнд итгэж амьдарна гэдэг минийхээр бол утгагүй л дээ. Миний бүтээх өөрийн минь амьдралд зуун Чингис байгаад ч ямар ч нэмэр болохгүй. Зарим хүн бурхан ирээд хүслийг минь биелүүлье гэвэл тийм юм гуйна гээд ярьдаг. Харин надад тийм зүйл тохиолдвол “Надад туслах гэсэн сайхан сэтгэлд тань баярлалаа. Гэхдээ би өөрөө болгох гээд оролдоод үзье” гээд л хэлчихнэ дээ. Хэн нэгнээс бэлэн юм авчихвал амьдрал сонирхолгүй болно. Тийм болохоор үзэх ёстой зовлонгоо туулаад, жаргалаа эдлээд, өөрийнхөөрөө амьдрах л хамгийн сайхан.
- Мөрөөдөлдөө хүрэх хамгийн сайн хэрэгсэл чинийхээр юу вэ?
- Хүмүүсийн амьдралын туршлагаас харахад шантрахгүй тууштай байх л мөрөөдөлдөө хүрэх хамгийн том хүч. Тохиолдсон бэрхшээлд бууж өгөөд байх юм бол мөрөөдөлтэй байгаад ч яах юм. Авъяас гэж байдаггүй, хичээл зүтгэл л гэж байдаг. Миний мэдэх олон залуус махруу, тууштай байсныхаа төлөө өнөөдөр од гэж хэлүүлж байгаа шүү дээ. Мөрөөдөлдөө хүрэх хамгийн сайн машин бол зүтгэл.
- Өнөөдрийн монголыг өнгөөр төсөөлбөл...
- Бүх зүйлийг нэг өнгөөр төсөөлж болохгүй л дээ. Гэхдээ миний нүдээр нэг л өнгө муутай санагдаж байна. Хар цагаан гэж хэлж болохгүй байхаа. Саарал, гэхдээ жаахан өнгө орж байгаа ч юм шиг. Заримдаа харахаар өнгө ороод ч байгаа юм шиг, заримдаа бүүр бүүдийгээд байгаа ч юм шиг.
- Өөрийгөө илэрхийлэх боломжтой бол үүнийг л хэлэх юмсан гэж боддог зүйл бий юу?
- Залуустаа хандаад улбагар биш, эрч хүчтэй байгаарай гэж хэлмээр санагддаг. Ямар ч шударга бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй, өөрийн гэсэн байр суурьтай, нийгмийн идэвхтэй байгаасай. Миний өнөөдрийн амьдрал болж байвал болоо гээд урсгалаараа яваад байх утгагүй. Дотроосоо хүсэл тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө зүтгэж чаддаг байвал бид өнөөдрөөс илүү сайхан амьдрах боломж бий.
- Найз гэж хэн бэ? “Миний гэр”-т дөрвөн сар амьдрахдаа жинхэнэ найзаа олж чадсан уу?
- Найз нөхдийн хувьд цаг хугацаанаас илүү харилцаа чухал байдаг юм болов уу? Хэнтэй илүү харилцаж байна түүнийгээ илүү ихээр таньж мэдэж, түүнтэйгээ найз болдог гэж би боддог. Бас найзалж байгаа хүмүүсийн нэг хөшүүрэг нь адил төстэй зан чанар, хобби. Хичнээн сайн найзууд байлаа ч харилцахаа болиод эхлэхээрээ хөндийрцгөөдөг. Хамгийн гол нь харилцаа байдаг болов уу. Чамтай чин сэтгэлээсээ ярилцаж, сайн сонсдог тэр хүн л сайн найз байж чадна. Би “Миний гэр”-ээс надтай үзэл бодол нийлэх хүн олж хараагүй болоод ч тэр үү надад дотны найз гэх хүн байхгүй. Угаасаа амьдрал, “Миний гэр” хоёр бол шал өөр. Хэдийгээр найруулга, засаж сэлбэж, жүжиглэсэн юм байгаагүй ч тэнд камер байгаа гэдэг утгаараа багахан ч гэсэн баг өмсөх шаардлага гарч байсан.
М.Гэрэлтуяа